Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

2021        01         18                                              2020/ШЦТ/24                              

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Ө.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, А.Мөнхбат

Шүүгдэгч Б, Э, З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт З, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Б, ............ овогт Э нарт холбогдох 2021002790441 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ................................. гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, ................. овогт З /РД: ............../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ................” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, ................. овогт Э /РД: .....................

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .................... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............... овогт Б /РД: ............../.

 

Шүүгдэгч З нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг “Энгэр шанд” гэх газарт хохирогч Ө.Ц-г хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож “...Ө.Ц-ийн биед учирсан зүүн нүдний алиман доторх гадны биет шар толбо ба торлог бүрхүүлийн цооролт гэмтлийн улмаас харааны бууралт 0,01 болсон...” эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг “Энгэр шанд” гэх газарт хохирогч Зыг нөхөр Ө.Ц-г нь зодсон гэх шалтгааны улмаас толгой руу нь гараараа цохиж биед нь “...баруун зулайн шарх гэмтэл...” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг “Энгэр шанд” гэх газарт хохирогч Ө.Ц-тэй агсам тавьсан гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож “...толгойн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, буйлны язарсан шарх гэмтлүүд...” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид нар найзуудаараа нийлсэн. Бид нарыг очиход Ц нэлээд согтсон байсан. Г, Ц хоёр гэрт байж байгаад гарахаар нь би араас нь гарсан. Намайг явж очиход Ц намайг хэл амаар доромжилсон. Би Ц-д хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 2650.000 төгрөг өгсөн. Нэмж 500.000 төгрөг төлнө” гэв. 

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв. 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сард гэр бүлийн найзууд бид нар нийлж нэгнийдээ цугларсан. Манай нөхрийг бие засах гээд гарсны дараа удаагүй байхад З араас нь гарч зодолдсон. З-ын эхнэр М бид хоёр нөхрүүдээ салгахаар ярилцаад гарсан боловч М ямар нэгэн салгах үйлдэл хийхгүйгээр нөхрийнхөө хувцсыг тайлж авсан. Би энэ хоёрыг салгах гээд дийлээгүй учраас Зын үснээс зулгааж салгасан. Өөр ямар нэгэн байдлаар Зын биед хүрээгүй. Эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч Ө.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед бид нар гэр бүлийн найзуудаараа нийлэхээр болсон. Би архи ууж, бага зэрэг согтсон байсан. Намайг бие засахаар гадаа гарсны дараа З араас гарч ирээд надтай зодолдсон. Би архи уухаараа хүн рүү агсарч байгаагүй. Тэнд байсан хүмүүсээс миний талд мэдүүлэг өгөх хүн байхгүй. Бүгд З-ын найзууд. Би З, Э нараас эмчилгээний зардал авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмтэл авснаас хойш байнгын эмнэлгийн хяналтанд орсон. Ковид цар тахлын хөл хорионоос болоод Улаанбаатар хот руу явж үзүүлж чадахгүй байгаа. Шүүгдэгч Э надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. З 500.000 төгрөг төлөх дутуу байгаа. Одоо миний 1 нүд огт юм харахгүй болсон. Нэг нүдээ алдсан болохоор шүүгдэгч З-д гомдолтой л байна“ гэв.

З мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...орой 23 цагийн орчимд Ц нь намайг “Ц-ын шээс, дөрвөд хүн хүн биш” гэх зэргээр хэл амаар доромжлохоор нь би уурлаж *******тэй барьцалдаж дээр доороо орж ноцолдсон. Ноцолдож байхдаа би Ц-г цохиогүй. Тэр үед Ц-ийн эхнэр Б нь гарч ирээд миний толгойноос үсдэж, толгой руу маань гараараа цохисон...“ гэжээ.  /хх-ийн 40-41/

Гэрч З.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед би гэрт байж байхад ******* нь Зтой зодолдож байснаа гэр рүү орж ирээд Э руу намайг өмгөөлсөнгүй, хүнд зодууллаа гэж хэлээд Эгийн нүүр рүү гараараа цохисон. Тэгэхэд Э нь Ц-г гэрээс түлхэж хамт гарсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. ...Тэр хоёр гараад ойролцоогоор 10-15 минут орчмын дараа орж ирэхдээ Эгийн хамраас нь цус гарч, Ц-ийн нүүр нь цус болсон байсан...” гэжээ. /хх-ийн 55-56/

Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би хамт тэд нартай хорхог идэж архи ууж байхад Ц нилээн согтож Зыг “Ц-ын хар шээс, муу хулгайч” гэх зэргээр хэл амаар доромжлоод тэр хоёр маргалдаад байсан. Тэгээд нэг хэсэг маргалдаан болоогүй бид нар хоорондоо гэрт юм ярьцгааж байхад гэнэт гэрийн гадна маргаан болж хүмүүс зодолдоод байх шиг чимээ шуугиан гарахаар нь би гэрээс гараад очиход З, Ц хоёр газар өнхрөлдөөд зодолдож байсан. Хэн хэнийхээ дээр гарч байсан бөгөөд бие биенээ хаана хаана нь яаж цохиж зодсоныг хараагүй. Тэгээд би шууд Ц-г салгаж, харин С нь Зыг авч салгасан. Тэгээд гэрт ороход Ц нь гэрт байсан Э руу хүнд зодуулж байхад та намайг өмөөрсөнгүй гэж хэлээд Эгийн нүүр рүү нь цохихоор нь Э нь Ц-г гэрээс чирээд аваад гарсан. Тэр үед би гэрээс гараагүй. Удалгүй Э гэрт орж ирэхэд араас нь ******* орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байсан...” гэжээ. /хх-ийн 57-58/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед ******* нилээн согтож Зыг “Ц-ын хар шээс, муу хулгайч” гэх зэргээр хэл амаар доромжлоод тэр хоёр гэрийн гадна маргалдаж байгаад З нь Ц-г газар унагаад дээрээс нь зодоод байхаар нь би гүйж очиж салгасан. ...Араас Ц орж ирээд Э руу та намайг өмөөрсөнгүй хүнд зодууллаа гэж хэлээд Эгийн нүүр рүү цохихоор нь Эгийн хамраас нь цус гарч Ц-г гэрээс чирч гаргасан. ...Удалгүй Э гэрт орж ирэхэд араас нь Ц  орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байхаар нь би унтаж амар гэхэд Ц унтаад өгсөн. Ц-г З, Э хоёр зодсон. ...Харин хаана нь яаж цохиж зодсон талаараа хэлээгүй. Миний харахад бол ямартай ч газар унагачихсан ална гээд зогсож байсан. Харин Этай гэрийн гадна бахиралдаж зодолдоод байсан. Би зодолдохыг нь хараагүй. Өөр Ц-г зодсон хүн байхгүй...” гэжээ. /хх-ийн 61-62/

Гэрч И.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Чойбалсан сумын 3 дугаар багийн иргэн Ц гэх хүн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирж үзүүлсэн. Биеийн байдал нь толгойн хэсгийн баруун талд бага зэрэг хавдсан, хоёр нүд хөхөрч хавдсан, хамар баруун тал руугаа муруйсан, жавьж хазагдсан, зүүн тохой шалбарсан, хүзүү орчмоор хумсны шархтай байсан. Ц гэх хүн надад үзүүлж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 2 хүнд зодуулсан, цагдаад гомдол гаргах гэж байгаа гэж ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 65-66/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1137 тоот дүгнэлтэд:

1. Урьд гаргасан 412 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Ө.Ц-ийн биед зүүн нүдний алиман доторх гадны биет, шар толбо ба торлог бүрхүүлийн цооролт, харааны бууралт 0,01, толгойн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, буйланд язарсан шарх, хүзүү, цээж, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Үүсгэгдсэн дэс дарааллыг тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. 2020 оны 08 дугаар сарын 28-ны нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр зүүн нүдний хараа 0,01-0,02 буюу 1-2 хувьтай байна. Харах чадвар нүдний угийн өөрчлөлтөөс шалтгаалж сэргэх боломж муу гэсэн байна.

5. Зүүн нүдний хэсэгт хүч үйлчилснээс зүүн нүдний шар толбо ба торлог бүрхүүлийн цооролт гэмтлүүд учирна.

6. Ө.Ц-ийн биед учирсан зүүн нүдний алиман доторх гадны биет, шар толбо ба торлог бүрхүүлийн цооролт гэмтлийн улмаас харааны бууралт 0,01 болсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35 хувь алдагдуулах тул 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, толгойн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, буйлны язарсан шарх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хүзүү, цээж, зүүн тохойн зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх-ийн 90-94/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 331 тоот дүгнэлтэд:

1. З-ын биед хуйханд баруун зулайн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 98-99/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчилгээний баримтууд /хх-ийн 17-23, 24-25, 26-30, 31-32/

Гэрч Г.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 49-51/

Гэрч Ч.Г-ын мэдүүлэг /хх-ийн 52-54/

Гэрч Т.О-ийн мэдүүлэг /хх-ийн 59-60/

Гэрч Т.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 63-64/

Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 120-121/

Эы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-124/

Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-127/

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 72-88/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 128, 139, 147/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132, 142, 151/

Шүүгдэгч З-ын хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт / задгай 1 хуудас/

Шүүгдэгч Э-ы гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /задгай 1 хуудас/

Шүүгдэгч З-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /задгай 1 хуудас/

Шүүгдэгч Э-ы хохирогчид 3.000.000 төгрөг болон 300.000 төгрөг төлсөн банкны баримт /задгай 2 хуудас/

Шүүгдэгч З, түүний эхнэр Д.М нарын хохирогчид хохирлын мөнгө шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /задгай 17 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч З, Э, Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг “Энгэр шанд” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд;

шүүгдэгч ................. овогт З нь согтуугаар хохирогч Ө.Ц-тэй хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдан зодож түүний биед зүүн нүдний алиман доторх гадны биет шар толбо ба торлог бүрхүүлийн цооролт гэмтлийн улмаас харааны бууралт 0,01 болсон буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ............... овогт Б нь согтуугаар хохирогч З-ыг нөхөр Ө.Ц-г нь зодсон гэх шалтгааны улмаас толгой руу нь гараараа цохиж биед нь баруун зулайн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ............. овогт Э нь согтуугаар хохирогч Ө.Ц-тэй агсам тавьсан гэх шалтгааны улмаас маргалдан зодож түүний биед толгойн зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхины цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт, буйлны язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Зын ”...Би Ц-д хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх, шүүгдэгч Бийн ”...харин би салгах гээд оролдоод дийлэхгүй байхаар нь Зын толгой руу нь бөгжтэй гараараа нэг удаа цохичихсон...” гэх, шүүгдэгч Эы ”...Би нэг л удаа Ц-ийн баруун завьж орчим руу цохисон...” гэх мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ө.Ц-ийн “...З нь миний зүүн шанаа руу цохиж унагаад дээрээс нүүр рүү маань 5-6 удаа цохисон. Үүнээс болж миний зүүн нүд, баруун нүд хоёр хөхөрч хавдсан. Мөн зүүн нүд маань юм харахгүй, бүрэлзэж, ямар нэгэн юм торж өвдөөд байсан. Харин Э нь баруун шанаа руу нэг удаа цохиж, газар хавсарч унаган дээрээс маань дарж суугаад өөр ямар нэгэн байдлаар цохиогүй...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Х.Ганбаатарын “...би гэрээс гараад очиход З ******* хоёр газар өнхрөлдөөд зодолдож байсан. Хэн хэнийхээ дээр гарч байсан бөгөөд бие биенээ хаана хаана нь яаж цохиж зодсоныг хараагүй. Тэгээд би шууд Ц-г салгаж, харин С нь Зыг авч салгасан. Тэгээд гэрт ороход Ц нь гэрт байсан Э руу хүнд зодуулж байхад та намайг өмөөрсөнгүй гэж хэлээд Эгийн нүүр рүү нь цохихоор нь Э нь Ц-г гэрээс чирээд авч гарсан. Тэр үед би гэрээс гараагүй. Удалгүй Э гэрт орж ирэхэд араас нь Ц орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байсан....” гэх, гэрч Д.С-ын “...Тэр үед Ц нилээн согтож Зыг “Ц-ын хар шээс, муу хулгайч” гэх зэргээр хэл амаар доромжлоод тэр хоёр гэрийн гадна маргалдаж байгаад З нь Ц-г газар унагаад дээрээс нь зодоод байхаар нь би гүйж очиж салгасан. ...Удалгүй Э гэрт орж ирэхэд араас нь ******* орж ирэхдээ нүүр ам нь цус болчихсон байхаар нь би унтаж амар гэхэд Ц унтаад өгсөн. Ц-г З, Э хоёр зодсон. ...Харин хаана нь яаж цохиж зодсон талаараа хэлээгүй. Миний харахад бол ямартай ч газар унагачихсан ална гээд зогсож байсан. Харин Этай гэрийн гадна бахиралдаж зодолдоод байсан. Би зодолдохыг нь хараагүй. Өөр Ц-г зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлгүүд, гэрч Т.Д, Г.Х, Ч.Г, З.А нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1137 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 331 тоот дүгнэлт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, амбулатороор эмчлүүлэгсдийн карт, өвчний түүхийн хуулбар, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хохирогч Ө.Ц-ийн эрүүл мэндэд шүүгдэгч Зын үйлдлийн улмаас  хүнд хохирол, шүүгдэгч Эы үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан ба  шүүгдэгч Бийн үйлдлийн улмаас хохирогч Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1137 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 331 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

Шүүгдэгч З, Б, Э нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б, Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Бийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч Эы гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Зын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 2.650.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ө.Ц-ийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд З нь шүүгдэгч Бээс, хохирогч Ө.Ц нь шүүгдэгч Э-гаас нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч Э, Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч З нь хохирогч Ө.Ц-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 2.650.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Зоос 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Ц-д олгох нь зүйтэй байх ба хохирогч Ө.Ц нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Зоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Ц-д шүүгдэгч Э 3.150.000 төгрөг, шүүгдэгч З 2.650.000 төгрөг төлсөн, З нь шүүгдэгч Бээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................. овогт Зыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч .................. овогт Б, .................. овогт Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зод 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б, Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Зод оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б, Э нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоос бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дотор гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг “Мөнхөт” гэх газар оршин суух ................ овогт Ө.Ц /....................../-д олгохоор тогтоож, хохирогч Ө.Ц нь цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Зоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б, Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Ц-д шүүгдэгч З 2.650.000 төгрөг, шүүгдэгч Э 3.150.000 төгрөг төлсөн, З нь шүүгдэгч Бээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З, Б, Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ПАГМА