Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0392

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн “М” ХХК-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “М” ХХК

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн үнэлгээний хороо,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ““Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919 дугаартай дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах, “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 дугаартай тендерийн Үнэлгээний хооронд “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 119/2022/0008/З.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/06-2919 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож”,

1.2 Шийдвэрийн 2 дахь заалтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 46 дугаар зүйлийн 46.2.2, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулсан гаргасан “Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21-2919 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох” “Хүчний трансформатор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 дугаартай тендерийн Үнэлгээний хооронд “М” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах акт гаргуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.6, 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг баримтлан Үнэлгээний хороо энэхүү хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна гэж дүгнэлт хийсэн ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 16-р зүйлийн 16.1.6 заалт нь тендерийн Үнэлгээний хороо 2022 оны 01 дүгэр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ “Захиалагчийн тендерийн тодорхойлолтын 13-д “үйлдвэрлэгчийг тодорхой заасан мэдээлэл ирүүлээгүй” гэх үндэслэлд хамааралгүй байх ба техникийн тодорхойлолт гэх хэсэгт ямар ямар асуудлыг тусгахыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 5-дугаар зүйлийн 5.1.19-д заасныг анхан шатны шүүх анхаарч шийдвэрлэсэнгүй. Мөн хуулийн 16-р зүйл нь техникийн чадавх болон туршлагыг үнэлэх гэх заалтад үйлдвэрлэгчийг тодорхой заасан мэдээлэл ирүүлээгүй гэх үндэслэл хамаарч байгаа эсэхийг дүгнээгүй атлаа уг заалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 16-р зүйлийн 16.1.6 дахь заалт нь нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт эсхүл гэрэл зураг тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг байхыг заасан ба энэхүү хуульд заасан үндэслэлээр Үнэлгээний хороо татгалзсан гэх үйл баримт Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” актад дурдаагүй буюу байхгүй. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийг тодорхой заасан мэдээлэл ирүүлээгүй гэх үндэслэлээ нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй. Харин шүүх хуралдаанд оролцуулсан гэрч Н.Ч нь тендерийн Үнэлгээний хороо 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ “Захиалагчийн тендерийн тодорхойлолтын 13-д RS-ийн төрлийг заах байсан гэж гэрчилсэн ба Захиалагчийн тендерийн тодорхойлолтын 13-д RS-ийг сонгох гэж зааснаас өөрөөр буюу төрлийг заах гэж тендерийн баримт бичигт заагаагүй, дурдаагүй байдлыг шүүх анхаараагүй. Тендерийн баримт бичигт RS-нийн төрлийг бус харин РПН-ийн төрөл загвар стандартыг заах гэж тодорхойлсон ба Үнэлгээний хороо нь RS сонгоогүй, эсвэл РПН-ийн төрөл, загвар стандартыг заагаагүй гэж буруутгаагүй байхад шүүх хуралдаанаар гэрчийн мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх RS -ийн нарийвчилсан төрлийг техникийн тодорхойлолтод сонгож заагаагүй атлаа RS-ийн төрлийг 9.3-1 Фаз 1200 ампертайг сонгосон нь зөрүүтэй байна гэх байдлаар буюу Үнэлгээний хорооны дүгнэлтээс өөр үндэслэлээр буруутган нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тендерийн баримт бичгийн 13-д RS-ийг сонгох гэж заасан ба техникийн тодорхойлолтод RS-ийг сонгосон байдлыг үгүйсгээгүй. Мөн 9.3-1 гэх тооны 1 гэх тоог Фаз гэх үгийг гэрчийн үгээр дүгнэлт хийж, RS-ийн төрлийг тендерийн баримт бичгийн 13-д шаардсан мэт дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооны буруутгаж буй үндэслэл болох үйлдвэрлэгчийг тодорхой заасан мэдээлэл ирүүлээгүй гэх зүйл баримтын талаар тендерт техникийн тодорхойлолтод нийлүүлэх бүтээгдэхүүн нь АВВ-ийн бүтээгдэхүүн буюу Хьюндай Болгарын хүчний трансформатор болохоо тодорхой заасан буюу үйлдвэрлэгчээр техникийн тодорхойлолтоо баталгаажуулж, үйлдвэрлэгчийг заасан байгааг хариуцагч тал няцаагаагүй байдлыг анхан шатны шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

 

2.2. Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Динамик болон дулаан тогтворжилтын тооцоог ирүүлэх гэх хэсэгт динамик болон дулаан тэсвэржилтийн тооцоог дутуу ирүүлсэн гэх үндэслэлээр тендер шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх мөн өөр үндэслэлээр буюу дулааны тогтворжилтын үзүүлэлтүүд гэсэн хүснэгтийн ороомгийн анхны температур С-ний өндөр хүчдэлийн ороомог 105, нам хүчдэлийн ороомог 105 гэсэн тооцооллын задаргааг хийгээгүй гэх дүгнэлтийг хийхдээ гэрч Н.Ч-ийн мэдүүлгийг үндэслэсэн. Харин хариуцагч тал энэ талаар тайлбар гаргаагүй. Тендерийн баримт бичигт дулаан тогтворжилтын тооцоог ирүүлэх гэсэн шаардлагад дээрх тооцооллын задаргаа байна гэж тодорхойлоогүй бөгөөд тооцоог ямар арга, хэлбэрээр, ямар томьёоллоор гаргах талаар ямар нэгэн өгөгдлийн тендерийн баримт бичигт дурдаагүй, байхгүй байхад тооцооллын задаргаа хийх гэх тендерийн баримт бичигт заагаагүй нэршил үндэслэлээр буруутган анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Тендерийн хороо дутуу ирүүлсэн гэх үндэслэлээ юуг тодорхойлсноо нотлоогүй байдлыг шүүх анхаараагүй. Гэрч Н.Ч нь Динамик болон дулаан тогтворжилтын тооцоог буруу гэж хэлээгүй ба энэ нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг зөв болохыг нотолж байгаа үндэслэл биш юм. Үнэлгээний хороо тооцооны ямар хэсэг дутуу байгааг дүгнэлтэд дурдаагүй байгаа байдалд шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Энэ талаар хариуцагч огт тайлбар гаргадаггүй.

 

2.3. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27-р зүйлийн 27.4-д заасан үндэслэлийг баримтлахдаа Үнэлгээний хороо нь тухайн хуулийн тендер 27-р зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.3-д заалтыг зөрчөөгүй байна гэх үндэслэлийг баримталсан. Гэтэл уг хуулийн 27-р зүйлийн 27.2-т энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно гэж заасныг буюу тухайн хуулийн 27-р зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3 заалтыг анхаарсан эсэхэд дүгнэлт хийгээгүй атлаа хууль зөрчөөгүй гэх дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн  Техникийн тодорхойлолтын талаар ““Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 5-р зүйлийн 5.1.19, 11-р зүйл, 16-р зүйлийг харгалзах тухай тодорхой заасан бөгөөд Үнэлгээний хороо тухайн хуулийн 11-р зүйлийн 11.1.4 дэх заалтыг зөрчиж, үйлдвэрлэгчийн талаар мэдээлэл ирүүлээгүй гэж буруутгасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Үйлдвэрлэгчийн талаар ямар мэдээлэл ирүүлэхийг Захиалагчийн тендерийн тодорхойлолтын 13-д заагаагүй байдлыг шүүх анхаараагүй.

 

2.4. “Эрдэнэт Үилдвэр" ТӨҮГ-ын "Хүчний трансформатор-ийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 тоот нээлттэй цахим тендерт “М” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн байхад уг шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид хүргүүлэхэд хэзээ хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ Үнэлгээний хороонд хүргүүлсэн нь тодорхойгүй атал 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн. Дахин үнэлгээ хийсэн үндэслэлд Монгол Улсын Сангийн яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6-1/242 тоот хариу өгөхдөө уг үнэлгээний дүгнэлтийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 55-р зүйлийн 55.3.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Ингээд захиалагчийн хууль бус үйлдлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардаж, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн. Захиалагчийг уг зөрчлийг арилгасан гэх үндэслэлээр Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ өмнөх үндэслэлээр дахин буруутгасныг Сангийн яам нь шийдвэрлэсэн асуудлаар дахин гомдол гаргасан гэж үзэж хүлээн авахаас татгалзсан. Энэхүү Сангийн яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний -ны өдрийн 6-1/470 баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл тендерийн баримт бичгийн ТОӨЗ 19.1 /а/, Захиалагчийн техникийн тодорхойлолтод тусгах асуудлыг тусгасан талаар Сангийн яам дүгнэсэн учир уг асуудлаар хариу дахин өгөхгүй буюу өмнөх хууль зөрчсөн захиалагчийн үйлдэл дахин давтагдсан үндэслэлд дахин хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн Сангийн яамны шийдвэрийг үгүйсгэж байгаа үндэслэлд шүүх дүгнэлт хийгээгүй.

 

2.5. Эрдэнэт Үилдвэр" ТӨҮГ-ын "Хүчний трансформатор-ийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 нээлттэй цахим тендерт “М” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн болон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн байхад уг шийдвэрийг захиалагч хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр Үнэлгээний хороонд хүргүүлсэн гэх захиалагчийн шийдвэр үндэслэлтэй эсэхийг Үнэлгээний хороо нь “Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх тухай” журмын 5-р зүйлийн 5.7.1,-5.7.2 зааснаар хариу өгсөн эсэх нь тодорхойгүй атлаа 2022 оны 01 дүгээр сарын 06-нд дахин үнэлгээ хийсэн нь үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Уг журмын зохих заалтын дагуу Үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэхдээ Үнэлгээний хороо өөрийгөө хууль зөрчсөн гэж үзвэл дахин үнэлгээ хийх зохицуулалттай байхад хууль зөрчсөн эсэх талаар огт баримт байхгүй атлаа дахин үнэлгээ хийсэн нь хууль зөрчсөн байгаа нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байхад тухайн баримт хүчингүй болсон хэрэгт ач холбогдолгүй мэт үзсэн нь үндэслэлгүй. "Хүчний трансформатор”-ийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202102919 тоот нээлттэй цахим тендерт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооноос “шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ээр шалгаруулсан үнэлгээний дүгнэлтийг ямар зөрчил гаргасан гэж үзэж хүчингүй болгож, дахин үнэлгээ хийсэн нь баримтгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг тендерт оролцогчид хуулийн хугацаанд танилцуулах үүргээ захиалагч биелүүлээгүй ба энэхүү үндэслэлийн талаар Сангийн яам судлан үзсэн нь тодорхойгүй буюу Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 6-1/242 тоот Гомдол хянасан тухай албан тоотод огт дурдаагүй билээ. Хэрэгт авагдсан баримтад тал бүрээс нь ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж үзэж байна.

 

2.6. Гэрч Н.Ч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан бөгөөд Үнэлгээний хорооны шийдвэр, болон захиалагчийн шийдвэрийг гэрчлэгч этгээд биш бөгөөд уг гэрчийн мэдүүлгийг зөвхөн үндэслэн техникийн тодорхойлолт шаардлага хангаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон ба уг гэрчийн тайлбараар хариуцагч нар тендертэй холбоотой баримт бичгийг өөрт нь сүүлд үзүүлсэн гэх мэдүүлгийг өгдөг ба энэ үйлдэл нь хуульд зөвшөөрөгдөх эсэх, тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчид ил тод болгох журам зөрчсөн эсэх, түүнийг гэрчлэх этгээд мөн эсэхэд шүүх анхаараагүй. Шаардлагатай бол бид ч гэсэн хүнд материалаа үзүүлээд гэрчлүүлээд байж болох мэт ойлголт төрүүлэхүйц байдалд биднийг оруулсан бөгөөд хууль зүйн талаас дүгнэвэл хэрэгт ач холбогдолтой зүйлийг мэдэх хөндлөнгийн байж чадах гэрч болох боломжгүй этгээд гэж үзэхээр байдлыг шүүх анхаараагүй байна. Дуртай үедээ мониторинг хийлгэж материалаа бусдад үзүүлж харуулж байсан нь хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл үнэлгээний дүгнэлт, захиалагчийн хүсэлтээр чөлөөтэй задардаг зэрэг хууль зөрчсөн үйлдлүүдийг нотлох баримт гэж үзсэн, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай актад дурдаагүй, байхгүй асуудлаар буюу зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5-д зааснаар Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 106-р зүйлийн 106.7-д зааснаар ...захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэх асуудлыг орхигдуулсан гэж үзэж байна.

2.7. Үнэлгээний хорооны гишүүн буюу иргэдийн төлөөлөл болсон Ч.А нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүй атал аль ч хуралд оролцоогүй буюу үүргээ хэрэгжүүлээгүй. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 47-р зүйлийн 47.4-д заасан шаардлагыг буюу худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор оролцох этгээд оролцуулаагүй нь энэхүү хуулийн заалт хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

2.8. Захиалагч “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ бөгөөд захиалагчийг Ерөнхий захирлын Санхүү Эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү төлөөлөх эрхтэй эсэх асуудлыг нотолсон баримт хариуцагч тал ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 46-р зүйлийн 46.2, 46.3-д заасан этгээд биш байгааг шүүх анхаараагүй. Иймд шүүх тал бүрээс нь бодитой үнэлэлт өгч хянан хэлэлцэхгүйгээр үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, тендер сонгон шалгаруулалтын журам зөрчсөн, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 47-р зүйлийн 47.7-д заасан шаардлагыг Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний хурлын тэмдэглэл хангаагүй, “М” ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж байх тул Орхон аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДҮ112-12/271 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, тус компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн болохыг тогтоож, гэрээ байгуулахыг эрх олгохыг даалгах, Үнэлгээний хорооны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/21-2919 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

3.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүчний трансформатор /ЭҮХХК/202102919/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тендерт нэхэмжлэгч оролцож, Үнэлгээний хорооны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анх удаа, захиалагчийн шийдвэрийн дагуу 12 дугаар сарын 17-ны өдөр дахин үнэлэхэд тус тус “хамгийн сайн тендер ирүүлсэн” оролцогчоор шалгарсан боловч Захиалагчаас дахин үнэлэхийг шаардсаны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шаардлагад нийцсэн нэг тендер ирүүлээгүй гэж үзсэн бөгөөд захиалагчийн бүх тендерээс татгалзсан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ДҮ-112-12/64 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яам хянаад нэхэмжлэгч компанийг техникийн тодорхойлолтод заасан зарим шаардлагыг хангасан эсэхийг үзүүлэлт тус бүрээр нягталж шалгах шаардлагатай гэж үзэж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийг Тендерийн баримт бичгийн  “Техникийн тодорхойлолт”-ын зарим шаардлагыг зөрүүтэй ирүүлсэн, тооцооллын задаргааг ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Н.Ч-ийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж, маргаан бүхий Үнэлгээний хороо 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “нэхэмжлэгчийг тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй” гэж үзэж татгалзсаныг болон захиалагч уг шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлснийг хууль зөрчөөгүй, мөн нэгэнт шаардлага хангаагүй тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах эрх олгохыг даалгах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...Үнэлгээний хороо 2021.12.14-ний өдөр, 17-ны өдөр үнэлэхдээ шаардлага хангасан гэж үнэлсэн, Захиалагчийн шийдвэрт гомдол гаргахад Сангийн яам хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгасны дагуу 2022.01.21-ний өдөр дахин үнэлсэн, энэ дүгнэлтээр заагаагүй Техникийн тодорхойлолтын 13-т заасан асуудал болон тендерийн баримт бичгээр задаргааг ирүүлэхийг шаардаагүй асуудалд анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй ...” гэжээ.

6. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажилласан, техникийн тодорхойлолт буюу мэргэжлийн үүднээс тендерийг үнэлэх үүрэг бүхий Л.А нь гэрчийн мэдүүлэгтээ “... Төрлийг тухайн үед мөн гэж үзэж байсан боловч нарийвчлан заах ёстой гэдгийг би сүүлд мэдсэн. Хэдийгээр би цахилгааны инженер мэргэжилтэй боловч нарийвчилсан ийм зүйлийг би мэдэхгүй” гэж тайлбарласнаас үзвэл “хамгийн сайн шаардлагад нийцсэн” гэж нэхэмжлэгчийг шалгаруулсан Үнэлгээний хорооны урьд нь гаргасан дүгнэлтүүд буюу нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тухайн худалдан авах бараа буюу Хүчний трансформаторын ашиглалтыг хариуцдаг, тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтыг боловсруулсан гэрч Н.Ч-г хууль сануулан гэрчээр асууж, ““М” ХХК нь үйлдвэрлэгчээс ирүүлсэн тодорхойлолт нь манай шаардлагыг хангахгүй байсан. ... RS-ыг сонгохдоо буруу сонгосон, 3 фазын трансформатор, фаз фаз дээр тавих нь нэг өөр, үйлдвэрлэгчээс ирүүлсэн болон “М” ХХК-ийн харьцуулалтын хүснэгтэд заасан мэдээлэл нь зөрүүтэй байсан. Мөн Дулаан тэсвэрлэлтийн тооцоог дутуу хийсэн байсан ..” гэж Захиалагчийн авахыг хүссэн барааны Техникийн шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй талаар тодорхой мэдүүлснийг анхан шатны шүүх үнэлснийг буруутгах үндэслэлгүй байна.

7. Давж заалдах гомдолд “... гэрч Н.Ч нь хариуцагч байгууллагад ажилладаг, хөндлөнгийн этгээд биш, гэрчлэх этгээд мөн эсэхийг шүүх анхаараагүй” гэжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд худалдан авах ажиллагаа нь ил тод нээлттэй, шударга явагдсан байх бөгөөд үйлдвэрлэлийн хэрэгцээнд ямар шаардлага хангасан бараа худалдаж авахаа өөрсдөө тодорхойлох эрхтэйгээс гадна шүүхээс хууль сануулж, тухайн үйлдвэрийн худалдаж авах барааг хариуцах, мэргэжлийн ажилтнаас гэрчийн мэдүүлэг авсныг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... манайх шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тохиолдолд татгалзах, иртэл нь дахин тендерийг зарлах эрхтэй гэж үзэж байна ...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна. 

8. Мөн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт “... Үнэлгээний хорооны гишүүн буюу иргэдийн төлөөлөл Ч.А нь 2022.01.21-ний өдрийн хуралдаанд оролцоогүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4-т заасан “ил тод байдлыг хангах” заалтыг зөрчсөн. Үүнтэй холбоотой Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалын заалтыг мөрдөхгүй, 2014 оны 212 дугаар тушаалаар баталсан журмыг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй журмыг хэрэглэсэн” гэжээ.

Анхан шатны шүүх Үнэлгээний хороо 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 88,8 хувийн ирцтэйгээр хуралдаж, олонхын саналаар шийдвэрээ гаргасныг хууль журам зөрчөөгүй гэж үзсэнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд иргэдийн төлөөлөл болох гишүүнийг оролцуулаагүйгээс нэхэмжлэгчийн “... техникийн тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй” гэж үзсэн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл болохооргүй байна.

Мөн Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалаар шинэчилж баталсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 4.2-д “Үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчинтэй байна.” гэж заасан нь 2014 оны 212 дугаар тушаалаар баталсан журмын заалттай адил зохицуулалтай байх бөгөөд уг тушаалыг хүчин төгөлдөр үйлчилж байх үед тухайн Үнэлгээний хороо байгуулагдаж, тендер сонгон шалгаруулалт явагдсан байх тул дээрх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй юм.

9. Мөн давж заалдах гомдолд “Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Ерөнхий захирлыг Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Ү төлөөлөх эрхтэй эсэхийг буюу дээрх хуулийн 46.2, 46.3-т заасан этгээд биш байгааг шүүх анхаараагүй” гэжээ.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд энэ талаар маргаагүй бөгөөд Үнэлгээний хорооноос “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзсан”, захиалагч хэн нэгэнтэй гэрээ байгуулах шийдвэр гаргаагүй байх тул энэхүү гомдол нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохооргүй байна.

10. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ