Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

 

 

 

 

 

 

 

 

2021        01         25                                              2021/ШЦТ/40                              

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Цд холбогдох 2121000000037 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 18ы өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич генетикч мэргэжилтэй, ............................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..................... овогт Ц /РД: ........................../.

 

Шүүгдэгч Ц нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэнхэрийн 47б тоотод орших гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд эхнэр М.Х-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ 2015 оноос хойш амьдарсан. Гэр бүл болсон цагаасаа байнга бие биенээ хардсаар ирсэн. Надад эхнэрээ хуурч мэхэлсэн зүйл нэг ч байгаагүй. Хамгийн анх 2015 онд Ивээл хороололд байр түрээсэлж байхад тухайн байрны эзний охинтой намайг хардаж байсан. Мөн 2018 онд үеэл дүүгийнхээ хуримнаас хойш одоог хүртэл намайг үеэлтэйгээр хардаж байна. Цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоож, Ерөнхий боловсролын сургууль хичээллэхгүй байгаа болохоор эхнэр намайг байнга хардаж, гэртээ дэмий суулаа гэх шалтгаанаар байнга хэрүүл, маргаан үүсгэдэг. Эхнэр ажлаа тараад ирэхдээ хэрүүлийн ямар нэгэн шалтгаан гаргаж ирдэг. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өдөржин гадуур хэссэн гэж хэрүүл хийсэн. Би өдөртөө зүгээр хэсээд явдаггүй. Цахим хичээл хүүхдүүдэд заадаг. Хамгийн гол нь намайг өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэж бодоод байгаа. Тухайн өдөр бид хоёрын аль, аль нь тэвчээртэй байсан бол ийм асуудал гаргахгүй байсан. Би цаашид хичээж эхнэртээ гар хүрэхгүй. Гэмт хэрэг гарснаас хойш бид хоёр хоорондоо эвтэй байгаа...” гэв. 

Хохирогч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би орой ажлаа тараад 22 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай нөхөр аяга тавгаа угаагаад хоол хийх гэж байсан. Тэгээд хоол болохоор нь би бага охиндоо хоол өгөхөд бор шөл байхаар нь нөхрийгөө “Чи өдөр хүүхдүүддээ хоол хийж өгөөгүй юм уу, хоолонд чинь олигтой идэх юм байхгүй, төмснөөс өөр юм алга” гэсэн. Тэгсэн миний өөдөөс “муу адгийн шаар чи өчигдөр намайг цагдаадаа өгөөд шорондоо суулгачихаа яасан юм” гээд угааж байсан хоолны төмөр тогоогоо шидээд миний духанд оносон. Тэгэхэд миний духнаас цус нилээн гарсан бөгөөд би нөхрийгөө “түргэн дуудаад өг эсвэл урд айлын хүн дуудаад өгчих” гэсэн. Тэгсэн нөхөр утсаараа түргэн дуудсан. Би түргэнээр эмнэлэгт ирж духандаа 3 оёдол тавиулсан. Надад гомдол санал байхгүй...“ гэжээ. /хх-ийн 7-8/

Гэрч О.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад дүү Ц над руу залгаад “би Х-ыг тогоогоор шидчихсэн чинь толгойноос нь цус гараад байна, та хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би 01 цагийн үед гэрт нь очиход Ц хоёр хүүхдийнхээ хамт байсан ба шалан дээр дуссан цус арчаад байж байсан. Харин эхнэр Х нь эмнэлэг явсан байсан. Би юу болсон талаар асуухад дүү Ц Х намайг өдөржингөө хаагуур хэсээд байдаг юм, гэртээ байж хүүхдүүддээ хоол хийж өгсөнгүй гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгэхээр нь би халбага шидээд араас нь тогоогоор шидчихсэн юм гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 10/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 тоот дүгнэлтэд:

1. М.Х-ын биед духанд язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон  гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13-14/

 

Ц мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...эхнэр бага охиндоо хоол өгч байгаад намайг чи өдөржин гадуур яваад ирж байгаа юм биш үү, хүүдүүдээ хоосон байлгаад гэж хэлсэн. Намайг ер нь гадуур өөр хүүхэнтэй явлаа, уулзлаа гэж байнгын шалтаг болгож хэрүүл хийдэг. Тэгээд бид хоёр бие биенээ доромжлоод хэрүүл эхэлсэн. Би хоолоо суллаж байгаад эхнэр хэрүүл хийгээд байхаар нь эхлээд хоолны халбага шидсэн боловч оноогүй. Тэгээд хоолны халбагаа авах гээд явж байхад бас л элдвээр хэлээд байхаар нь би барьж байсан хоолны төмөр тогоогоо шидсэн. Тэгсэн эхнэрийн духанд оноод цус гарахаар нь түргэн дуудсан...” гэжээ. /хх-ийн 20/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/

Гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 11/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/

Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 21-22/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ................. овогт Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 05-өдрийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэнхэрийн 47б тоотод орших гэртээ эхнэр М.Х-тай маргалдаж түүний биед духанд язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн ”...хоолны халбагаа авах гээд явж байхад бас л элдвээр хэлээд байхаар нь би барьж байсан хоолны төмөр тогоогоо шидсэн. Тэгсэн эхнэрийн духанд оноод цус гарахаар нь түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч М.Х-ын “...миний өөдөөс “муу адгийн шаар чи өчигдөр намайг цагдаадаа өгөөд шорондоо суулгачихаа яасан юм” гээд угааж байсан хоолны төмөр тогоогоо шидээд миний духанд оносон...” гэх мэдүүлэг, гэрч О.Д, Д.О нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 тоот дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Цгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Ц нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Цгийн үйлдлийн улмаас хохирогч М.Х-ын биед духанд язарсан шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Цд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Цгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц нь шүүх хуралдаанд “...миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа боловч Цагдаагийн газрын ял шийтгэлийн лавлагаагаар ял шийтгэлтэй гэж гарах нь цаашид ажиллаж хөдөлмөрлөхөд минь сөрөг нөлөөтэй учраас торгох ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргаж байх бөгөөд түүний хүсэлтэд дурдсан нөхцөл байдал нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна шүүгдэгчийн тодорхой эрхэлсэн ажилтай, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан үзэж прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох торгох ялын хамгийн доод хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох санал гаргасан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байх тул шүүгдэгч Цг ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Х нь “...миний бие хэвийн болсон, надад гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................. овогт Цг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цгийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ПАГМА