| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/00304/И |
| Дугаар | 184/ШШ2017/00449 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2017/00449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Адуучин овогт Тогоочийн Батбилэг /РД: ЧД83122624, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 17 дугаар гудамж, 279 тоот хаягт оршин суух/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Далай ээж овогт Тогтоолын Өлзийхутаг /РД: НГ80123092, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 33 дугаар гудамж, 32 тоот хаягт оршин суух/-т холбогдох Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Батбилэг, хариуцагч Т.Өлзийхутаг, нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Батбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “Миний бие 2006 онд Т.Өлзийхутагтай танилцаж, улмаар 2007 оны 11-р сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 3476 тоот бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2008 онд салж тус тусдаа амьдрах болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхэд байхгүй” гэв. Хариуцагч Т.Өлзийхутаг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2006 онд Т.Батбилэгтэй танилцаж, 2007 онд гэр бүл болсон. 2008 оны 11 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Бид дундаасаа хүүхэдгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Т.Батбилэг нь хариуцагч Т.Өлзийхутагт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Зохигчид 2006 онд танилцаж, 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсон учир 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 213 тоот батламжаар иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 3476-рт бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна. Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2008 оноос тусдаа амьдарсан. Т.Батбилэг, Т.Өлзийхутаг нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв. Зохигчдын дундаас төрсөн хүүхэдгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Адуучин овогт Тогоочийн Батбилэг, Далай ээж овогт Тогтоолын Өлзийхутаг нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Зохигчдын дундаас төрсөн хүүхэдгүй, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай. 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Батбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Өлзийхутагаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
| ||||
| |