Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/00368

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/00368

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Олхонууд овогт Доржпүрэвийн Нямцэрэн /рд: ЧЕ56022504, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 21 гудамж, 12 тоот хаягт оршин суух/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Боржигон овогт Эрдэнэ-Очирын Азжаргал /рд:МО93012420, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 21 дүгээр гудамж, 8 тоот хаягт оршин суух/,

Хариуцагч: Дайртан овогт Цэрэндоржийн Энхсайхан /рд:УХ90112519, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 21 дүгээр гудамж, 8 тоот хаягт оршин суух/ нарт холбогдох,

гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Нямцэрэн, хариуцагч Ц.Энхсайхан, Э.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Баянжаргал нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие Энхсайхан, Азжаргал нараас машин худалдаж авна гээд 2015 оны 12 сараас 2016 оны 2 сард 1,000,000 төгрөг өгсөн. Тэгсэн энэ хүмүүс мөнгөө өгөөгүй машинаа ч аваагүй. Нэг жил гаран болж байна. Азжаргал, Энхсайхан хоёр нь үүргээ биелүүлээгүй 2017 оны 1 сар боллоо... Миний 200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2015 оны 12 сарын 10-нд зээлсэн. Мөн бөгж /монетан алтан/ ломбардад 8 хувийн хүүтэй тавиад одоо болтол мөнгийг нь өгөөгүй байна.

2016 оны 1 сард хариуцагч нар миний хашаа байшинг барьцаанд тавьж зээл авахуулсан. 800,000 төгрөгийг зээлүүлсэн. 8 сарын 8-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлээд, 600,000 төгрөгийг нэг удаа өгөөд зээл дууссан. Энэ хугацааны зээлийн хүү болох 160,000 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй, би төлсөн. Би хүүхдийг нь зодсон удаа байхгүй. Нөхөр нь надруу утсаар яриад намайг дарамталсан зүйл байгаа гэв. Тийм учраас 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.Энхсайхан, Э.Азжаргал нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Бид нэхэмжлэгч Д.Нямцэрэнгээс машин гэж сая төгрөг аваагүй. 2015 оны 12 сард 200,000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ би энэ мөнгөний 20,000 төгрөгийг цаг тухай бүрт нь өгч байсан. 2016 оны 1 сард ээмэг бөгжийг нь ломбардад тавиулж 300,000 төгрөг авснаас 100,000 төгрөгийг нь өөрөө авсан. Мөн цагаан сараар таньдаг хүн нь бэлэгний зүйл зарж байна гэхээр 100,000 төгрөгний зүйл авахуулсан... Дээрх авсан мөнгөнүүдээ бүгдийг нь буцааж 200,000 төгрөгөөр нэг, 60-аар нэг, 2015 оны 12 сараас өгсөн мөнгөний хүү сар бүр 20,000, мөн нэхсэн үед нь 10-аар 20-иор нэлээн өгсөн. Хамгийн сүүлд өөрийн нөхрийнх нь дансанд 500,000 төгрөг хийж өгсөн. Өгөхдөө одоо өр дууссан гэдгийг өөрт нь сайн хэлж өгсөн. Энэхүү хүн нь авсан мөнгөө аваагүй гэж байнга нэхдэг... Энэ хүнд өгөх мөнгө тооцоо байхгүй, хангалттай өгсөн. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулахаар хариуцагч Ц.Энхсайхан, Э.Азжаргал нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

            Шүүх нэхэмжлэгч Д.Нямцэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь Энхсайхан, Азжаргал нараас машин худалдаж авна гээд 2015 оны 12 сараас 2016 оны 2 сард 1,000,000 төгрөг өгөөд мөнгөө ч өгөөгүй машинаа ч аваагүй гэж, хариуцагч Э.Азжаргал, Ц.Энхсайхан нар нь нэхэмжлэгч Д.Нямцэрэнд машиныг зарна гэж бид 1,000,000 төгрөг аваагүй хэмээн маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг 243.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй болох нь “Д.Нямцэрэн нь машиныг чинь авъя гэж хэлж байсан ч, авахаа болилоо гэсэн. Машин одоо манай хашаанд байгаа” гэх хариуцагч нарын тайлбар, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлээгүй болох нь “машиныг нь авна гэж бодож мөнгө өгч байсан ч аваагүй. Бэлнээр 1,000,000 төгрөгийг төлөөгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлгүүдээр талуудын хооронд машин худалдах, худалдан авах хэлцэл бодитоор хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба 2015 оны 12 дугаар сард хариуцагч нэхэмжлэгчээс 200,000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард мөн 200,000 төгрөг зээлсэн, мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний агуулгад нийцсэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн зээлсэн 200,000 төгрөгийг хариуцагчаас бэлнээр, 500,000 төгрөгийг дансаар буцаан авсан, хариуцагч Э.Азжаргал, Ц.Энхсайхан нар 200,000 төгрөгийг хариуцагчаас бэлнээр, 500,000 төгрөгийг дансаар буцаан төлсөн талаар талуудын хэн аль маргаагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь зээлийн гэрээний хүүг харилцан тохиролцсон тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3 дахь хэсэгт “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгч хүү авах эрхээ алджээ.

Харин 2016 оны 8 дугаар сард хашаа байшингаа барьцаалж, зээл авч өгсөн зээлийн гэрээний 2 сарын хүү болох 128,000 төгрөгийг төлөх ёстой байсан ч төлөөгүй гэдгээ талууд маргахгүй байгаа тул нэхэмжлэгчийн дүнд тооцох үндэслэлтэй байна.

Талуудын хооронд бараа худалдаж, худалдан авах хэлцэл хийгдсэн байх ба нэхэмжлэгч талаас 1,300,000 төгрөгийн бараа зарсан, хариуцагч талаас цагаан сарын бараа гэж 100,000 гаруй мянган төгрөгийн бараа, ах дүү нар, Энхсайхан өөрөө тамхи байнга авдаг байсан, утсаар ярьсан нь үнэн ч тийм их мөнгөний бараа аваагүй гэж маргаж байна.

Иймд бараа худалдаж аваад төлбөрөө төлөөгүй талаар нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тэмдэглэл бүхий баримтыг нотлох баримтыг шинжлэн судлахдаа бичилт бүрээр хариуцагч, нэхэмжлэгч талуудаар тайлбарлаж, мэтгэлцэх боломжийг хангасан бөгөөд хариуцагч Э.Азжаргал, Ц.Энхсайхан нар нь цагаан сараар бараа худалдан авсан 104,500, зургийн жааз 30,000, утсаар ярьсан 2800, тамхи 60,000, ломбардны хүү 12,000, тахианы мах 3,700, пельник 100,000 төгрөгийн бараа худалдан авсан болохоо хүлээн зөвшөөрч, бусад нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хэрэглэсэн зүйлс, бусад хүмүүст хамаарах тооцоо байна гэсэн тайлбар, мөн нэхэмжлэгч Д.Нямцэрэн нь хариуцагчдын тооцоо бүрээр гаргасан хариу тайлбар, няцаалтыг хүлээн зөвшөөрч байх тул нийт 313,000 төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан аваад, төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний үүрэгт 400,000 төгрөг, хашаа байшингийн барьцаат зээлийн төлбөрт төлөх ёстой байсан хүү 128,000 төгрөг, бараа худалдаж, худалдан авах гэрээний 313,000 төгрөг, нийт 841,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Үүнээс хариуцагч тал нийт 700,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 141,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан, нэхэмжлэгч талд олгох нь зүйд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Нямцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, нотлох баримт нь хуульд нийцээгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 141,000 төгрөгийг хангаж, үлдэх 859,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Нямцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 4,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.       

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН