| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/33 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/33
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт ... Т-д холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт ... Т /РД: .../
Шүүгдэгч Т нь Э 1288 боодол өвс худалдан авахаар тохирч уг өвсний урьдчилгаа мөнгө болох 4.000.000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн гэж хуурч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим хохирогч Э 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ...1 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймгийн Проркурорын газраас шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...би Б-ээс гуйж байгаад нийт 1288 боодол өвсийг нэг бүрийг нь 8000 төгрөгөөр буюу нийт 10.304.000 төгрөгөөр авахаар тохиролцсон. ... Б-эд өвсний мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн гэтэл надад мөнгө ёстой хүн мөнгөө өгөхгүй байсан юм. ... Б надтай холбогдож байгаад 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өвсөө буцааж аваад Улаанбаатар хот руу явсан. Харин би замын унаад суугаад Улаанбаатар хотод очоод байж байхад Б над руу утсаар залгаад та мөнгө хийхгүй бол өвсөө өөр хүнд зарлаа шүү гэж хэлсэн. Би өмнө нь Бэд 4.000.000 төгрөг шилжүүлчихнэ гэж худлаа хэлсэн ба Б над руу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр залгаад таны данснаас 4.000.000 төгрөг орж ирсэн байна гэхэд нь би албаар худал хэлж мөнгийг маань шилжүүл гэж хэлсэн. Тэгээд мөнгө миний дансанд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т-д нэг боодол өвсийг 8000 төгрөгөөр зарахаар болж нийт 1288 боодол өвс манай манаач хүлээлгэн өгсан юм. Харин тэр удалгүй дансаар мөнгөө шилжүүлнэ гэж тохирсон боловч тухайн өдрийн орой над руу утсаар холбогдож ахынх нь өдрийн гүйлгээ хэмжээ хэтэрсэн байна маргааш өглөө явуулъя гэж хэлсэн. Ингээд мөнгөө өгөхгүй байсан учраас би Улаанбаатар хотоос гарч 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын ойролцоо түүнтэй уулзаж 1288 боодол өвсөө эргүүлэн авсан юм. Тэгтэл тэр мөнгөө өгөөд миний өвсийг авна гээд үлдсэн. Улмаар ... 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байх над руу залгаад би 4.000.000 төгрөг шилжүүлчихлээ гэж утсаар ярьсан. Энэ үед миний ХААН банкны ... тоот дугаарын дансанд 4.000.000 төгрөгийн орлого орж байгаа мэдээлэл гар утсан минь ирсэн. Тухайн үед би ямар данснаас ирж байгааг нь шалгаж хараагүй. ... улмаар би өвсөө Төв аймгийн хүнд зарахаар болоод Тийг над руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэж ойлгоод наймаагаа буцаая гэж хэлээд түүний ... тоот дугаарын данс руу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг андуураад шилжүүлсэн. Тухайн 4.000.000 төгрөг манай эхнэр З-аас ирсэн байсныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/
Гэрч З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хас банкны өөрийн эзэмшлийн данснаас 4.000.000 төгрөгийн нөхөр Б-ийн эзэмшлийн ХААН банкны ... тоот дугаарын данс руу шилжүүлсэн. ... харин манай нөхөр Б надаас мөнгө ирсэн талаар мэдэлгүйгээр андуурч Т гэх хүнээс мөнгө шилжиж ирсэн гэж бодоод миний явуулсан 4.000.000 төгрөгийг Т гэх хүний данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/
- Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 31 дүгээр тал/
- ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35-36, 42-48 дугаар тал/
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр тал/
- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-57 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Т нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Т нь Э 1288 боодол өвс худалдан авахаар тохирч уг өвсний урьдчилгаа мөнгө болох 4.000.000 төгрөг түүний данс руу шилжүүлсэн гэж хуурч 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим хохирогч Э 4.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ...1 дугаартай ХААН банкны данс руу шилжүүлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б, гэрч З нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Б нь шүүгдэгчээс “өөрт учирсан хохирлоо хүлээн авсан тул шүүгдэгч Т-д гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч ... Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Т-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт ... Т-ийг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт ... Т-ийг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т-ийн ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА