Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/00369

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2017/00369

Улаанбаатар хот

 

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баатар овогт Цогтын Билэгтсайхан /НЩ59051174, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж, 26 тоот хаягт оршин суух/-ын гаргасан

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Билэгтсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Билэгтсайхан нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд хадлан бригадад 1978 оны 7 дугаар сарын 1-нд тракторч, комбайнчнаар орж ажиллаж байсан ба хөдөлмөрийн дэвтэр дээр намайг Билэгт гээд буруу бичсэн. Техник мэргэжлийн сургуульд анх нээж өгөхдөө хөдөлмөрийн дэвтэрт миний богино нэрийг бичсэн. Миний нэрийг Билэгт гэж буруу бичсэнийг залруулж ирэх шаардлагатай гэсэн тул намайг 1978 оны 7 сарын 1-ний өдрөөс 2000 оныг хүртэл ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                           

                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Билэгтсайхан нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох,  ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Ц.Билэгтсайханы гаргасан хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор  өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч Ц.Билэгтсайхан нь 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтэр нээхдээ Цогтын Билэгт гэж дууддаг нэрээр буруу бичсэн тухай маргаж байна.  

Хүсэлт гаргагчийн хувийн байдлыг тодорхойлсон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өдрийн 357/024083 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Цогтын Билэгтсайханы НЩ59051174 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхний хуулбар, мөн Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Нэгдүгээр сургуулийн 1977 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн 10-11 дэх хуудсанд Нийгмийн хангамжийн улсын байцаагч /№103/-ийн 1995 оны 01 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хааж, 168432 тоот Нийгмийн даатгалын дэвтэр олгож, хөдөлмөрийн дэвтэрийг хаасан тухай бичилтүүд эх хувиараа байх тул Цогтын Билэгтсайхан нь Цогтын Билэгт нэртэй хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоох үндэслэлтэй байна.

Мөн 1995 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нээсэн анхны Нийгмийн даатгалын дэвтэрт Цогтын Билэгсайхан гэж Цогтын Билэгтсайханыг зөрүүтэй бичсэн байгаа ч, иргэний үнэмлэх дээр бичигдсэн болон 168432 дугаартай нээсэн нийгмийн даатгалын дэвтэр дэх НЩ59051174 гэсэн регистрийн дугаар, төрсөн он сар өдөр нь тохирч байх тул Цогтын Билэгтсайхан нь Цогтын Билэгсайхан нэртэй нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болох нь тогтоогдож байна.

Иймд Ц.Билэгтсайхан нь 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд Төв аймгийн Барилга угсралтын конторт шилжин ажиллаж, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Төв аймгийн Угтаалын Залуучууд сангийн аж ахуйд тракторч, комбайнчнаар, 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 он 12 дугаар сарын 31-нийг дуустал Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” ХХК-д тракторч, комбайнчнаар ажиллаж байсан нь дээрх хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтийн баталгаажуулалт, гэрч С.Зоригт /РД:НЩ67041278/, Б.Мягмарсүрэн /РД:НЩ62021276/ нарын мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Цогтын Билэгт гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Баатар овогт Цогтын Билэгтсайхан мөн болохыг, ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Ц.Билэгтсайханы хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 120, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                                    

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Баатар овогт Цогтын Билэгтсайханыг “Цогтын Билэгт” гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн, мөн “Цогтын Билэгсайхан” гэж бичигдсэн нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Билэгтсайханыг 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд Төв аймгийн Барилга угсралтын конторт шилжин ажиллаж, 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Төв аймгийн Угтаалын Залуучууд сангийн аж ахуйд тракторч, комбайнчнаар, 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 1997 он 12 дугаар сарын 31-нийг дуустал Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” ХХК-д тракторч, комбайнчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Билэгтсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН