Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 24 өдөр                    Дугаар: 2020/ШЦТ/99                                        Зуунмод сум

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

-улсын яллагчаар М.Гансувд

-шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг

-шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрмаагийн *******д холбогдох эрүүгийн 2034000200114 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт 1 дүгээр байрны 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Цэрмаагийн Дамдинсүрэн /РД:............../;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.******* нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Манзушир хөгжил төв’’-ын байранд Х.Алтангэрэлтэй түүний зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар Х.Алтангэрэлийг түлхэж унаган, толгойн тус газарт нь хөлөөрөө 2 удаа дэвсэж зодон, эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн дух, зүүн чамархайн хатуу хальсан доор цусан хураа’’ бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Х.Алтангэрэл бид 2 нэг ширээнд суусан, би ширээний дарга байсан юм. Миний хажууд манай таньдаг хүний эхнэр сууж байсан. Би түүнийг гэрт нь хүргэж өгөх байсан юм. Тэгээд шинэ жил дундаа орох үед тэр хүүхэн тасраад Х.Алтангэрэл түүнийг оролдоод байсан юм. Тэгэхээр нь би болиулсан. Тэгээд манай эхнэр Цоомоог хувцаслаад байсан. Тэгээд би машинаа асаачихаад хүлээж байсан чинь Х.Алтангэрэл гарч ирээд дахиад Цоомоог оролдоод байсан. Тэгээд би Х.Алтангэрэлийг түлхээд унагаасан. Надруу чи муу гээд дайраад байхаар нь би толгойн дээр нь дэвссэн. Тэгээд ухаан орохгүй болохоор нь 103 дууудаад би тэр шөнө нь сахиж хоносон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-10 тал/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14 тал/, гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч нь хохирогчтой нэг ширээнд сууж буй зураг /хх-ийн 17 тал/, хохирогч Х.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 18-24 тал/, гэрч Ч.Ариунбулагийн мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/, гэрч Б.Номинчулууны мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/, гэрч Б.Энхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/, гэрч Ж.Баттогтохын мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/, гэрч А.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/, гэрч Г.Тайванбаатарын мэдүүлэг /хх-ийн 58 тал/, гэрч О.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/, гэрч Ц.Баярбатын мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/, гэрч Г.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 тал/, шүүгдэгч Ц.*******гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 100-102 тал/, шүүгдэгч Ц.*******гийн Төрийн банк дахь депозит дансны харилцагчийн хуулга /хх-ийн 152-166 тал/ болон №000192231 дугаартай “Пийк болд траккэр” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 167 тал/ болон шүүгдэгч Ц.*******гийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.******* нь согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Манзушир хөгжил төв’’-ын байранд Х.Алтангэрэлтэй түүний зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар Х.Алтангэрэлийг түлхэж унаган, толгойн тус газарт нь хөлөөрөө 2 удаа дэвсэж зодон, эрүүл мэндэд нь “зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн дух, зүүн чамархайн хатуу хальсан доор цусан хураа’’ бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

  • Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Манзушир хөгжил төв” нэртэй 2 давхар цайвар ногоон өнгийн байшин байх ... бөгөөд өрөөний баруун хананд шаргал өнгийн бүтээлэгтэй сандалнууд зэрэгцүүлж байрлуулсан, мөн хувцасны өлгүүр зэрэг эд зүйл байв...Өрөөнүүдийг цэвэрлэж, зассан байх тул хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 тал/,
  • Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...яллагдагч Ц.*******гийн гэрэл зургийг 3 гэсэн дугаар дээр байрлуулан гэрчид уг үйл явцыг харуулахгүйгээр урьдчилан бэлтгэсэн болно.Гэрч А.Балжиннямаас хэрэг болох үед хохирогчийг зодсон гэх яллагдагч Ц.*******гийн гэрэл зургийг хараад таних уу? ямар содон шинж тэмдгээр таних вэ? гэж урьдчилан асуухад гэрч А.Балжинням “Би гэрэл зургийг нь харсан шууд танина нүдний шилтэй шар залуу байсан” гэв. Гэрчид урьдчилж бэлтгэж байрлуулсан 1, 8, 5, 3, 6 дугаартай гэрэл зургуудыг харуулан хүн зодсон гэх хүн эдгээр зурагнаас аль нь вэ гэж харуулахад гэрч А.Балжинням 3 гэсэн дугаартай гэрэл зургийг шууд зааж байв. Гэрч А.Балжиннямаас ямар содон шинж тэмдгээр нь таньж байна вэ? гэж асуухад гэрч А.Балжинням энэ хүн мөн байна нүдний шилтэй, шар царай, нүүр хэлбэр дүрс яг мөн байна гэв... ” гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 тал\,
  • Гэмт хэрэг үйлдэгдэх өдөр зохион байгуулсан арга хэмжээн дээр яллагдагч Ц.******* нь хэргийн хохирогч Х.Алтангэрэлтэй хамт 1 ширээнд сууж байгаа гэрэл зураг /хх-ийн 17 тал/,
  • Хохирогч Х.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын баримтууд \хх-ийн 30-39 тал\
  • Хохирогч Х.Алтангэрэлийн өвчтөний түүх \хх-ийн 75-89 тал\
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 92-97 тал\
  • Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай “...1. Х.Алтангэрэлийн биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн дух, зүүн чамархайн хатуу хальсан доор цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,
  • Хохирогч Х.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хэрэг явдал 2019.12.13-14-нд шилжих шөнө болсон. 2019.12.13-ны өдрийн орой 19 цагийн үед Манзушир хөгжил төвд байрлах ресторанд Төв аймгийн фитнесст явдаг хүмүүсийн шинэ жилийн арга хэмжээ болсон ойролцоогоор эрэгтэй, эмэгтэй нийлсэн 40 орчим хүн цугласан байсан үйл ажиллагаа явагдсаар орой болж хүмүүс согтоцгоосон, би ч согтсон байсан ухаан орж гараад байсан. Нэг мэдэхэд рестораны хоёр давхарт хүмүүс согтоод эмх замбараагүй эр эмгүй согтсон байсан. Хамт ширээнд сууж байсан Цоомоо гэх эмэгтэй бөөлжөөд ширээний хажууд алингаа алдаад газар хэвтэж байхад нь би 3 сандал зэрэгцүүлээд өргөөд сандал дээр хэвтүүлсэн. Бат-Эрдэнэ гэх хүний хамтаар өргөсөн тэгээд ууж идээд хүмүүс согтоод зарим нь цээж нүцгэн байсан. Би ч нэг мэдэхэд цээж нүцгэн байсан. Нэг мэдэхэд би рестораны 1 давхарт хувцас солих өрөөний хажууд цээж нуцгэн байсан. Тэгтэл ******* гэх залуу намайг цохисон ч билүү түлхсэн ч билүү ямар ч л байсан намайг газар унагасан. Тэгээд нэг мэдэхэд би эмнэлэгт сэргэн надад гавлын яс цуурсан гэмтэл учирсан байсан. Миний зүүн талын чих сонсголгүй болсон. Одоогоор миний биеийн байдал толгойн зүүн талд мэдээ муутай, нүд хараа муудсан байгаа, хэвтрийн дэглэм сахиж байгаа...би өөрөө согтуу байсан учраас мэдэхгүй байна...”, “...Хэрэг болсоны дараа намайг эмнэлэгт хэвтэж байхад ******* эхнэртэйгээ орж ирээд намайг эргэж уулзсан тэр үед би өөрт нь хандаж эмчилгээний зардалд 5 сая төгрөг өгчих тэгвэл би шүүх цагдаа гээд яах вэ? гэхэд ******* би тийм их мөнгө өгч чадахгүй гэхэд би тэгвэл шүүх цагдаад өргөдөл өгч шалгуулна гэхэд ******* чи намайг Төв аймагт шоронд хийж чадахгүй барахгүй гэсэн. Тэгвэл би өргөдлөө өгнө гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан тухайн үед эхнэр нь хамт байсан манай эхнэр ч хамт байсан. Тэгээд дараа нь намайг ******* мессэжээр чи Цолмон гэх хүүхэн оролдсон тэрийг чинь би хүчин хийсэн гэж өгнө гэх зэргээр мессэжээр дарамтлаад байсан. Сүүлдээ цагдаад өргөдөл өгсөний дараа манай гэрт ******* ирээд миний буруу юм байна би буруугаа хүлээж байна, Баярмагнай өмгөөлөгчөөс янз бүрийн юм асууж түүний үгээр явснаар би их хүнд байдалд орчихлоо анхнаасаа би чиний үгээр эмчилгээний чинь зардлыг өгөөд тохирдог байж дээ гэж байсан. Тэгээд дараа нь хэд хоногийн дараа дахин манайд ирээд би яах ч аргагүй болсон байнаа чи мэдүүлэгтээ өөрөө газар унасан гэж өгөх юм бол би хэргээс аврагдах боломжтой юм байна гэж надад хэлж байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 13- ны өдөр надад 3,000,000 төгрөг эмчилгээний зардал шүү гэж бэлнээр авчирч өгсөн...”, “...******* надад эмчилгээний зардалд 5,500,000 төгрөгийг бэлнээр 2 тасалж өгсөн байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-24 тал/,
  • Гэрч Ч.Ариунбулагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 сарын 14-ний шөнийн 01 цаг 15 минутанд нөхөр Х.Алтангэрэлийн найз Баярбат утсаар залгаж намайг дуудаад Х.Алтангэрэл хүнд зодуулаад цус алдаад байна гэсэн. Тэгээд би шууд эмнэлэг ороод хүлээн авах дээр очиход нөхөр Х.Алтангэрэлийн зүүн талын чихнээс нь цус гарчихсан тариа хийлгээд байж байсан. Х.Алтангэрэл ухаангүй байсан, эмнэлэг дээр нүдний шилтэй шар залуу тэр хавиар эргэлдээд байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас хэн зодсон юм бэ гэж асуухад нөгөө нүдний шилтэй залуу “би зодчихсон юмаа түлхэж унагаад толгой руу нь 2 удаа өшиглөсөн” гэж байсан...Би тэр залууг танихгүй. Тухайн өдрөөс 2 хоногийн дараа над руу манай нөрийг зодсон гэх ******* залгаад “танай нөхөр чинь хүүхэн хүчиндэх гэж байсан, тийм болохоор цагдаад намайг битгий өг, цагдаа найзтай, прокурор шүүгч найзтай шүү” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,
  • Гэрч Б.Номинчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед манай ресторанд фитнесст явдаг хүмүүс гээд ойролцоогоор 40-50 орчим хүнтэй шинэ жилийн арга хэмжээ болсон. Тэгээд арга хэмжээ үргэлжилсээр 2019 оны 12 дугаар сарын 14-ний шөнө болтол үргэлжилсэн, хүмүүс нь бүгд согтоод хөл толгой нь мэдэгдэхийн аргагүй замбараагүй байсан. Тэгээд тэр үйл ажиллагаа дууссан гэж хүмүүст шаардлага тавихад согтуу хүмүүс үгэнд орохгүй тарж өгөхгүй байсан. Тэгээд бага багаар хүмүүс нь цувраад явцгаасан. Тэгтэл ягаан өнгийн сорочкон цамцтай Алтангэрэл гэх хүн ганцаараа рестораны зааланд согтуурхаад хүн хүн рүү “би баян хүн намайг ямар мөнгөтэй төгрөгтэйг мэдэх үү” гэх шиг хүмүүсийг өдөөд байсан. Өөртэй нь хүмүүс тоож харилцахгүй байхад тэр хүн өөрөө бусад хүмүүстэй харилцах гээд байсан. Тэгээд хүмүүс цуварч гараад дууссан. Алтангэрэл гэх хүн ганцаараа зааланд үлдчихсэн байсан. Би тэр хүнийг заалнаас аваад шатаар буулган нэг давхарт байрлах хувцасны өрөө рүү аваачаад хувцасаа өмс гэхэд өмсөхгүй гээд хувцасны өрөө рүү орохгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө хүнийг коридорт үлдээгээд хувцасны өрөө рүү орж хувцасыг нь хайгаад цөөхөн хувцас үлдсэн байсан учраас хувцасыг нь хүнээс асууж байгаад олчихсон. Тэгээд хувцасыг нь өгөх гээд өлгүүрийн өрөөнөөс гараад иртэл Алтангэрэл гэх ягаан өнгийн срочикон цамцтай хүнийг саарал өнгийн хослолтой ******* гэх хүн өлгүүрийн хаалганы үүдэнд түлхээд дээш харуулан газар унагасан. Тэгээд өлгүүрийн үүдний хаалганаас хоёр гараараа алдалж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа дэвссэн. Эхний дэвсэлтэнд нь толгойн дагз хэсэг нь шалтай хавсарч ойсон. Тэгээд ам болон зүүн талын чихнээс нь цус гарч байсан. Тэгээд нөгөө Алтангэрэл гэх хүн босч ирэхгүй хэвтээд байсан. Тэгээд хувцасны өлгүүрт байсан. Гурав билүү хоёр эмэгтэй нөгөө Алтангэрэл гэх хүнийг сэрээх гээд хацар луу нь алгадаад сэрэхгүй байсан. Тэгээд нөгөө эмэгтэйчүүд яаж байгаа юм бэ? Сэрэхгүй байна ш дээ гэхэд нөгөө ******* гэх нүүр лүү нь дэвссэн залуу зүгээр байлгүй дээ гээд түргэн дуудаад байх шиг байсан. Түүний эхнэр гэх эмнэлэгт ажилладаг эмэгтэй нөгөө гурван эмэгтэйг та нар явахгүй байсан болохоор ийм зүйл боллоо ш дээ түргэн явсан бол юу гэж ийм зүйл болохов дээ гээд уурлаад байсан. Тэгээд би хоёр давхар луу буцаад гарсан түргэн ирэхгүй удаад байна гээд байх шиг байсан. Бараг өөрсдөө авч явсан байх...Алтангэрэл гэх хүнийг толгой руу дэвссэний дараа тэнд байсан гурван эмэгтэй эмнэлэгт ажилладаг эмэгтэйд хандан нөхрөө аваад яваач гээд байсан. Тэгэхээр нь би тэр эмнэлэгт ажилладаг эмэгтэйг ******* гэх хүнтэй хамт яваа эхнэр нь юм байна гэж ойлгосон...Алтангэрэл гэх хүн хүн зодох тэнхэлгүй согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
  • Гэрч Б.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Мандах фитнесст явдаг хүмүүсийн шинэ жилийн арга хэмжээ Манзушир хөгжлийн байранд байрлах ресторанд болсон. Шинэ жилийн арга хэмжээ ид өрнөж байхад Цоомоо гэх Цолмон гэх эмэгтэй нилээд согтсон байдалтай зэрэгцүүлж тавьсан сандал дээр дээшаа харсан байдалтай унтаж байсан. Тэгтэл Алтангэрэл гэх залуу бас нилээд согтсон байдалтай Цолмонгийн гуяыг илээд байсан. Тэгээд Даймаа буюу *******д хэлсэн. Тэгээд ******* очоод тэр залууг татаж болиулсан. Тэгээд Алтангэрэл ******* хоёр цонхны хажууд очоод маргаад байх шиг байсан. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дуусаад хүмүүс цуварч гараад дийлэнх нь явчихсан байсан. Тэгээд би хувцасаа солих гээд доод нэг давхарын хувцас солих өрөө рүү ороход Цолмон доошоо өвдөгөө тэврээд согтуу сууж байсан. Би хувцасыг нь солих гээд байж байтал Алтангэрэл гаднаас хувцасны өрөө рүү орж ирээд Цолмон руу мөлхөөд дайраад байсан. Тэгээд би болиоч гээд хөлөөрөө цааш түлхэхэд дээгүүрх цамцаа тайлаад дайраад байсан. Алтангэрэл нилээд согтуу байсан. Тэгээд *******гийн эхнэр Нямсанаа гаднаас орж ирээд бид хоёр Цолмонгийн хувцасыг өмсүүлж байгаад эргээд хартал хувцас солих өрөөний хаалганы үүдэнд Алтангэрэл гэх хүн дээшээ хараад ухаан алдаад уначихсан чихнээс нь цус гарч байсан. Тэгээд сэрэхгүй байсан. Тэгээд шууд эмнэлэг дуудахад яаралтай дуудлаганд явсан та нар өөрсдөө авчир гэж байсан. Тэгээд ******* Нямсанаа хоёр Алтангэрэл гэх хүнийг өөрсдийнхөө машинаар аваад явсан. Би Цолмонг хувцаслаад үлдсэн...Би тэрийг хараагүй түүний эхнэр Нямсанаа чи яагаад цохичихвоо л гээд байсан...******* л цохисон байх гэж бодож байна...******* нээх их согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,
  • Гэрч Ж.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...их согтсон 7-8 орчим зарим хүмүүс нь үлдчихээд тарж өгөхгүй байсан. Тэгээд би доод нэг давхарт байрлах өрөөндөө сууж байтал үүдний коридорт түс тас хийсэн чимээ гарах шиг болсон тэгээд би юу болоод байгааг мэдэхээр өрөөнөөсөө гартал хажуугийн хувцас солих өрөөний үүдэнд цээж нүцгэн залуу дээшээ хараад дагзаараа газар унасан. Тэгтэл тэр залуугийн толгой руу нэг нүдний шилтэй саарал өнгийн хослолтой шар залуу хөлөөрөө толгой руу нь хоёр удаа аймар дэвссэн. Би айгаад чи болиоч ээ хүн аллаа ш дээ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө саарал хослолтой нүдний шилтэй шар залуу энэ миний хувцасны товчийг таслах гэлээ би зөндөө ийм зүйлтэй учирч байсан гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд нөгөө толгой руугаа дэвсүүлсэн залуугийн ам болон зүүн талын чихийг дагаад цус гарч байсан. Тэр залуу босохгүй байсан. Тэгээд түргэн  дуудуулаад би сандраад түргэн ирэхийг хүлээгээд байж ядсан. Тэгээд түргэн ирэхгүй алсын дуудлаганд явсан гэж байна гээд нөгөө ухаан алдсан цээж нүцгэн залууг манай тогооч Анхбаяр, бармен Балжинням хоёр нэг бор хувцастай танихгүй залуу гурав өргөөд аваад гарсан...Зодуулдаг залуу их согтуу байсан. Зодсон залуу нь гайгүй л байх шиг харагдсан. Тэр зодуулсан гэх цээж нүцгэн залуу нь их далчигнуур хүн байсан, хүн хүн дээр очоод шаль шаль хийж хэрүүл өдөөд байгаа харагдсан...Тухайн зодуулсан гэх залуу рестораны зааланд нэг бор плажтай хүүхнийг тэвэрч аваад нөгөө хүүхэн нь тоохгүй уурлаад л байгаа харагдсан...тэр зодуулсан залуу хүн хүчиндэх нь битгий хэл өөрийгөө авч явж чадахгүй хянах чадваргүй согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
  • Гэрч А.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...доод нэг давхарын хувцас солих өрөөний үүдэнд хүмүүсийг буулгаад тараагаад хүмүүс шингэрээд ихэнх нь гараад явсан байсан. Тэгтэл нэг цээж нүцгэн залуу хувцас солих өрөөнд шалан дээр дээш хараад хэвтчихсэн, би мөнгөтэй хүн 200-300 сая төгрөг надад байгаа гээд согтуу агсраад байсан. Тэгтэл саарал өнгийн хослолтой нүдний шилтэй шардуу залуу татаж босгоод хувцас солих өрөөнөөс аваад гарсан. Тэгээд нөгөө нүцгэн залуу эсэргүүцсэн юм уу яасан юм би мэдэхгүй байна саарал хослолтой залуу нөгөө цээж нүцгэн залууг хувцас солих өрөөний үүдэнд түлхэж унаган дээш харуулаад толгойн тус газар нь 1-2 удаа дэвссэн. Би яг яаж дэвсэж байхыг нь харсан. Толгойн дагз хэсгээрээ шалтай хавсарч ойсон. Тэгээд баруун билүү зүүн талын чихнээс нь цус гарч байгаа харагдсан, ямар ч л байсан чихнээс нь цус гарсан. Тэгээд нөгөө цээж нүцгэн залуу ухаан алдсан бололтой босч ирэхгүй байсан. Тэгээд хүмүүс түргэн дууд гээд байсан. Би 103 луу залгахад хүлээн авах дээр аваад ир түргэний машин алсын дуудлаганд явсан гэж байсан. Тэгээд нөгөө залууг би болон хамт ажилладаг О.Анхбаяр мөн хамт нэг 40 гаран насны хүн хамт өргөсөн нөгөө зодсон залуу машинаа онгойлгож өгсөн. Тэгээд О.Анхбаяр бид хоёр буцаад орсон...Саарал хослолтой нүдний шилтэй шар залуугаас өөр хүн зодоогүй. Өмнө нь 2 давхарт зааланд байхдаа саарал хослолтой залуу цээж нүцгэн зодуулсан гэх залууг бас хацар луу нь шанаадаж зодож байсан би түүнийг харсан...Би яг харсан хажууд нь байсан толгой руу нь буюу нүүр дух хэсэг рүү нь хөлөөрөө дэвссэн би түүнийг хараад тухайн үедээ сандрах айх мэдрэмж төрсөн манай захирал Баттогтох тэр залууг яаж байгаа юм бэ? гэхэд миний цамцны товчийг таслах гээд байна гэсэн хариулт хэлж байсан, би тэр үгийг нь хүртэл сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,
  • Гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Алтангэрэл намайг гарахад үлдсэн. Тэгээд гэртээ хариад байж байтал *******гийн эхнэр Нямсанаа над руу 01 цагийн үед залгаад ******* Алтангэрэлтэй зодолдоод Алтангэрэлийг эмнэлэгт хүргээд байж байна гэх хэлсэн. Би бол зодооныг хараагүй...Цолмон согтоод ширээний хажууд газар хэвтэж байсан. Тэгээд Алтангэрэл бид хоёр хоёр талаас нь өргөөд 3 сандал зэрэгцүүлээд хэвтүүлсэн тэгээд нэг хартал Цолмон ахиад газар хэвтэж байсан. Тэгээд би дахин Алтангэрэлтэй хамт өргөж сандал дээр хэвтүүлсэн, тэр үед Цолмон бөөлжсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
  • Гэрч Г.Тайванбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...00 цагийн үед байх нэг саарал хослолтой залуу нэг цээж нүцгэн согтуу залууг нэг давхарын хувцас солих өрөөний үүдэнд толгой руу нь хоёр удаа хөлөөрөө дэвссэн би ч хүн алчихлаа л гэж бодсон. Тэгтэл нөгөө залуу ухаан алдсан юм шиг сэрэхгүй чихнээс нь цус гарч байсан. Тэгээд хүмүүс сандралдаад рестораны хоёр ажилтан нэг залуугийн хамт ухаан алдсан залууг өргөөд гарсан...Тэр хоёр залуу хоёр давхарт рестораны зааланд байхдаа муудалцаад байх шиг байсан. Саарал хослолтой залуу цээж нүцгэн залууг хацар луу нь алгадаад байгаа харагдсан. Нөгөө залуу хувцасаа өмсөхгүй үгэнд орохгүй байгаа харагдсан тэр зодуулсан гэх залуу хамгийн их согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 58 тал/,
  • Гэрч О.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...доод нэг давхарт хувцас солих өрөөний үүдний хаалга дээр цээж нүцгэн нэг залууг саарал хослолтой нүдний шилтэй шар залуу газар унагаад толгойн тус газар нь хөлөөрөө 2 удаа дэвссэн. Тэгээд нөгөө дэвсүүлсэн залуугийн чихнээс цус гараад ухаан алдаад сэрэхгүй байсан. Тэгээд нөгөө саарал хослолтой залууг манай захирал Баттогтох яаж байгаа юм бэ гэхэд миний хувцасны товчийг таслах гээд байсан юм гэж хариулсан...Тэр хоёр хүн дээр хоёр давхарт байхдаа мөн л хоорондоо муудалцаад байсан нөгөө саарал хослолтой шар залуу нөгөө ухаан алдсан залууг шанаадаад алгадаад байгаа харагдсан. Тэр зодуулсан гэх цээж нүцгэн залуу өөрөө их далчигнуур байсан. Тогтворгүй өөрийгөө их мөнгөтэй гээд онгироод байсан. Зодоон бол тэр зодуулаад ухаан алдсан гэх залуугаас л болсон тэр залуу согтчихоод агсраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,
  • Гэрч Ц.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...буцаад ресторан дээр иртэл Алтангэрэл нэг давхарт хувцас солих өрөөний үүдэнд чихнээс нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Хажууд нь хүмүүс байсан. Эмнэлэг дуудаад ирэхгүй байна гэж байсан. Би Алтангэрэлийг хараад үхчихлээ л гэж бодсон тэгээд...танихгүй хоёр залууг хамтаар Алтангэрэлийг өргөж зодсон гэх *******гийн машинд өргөж суулгасан...Эмнэлэг дээр очиход ******* гэх залуу би толгой дээр нь дэвссэн танай найз чинь өөдөөс томроод байсан юм гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61- 62 тал/,
  • Шүүгдэгч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагпагчаар мэдүүлсэн: “...Х.Алтангэрэлийг хувцас солих өрөөний үүдэнд түлхээд унагасан. Тэгээд Х.Алтангэрэл босоод ирэхээр нь цээжин тус газар нь хөлөөрөө жийгээд дахин газар унагасан...Х.Алтангэрэл согтуу байсан, би бол гайгүй байсан их согтоогүй байсан...Миний үйлдлээс болж Алтангэрэлд гэмтэл учирсан учраас би гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч би Алтангэрэлд эмчилгээний зардалд нь 5,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

         Шүүгдэгч Ц.*******гийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ц.******* нь хохирогч Х.Алтангэрэлийг зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд Ц.*******гийн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.*******г бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хохирогч Х.Алтангэрэлд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “..хохирол барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгож, уг оногдуулсан ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энхтунгалаг: “Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, хохиролыг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид хөнгөрүүлэх байр суурь илэрхийлэгдэж байх тул арван мянган нэгжээр торгож, торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ц.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, шүүгдэгч Ц.******* нь “Пийк болд траккэр” ХХК-ны захирал ажилтай бөгөөд торгуулын ялыг биелүүлэх боломжтой болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Ц.*******гийн Төрийн банк дахь депозит дансны харилцагчийн хуулга болон №000192231 дугаартай “Пийк болд траккэр” ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Дамдимнсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрмаагийн *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэрмаагийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 \арван сая\ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/  төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирэээгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА