Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын  зөвлөх Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... Г-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Шинь Шинь ХХК-д баяжуулалтын оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ...оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсаныг 1 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих, мөн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ...овогт ... Г /РД: .../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Мустанг” баарны гадна талбайд иргэн А-ийг “гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас цамцнаас нь татаж газар унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр Г миний хүүг хавсарч унагаасанд би гомдолтой байна. Хүү маань бэртэл авснаас хойш миний асаргаанд, зовиуртай байдаг байсан.  Г 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 320.000 төгрөгийг өгсөн. Би шүүгдэгчээс 3 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгө гаргуулах хүсэлтэй байна. Хүү маань Г-ийн учруулсан гэмтлийн улмаас нас бараагүй ч гэсэн би гомдолтой байна. Би шүүгдэгчийг санаатайгаар миний хүүг хавсарч унагаасан гэж үзэж байна. Хүү маань гараа хугалсанаас хойш их шаналгаатай байдаг байсан...” гэв.

 

Шүүгдэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим би Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Мустанг” баар руу ганцаараа орсон... бааранд орох үед зүүн талын ширээн дээр надтай цуг ажилладаг Г найзуудын хамт сууж байсан. Улмаар би Г-ийн найзуудтай нь цуг суугаад пиво уусан бөгөөд шөнийн 22 цаг 30 минутын орчим тамхи татахаар гадагшаа гарсан. Мустанг баарны хашаан дотор Бэмби гэх залуутай таараад юм яриад тамхилахад А гэх залуу цуг явж байсан. ... би баар руу буцаад орох үед миний өмдний халаасанд байсан гар утас байхгүй байсан бөгөөд би буцаж гараад Б-эй уулзаад утас байхгүй болсон талаар ярихад А авсан байж магадгүй гэсэн. Тухайн үед А баарны хашааны баруун талд явган сууж байсан. Би А дээр очоод утсаа авъя гэхэд ... юун утас, юу яриад байгаа юм бэ гэж хэлээд мэдэн будилаад байхаар нь халаасыг нь нэгжихэд өмднийх нь баруун халааснаас миний Самсунг галакси s-7 маркийн гар утас гарч ирсэн ба би гар утасаа авчихаад хулгай хийлээ гээд А-ийн хөл рүү нь өшиглөөд таших мэх хийгээд газар унагасан. Тэр үед А газар хэвтчихээд “ёо ёо” гээд байсан. Тэгээд би Мустанг баар руу ороод байж байхад А эргүүлийн 2 цагдаатай орж ирээд намайг заагаад цагдаа нарт бариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар тал/

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим би Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг баарны урд юм яриад зогсож байсан. Тэр үед Мустанг баарнаас Г гэх согтуу залуу гарч ирээд надад өөрийнхөө барьж байсан шилтэй пиво өгсөн. Г хашаанаас гараад явж байхдаа өөрийнхөө гар утсыг газар унагаачихсан юм. Тэр үед би гар утсыг нь олж аваад баарны урд талын мод руу явсан ... Г миний араас хүрч ирээд “Чи миний утсыг гаргаж өгнө пизда минь” гэж хэлсэн. Тэгээд би Гт утсыг нь өгтөл миний цамцнаас зуурч байгаад намайг газар хавирч унагаасан. Газар унах үед миний зүүн гар маань маш их өвдсөн бөгөөд шуу хэсгээрээ эргэчихсэн байсан. Тэгээд би арай гэж боссон бөгөөд Г намайг орхиод Мустанг баар руу орчихсон. Улмаар би цагдаад дуудлага өгөөд дуудлагаар ирсэн цагдаа нартай Мустанг баар ороод Гийг зааж цагдаад бариулсан. Г намайг өөрийнх нь гар утсыг авсан гэх шалтгаанаар намайг газар хавирч унагасан. ... Гээс эмчилгээний мөнгө аваагүй бөгөөд хэд хоногийн өмнө таараад “Чи өргөдлөө буцаачих, би чамд 1.500.000 төгрөг өгье” гээд надад 10 лааз пиво, 8000 төгрөгтэй цуг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэрлэн сум 6 дугаар баг Ивээлийн 6-11 тоотод хүү А, талийгаач хүү А нарын хамтаар амьдардаг байсан юм. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр миний хүү А бусдад зодуулж гараа хугалсан юм. Миний хүүгийн гарыг хугалсан хүн бол Г Миний хүү амьд сэрүүн байхдаа хэнд зодуулж гараа хугалсан талаараа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэлсэн бөгөөд тухайн үед нь би оролцож байсан юм. Хүү маань алтангагнуурын ханд барагшун болон бусад эм уусан. Мөн хүү маань Нью Эндорфин эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Эмнэлэгт хэвтсэний зардлын баримт болох 280.680 төгрөгийн баримтыг хүү маань амьд байхдаа мөрдөгчид гаргаж өгсөн... Нийт 2.000.000 /Хоёр сая/ төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

 

Гэрч Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчим би Хэрлэн сумын 6 дугаар баг Мустанг баарны хашааны урд талд СМУ-н архичид болон Шүр захын архичидтай нийлчихсэн мөнгө нийлүүлээд архи босгож уух гээд бүгдээрээ “Баар хэсэж таньдаг хүмүүсээсээ мөнгө гуйя” гэж ярилцаад зогсож байсан юм. Тэдэн дунд А байсан бөгөөд удалгүй “Мустанг” баар руу ороод явчихсан юм. Тэгээд би баарны гадуур явж байгаа хүмүүсээс мөнгө гуйгаад зогсож байхад удалгүй А Мустанг баарнаас гарч ирээд бид нартай цуг юм ярилцаад зогсож байсан. Тэр үед бааран дотроос манай хорооны Г баарнаас гарч ирээд Аийг харанхуй руу дагуулаад орсон. Тэр үед би цуг архи ууж байсан хүмүүстэйгээ тамхин дээр алалцаад зогсож байсан юм. Тэгээд л төд удалгүй Г, А хоёр харанхуйгаас гараад ирсэн ба А “Г намайг хавирч унагаад гарыг хугалчихлаа” гээд хэлж байсан. Тэр үед Г өөрөө “Чи миний гар утсыг хулгайлсан болохоор чинь би чиний гарыг хугалсан, муу хулгайч пизда” гээд түүнтэй хэрүүл хийж байгаад дотогшоо баар руу яваад орчихсон... Аийн зүүн гар нь шуу хэсгээрээ мушгирчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 558 дугаар:

     1. А биед зүүн шуу, богтос ясны далд зөрөөтэй хугарал, хамрын нуруу, зүүн хацар, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хх-ийн 35-36 дугаар тал/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47 дугаар тал/

Иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-72 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Мустанг” баарны гадна талбайд хохирогч А-ийг “гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас цамцнаас нь татаж газар унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А, гэрч С.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Уянгын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 558 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Төрболдоос  шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь шүүгдэгчээс хохирогч А-ийг асарч байсан асаргааны зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байна. Хавтаст хэрэгт хохирогч А эмнэлэгт хэвтсэн, эм авсан зардлын 301.480 төгрөгний баримт авагдсан байна.

Шүүгдэгч Г нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 320.000 төгрөг өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь хүлээн авсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ удаагийн шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь хохирогч А-ийг асарч байсан хугацааны зардал 2.000.000 төгрөгний  баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч ... Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 320.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ...овогт ... Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Г-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 320.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г-ийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь хохирогчийг асарч байсан  зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

                                                                

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА