Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 30 өдөр                          Дугаар: 2020/ШЦТ/107                                        Зуунмод сум

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа

-улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

-шүүгдэгч З.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Загдалын *******т холбогдох эрүүгийн 1934011470063 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймаг Архуст сум Нарст 2-р баг нарстын 7-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт Загдалын ******* /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч З.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Сүх-Очиртой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч З.******* мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би ажлаасаа гараад нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж авахаар нийгмийн даатгалын дэвтрээ өгөх гээд аймаг явах гэж байтал Б.Сүх-Очир, Загдсүрэн, Ангар 3 аймаг явах ажилтай гээд суугаад явъя гэсэн. Тэгээд юм аа өгчихөөд орой нь явах гээд Б.Сүх-Очир луу залгасан чинь Ардчилсан намын байранд байна 3 өнгөрөөгөөд эргээд авчих гэсэн. Эргээд очоод авсан чинь Ардчилсан намын байрнаас нэлээд халамцуу гарч ирсэн. Суулгаад аймгаас гарах гэсэн чинь дэлгүүр дээр зогсоод өгөөч гэсэн. Дэлгүүр дээр зогссон чинь 1 шил Эдэн авч гарч ирсэн. Ангар ахтайгаа,Загдсүрэнтэй хувааж ууя гэсэн чинь Загдсүрэн би уухгүй гэсэн чинь Эрка ах та машинаа Загдаад өгчих гээд бид 3 нөгөө Эдэнгээ хувааж ууж байгаад би нэлээн уусан гээд бид хоёрт 3, 3 хундага өгсөн.  Замдаа явж байгаад Баяндэлгэр сумын иргэдийн хурлын дарга, Эрдэнэ сумын иргэдийн хурлын даргатай уулзана замдаа ганц нэг юм ууна гээд гайгүй биз дээ гэхээр нь гайгүй байлгүй дээ эхнэр залгаад янз бүр болоод байхгүй л бол гэсэн юм. Тэгээд Эрдэнэ суманд ирсэн чинь Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар луу ороод алга болчихсон. Тэгэхээр нь ардаас нь орсон чинь Б.Сүх-Очир нөгөө хоёр тамгын газрын даргатайгаа уугаад сууж байсан. Манай хүүхэд өвчтэй, саажилттай болохоор байж байгаад л хөл гар нь татаад байдаг. Эхнэр яасан бэ хурдлаач гээд залгаад байсан. Тэгээд яаралтай явах хэрэгтэй байна, эхнэр залгаад байна гэж хэлээд аваад гарсан чинь гарч ирснээ та хүний хажууд намайг доош нь хийлээ, өөрсдөө явж л байхгүй би өөрөө аргаа олоод явчихна гэхээр нь унаагүй чамайг яаж хаяад явах юм бэ гэсэн. Тэгсэн хаяад явчих гээд байхаар нь нэг цохисон” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Б.Сүх-Очирын мэдүүлэг /хх-ийн 14 тал/, гэрч Ц.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, гэрч Б.Загдсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 тал/, шүүгдэгч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/  зэрэг болон шүүгдэгч З.*******ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

Шүүгдэгч З.******* нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Сүх-Очиртой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хохирогч Б.Сүх-Очирын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 5-9, 92-95 талууд/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-35 тал/
  • Шинжээч эмчийн №02 тоот “Б.Сүх-Очирын биед баруун талын 5, 6-р хавирганы зөрөөгүй хугарал, дух, баруун зүүн шанаа, баруун хацар, дээд уруулд зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26 тал/
  • Хохирогч Б.Сүх-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт семинартай байсан болохоор сумын хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Загдсүрэн, сумын иргэн Лхагвасүрэн, ******* нарын хамт Төв аймаг явсан. Аймагт очоод семинарт сууж байгаад 18 цагийн үед сум явахаар Лхагвасүрэн, *******, Загдсүрэн нарын хамт хөдөлж Эрдэнэ суманд 20 цагийн үед ирсэн, ... Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Мөнгөнбаяр, Баяндэлгэр сумын ИТХ-ын дарга Байгал нартай ажлын талаар ярилцаж байхад хамт явж байсан ******* гаднаас орж ирээд Очироог авч явах гэсэн юм гээд шууд сандалд суугаад Байгал даргатай юм яриад байхаар нь би одоо гарлаа, гараад хүлээж бай, яараад байгаа бол явж байхгүй юу, би Баяндэлгэр ороод амарчихна гэсэн. ******* өрөөнөөс гарахгүй юм яриулахгүй хэсэг байснаа өрөөнөөс гараад явахаар нь араас нь гарч машинд суулгахаар гарсан. Тэрнээс хойш юм санахгүй байна. Нэг мэдэхэд гэртээ ирсэн, нүүр халцарсан, нүд хөхөрсөн цээж хөндүүрлээд цамц цус болсон байсан. Тухайн үед манай гэрт Лхагвасүрэн, *******, Загдсүрэн нар байсан. Би юу болсон талаар асуухад Загдсүрэн, Лхагвасүрэн хоёр Эрдэнэ сумын Тамгын газрын гадаа ******* чамайг цохиж унагаасан, бид хоёр машинаас гараад очиход чи доошоо хараад ухаангүй хэвтэж байсан гэсэн...миний зүүн талын дух, хамар, хацар, шанаа шалбарсан, баруун нүд хөхөрсөн, баруун шанаа хавдсан, цээж хөндүүр байсан, эмнэлэгт үзүүлэн цээжний зураг авхуулахад баруун талын 5, 6 дугаар хавирга хугарсан байсан...хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилнэ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
  • Гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ” ... орой 18 цагийн орчим Төв аймгаас бид дөрөв гарсан. Замдаа дивизийн байрны дэлгүүрээс Сүх-Очир ахдаа нэг шил юм авч өгнө гээд 1 литрийн Эдин нэртэй архи авч Загдсүрэн би архи уухгүй машин баръя гээд *******, Сүх-Очир бид гурав хувааж уугаад Эрдэнэ сум ороод Сүх-Очир тамгын газар орно, хүнтэй уулзчихаад гараад ирье гэсэн. Бид машиндаа нэлээн хүлээгээд гарч ирэхгүй удаад байхаар нь Загдсүрэн Сүх-Очирыг орхиод явъя гэсэн. Тэгэхэд З.******* машины гадаа тамхи татаж байснаа тамгын газар луу орсон. Удалгүй Сүх-Очиртой хамт гарч ирснээ машины хажууд ирснээ Сүх-Очирыг цохих шиг болсон. Яав ийв гээд гараад очиход ухаан алдсан, доошоо хараад хавтэж байсан. Эмнэлэг дуудах гэхэд ухаан орохоор нь машинд суулгаад Архуст суманд ирж гэрт нь оруулж өгсөн, ... өглөө нь гэрт нь орж биеийг нь асуухад цээж өвдөөд байна гэж байсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
  • Гэрч Б.Загдсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2019 оны 12 дугаар сарын 03-ний өдөр сургалтанд суусан. Орой 17 цаг өнгөрч тарсан, бид гурав Б.Сүх-Очирыг хүлээгээд утсаар нь залгахад намын байранд байна ирээд ав гэсэн. Очоод 30 минут хүлээгээд гарч ирээд суусан. Төв аймгаас гарч байхад Б.Сүх-Очир дэлгүүр орж 1 литрийн Эдин нэртэй архи авч замдаа хувааж уусан. Би тухайн үед архи уухгүй гэхэд чи жолоо барь гээд дэлгүүрийн үүднээс З.*******ын машиныг барьсан. Тэгээд Эрдэнэ суманд ирсэн. Ирэх хугацаанд тэр гурав шилтэйгээ хувааж уугаад дуусгасан. Эрдэнэ сумын тамгын газрын үүдэнд Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ИТХ-ын дарга гэсэн байх хүмүүсийг хүлээгээд 3 орчим минут хүлээсэн, машинтай хүмүүс ирж 2-3 хүн бууж Эрдэнэ сумын тамгын газрын газар луу Б.Сүх-Очирыг дагуулан орсон. Ороод цаг гаран болсон. З.*******, Лхагвасүрэн ах бид нар тамхи татаж байснаа З.******* Эрдэнэ сумын тамгын газар луу орсон, бодвол Б.Сүх-Очирыг дуудах гэж орсон байх. Удалгүй Б.Сүх-Очир, З.******* хоёр гарч ирснээ Б.Сүх-Очир жолооч талын хаалгаар дайраад байсан. Чиний унааг гуйгаагүй хүлээж чадахгүй сүртэй юм бэ гээд дайраад байсан. З.******* цаанаас ирээд Б.Сүх-Очирыг авч машины ард талд гарсан. Тэр хоёр нэлээн юм ярьж байснаа би тухайн үед анзаараагүй Лхагвасүрэн ах З.******* Б.Сүх-Очирыг цохиод унагачихлаа гэсэн. Машинаас гараад очиход Б.Сүх-Очир доошоо хараад унасан, ухаан алдсан байсан. Суганаас нь өргөөд газар суулгахад ухаан орсон“ гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Шүүгдэгч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Төв аймгийн Зуунмод сумаас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст сум руу өөрийн эзэмшлийн машинтайгаа явахаар болоод тэгээд Төв аймгийн Ардчилсан намын байрнаас ирж Сүх-Очирыг авахад нилээн халамцуу байсан Сүх-Очирыг аваад явж байтал Сүх-Очир дэлгүүрийн гадна зогс гэхээр нь би зогсоод тэгээд Сүх-Очир дэлгүүр ороод Эдэн нэртэй архи аваад гарч ирсэн замд явж байхад Сүх-Очир архиа машинд байсан Загдсүрэнг уу гэхэд Загдсүрэн уухгүй гэж хэлсэн. Тэгвэл Эрка ах уу гээд тэгээд би бас Ангар ах бид гурав хувааж уусан, ... Сүх-Очир Эрдэнэ сумын тамгын газар луу орсон. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь би араас нь ортол тэнд Сүх-Очир Эрдэнэ сумын тамгын газрын ажилчидтай архи уугаад байж байхаар нь явъя эхнэр залгаад хүүхэд уйлаад байна гэж хэлэхэд та түр гараад байж бай удахгүй гэхээр нь би гараад байж байтал Сүх-Очир нь гарч ирээд та хүлээж чадахгүй байгаа бол намайг орхиод явчих гэхээр нь би согтуу байхад чинь орхиод явж чадахгүй ээ гэж хэлтэл Сүх-Очир нь над руу уурлаад хүлээж чадахгүй бол орхиод явчих гэхээр нь би зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь нэг удаа цохитол Сүх- Очир газарт унасан. Тэгтэл машинд байсан хүмүүс маань салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Хохирогч Б.Сүх-Очирын биед баруун талын 5, 6-р хавирганы зөрөөгүй хугарал, дух, баруун зүүн шанаа, баруун хацар, дээд уруулд зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл учруулсан шүүгдэгч З.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д ” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” мөн журмын 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул насанд хүрээгүй хохирогч Б.Сүх-Очирын биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч З.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, З.*******ын бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч З.*******ыг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Сүх-Очир нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 184.000 төгрөгийн, шүүхийн шатанд 675.017 төгрөгийн нийт 859.017 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч З.******* нь шүүхийн шатанд 300000 төгрөг төлсөн байх тул үлдэх 559.017 төгрөгийг шүүгдэгч З.*******аас гаргуулж хохирогч Б.Сүх-Очирт олгож, хохирогч Б.Сүх-Очирт энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар хохирогч Б.Сүх-Очирын цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох” ялын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “Ял шийтгэлийн гол зорилго нь нийгэмшүүлэх байдаг. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг дурдчихлаа. Төрийн албан хаагч архидан согтуурч байгаа үйлдэл бол Төрийн албаны тухай хууль, Засгийн газраас барьж байгаа чиг шугамаар бол ажлаас халах үндэслэл болж байгаа. З.*******ын хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн мэдүүлдэг. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан тул 450000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх саналыг тус тус  гаргасан байна. 

Шүүгдэгч З.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч З.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

           

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Сүх-Очирт хохирлын 300.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овогт Загдалын *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Загдалын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.*******ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.******* нь хохирогч Б.Сүх-Очирт хохирлын 300.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч З.*******аас 559.017 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сүх-Очирт олгож, хохирогч Б.Сүх-Очирын цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА