Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 335

 

Б.Б, Л.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

            Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

            Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Л.М, шүүгдэгч Л.Мийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Л.М нарт холбогдох эрүүгийн 170612760257 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                Б.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд баригдаж байгаа “Энигма” ХХК-ийн барилгын хашаанд нэвтэрч, хаалга, цонхны ялуу 5 ширхэг, дулаалгын хөөсөнцөр 20 ширхэг, нийт 582.300 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, Л.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Саманд овогт Бадарчийн Б.Б, Гончиг овогт Лхагвасүрэнгийн Л.М нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Л.М нарыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б, Л.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 1 /нэг/ жилийн хорих ял болгон тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б, Л.М нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Л.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг зургийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлээ огт үгүйсгээгүй, энэ талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Харин энэ хэргийг Л.Мтэй бүлэглэн үйлдсэн гэдэгтэй санал нийлдэггүй. Учир нь, би урьд нь Л.Мийг огт таньдаггүй байсан. Халдвартын эмнэлэгт манаач хийж байсан Мөөгий гэх залуугаар дамжуулж танилцсан. Би урьд нь ганц ч удаа уулзаж байгаагүй. Тухайн үед цалин цаг хугацаандаа тавигдаагүй, мөнгө хэрэгтэй байсан тул “ах нь өөрийн мэдлийн юмыг зарах гэсэн юм” гэж итгүүлээд “машинтай, ачих хүнтэй ирж ав” гэж хэлсэн юм. Тэгээд ч тухайн үед цаг эрт, 18 цаг болж байхад нартай байсан учир Л.М хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, сэжиглэх ч үндэслэлгүй байсан. Намайг “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн. ...” гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жолооч Л.М надаас хямд үнэтэй барилгын материал авах гэж байгаа гэж ойлгоод гэгээн цагаан өдөр компанийнхаа машиныг унаж, ачихад туслалцах хамт ажилладаг хүмүүсээ дагуулж ирсэн байсан. Хэрэв хулгайн эд зүйл авахаа мэдсэн бол өөр хүмүүсийг дагуулж ирэхгүй нь ойлгомжтой. Хэрэв тэд мэдэж байсан гэж үзвэл мөн л Л.Мийн адил энэ хэрэгт татагдах нь ойлгомжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан бол” гэсэн заалт байхгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж, хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэх үндэслэл байна. Миний гэмт хэрэг үйлдэх гэж буйг урьдчилан мэдээгүй, надтай үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдээгүй, миний утсаар ярьж итгүүлсний үндсэнд юм худалдаж авахаар хүмүүс дагуулан ирсэн Л.М өнөөдөр гэмт хэрэгтэн болчихсон, надад чирэгдэн хохирч байгаад маш их харамсаж эмзэглэж явдаг. Иймд хэргийг тал бүрээс нь хянаж, Л.Мийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан надад л эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуулийн шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Бтой бүлэглэн ямар ч гэмт хэргийг хийхээр завдаагүй. Хилсээр хорих ял шийтгэгдсэн тул намайг цагаатгаж өгнө үү. Би Б.Б гэх хүнийг урьд нь нэг ч удаа харж байгаагүй. Хүнээр дамжуулан утсаар танилцсан. Тэр хүн над руу залгаад “цалингийнхаа оронд авсан, миний мэдлийн хэдэн ялуу, хөөсөнцөр зэрэг материал байна. Хямдхан авах уу” гэхээр нь очсон. Б.Б “ах нь өрөөсөн гаргүй хүн шүү, ачилцах хүнтэй ирээрэй” гэсэн. Тухайн үед зуны орой 18 цагийн орчим нартай, маш их хөл хөдөлгөөнтэй байхад хотын төвөөс хулгайн эд зүйл ачина гэж огт бодоогүй. Очиход ямар ч саадгүй, өөрсдөө хаалгаа онгойлгон нэвтрүүлж оруулаад, юу ачихыг зааж өгсөн. Надтай ярьсан хүн өрөөсөн гаргүй, жаахан халамцуу ах байсан. Түүний заасны дагуу 4 ширхэг ялууг хамт очсон залуутайгаа ачиж байтал нэг хар хувцастай хүн ирж зураг аваад “юун хүмүүс юм ачиж байгаа юм бэ” гэсэн. Энэ үед манаач Б.Б ямар ч тайлбар хийж чадахгүй байсан учир дээрх зүйлсийг ямар нэгэн зөвшөөрөлгүй хулгайгаар авах гэж байсныг ойлгож буцааж буулгасан. Нэгэнт дээрх хууль бус үйлдлийг ойлгож, мэдсэн учир компани дээрээ очиж машинаа тавьчихаад иргэнийхээ үүргийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Би Б.Бтой хулгай хийх талаар урьдчилан үгсэн тохироогүй, таньдаггүй байсан учир бүлэглэж гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв хулгай хийхээр тохирсон бол хамт ажилладаг хүмүүсээ гэмт хэрэг үйлдэх газар луу дагуулж явахгүй байсан. Нэгэнт хямдхан материал худалдаж авна гэж ойлгосон байсан учраас машинтай очсон. ... Иймд намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Л.Мийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М “Би байшин барьж байсан юм. Эдгээр материалууд зах зээлийн ханшаар хэдэн төгрөг байдгийг нь би мэдэхгүй. Гэхдээ л хямд гээд очиж авахаар тохиролцсон. ...Байшингаа барьж эхлээгүй. Барилгын материалаа зах зээлийн ханшаар хэд байдгийг нь мэдэхгүй, намайг очиход өөрөө хаалгаа онгойлгосон. Би машиндаа ачсан байсан. Тэгээд баригдахаар нь мэдээд машинаас буулгасан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч нарын өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Л.М барилгын материалын үнэ ханшийг мэдэхгүй, судлаагүй, ямар материал өөрт нь хэрэгтэй болохыг мэдээгүй байж хямд үнэтэй барилгын материал зарж байгаа болохоор нь авахаар очсон, хулгайн зүйл гэж мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв. Иймд шүүгдэгч Л.М, Б.Б нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. ...” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч, яллагдагчаар тогтвортой өгсөн мэдүүлэг болон шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Л.Мийн мэдүүлэгт Б.Бийг хулгайн гэж хэлээгүй, хулгайн гэдгийг нь мэдээгүй гэдгээ тогтвортойгоор мэдүүлдэг, мөн байшин барих гэж байгаа зэрэг мэдүүлгүүд нь гэрч С.Отгондаваагийн мэдүүлэг, гэрч Ж.Алтанчимэгийн мэдүүлэг, гэрч Дөлгөөний мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байхад шүүх үнэлэлгүйгээр зөвхөн Л.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Л.Мийн мэдүүлэгт дурдагдсан Б.Б нь цалиндаа бодуулж авсан барилгын материал байгаа гэдгээ хэлсэн Мөөгий гэгчийг гэрчээр асуугаагүй байх бөгөөд Мөөгий гэх гэрчийг асуулгаснаар хэргийн бодит үнэнийг тогтооход ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Ямар үндэслэлээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэж байгаа үндэслэлээ дурдаагүй байж үндэслэлтэй байна гэж дүгнэсэн зэрэг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Мөн хийсэн үйлдэлдээ маш их гэмшдэг. Хулгайлж авах гэж байсан эд зүйлс нь тухайн үедээ хураагдсан тул шүүгдэгч нарын зүгээс төлөх хохирол, төлбөргүй. Мөн Б.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хувийн байдлын хувьд өрөөсөн гаргүй, группэд байдаг. Урьд нь ажил хийж байгаад гараа таслуулж, түүнээс хойш манаач хийж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс “зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тэнсэж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон. Машин механизм хэрэглэсэн гэдэгт субъектив санаа зорилго тогтоогддоггүй учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байна. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Б, Л.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Б.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд баригдаж байгаа “Энигма” ХХК-ийн барилгын хашаанд нэвтэрч, хаалга, цонхны ялуу 5 ширхэг, дулаалгын хөөсөнцөр 20 ширхэг, нийт 582.300 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Хонгорзулын “...Манай "Энигма констракшн" нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд 3 дугаар шатлалын барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа юм. ... Тухайн өдөр Б.Б ажилтай байсан. ...Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өөрөө машин оруулж, эд зүйл ачаад гарах гэж байхад нь манай харуул хамгаалалтын ажилтан Галсан гэдэг хүн барьж байсан юм. ...” /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Галсантогтохын “...Манай "Universal Noble security" хамгаалалтын алба нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторын барилга дээр хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн орчим барилгын хашаанд 32-61 УБЛ улсын дугаартай, саарал өнгийн старикс орчихсон юм ачиж байсан. Тэгэхээр нь би яваад очиход 6-7 хүн байсан бөгөөд барилгын 6 ширхэг ялуу, 10 ширхэг хөөсөнцөр зэрэг эд зүйл аччихсан байсан. ...Тэгээд би өөрийн харуул Б.Бид хандан "энд юу болоод байгаа юм бэ" гэхэд “халдвартын харуул Мөөгий олж ирсэн юм. Надад 80.000 төгрөг өгнө гэж хэлсэн юм” гэсэн. ... Би Халдвартын харуултай нь уулзахад “би хамаагүй, Б.Б дуудсан юм” гэж хэлсэн. ...” /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч С.Отгондаваагийн “...Одоо он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Дөлгөөн, Алтанчимэг, бид нар орой 18 цаг гэхэд ажил тараад ажлын машинтайгаа Яармагаас хот руу ирж явахад жолооч Сүхээ ах "ахдаа нэг ялуу ачилцаад өг" гэсэн. Тэгээд бид нар Халдвартын хашаа руу орсон. Тэгэхэд барилгын харуул хашааны хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд ороход харуул ах "энэ 4 ялууг авна" гэж хэлсэн. Тэгээд ачиж байтал нэг хүн орж ирээд "энэ юун хүмүүс вэ, хэний зөвшөөрлөөр авч байгаа юм" гэж асуусан. Гэтэл манай жолооч "буулгачих" гэж хэлсэн. Тэгээд бид нар 4 ялууг буулгаад гараад явсан. ...” /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

Гэрч Ж.Алтанчимэгийн “...Бид нар ажлаа тараад хот руу явж байтал манай жолооч халдвартаар дайраад хүнээс юм аваадахъя гэсэн. Тэгээд халдвартын хашаа руу ороод нэг барилга дээр ирсэн. 1 давхарт байсан 4 ширхэг ялууг аччихсан байхад 1 хүн гарч ирээд энэ болохгүй шүү гэсэн. Тэр хүн өөрөө харуулаа таниад байх шиг байсан. Тэгээд харуулдаа “хэний зөвшөөрлөөр ачиж байгаа юм бэ” гэхэд нөгөө харуул бас 1 хүний нэр хэлээд байх шиг байсан. Тэгээд бид нар буулгаад буцаад гарсан. Харуул жаахан халамцуу байсан. Өөрөө хаалгаа онгойлгоод өгсөн болохоор өгөх ёстой юм байна гэж бодсон. ...” /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Дөлгөөний “...Тэр өдөр миний санаж байгаагаар хагас сайн өдөр байсан шиг санагдаж байна. Бид нар Яармагт байх Оргил худалдааны төвд ажиллаж байгаад орой 17.50 цагийн орчим ажлаасаа гарсан. Тэгээд ах нь байшин барих гэж байгаа юм, эндээс 4 ширхэг цонхны ялуу аваадахъя, та нар ачилцаад өг” гэсэн. Бид нар халдвартын уулзвараар баруун эргээд ХӨСҮТ-ийн машин ордог төв хаалгаар дотогш орсон. Халдвартын харуул дээр юм авах гэж байна гэхэд шууд оруулсан. Барилга дээр очиход энгийн хувцастай настайвтар харуул байсан. Тэгээд Сүхээ ах буугаад харуултай уулзсан. Тэгтэл энэ 4 ялууг ачина гэж хэлсэн. Тэгээд машинаа ухраагаад машиндаа ачиж байтал нэг залуу гарч ирээд зураг дараад “наадахаа боль, буцаагаад тавь” гэж хэлсэн. Тэгээд бид нар буулгаад гараад явсан. Харуултай уулзаад байсан. Харуул согтуу байсан, юу гэж ярьж байсныг нь мэдэхгүй байна. ...”  /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Нямсайханы “...2017 оны 8 дугаар сарын эхээр харуул хулгай хийж байгаад газар дээрээ баригдлаа гэж намайг ажил дээр дуудсан. Намайг очиход тухайн өдөр харуулаар ажиллаж байсан Б.Б, харуулын албаны дарга Галсан нар байсан бөгөөд нөгөө ээлжийн харуул Жаргалсайханыг дуудчихсан байж байсан. Хөөс, ялуу зэргийг авахаар бэлдээд тавьчихсан, хөөс нь барилгын 6 дугаар давхарт байсныг доош буулгаад, 4-өөс 5-н ширхэг ялууг буулгаад тавьчихсан байсан. ...” /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Б.Бийн гэрчээр өгсөн “...Би “Энигма констракшн” ХХК-ийн баригдаж байгаа барилга дээр харуулын ажил хийж байсан. 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр харуулд гарах ээлжтэй байсан. Тухайн үед цалин мөнгө буугаагүй, эм тарианы мөнгө хэрэгтэй байсан. Халдвартын эмнэлгийн харуул Мөөгий гэх залууд "ахад нь мөнгөний хэрэг байна" гэж хэлсэн. Тэгэхэд "танд юу байгаа юм бэ" гэж асуухаар нь "5 ялуу, 20 ширхэг хөөс байна" гэж хэлсэн. Тэгэхэд "80.000 төгрөгт болох уу" гэхэд нь "болно" гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн орчим нэг микро шиг саарал өнгийн машин ирсэн. Ажлын хувцастай хэдэн залуучууд ирсэн байсан. Би Мөөгийд "хүнтэй ирэхгүй бол би өрөөсөн гартай болохоор буулгаж ирж чадахгүй" гэж хэлсэн. Тэгээд буулгаад ачих гээд байж байтал Энхбаяр захирал ирсэн юм. ...” /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Л.Мийн гэрчээр өгсөн “...Манайх Халдвартын эмнэлгийн ард байрладаг юм. Энэ асуудлаас 7-8 хоногийн өмнө манай ажлын гадна тааралдаад “би Халдвартын хашаанд баригдаж байгаа барилгын харуул юм. Надад цонхны ялуу, хөөсөнцөр зэрэг эд зүйл байгаа. Эднийг боломжийн хэдэн төгрөгөөр зарчихмаар байна” гэж хэлж байсан. Тэгээд “энэ ямар учиртай юм бэ, өөрийн чинь эд зүйл мөн үү” гэхэд “ах нь цалин мөнгө буухгүй байна. Ажлаас цалингийн оронд өгсөн миний мэдлийн юм байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд мөн дараагийн гараан дээр ирээд “чи нөгөө юмаа авахгүй юм уу” гээд манай ажил дээр ирсэн. Би ажлын зав болохгүй байна гэж хэлээд тэр өдрөө очоогүй. 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн гараан дээр нь утсаар ярьж асуухад “өнөөдөр ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би ажил тараад ажлын машинтай ажлын газрынхаа Алтанчимэг, Отгондаваа, Дөлгөөн гуравтай хамт очсон. Би яваад очиход гадна талын харуул оруулсан. Тэгээд дотогшоо очиход уг барилгын харуул өөрөө хаалгаа онгойлгоод оруулж өгсөн. Харуул нилээн уучихсан байдалтай байсан болохоор нь би "болох юм уу" гэхэд "болно оо, ахын чинь мэдлийн юм байгаа юм" гэж хэлсэн. 220 см урттай 1 ширхэг, 180 см урттай 2 ширхэг, 150 см урттай 1 ширхэг, нийт 4 ширхэг ялуу машиндаа аччихсан байж байхад гаднаас хар пальто өмссөн хүн орж ирээд зураг аваад байсан. "Энэ юун хүмүүс, юу ачаад байгаа юм бэ" гэж асуухад нь манаачийг дуудсан. Манаач барилга дээрээс бууж ирсэн. Тэр хүн "юу ачиж байгаа юм бэ" гэхэд нэг хүний нэр хэлээд толгойгоо маажаад зогсоод байсан. Тэгэхээр нь "энэ чинь хулгайн юм байна ш дээ" гэж хэлээд буцааж буулгаад гараад явчихсан. ...” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би өөрийн буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Л.Мийн яллагдагчаар өгсөн “...5 ширхэг ялууг бол ачсан байснаа хүлээн зөвшөөрч байна. Тэдгээрийг бүгдийг нь тэр доор нь эргүүлээд буулгасан. ...” /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Л.Мийн гэрчээр өгсөн “...Манайх Халдвартын эмнэлгийн ард байрладаг юм. Энэ асуудлаас 7-8 хоногийн өмнө манай ажлын гадна тааралдаад “би Халдвартын хашаанд баригдаж байгаа барилгын харуул юм. Надад цонхны ялуу, хөөсөнцөр зэрэг эд зүйл байгаа. Эднийг боломжийн хэдэн төгрөгөөр зарчихмаар байна” гэж хэлж байсан. Тэгээд “энэ ямар учиртай юм бэ, өөрийн чинь эд зүйл мөн үү” гэхэд “ах нь цалин мөнгө буухгүй байна. Ажлаас цалингийн оронд өгсөн миний мэдлийн юм байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд мөн дараагийн гараан дээр ирээд “чи нөгөө юмаа авахгүй юм уу” гээд манай ажил дээр ирсэн. Би ажлын зав болохгүй байна гэж хэлээд тэр өдрөө очоогүй. 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн гараан дээр нь утсаар ярьж асуухад “өнөөдөр ирээд авчих” гэж хэлсэн. Тэгээд би ажил тараад ажлын машинтай ажлын газрынхаа Алтанчимэг, Отгондаваа, Дөлгөөн гуравтай хамт очсон. ...” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгээс үзэхэд Б.Б нь өөрийн хамгаалалтад байгаа буюу бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах ажил үүргийн хүрээнд хамгаалж байгаа барилгын эд зүйлсийг цалинд тооцож авсан гээд Л.Мэд уг эд зүйлсийг зах зээлийн үнээс хямдхан худалдах талаар хэлсэн байна.

Бодит байдал дээр Б.Б нь өөрөө харуул хийж байгаа давуу байдлаа ашиглан барилгын эд зүйлсийг хулгайлан авч Л.Мэд худалдах санаагаа хэрэгжүүлсэн, нөгөө талаас Л.М нь Б.Бийг барилгын харуул хийж, эд хөрөнгийг нь бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээсэн манаач барилгын эд зүйлийг худалдан борлуулах эрхгүйг мэдсээр байж, өөрт хэрэгтэй эд зүйлсийг бага үнээр Б.Боос авч байсан үйлдлийг хулгайн гэмт хэргийн шинжтэй, уг гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Б.Б, Л.М нар “Энигма” ХХК-ийн барилгаас хулгайлсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх зорилгоор автомашин ашигласныг учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин тэд “Энигма” ХХК-ийн харуул, хамгаалалттай барилгын хашаанд нэвтрэн орж эд зүйл хулгайлахаар завдсаныг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн гэж үзэв.

Иймд Б.Б, Л.М нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэв.

Анхан шатны шүүх Б.Б, Л.М нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамласан хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ.

Иймд, Б.Б, Л.М нарын бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан үйлдэлд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б, Л.М, шүүгдэгч Л.Мийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.