| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0020/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
2021 01 04 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Гд холбогдох эрүүгийн 2021000000460 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...............................тоотод тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............овогт Г /РД: .................../.
Шүүгдэгч ............. овогт Г нь 2020 оны 10 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Хавтгай” гэх газраас байгалийн ховор ургамал болох 14 килограмм “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ................................. тоотод оршин суух Г.А-ийн гражид хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТО*******ХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Миний буруу. Хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагчаар 2007 оноос хойш нийт 13 жил ажиллаж байна. Надад харуулсан ургамал бол дэрэвгэр жиргэрүү ургамал мөн байна. Энэ ургамал нь Засгийн газрын 153-р тогтоолоор ховор ургамлын төрөлд орсон ба ургамлыг түүж бэлтгэх, хадгалах, тээвэрлэх нь хуулиараа хориотой байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр 1 кг нь 50.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг юм. Дэрэвгэр жиргэрүү ургамал нь хураагдсан учраас ямар нэгэн гомдол санал , нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19/
Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр А-тэй гэрийн хүнсээ цуглуулах гээд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүр зах руу яваад буцаад харьсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр А-тэй хамт гэртээ байж байсан чинь цагдаа нар манай гэрт ирээд гражаа онгойлгоод өгөөч, харах юм байна гэсэн. Тэгэхээр нь би гражийн хаалгыг онгойлгоод өгсөн чинь дотроос нь цагдаа нар 5 шуудайтай зүйл гаргаж ирсэн. Гаргаж ирэхээр нь харсан чинь дэрэвгэр жиргэрүү ургамал байсан. ...Г нь манай нөхрийн хуурай дүү байгаа юм. Манай гэрээр орж гардаг хүн. Г нь манай гэрийн гражид дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс үлдээсэн гэж огт хэлээгүй. Би граждаа орж хараагүй байсан. Цагдаа нар 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр граж руу ороод улаан шуудайтай эд зүйл аваад гарч ирэхээр нь мэдсэн юм. ...Г-ын дэрэвгэр жиргэрүү байгаа юм. Манайх гэртээ бол ямар нэгэн ургамлын үндэс хадгалдаггүй. Би хэзээ хаанаас авч ирснийг нь сайн мэдэхгүй байна. Сүүлд цагдаа нар ирсэн хойно А-ээс сонсоход “Г үлдээсэн байх, надад дэрэвгэр жиргэрүү ургамал үлдээнэ гэж огт яриагүй юм даа” гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 22-23/
Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г гэх дүү маань манай гэрийн хашаанд матрассууд буулгасан байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүр зах дээр явж байсан чинь Г утсаар яриад ахаа би матрассаа авъя гэхээр нь гэрт очоод ав гэж хэлсэн. Ингээд Г хэсэг хугацааны дараа би танай гэрээс гарч байна, гражид чинь шуудайтай эд зүйл орхисон байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурдан аваарай гэж хэлэхэд за би хөдөөнөөс эргэж ирээд авъя гэж хэлсэн. Ингээд нөгөөдөр нь буюу 2020.11.05-ны өдөр цагдаа нар ирээд ургамлыг хураагаад аваад явсан...” гэжээ. /хх-ийн 26-27/
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12-04-325-22 тоот дүгнэлтэд:
“1. Уг ургамал нь бүтэц шинжийн байдлаар манай оронд тархсан Майлцтан овгийн “Дэрэвгэр жиргэрүү” ургамал байна.
2. Монгол улсын Засгийн газрын “Тогтоолд нэмэлт оруулах тухай” /ЗГ-ын 1995 оны 153-р тогтоолд/ 2004 оны 165 дугаар тогтоолын нэмэлт жагсаалтаар батлагдсан Монгол орны ховор ургамлын жагсаалтад “Дэрэвгэр жиргэрүү” ургамал нь орсон.
3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар “Экологи-эдийн засгийн үнэлгээ”-г баталсан бөгөөд 1 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэлгээг 50,000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-д заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-282 дугаар тушаалаар батлагдсан экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын 1кг тутамд 50,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шууд хохирлыг тооцно.
4. Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шалгахад нийт 13,325 кг байснаас ашиглах боломжтой нь 13,325 кг байна. Уг ургамал нь хөдөлгөх савалгаа хийх, тээвэрлэх болгонд тоосонцор их хэмжээгээр үүсэж, 1 кг тутамд 50-100 гр-аар хорогдох магадлалтай” гэжээ. /хх-ийн 29/
Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Дорнод аймаг руу ирж яваад баруун цементэн гүүрээс урагш байдаг “Хавтгай” гэх газрын орчимд замын хажууд шуудайтай зүйл тааралдахаар нь үзэхэд дэрэвгэр жиргэрүү ургамал байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр ачаад аймагт ирсэн. ...11 сарын 4-ний өдөр буцаад мал руугаа явахдаа уг ургамлыг А ахтай яриад ахын хашаанд буулгаад орхисон. Би А ахад танай хашаанд хэдэн ширхэг шуудайтай эд зүйл буулгаад хөдөө явлаа, эргэж ирээд авъя гэж хэлэхэд ах би гадуур явж байна, миний дүү очоод буулгачих, хурдан аваарай гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 36-39/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/
Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153-р тогтоол /хх-ийн 44/
Засгийн газрын 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар тогтоол /хх-ийн 42-43/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 48/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 51/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13.325 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Гд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ................. овогт Г нь 2020 оны 10 дугаар сарын эхээр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг “Хавтгай” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад орсон 13,325 килограмм “дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэж, ..................................... тоотод оршин суух Г.А-ийн гражид хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ч.Г-ын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Т.Б, гэрч Г.Эг, Г.А нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12-04-325-22 тоот дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг ... тээвэрлэх хадгалах” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамал болох 13,325 килограмм дэрэвгэр жиргэрүүг тээвэрлэсэн, хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй байж зориуд ховор ургамлыг тээвэрлэж хадгалсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Гд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ч.Г-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хор уршиг, нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Г-ын эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор хууль бусаар тээвэрлэж хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хураан авах үед 13,325 килограмм байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь дээрх дэрэвгэр жиргэрүү ургамлыг өөрөө байгалиас нь түүж бэлтгээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь ургамлын аймагт шууд хохирол учруулаагүй учраас дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлэн гаргах үндэслэлгүй юм. Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Гас дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ 666.250 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ******* ******* улсын дугаартай Hyundai Mighty маркийн тээврийн хэрэгсэл түүний өөрийнх нь өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь эд зүйлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, яллагдагч Г-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Г-ын ******* ******* улсын дугаартай Hyundai Mighty маркийн тээврийн хэрэгслийг хурааж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирэх үедээ хөнгөрч 11,2 килограмм болсон дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан борлуулж улсын орлого болгохоор тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Гд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Гд тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Гд мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Гас хууль бусаар тээвэрлэж хадгалсан дэрэвгэр жиргэрүү ургамлын үнэ 666,250 /зургаан зуун жаран зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Г-ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй, ******* ******* улсын дугаартай Hyundai Mighty маркийн тээврийн хэрэгслийг хурааж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох албадлагын арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирэх үедээ хөнгөрч 11,2 килограмм болсон дэрэвгэр жиргэрүү ургамлыг худалдан борлуулж улсын орлого болгохоор тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА