Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Ш овогт Нгийн Ад холбогдох  2035001420187 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт Увс аймгийн  дугаар багт оршин суух Ш овогт Нгийн А /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.А нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч З.Ш-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Н.Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.А нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч З.Шийг зодсон болох нь:

хохирогч З.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би анх 2020 оны 02 дугаар сард А.Бтэй уулзаж эхэлсэн. Үүнээс хойш А.Бийг манай гэр бүлийнхэн мэдэх болсон. 2020 оны 3 дугаар сараас бид хоёр үерхэж эхэлсэн бөгөөд бид хоёр анх 2 дугаар сараас эхэлж бэлгийн харилцаанд орсон. 2020 оны 4 дүгээр сард А.Бийг жирэмсэн болсон гэдгийг мэдсэн ба найз охин маань гэрийнхэндээ хэлэхгүй нуугаад байх болсон. Учрыг нь асуухаар манай аав, ээж хоёр их ширүүн хүмүүс байдаг гээд хэлэхгүй байсан. ...2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай найз охин А.Бийн ээж нь над руу утсаар залгаад “хүрээд ир” гэж хэлсэн. Би тухайн үед барилгын ажил хийгээд хувцсаа солиод удсан тул 19 цагийн үед найз охиныхоо гэрт очсон. Намайг очиход тэдний аав ээж хоёр нь байсан бөгөөд намайг харангуутаа надад нэлээн уурлаж эхэлсэн. Аав нь над руу шагай шидэхээр нь би бултаад өөрийгөө цохиулаагүй юм. Тэгсэн чинь “ямар их бултдаг юм” гээд над руу ирж миний толгой хэсэг рүү гараараа хүчтэй цохиод эхэлсэн. Тэр үед би цохиулангуутаа доош нь хөлөө хагас нугалаад суусан. Тэгэнгүүт аав нь толгой руу үргэлжлүүлэн гараа цохиж, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Нүүр рүү цохисоноос илүү нуруу руу өшиглөсөн байх. Тэр үед миний толгойноос цус гарсан бөгөөд би түүнд “битгий өшиглөтөн” гэж хэлсэн чинь манай найз охины ээж нь ирээд бид хоёрын дундуур орж нөхрөө надаас холдуулсан. Гэсэн боловч аав нь дахин цохих гээд дайраад байсан ба эхнэр нөхрөө татаад хориглоод байсан. Аав нь дайрахаа болиход ээж нь нөхрөө татахаа болиод тавьтал миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Үүнээс хойш аав нь над руу дахиж халдаж цохиогүй. Тухайн үед миний толгойноос цус гарсан хэвээр байсан ба найз охины маань ээж нь над руу хараад “гараад цусаа цэвэрлэчихээд ороод ир” гэхээр нь би гэрээс гараад толгойноос гарсан цусаа угааж цэвэрлээд буцаад гэрт орж ирсэн чинь миний нуруу өвдөөд, бие чичирч өвдөж эхэлсэн. Уг үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Гэрт ороод би уг хүмүүстэй ярилцахгүйгээр “бие өвдөөд байна” гэж хэлээд шууд гараад явсан. Тухайн айлын хашаанаас гараад явж байгаад хороолол дунд явж байсан танихгүй хүнд гар утсаа өгөөд “миний бие муу байна, та эмнэлэгт дуудлага дуудаад өг” гэж хэлээд яриулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 33-34, 35-36-р тал/,

гэрч Ч.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 08-ны орой гэртээ байж байтал миний хүү З.Ш нь эмэгтэй дүүгийнхээ гар утас руу чат бичсэн байсан ба “намайг миний үерхдэг охины аав Н.А гэдэг хүн зодлоо, намайг дуудахаар нь би ажил дээрээсээ гэрт нь яваад очиход шууд намайг зодчихлоо, миний бие муу байна. Би 103 руу явж байна гэж” утсаар ярихаар нь бага хүү З.М бид хоёр Улаангом сум руу мотоциклтой гарсан юм. Тэгээд бид хоёр такси бариад эмнэлэг дээр очиход эмч миний хүү З.Ш-ийг үзээд “компьютер томограффын шинжилгээгээр нуруунд нь яс хугарсан байна бас толгойдоо хоёр мэс заслын оёдол тавиулсан” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

Гэрч З.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг миний үерхдэг охины аав Н.А гэдэг хүн зодлоо, намайг дуудахаар нь би ажил дээрээсээ гэрт нь яваад очиход шууд намайг зодчихлоо, миний бие муу байна. Би 103 руу явж байна гэж” утсаар ярихаар нь аав бид хоёр Улаангом сум руу мотоциклтой гарсан юм. Тэгээд бид хоёр такси бариад эмнэлэг дээр очиход эмч миний хүү З.Ш-ийг үзээд “компьютер томограффын шинжилгээгээр нуруунд нь яс хугарсан байна бас толгойдоо хоёр мэс заслын оёдол тавиулсан” гэж хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө нь ах аав бид нар эмнэлэгт үзүүлээд явж байтал Болороо эгчийн ээж нь ирээд бид нартай маргалдсан юм. Бид нар дахиад тэр хүмүүстэй уулзах гээд хүлээгээд миний ах З.Ш-ийг найз охиных нь ээж нь аваад явчихлаа гэж хэлэхээр нь миний нагац Х цагдаагийн байгууллагад шалгуултан гэж хэлэхээр нь би аавын хамт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 5 дугаар сард би анх жирэмсэн болсон гэдгээ мэдсэн. Үүнийг З.Шт хэлж “хүүхдээ авахуулъя” гэхэд З.Ш эсэргүүцэж, уурлах болсон. Үүнийгээ би өөрийн гэр бүлийнхэндээ хэлэхгүй нуугаад байсан. З.Ш болохоор “би өөрөө танай гэр бүлийнхэнд хүүхэдтэй болсон гэдгээ хэлж мэдэгдэнэ” гэчихээд хэлэхгүй байгаад байсан юм. ...Ингэж явсаар  2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийн аав ээж хоёртоо З.Ш-ээс жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Тэгтэл аав ээж хоёр З.Ш-тэй утсаар холбогдож ирж уулз гэж хэлсэн. Тэр өдөр аав ээж хоёр З.Штэй хэд хэдэн удаа утсаар ярьж ирж уулз гэсний эцэст тухайн өдрийн 19 цагийн үед З.Ш манайд ирж аав ээжтэй уулзсан. Аав З.Ш-т “чи ямар хэнэггүй юм бэ, би чамтай охин та хоёрын цаашдын амьдралын талаар ярих гэсэн чинь чи биднийг тоохгүй, удаж байж ирлээ” бухимдаж уурласан. З.Ш өдөр нь ээжтэй ярихдаа алхаж л байна ш дээ гээд сонин байдал гаргаад эвгүй яриад байсан. Тэгтэл аав газарт байсан шагай аваад З.Ш рүү шидчихээд ойртож очоод гараараа З.Ш-ийн нүүр толгой хэсэгт цохиод түүнийг газарт унагах шиг болсон. Түүнийг газарт унасны дараа харахад толгой хэсгээс нь цус гарч байсан. Тэгтэл З.Ш “миний нуруу өвддөг гэж хэлсэн. Тэгтэл аав дахиад З.Ш-ийг цохих гээд дайраад эхэлсэн чинь ээж аавыг татаад З.Ш-ээс холдуулж байтал аав З.Ш-ийн биеийн аль хэсэгт нь мэдэгдэхгүй өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р тал/,

Гэрч Ж.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр маань З.Ш-ийг орж ирэнгүүт “энэ миний охин юу болж байгаа юм, чи яагаад жирэмсэн болгосон юм. Энэ чинь сургуульд сурдаг оюутан хүүхэд” гэж уурлаад газарт байсан шагайг авч шидэхэд З.Ш бултах шиг болсон. Тэгтэл нөхөр З.Ш рүү очоод гараараа толгой, нүүр, шанааны хэсэгт цохиод эхэлсэн. З.Ш цохиулангуутаа доошоо суусан ба нөхөрт хандаж “би нуруундаа бэртэлтэй” гэж хэлэхээр нь би нөхрөө татаад холдуулсан боловч дахиад цохих гээд дайраад нуруу бөгс рүү нь өшиглөөд байсан. З.Ш-ийг харахад толгойноос нь цус гарч харагдахаар нь нөхрөө татсаар байж холдуулаад З.Ш-т гараад цусаа угаачих” гэж хэлээд гэрээс гаргасан. З.Ш толгойноос гарсан цусаа гарч угаачихаад орж ирээд “миний бие өвдөж байна” гэж хэлчихээд л шууд гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдрийн 19 цагт дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу Улиасны хэвийн бага сургуулийн доод талын гудамжинд дуудлага өгсөн хүн байсан. Тухайн хүн нь гудамжинд байсан чиргүүл түшсэн байдалтай, айж сандарсан, амьсгаадсан, амьсгалаа зохицуулж чадахгүй, зовууриа хэлж чадахгүй байсан. Мөн уг хүний толгой хэсгээс хуйх нь задарч цус гарсан, цээжээ өөрийн гараар барьсан, уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

Шүүгдэгч Н.Агийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тэгсэн манай эхнэр “энэ охин чинь хөл хүнд болсон байна, одоо яах юм гэхээр нь би тэр залуу нь хэн юм дууд гээд охиноороо дуудуулсан. Тэгээд нэлээн удаж байгаад 19 цагийн үед З.Ш гэдэг залуу манайд орж ирэнгүүт нь би шагай авч шидэхэд миний шидсан шагайнаас бултсан. Тэгэхээр нь миний уур хүрээд босож очоод түүний толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиод тэгээд тэрхэн зуур уур хүрээд юу хийснээ одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан 2-3 удаа өшиглөсөн. ...Би буруу зүйл хийсэн. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 585 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч З.Шийн биед гэмтэл учирсан байна. L1 нугалмын баруун сэртэн хугарсан, S 1 нугалмын зүүн талын сэртэн хөндлөн зөрүүгүй хугарал, тархи доргилт, хуйхны язарсан шарх гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой эдгэж буй шинэ гэмтлүүд байна. Бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, Ууцны 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Тархи доргилт, хуйхны язарсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. З.Шийн биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх бэртэл, архаг хууч өвчин тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон гам дэглэмээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р тал/-ээр хохирогч З.Шийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч З.Шийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч З.Ш нь мөрдөн байцаалтын шатанд Н.А нь миний хохирлыг бүрэн төлсөн тул хохирол төлбөргүй гэх хүсэлт /хх-ийн 98-р тал/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Н.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Н.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-р тал/-аар нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.Агийн хувийн зан байдлын талаар гэрч Д.Г-ийн өгсөн: “...Н.А нь 1985 оноос хойш манай гэрт эхнэр бид хоёрын гар дээр өссөн. 1998 онд эхнэр О-тай гэр бүл болж амьдраад 4-21 насны 7 хүүхдийн хамт амьдардаг. Н.А нь ажилч хичээнгүй, хүнд их тусархуу, архи дарс нэг их уугаад янз бүрийн зан авир гаргаад байдаггүй. Амьдралын хувьд мал багатай, олон хүүхэдтэй, 2 хүүхэд нь оюутан болохоор амьдралын хувьд хүртээмж муутай боловч хоёр идэж хоосон хонохгүй өөрсдийгөө болгоод байдаг их хөдөлмөрч хүмүүс юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/, гэрч Н.Г-ийн өгсөн: Миний дүү Н.А нь 1998 онд эхнэр О-тай гэр бүл болж амьдарсан. 4-21 насны 7 хүүхэдтэй бөгөөд амьдралын хувьд ихээхэн тааруу 100 гаруй толгой бог малтай, том хоёр хүүхэд нь оюутан юм. Н.А нь бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, Наранбулаг суманд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Тэгээд Улаангом коллежийн мужааны анги төгссөн. Архи дарс уугаад агсам согтуу тавиад байдаггүй, төлөв даруу зантай. Амьдралаа авч явах гэж хэдэн малаа маллаад явж байгаа ажилч хичээнгүй зантай, хүнд их тусархуу хүүхэд байсан. Өдийг хүртэл архи дарс ууж хүн амьтантай маргалдаж зодолдож байсан талаар сонсож байгаагүй одоо хүн зодоод шалгагдаж байна гэхээр маш их гайхаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг арилгасан байдал, түүний хувийн байдал, аж амьдрал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Н-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Н.А-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ