Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0465/З |
Дугаар | 569 |
Огноо | 2018-09-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 569
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар О.Б-ын нэхэмжлэлтэй, Э м я Т н б дд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Х н овогт О-ийн Б //,
Хариуцагч: Э м я Т н б д,
Нэхэмжлэлийн шаардлага: “Э м я Т н б д-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн Дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2007 оноос Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2013 онд Эрүүл мэндийн яаманд салбарын тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Миний бие 2014 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, Төрийн жинхэнэ албан хаагч юм. Эрүүл мэндийн салбарт 11 жил тасралтгүй ажиллаж, үүнээс Эрүүл мэндийн яаманд 5 жил тасралтгүй ажиллаж байна. Төрийн жинхэнэ албанд тасралтгүй ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл огт авч байгаагүй, үр дүнгийн гэрээг жил дарааллан “А” үнэлгээтэй дүгнүүлж байсан.Гэвч 2017 онд шинэ Засгийн газар байгуулагдаж түүний дагуу Эрүүл мэндийн яам бүтцийн шинэчлэл хийсэн. Бүтцийн шинэчлэлтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны ажилтнуудыг холбогдох албан тушаалуудад томилохоор Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, сайдын зөвлөх нар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр яамны газар, хэлтсийн албан хаагч нарыг цуглуулж сонсох ажиллагаа гэж хийсэн бөгөөд тухайн ажиллагаагаар намайг Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн гэх ТЗ-7 зэрэглэлд хамаарах албан тушаалд шилжүүлэн томилохоор болсон тухайгаа хэлсэн. Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтний албан тушаалд томилохыг нь миний бие хүлээн зөвшөөрч тус албан тушаалд ажиллахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан. Ингээд нийт ажилтнуудын ажил үүргийг шинэчилж Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар яамны нийт албан хаагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөө А/72 дугаар тушаалаар шинэ албан тушаалд нь томилсон. Тодруулбал 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар намайг Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Дотоод хяналт хариуцсан Төрийн сангийн мэргэжилтэн /ТЗ-7/-ний үүрэгт ажлаас чөлөөлж, А/72 дугаар тушаалаар Төрийн захиргаа, удирдлагын газрын тооцооны нягтлан бодогч /ТҮ/ буюу Төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон. Түүнчлэн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөө дахин Б/105 дугаар тушаал гаргаж намайг Төрийн захиргаа удирдлагын газрын яамны тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилсон.
Өөрөөр хэлбэл намайг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар Төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлж, А/72 дугаар тушаалаар төрийн үйлчилгээний албан тушаалд томилж, дахин эрх зүйн үйлчлэлийн хувьд ижил Б/105 дугаар тушаал гаргаж намайг Төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон. Надад 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалыг гардуулж өгсөн бөгөөд А/72 дугаар тушаалыг гардуулж өгөөгүй, зөвхөн нийт ажилтнуудад уншиж сонсгосон. Төрийн жинхэнэ албан хаагч миний эрх зүйн байдлыг илт дордуулж, анх томилохоор сонсох ажиллагаа хийсэн Төрийн захиргааны албан тушаалд томилохгүй Төрийн үйлчилгээний албан тушаалд томилсныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Эрүүл мэндийн сайдад 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан.
Түүний дагуу Эрүүл мэндийн сайд надтай уулзсан бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагч миний эрхийг сэргээж, Төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах албан тушаалд зэрэг дэв, цалин хөлсийг бууруулахгүйгээр томилох болно гэж хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Төрийн жинхэнэ албан тушаалд томилохгүй, өргөдлийн хариуг өгөхгүй Төрийн жинхэнэ албан хаагч миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөөр байна.
Дээрх Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар Төрийн албаны зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч мөн л өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгөхгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд Э м я Т н б д-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/72 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, мөн өдрийн Б/105 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2 тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э м я Т н б д-ын 2018 оны 04 дүгээр сарын 22-ны Б/105 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлж, шинэ албан тушаалд томилох тухай агуулга бүхий тушаал гарсан. Тус тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Эрүүл мэндийн яамны бүтцийг батлах тухай 58 дугаар тогтоол, Э м я Т н б д-ын А/72 дугаар тушаалуудыг үндэслэн гарсан байдаг. Үүнд хууль зүйн тайлбар хийхэд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалт нь Төрийн нарийн бичгийн даргын хэрэгжүүлэх эрхийн тухай тусгасан заалт юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, эрхийг Төрийн нарийн бичгийн дарга хэрэгжүүлдэг. Гагцхүү хуульд заасан үндэслэлээр тухайн эрхийг эдлэх ёстой болохоос биш өөрийн санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлж, шилжүүлэх эрх Төрийн нарийн бичгийн даргад олгогдоогүй.
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Төрийн нарийн бичгийн дарга нь тус хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ, Ерөнхийлөгчийн зарлиг болон хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд нийцүүлнэ” гэж хуульчилсан. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга нь хууль бус үндэслэлээр О.Б-ыг өөрийн санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн. Энэ үйлдэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Хариуцагч тал төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг.
Хариуцагч тал ажлаас чөлөөлсөн үндэслэлийг төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох болсон гэж маргадаг. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө. гэж заасан нь хариуцагчийн өөрийн хүсэл зоригийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалыг нь өөрчилдөг, бууруулдаг хуулийн заалт биш, зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу энэхүү заалт нь хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл тухайн албан тушаалд томилогдохын тулд нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан байх ёстой эсхүл өөрт нь санал тавьснаар түүнийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдаанд О.Быг Эдийн Засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөхдөө 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сонсох ажиллагааг хийсэн. Ингэхдээ Эдийн засгийн санхүүгийн хэлтсийн төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх тухайн үед эрхэлж байсан ажил үүргийн зэрэглэлийг буруулахгүйгээр ТЗ-ын албан тушаалд томилох тухайгаа санал болгоход нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч, татгалзах зүйлгүй гэж сонсох ажиллагаанд гарын үсэг зурсан байдаг. Мөн хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгчийг ТҮ-ийн албан тушаалд томилж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэл зориг болон ажил олгогч буюу төрийн захиргааны байгууллагын өөрийнх нь хүсэл зоригоос гадуур тушаал гаргасан нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.
Мөн маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан үндэслэлийг дурдсан байдаг. Уг заалт нь ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтныг нөөцөд байгаа гэж үзэх хуулийн зохицуулалт байдаг. О.Б ажлаас чөлөөлөгдөөгүй, нөөцөд ороогүй байтал энэ тушаалыг гарсан гэж үзэж байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 болон 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэхэмжлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан заалт бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж заасан. Төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалт биш юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр болон орон тоо нь байхгүй болоогүй нь хавтас хэрэгт авагдсан Э м я Т н б д-ын 2018 оны А/72 тушаал болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 58 дугаар тогтоолоор тодорхой харагддаг. О.Бын эрхэлж байсан Эдийн засаг, санхүүгийн хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 58 дугаар тогтоолоор шинээр байгуулагдсан газарт харьяалагддаг болсноос биш ямар нэг байдлаар чиг үүрэг болон тухайн ажлын байр огт байхгүй болоогүй.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажлын байр үгүй болсныг ойлгоно гэсэн заалтыг тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаал үгүй болсон гэж өөр буюу төрийн үйлчилгээний албан тушаалд томилж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан тушаал гарсан. А/105 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яамны бүтэц, стратеги, ажлын байрны үндсэн чиг үүрэг өөрчлөгдсөн гэдэг үндэслэлийг тайлбарлаж бичсэн боловч газрын харьяалагдах хэлтэс нь өөр газраас шинээр байгуулагдсан газарт шилжсэн байгаа учраас нэхэмжлэгчийн ажлын байр үгүй болсон гэж үзэх боломжгүй байгаа юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Төрийн албан хаагчид баталгааг нь эдлүүлэх ёстой байдаг. Гэтэл ажлын байр үгүй болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид баталгаа эдлүүлээгүй байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25,26 дугаар зүйлд тодорхой заасан байдаг буюу ажил олгогчийн санаачилгаар болон захиргааны санаачилгаар төрийн албан хаагчийн ажил үүргээс нь чөлөөлөх гэж байгаа бол энэхүү хуулийн заалтыг баримталдаг. Э м я Т н б д-ын 2018 оны Б/200 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө хуульд заасан үндэслэл болгож буй хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн. Мөн Үндэсний Аудитын 2018 оны А/02195 дугаартай дүгнэлт, албан шаардлагыг үндэслэсэн байдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг удаа дараа эрхэлж буй ажилдаа хариуцлагагүй ажилласан тохиолдолд хэрэглэх хуулийн заалтыг иш татан хэрэглэсэн байдаг. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг хуулийн заалтыг хэрэглэсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг тайлбарласан байдаг. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байхыг шаардана. Мөн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т тухайн харилцааг дуусгахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчтэй ямар нэгэн Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байтал энэхүү заалтыг ашигласан нь үндэслэлгүй байна. Мөн өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрчийн мэдүүлэгт О.Б гэдэг хүн нь ... биднийг шалгалтаар очиход ямар нэгэн байдлаар энэхүү үүрэгт ажлыг эрхэлж байгаагүй, холбогдох баримт бичгийг бид гаргуулж аваагүй гэж тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл энэхүү Үндэсний Аудитын газрын дүгнэлтэд ... цаг хугацаанд нь үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс зөрүүтэй тайлан гаргасан гэж дурдсан нь О.Бын дотоод хяналт хариуцсан албанд хамаарна гэж тайлбарласан. Гэтэл О.Б нь шалгалтаар очиход ажлаасаа чөлөөлөгдсөн байсан учраас нэхэмжлэгчээс холбогдох баримт бичгийг гаргуулж авч чадаагүй гэсэн тайлбар өгсөн. Үндэсний Аудитын газрын 2018 оны 30/СТА-ТЕЗ гэх санал дүгнэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Үндэсний Аудитын газар шалгалт хийсэн байтал нэхэмжлэгчийг 2018 оны 04 дүгээр сарын 02 -ны өдөр ажлаас чөлөөлсөн байсан үйл баримт тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажил үүрэгт нь холбогдуулан дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Мөн Үндэсний Аудитын газрын дүгнэлтээр Эрүүл мэндийн яам нь ямар нэгэн санхүүгийн үйл ажиллагааны зөрчилгүй гэдэг дүгнэлтийг хийсэн байтал тайлан зөрүүтэй байна хэмээн хоёр өөр дүгнэлт гаргасныг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч мэдүүлэгтээ О.Б нь үүнтэй хамаагүй хэмээн мэдүүлсэн учраас нэхэмжлэгчийг ажлаас нь халсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийг ажил үүрэгт нь эгүүлэн томилж өгнө үү“ гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...О.Б нь Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаанд “2017 онд үүрэгт бүрэн гүйцэтгээгүйгээс тайлан зөрүүтэй тайлагнагдсан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй, мөн шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулж байсан нь санхүүгийн тайлангийн “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангаагүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй, ... байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн байна.
“Алдаа зөрчил гаргасан буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооц” гэсэн Үндэсний Аудитын Газрын “Хариуцлага тооцох тухай” 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02/195 САГ-2018/30CTA-ТЕЗ тоот албан шаардлагын дагуу, мөн ТЗУГ-ын тооцооны нягтлан бодогчоор 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр томилогдсон боловч ажилдаа ирэхгүй, ажил тасалсан тул Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаартай тушаалаар О.Быг үүрэгт ажлаас нь халсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь анх шүүхэд хандаж “Э м я Т н б д-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/72 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, мөн өдрийн Б/105 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн Дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэл гаргажээ.
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Э м я Т н б д-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж гэж ихэсгэж , 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн зарим шаардлага болох “...Э м я Т н б д-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/72 дугаар тушаалд өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” хэсгээсээ татгалзсан байна .
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э м я Т н б д-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Э м я Т н б д-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүрэг шинэчлэн батлагдсантай холбогдуулж О.Быг тус яамны Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж Төрийн захиргааны удирдлагын газрын тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилж шийдвэрлэжээ .
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “О.Бын эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдаагүй, чиг үүрэг шилжээгүй хэвээрээ хадгалагдан үлдсэн, мөн сонсох ажиллагаа хийсэн албан тушаалд томилоогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж өөртэй нь зөвшилцөлгүйгээр төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон, мөн хүлээж аваагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй албан тушаалаас халж шийдвэрлэсэн нь Төрийн албан болон хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр юм” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “О.Б нь төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан үүргээ хангалттай гүйцэтгээгүй нь Үндэсний аудитын газрын дүгнэлт, аудиторын албан шаардлагаар тогтоогдсон тул маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
1/ “Э м я Т н б д-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий Б/105 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.1-т заасныг үндэслэж гарсан байгаа нь хариуцагчаас захиргааны санаачлагаар төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үзэхээр байхын зэрэгцээ хэрэглэвэл зохих буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа алдагдуулсан хууль бус захиргааны акт болсон байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх” гэсэн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч ... төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагч өөрөө төрийн үйлчилгээний албан тушаалд томилуулах хүсэлт гаргаж, энэхүү хүсэлт нь зөвшөөрөгдөж шийдвэрлэгдсэн бөгөөд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдохыг зөвшөөрсөн, мөн албан хаагчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт харъяалагдах ТҮ ангиллын тооцооны нягтлан бодогч -ийн албан тушаалд ажиллуулах талаар О.Бтай зөвшилцөж байгаагүй болох нь нэхэмжлэгчийн “... төлбөр тооцоо хариуцсан төрийн сангийн мэргэжилтэн нь нэг газар, хэлтсийн миний эрхэлж байсан албан тушаалтай ангилал, зэрэглэл ижил албан тушаал тул уг албан тушаалд томилогдохыг зөвшөөрсөн. Гэвч тушаал гарахдаа санал авсан албан тушаалаас зөрүүтэйгээр төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон байсан” гэсэн тайлбар, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Оролцогчоос санал авах хуудас”-т “төрийн сангийн мэргэжилтэн гэж тэмдэглэгдсэн, ”Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/3147 тоот албан бичигт “... тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилох талаар мэдэгдсэн баримт... байхгүй” гэсэн болон шүүхээс шаардсаны дагуу холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Дээд Шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолд ““орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан байх бөгөөд Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны 2 орон тоо хасагдаагүй болох нь Э м я Т н б д-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаар тушаалын хавсралтад “Эдийн засаг хөрөнгө, оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр Э.М-ийг, төрийн сангийн мэргэжилтнээр Д.Г томилж” шийдвэрлэсэн байдлаар мөн тогтоогдож байна.
Мөн хариуцагчаас О.Бын эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдаагүй зөвхөн төрийн сангийн мэргэжилтний албан тушаалуудыг харъяалах Эдийн засаг, санхүүгийн хэлтэс өмнө нь тус яамны Бодлого, төлөвлөлтийн газарт харъяалагдаж байсан бол шинэ бүтцээр Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газарт харъяалагддаг болсон” хэмээн тайлбарлаж байх ба тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны “... хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд салбарын байгууллагуудын төсвийн төлбөр, тооцоог хянах, сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг тайлагнах, баримтын бүрдүүлбэр, системийн найдвартай байдлыг хангах, харилцагчдыг холбогдох мэдээллээр хангах” гэсэн үндсэн чиг үүрэг нь шинээр зохион байгуулагдсан Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн 2 мэргэжилтний ажлын байранд,
- төсвийн сар жилийн хуваарийн тооцоолол, хяналт,
- төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээ гаргах үйл ажиллагааны зохицуулалт,
- ... харилцагч байгууллагуудын төсвийн төлбөр, тооцоог хүлээн авах, нэгдсэн дансны программд хянаж оруулах үйл ажиллагааны зохицуулалт,
- харилцагч байгууллагуудын төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг хангах, гүйлгээ нэг бүрийг тулган шалгах, хяналт тавих үйл ажиллагаа,
- харилцагч байгууллагуудын төлбөр тооцооны гүйцэтгэлтэй холбоотой мэдээллээр хангах үйл ажиллагаа” гэсэн агуулгаар хадгалагдан үлдсэн байхын зэрэгцээ хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс чиг үүрэг шилжээгүй тухайд маргахгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “О.Бын эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдаагүй, чиг үүрэг шилжээгүй байхад ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн О.Б нь тангараг өргөн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу маргаан бүхий актын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн заалтууд нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөхөд мөн хэрэглэгдэхгүй бөгөөд О.Б нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй.
Гэтэл хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоол, Э м я Т н б д-ын “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” А/72 дугаар тушаалыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах…” гэж заасныг баримтлаагүй, О.Быг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хэрэглэвэл зохих хуулийг заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй зүйл заалтыг баримтлан ажлаас чөлөөлснөөрөө О.Бын эрх зүйн байдлыг дордуулсан нь хууль бус” гэсэн тайлбарыг мөн хүлээн авах үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “О.Б нь төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ажлын хариуцлага алдсан болох нь Үндэсний аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцлага тооцох тухай албан шаардлага ирүүлсэн” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Үндэсний Аудитын газрын САГ-2018/30/СТА-ТЕЗ дугаартай аудитын тайлан нь “Зөрчилгүй” санал дүгнэлттэйгээр 2018 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөр огноологдож Эрүүл мэндийн сайдад хүргэгджээ.
Мөн дээрх дүгнэлтийг үндэслэн гаргасан 02/195 тоот албан шаардлага нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн огноотой байгаа нь цаг хугацааны хувьд маргаан бүхий актаас хойно үйлдэгдсэн байх тул маргаан актын үндэслэл болсон гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгч О.Бын Э м я Т н б дд холбогдуулан гаргасан “Э м я Т н б д-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалыг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2/ “...Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Э м я Т н б д нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 58 дугаар тогтоол гарсантай холбогдуулж хийсэн сонсох ажиллагааны явцад О.Быг мөн Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн мэргэжилтэн/төлбөр тооцоо хариуцсан/-ий албан тушаалд ажиллуулахаар санал авсан атлаа уг албан тушаалд томилон ажиллуулалгүй, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн а/95 дугаар тушаалаар “Эдийн засаг хөрөнгө, оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнээр Э.М-ийг, төрийн сангийн мэргэжилтнээр Д.Г тус тус түр томилж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчаас “Д.Г нь тус яаманд өмнө ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэж орохдоо уг албан тушаалд томилогдсон. Одоо төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилогдсон байгаа” гэж тайлбарлаж байх ба нэхэмжлэгчээс “Би ажлаа Э.М-т хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлаж, төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн эргүүлэн тогтоолгохыг шаардаж буй албан тушаалыг эрхэлж буй Э.М нь Э м я Т н б д-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар төсвийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын , 2018 оны 04 дүгээр сарын 02-ны А/95 дугаар тушаалаар төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байгаа нь тогтоогдож байна.
Мөн Э м я Т н б д-ын “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай” А/72 дугаар тушаалын хавсралтад “Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний ажлын байр-1”, “Төрийн сангийн мэргэжилтний ажлын байр-1” гэж албан тушаалын нэрийг ялгаатай тэмдэглэсэн боловч гүйцэтгэх чиг үүрэг нь адилхан байна.
Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч О.Бын эрхэлж байсан ажлын байрны орон тоо хасагдаагүй, гүйцэтгэх чиг үүрэг нь төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний ажлын байранд хадгалагдан үлдсэн, мөн Э.М нь нэхэмжлэгчийн эргүүлэн тогтоохыг хүссэн албан тушаалын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа болон төрийн жинхэнэ албан тушаалын мэргэшлийн шалгалт өгч байгаагүй, төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул шүүхийн шийдвэрийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байх тул нэхэмжлэгч О.Бын “Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу О.Бын ажилгүй байсан 2018 оны 04 дүгээр сарын 02-оос 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 5 сар 18 хоногийн олговрыг түүний ажил эрхэлж авч байсан үндсэн цалин 663,720.00, алба хаасны нэмэгдэл 33,186.00 төгрөгийн нийлбэрээс бодож, ажлын 118 өдрөөр тооцож, нийт 3,979,108.00 төгрөгийг О.Бд олгох, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
3/ “...Э м я Т н б д-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Э м я Т н б д-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар “... 2017 оны санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан, анхан шатны баримт бүрдүүлээгүй, шаардлагатай баримт мэдээг ... гаргаж өгөөгүй, ... ажилдаа ирэхгүй, ажил тасалсан...” гэсэн үндэслэлээр “тооцооны нягтлан бодогч О.Быг үүрэгт ажлаас халсугай” гэж шийдвэрлэжээ.
О.Б нь төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлж төрийн үйлчилгээний албан тушаалд томилсныг эс зөвшөөрч Эрүүл мэндийн сайдад, улмаар холбогдох төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж байсан байх бөгөөд тооцооны нягтлан бодогчийн албан тушаалыг эрхлээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын тооцооны нягтлан бодогчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байх ба захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн гаргасан шийдвэр үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай.
Гэтэл нэхэмжлэгчээс хүчингүй болгуулах шаардаж буй Э м я Т н б д-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/200 дугаар тушаалаар О.Быг Хөдөлмөрийн тухай хуулийг холбогдох заалтуудыг баримтлан төрийн үйлчилгээний албан тушаалаас халж шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн хууль тогтоомжоор зохицуулагдах хувийн эрх зүйн акт байх тул энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нөгөө талаас, шүүх энэхүү шийдвэрээр О.Быг төрийн жинхэнэ албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд томилсон маргаан бүхий Б/105 дугаар тушаалыг хүчингүй болгож, төрийн жинхэнэ албан тушаалд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул маргаан бүхий Б/200 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч нэхэмжлэгчийн ерөнхий харъяаллын шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Э м я Т н б д-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/105 дугаар тушаалыг хүчингүй болгож, О.Быг Эрүүл мэндийн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын газрын Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан О.Бын ажилгүй байсан 2018 оны 04 дүгээр сарын 02-оос 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 3,979,108.00 /гурван сая есөн зуун далан есөн мянга нэг зуун найман/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, О.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Э м я Т н б дд даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Баас Э м я Т н б дд холбогдуулан гаргасан “Э м я Т н б д-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ