Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/11

 

 

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт М холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ... овогт М. /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг Чулуунхороот гэх газарт оршин суух төрсөн дүү М-ын пинд хууль бусаар нэвтэрч 18.7 килограмм ямааны ноолуур хулгайлж бусдад 1.346.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

   Хохирогч М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр бид нар ямаагаа самнаад ноолуураа шар өнгийн шуудайнд хийсэн. Би ноолуураа алдчихсан гэдгээ мэдээд ноолуур байсан газрын эрэн тойронг сайн харахад автомашины дугуйны мөр байсан. Ноолуур алдсан пин нь цоожгүй онгорхой байдаг бөгөөд тэр пинд манайхнаас хэн нь орох эрхтэй. Тэр пинд хэрэгтэй хэрэггүй зүйлсээ  хийдэг юм.  Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.

 

     Шүүгдэгч М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шүүхэд мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

     Шүүгдэгч М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө сумын төвөөс хойш байх Г руу явахаар болсон. Ингээд замдаа аав Т-ийн пин рүү орж гурилын 25 килограммын цагаан өнгийн шуудайтай ноолуурыг авч гараад аавын гэрээс ойролцоо Хоритын булаг гэх газарт очиж дэрсэн дотор нуусан. Түүнээс хойш 05 сарын эхээр байх ноолуур нуусан газарт очоод ноолуураа авч шар өнгийн шуудайнд сольж хийгээд Дашбалбар сумын төв дээр ирээд -М гэх найзаараа ноолуурын ченж Г-т заруулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/

           

Хохирогч Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав, ээж манай ах М, дүү М, хүргэн Э, Х нар миний малыг малладаг юм. ... тухайн өдөр дүү М бид хоёр ямаа самнах ажилтай байсан бөгөөд ямааны ноолуурыг пинд тус тусад нь шуудайнд хийгээд хураасан байсан. Алдагдсан ноолуур миний эзэмшлийн ноолуур ... тухайн ноолуур алддаг пинг манай гэрийнхэн цоожилдоггүй байнга онгорхой байдаг ... тухайн пин манай аав Төмөрийн эзэмшлийнх ... М ах надад 1.500.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын эхээр өгч миний хохирлыг барагдуулсан. Тиймээс миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 27-28 дугаар тал/,

 

            Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2020 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 02 цагийн орчим манай гадаа машин ирэх чимээнээр сэрээд гэрэл асаахад манай найз М ганцаараа орж ирсэн. Би “чи хаанаас явж байгаа юм бэ” гэхэд ... өнөөдөр аймгаас ирлээ танайх руу ирж яваад чоно хөөгөөд зүүн хойгуур хөөцөлдөөд шаварт суунгаа алдаад ... танай хойд талын замаар давж ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/,

 

Гэрч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг ноолуур худалдан авч байхад манай сумын М-өө гэх хүн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай дэлгүүр дээр шар өнгийн том шуудайнд хийсэн 18.7 кг ямааны ноолуур зарахаар ирсэн. Би тухайн ноолуурыг 1 кг нь 63.000 төгрөгөнд тооцож худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дүгээр тал/ 

           

            Гэрч М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын эхээр гэртээ байж байхад М манай гэрт ганцаараа хөдөө гэрээсээ ирлээ гээд ирсэн.  М надад хандаж би хөдөө гэрээсээ ноолуур авч ирсэн юм чи Г-т  зарчих гэж хэлсэн бөгөөд би ч зөвшөөрч М-ын хамт түүний эзэмшлийн автомашинд суусан. Машинд суухад том, жижиг хэмжээтэй 2 шуудай ноолуур байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/

 

Гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна үдийн өмнө пингээс орж хоолны мах авсан...манай пин ямар ч цоож байдаггүй, зүгээр хаагаад орхидог...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дүгээр хуудас/

            - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 дүгээр тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 90 дүгээр хуудас/

            - Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 72 дугаар тал/

            - Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар тал/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна.

 

Хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М-ыг тухайн пинд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Учир нь уг пин нь шүүгдэгч М-ыг аавыхаасаа буюу пингийн эзэмшигч Т-ийн гэрээс өрх тусгаарлаагүй байх үеэс нь эхлээд байсан бөгөөд уг пинг цоожилдоггүй хаалгыг нь хааж дотор нь эд зүйлээ хадгалдаг, тухайн гэр бүлийн гишүүд хэн аль нь чөлөөтэй орж гардаг байжээ. М нь өрх тусгаарласан ч аав, ээж дээрээ ирж мал ахуйгаа харалцан тухайн пингээр чөлөөтэй орж гардаг байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Ноолуур алдагдах цаг хугацаанд  тухайн пинд орохыг хориглосон болохыг анхааруулсан мэдээлэл, сануулга тавигдаагүй, мөн шүүгдэгч орохдоо түлхүүр тааруулах, цоожийг эвдэх, цонхоор орох зэргээр хууль бус арга хэрэглээгүй болох нь няцаагдаж үгүйсгэгдээгүй шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд уг нэвтрэлт хууль бус байсан гэж дүгнэх нотлох баримтын үндэслэл хангалтгүй байна.

 

Харин шүүгдэгч М-ын хохирогч М-ын эзэмшлийн 18.7 кг ноолуурыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцдог ба энэ гэмт хэрэг нь гэмт этгээдийн шунахайн сэдэлтээр буюу амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор, нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг авч өмчлөх эрхэд халдсан санаатай үйлдлээр илэрдэг.

 

Иймд Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч М нь “...ноолуур алдсан пин нь цоожгүй, манайх хэрэгтэй хэрэггүй зүйлээ хийдэг юм...” гэх мэдүүлэг, гэрч Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тухайн өдөр би пинд орж мах авсан. Манайх пингээ цоожилдоггүй, зүгээр хаагаад орхидог... “ гэх мэдүүлэг, гэрч М-ын “...манайх пингээ цоожоор цоожилдоггүй онгорхой байдаг, хаалгыг нь хаагаад орхидог...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М-ын “...тухайн үед мөнгөний хэрэг гараад пинд байсан ноолуурыг авсан. Тэр ноолуурыг манайхны хэн нэгний ноолуур гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг зэргээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч М нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Дашбалбар сумын 4 дүгээр баг Чулуунхороот гэх газарт оршин суух өөрийн аав Т-н пингээс өөрийн төрсөн дүү хохирогч М-ын эзэмшлийн 18.7 килограмм ямааны ноолуурыг хулгайлж бусдад 1.346.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г, Г, М, Э-г, хохирогч М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн гэр бүл, хувийн байдал, хохирогчийн мэдүүлэг  зэргийг  харгалзан  М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс эд хөрөнгөдөө хайхрамжгүй хандаж, хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч М нь шүүгдэгчээс “өөрт учирсан хохирлоо авсан тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгч М-ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч М-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ... овогт М-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-т оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М-т мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М-ын ... тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

    

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Г.НАМУУНТУЯА