Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 336

 

Б.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Отгонсүрэн,

            Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Б.Ариунбаяр, Д.Тунгалаг,

            Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Өд холбогдох эрүүгийн 201725011360 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                               

Б.Ө нь А.Нийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг буюу ар гэрийн гачигдал, өөрийн оюуны хомсдолтой зэрэг эмзэг байдлыг нь далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургууль, Улаанбаатар зочид буудлын урд талбайд 2000 оны 7 дугаар сарын 1-нээс 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга тогтвортой зогсоож, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх дэн буудлуудад бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж, уг үйлдлийн улмаас А.Н нь жирэмсэн болж 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ураг зулбуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Өыг хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан байнга тогтвортойгоор бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсны улмаас ураг зулбасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б.Өыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон “Сайхангэрэл” эмнэлгийн 1 хуудас гар бичмэлийг тус тус хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 3х4 хэмжээтэй 1 ширхэг хивс, 1х2 хэмжээтэй 1 ширхэг хивс, LG загварын 41 инчийн зурагт 1 ширхэг, LG загварын DVD тоглуулагч 1 ширхэг, мөлхөө тавилга, буйдан зэргийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө давж заалдах гомдолдоо: “...Миний амьдралын боломж хүнд тул хорих ял эдлэх боломжгүй байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эх. Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсоныхоо дараа жирэмсэн гэдгээ мэдсэн. Одоо 6 сартай жирэмсэн, жирэмсний хожуу үеийн хордлоготой, хүнд байгаа тул хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” буюу шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Учир нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зүйлчлэл, үйл баримттай хэрхэн уялдаж байгаад эрх зүйн дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтад үнэлэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөг буюу бэлгийн харьцаанд бусадтай албадан оруулсны улмаас ураг зулбасан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэтэл анхан шатны шүүх 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Ө нь А.Нийн хамтаар “Сайхангэрэл” эмэгтэйчүүдийн эмнэлэгт “үр хөндүүлсэн” үйл баримтыг ураг зулбасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Уг хэргийн хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогч А.Н нь ураг зулбаагүй ба бусадтай бэлгийн харьцаанд оруулсан үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хор уршиг” учирсан болох нь тогтоогддоггүй болно. Мөн яллах талын нотлох баримтууд хатаст хэрэгт хангалттай авагдаагүй, гэрч Ц.Өлзийжаргал, О.Баяр, Д.Гантулга, Ц.Даваасүрэн, Х.Цэрэнчимэг болон хохирогч А.Нийн мэдүүлгүүдээр Б.Өын гэм буруу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” бүрэн гүйцэт нотлогдоогүй байхад дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь дээрх гэрч нарын мэдүүлгүүдийн хувьд Б.Ө, хохирогч А.Н нарыг биеэ үнэлдэг тухай л гэрчилдэг бөгөөд хэргийн нөхцөл байдлыг сайн мэдэх, болсон явдлыг нүдээр харсан, Б.Өын үйлдэл болон гэмт хэргийн талаар шууд гэрчилсэн гэрч нар биш юм. Б.Өыг анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шууд нотлох баримт нь А.Нийн мэдүүлсэн нотлох баримт бөгөөд А.Н нь шүүх, сэтгэц эмгэг судлалын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 415 дугаартай дүгнэлтээр “Оюуны хөнгөн хомсдол, сэтгэцийн эмгэгтэй, амьдралын түүхээ буюу болж өнгөрсөн үйл явдлыг цаг хугацааны зөв дэс дараалалд оруулан ярих чадваргүй” клиникийн оноштой нь тогтоогддог. Төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй, сэтгэцийн өвчний улмаас сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд удаа дараа оюуны саатал, оюуны хомсдол оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан нь нотлогддог. Хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо харилцан зөрүүтэй, өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалж, гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тодорхой зааж өгч чаддаггүй, нотолгооны хувьд эргэлзээтэй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, түүнийг үнэлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Б.Өыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцон, ял халдаан шийдвэрлэхэд нөлөөлсөн. Мөн Б.Өд холбогдох эрүүгийн хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон, одоо үйлчилж буй Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн. Эрүүгийн хэрэг үүсэх үеийн 2002 оны Эрүүгийн хуульд одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг хуульчлагдаагүй, шинэ хуулиар гэмт хэрэгт шинээр тооцсон. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүхээс тогтоол гаргахад чухал ач холбогдол бүхий хуулийн дээрх зарчмыг орхигдуулж, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан, үйлдлийг шинээр гэмт хэрэгт тооцсон хуулийг хэрэглэснийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Өыг хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан байнга тогтвортойгоор бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсны улмаас ураг зулбасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцжээ. Тус шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэснийг харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд “...эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан...” гэж гэмт хэргийн шинж болгон заасан нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасантай агуулгын хувьд ижил байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй юм. Шүүгдэгч Б.Өыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлд заасан “Бэлгийн мөлжлөг” гэмт хэрэг нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн. 2002 оны Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг тодорхойлогдоогүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэжээ. Б.Өнөржарглын үйлдсэн гэмт үйлдэл төгссөн цаг хугацаа нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэснийг хэрэглээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг анхан шатны шүүхээс хэрэглээгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс Б.Өд холбодох хэргийн төгссөн цаг хугацаагаар түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хэрэглэх боломжтой байна гэж үзэж байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд “Хүн худалдаалах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг хянан хэлэлцэж, хэрвээ бүрэлдэхүүн байна гэж дүгнэвэл энэхүү хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү. Б.Өд ял оногдуулахдаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүний хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, өрх толгойлсон эх, насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг, одоо 6 сартай жирэмсэн зэрэг байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч А.Нийг шүүгдэгч Б.Ө нь “Сайхангэрэл” эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд савны амсар нь 1 см нээгдсэн, цусархаг зүйл гарсан байсан. Үүний улмаас цус алдах, ураг зулбах магадлал өндөр байсан учраас “Сайхангэрэл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч үр хөндсөн. Энэ талаараа мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, өөрийнх нь эрүүл мэндийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байдаг. Үүний өмнө хохирогч А.Нийг 2 удаа Хятад эм уулгаж ураг зулбуулсан гэх асуудал шалгагдсан. Хохирогчийн мэдүүлгээс гадна шүүгдэгч Б.Ө нь шүүх хуралдааны явцад урьд нь эм ууж ураг зулбаж байсан талаар ярьсан. Ургийг аваачиж хаясан гэх түүний ээжид мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хаясан ургийг олж чадаагүй. Ураг зулбасан гэдэг нь Улсын Дээд шүүхийн 2009 оны 21 дүгээр тогтоолд зааснаар “хүнд хор уршиг” гэж тооцогдож байгаа. Мөн өмгөөлөгч гомдолдоо “...зочид буудалд оруулсан гэдгийг хэн нотолж байгаа юм бэ...” гэж байна. Зочид буудалд оруулсан гэдгийг зочид буудлын рэпсейпшин, шүүгдэгч Б.Ө болон бусад гэрч нар бүгд нотолдог. Иймд Эрүүгийн хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүнд хор уршиг учирсан бол гэж заасан. Тэгэхээр хүнд хор уршигт ураг зулбасан асуудал нь орж байгаа учир 2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буцаан хэрэглэх боломжгүй. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10-15 жилийн хорих ялтай хүнд гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилж ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Б.Ө нь А.Нийн биеийг үнэлүүлж ашиг олох зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг буюу ар гэрийн гачигдал, өөрийн оюуны хомсдолтой зэрэг эмзэг байдлыг нь далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургууль, Улаанбаатар зочид буудлын урд талбайд 2000 оны 7 дугаар сарын 1-нээс 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга тогтвортой зогсоож, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх дэн буудлуудад бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж, уг үйлдлийн улмаас А.Н нь жирэмсэн болж 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ураг зулбуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Нийн “...Танилцсанаас хойш Цоомоо эгч намайг багшийн дээд дээр хүмүүст өгч биеийг үнэлүүлээд мөнгийг нь авдаг байсан. ... Одоогоос 3 жилийн өмнө Цоомоо эгч над руу хутга шидээд миний баруун гар соривтой болсон. Намайг мөнгө бага хийлээ гэж уурлаад хутгаар зодсон. Би Цоомоо эгчээс 3-4 удаа зугтаж байсан. Зугтаад аав, ээж дээрээ очдог боловч аав, ээж 2 Цоомоо эгчийг дуудаад намайг өгөөд явуулчихдаг байсан. Би уг нь ээждээ “Цоомоо эгч миний биеийг үнэлүүлж мөнгө авдаг, муу хүн” гэж хэлдэг байсан боловч ээж ойлгодоггүй байсан. Манай аав, ээж намайг Цоомоо эгч дээр гоё ажил хийдэг гэж боддог юм шиг байна лээ. Би 3 удаа жирэмсэн болоод 1 удаад нь 8 сартай жирэмсэн байхад 100 айлын хувийн эмнэлэгт авахуулж байсан. 2 удаад нь Цоомоо эгч Хятад эм уулгад гэртээ зулбуулж байсан. ... Цоомоо эгч намайг олон удаа хэвтэрт ортол зодож байсан. Дараа нь Цоомоо эгч өөрөө эмчилдэг байсан. ...Цоомоо эгч намайг багшийн дээд дээр гаргаж хүмүүст өгдөг байсан. Цагийн 70.000 төгрөг, хоногоор бол 150.000 төгрөгөөр өгдөг. Надад ерөөсөө мөнгө өгч байгаагүй. Цоомоо эгч барьж байсан зүйлээрээ шууд цохидог байсан. ...Би биеэ үнэлэхдээ бэлгэвч авч хэрэглэдэг байсан ба зарим үед хүмүүс бэлгэвчгүй унтана гэдэг байсан. Бэлгэвчгүй унтсанаас болж 3 удаа жирэмсэлж, үр зулбуулж байсан. ...” /1 дүгээр хавтас, 19-21 дүгээр хуудас/,

Мөн түүний “...Б.Өыг Цоомоо гэж дууддаг юм. ... Цагийн 70.000 төгрөг, хоногийн 150.000 төгрөгөөр намайг хүнд зардаг байсан. Хүн олдохгүй бол бушуухан хүн олооч гээд зоддог байсан. Зарим үедээ 2-5 хүний дунд ганц намайг өгөөд явуулдаг байсан. Тэгээд би тэр хүн тус бүртэй ээлжилж бэлгийн харьцаанд ордог. ...Мөнгө муу хийсэн үед Цоомоо эгч зоддог юм. ...Цоомоо эгч намайг голдуу гурилын элдүүр мод, гараараа, хоол хутгаж хийдэг халбагаар цохидог байсан. ...Миний биеийн хаа сайгүй зоддог. Миний толгойг энэ эргүү толгойг улам эргүү болгочихъё гээд цохидог байсан. ...Цоомоо эгчтэй танилцсаны дараа намайг Багшийн дээд дээр гаргаж эрэгтэй хүмүүстэй унтуулаад мөнгийг нь авчихаад зодох болсон. Тэгээд Цоомоо эгчээс зугтаж явж байгаад хүүхдийнхээ эцэгтэй танилцаад тэдний гэрт 2 сар амьдарсан. Энэ үед хүүхэдтэй болоод хүүхдээ 2003 онд төрүүлсэн. Төрснийхөө дараа Төв аймгийн Батсүмбэр суманд аав, ээж дээрээ очиж уулзчихаад хот руу ирж Яармагт байдаг Мандухай гэх асрамжийн газарт хүүхдээ өгчихөөд аав, ээж дээрээ очсон. Очиход манай аав, ээж 2 “чамайг Цоомоо асуугаад олж ир гээд байнга яриад суулгахгүй байна, ажлаа хийхгүй явчихлаа” гээд байх юм гэсэн. ... Аав, ээж 2 Цолмонтой яриад намайг энд ирчихсэн байна гэж хэлээд Цоомоо ирж намайг авч явсан. Миний хүүхдийг 6 сартай байхад асрамжийн газраас Цоомоо эгч надтай, жолоочтойгоо хамт очиж авсан. Үүний дараа 2006, 2007 оны үед би дахин Цоомоо эгчээс зугтаад Саппоро дээр явж байгаад бүдүүн А.Нтай таараад 2-3 сар болоод ирсэн. Хятдаас ирсэн өдөр багшийн дээдийн хажуу талд байдаг намын байр шатаж байсныг сайн санаж байна. 7 дугаар сарын 1-ний өдөр юм байна. Хятадаас ирснээс хойш 2016 оны 8 дугаар сард зугтаж хамгаалах байранд очих хүртэл Цоомоо эгч дээр биеэ үнэлсэн. Би Цоомоо эгчээс гар дээрээ мөнгө авч үзээгүй. Цоомоо эгч зах гараад надад өндөр өсгийтэй гутал, даашинз авч өгдөг байсан. Цоомоо эгч надад гэрийнхээ иддэг хоолноос өгдөг байсан, гадуур болохоор хуушуур, бууз авч өгдөг байсан. Цоомоо эгч өөрөө дуртай юмаа аваад иддэг, би болохоор дуртай юмаа аваад идэж чаддаггүй байсан. Өдөрт 1 удаа хоол иддэг, би ер нь хоол нэмүүлж идэж үзээгүй, дахин идье гэж хэлж байгаагүй. ...Үйлчлүүлэгч нар өөрсдөө бэлгэвчээ авдаг байсан. Зарим үйлчлүүлэгч бэлгэвчгүй унтана гээд бэлгэвчгүй унтдаг байсан. Би бэлгэвчгүй унтсанаас болоод 3 удаа жирэмсэн болсон. Нэг удаа 8 сартай байхад нь 100 айлын өөдөөс харсан газарт орон сууцны дунд эмэгтэйчүүдийн эмнэлэгт Цоомоо эгч намайг дагуулж очиж авахуулсан. ... 2 удаад нь Цоомоо эгч надад гэртээ хятад эм уулгаад зулбуулсан. ...Би хэд хэдэн удаа бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан. Би уг нь хүүхдээ 8 сартай болсон байхад нь гаргая гэж бодсон боловч Цоомоо “эцэггүй хүүхдээр яадаг юм, авахуул” гэж байгаад авахуулсан. Тэгээд эмнэлэгт дагуулж очиж авахуулаад эмнэлэгт хоноогүй, өдөртөө гарсан, эмнэлгээс гараад орой нь багшийн дээд дээр намайг гаргаж зарсан. ...” /1 дүгээр хавтас, 22-30 дугаар хуудас/,

Мөн түүний “...Би асрамжийн газраас гарсан жилээ Цоомоо эгчтэй танилцсан. ... Гомдолтой байна. Би 14, 15 жилийн турш Цоомоо эгчийн доор биеэ үнэлэхдээ гэртээ өнжиж байсан удаа байхгүй, орлогогүй байсан өдөр байхгүй. ... Цоомоо эгч намайг асрамжийн газар өссөн, ээж, аав асрамжийн газарт байдгийг мэддэг, бас аав, ээжийг надтай уулзахаар ирэхээр намайг уулзуулахгүй нуудаг байсан. Миний хүү Түмэнбаатар нь намайг хамгаалах байранд ирж уулзахдаа "ээжээ, та жаахан тэсчих, би удахгүй ээж дээрээ ирнэ" гэж хэлсэн. Гэтэл цагдаагийн газарт Түмэнбаатар ирж мэдүүлэг өгөх үедээ ээжтэйгээ амьдрахгүй гэж хэлсэн. Ингэж хэлэх болсон нь Цоомоо үг зааж өгсөн байх гэж бодож байна. Би Цоомоо эгчид биеэ үнэлж зөндөө мөнгө олж өгсөн. Энэ мөнгөө гаргуулж хүүхдийнхээ хамт хашаа байшин авч амьдармаар байна. Би цагдаа дээр ирээд тэмбүү өвчтэй гэдгээ мэдлээ. Иймээс эмчилгээний мөнгө нэхэж байна. ...” /1 дүгээр хавтас, 31-33 дугаар хуудас/,

Мөн түүний “...Намайг дандаа Багшийн дээд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд зогсоож хүнд өгч явуулдаг байсан. Мөнгийг нь Цоомоо эгч үйлчлүүлэгчээс тоолж авдаг байсан. Хамгийн сүүлд буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Багшийн дээд сургуулийн тэнд гаргаж үйлчлүүлэгчид өгсөн, тэгээд Багшийн дээд сургуулиас такси бариад Сансарын Икс буудал руу Цоомоо эгч намайг үйлчлүүлэгчийн хамт оруулчихаад буцсан. Тухайн үед хоногоор явсан ба 150.000 төгрөгөөр тохирч мөнгийг нь Цоомоо эгч авсан. Ер нь хоногоор ч бай, цагаар ч бай бүх мөнгийг Цоомоо эгч авдаг байсан. ...” /1 дүгээр хавтас, 37-39 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Өлзийжаргалын “...Намайг Багшийн дээд дээр шорлог зардаг байхад Цоомоо нь А.Нийг Багшийн дээд дээр гаргаж биеийг нь үнэлүүлдэг байсан. Миний мэдэхээр Цоомоо нь А.Нгийн биеийг үнэлүүлэхдээ Сансарын "Алтан жолоо" буудалд дандаа аваачдаг байсан. Цоомоо нь өдрийн 13 цагаас өглөөний 6 цаг хүртэл А.Нгийн биеийг үнэлүүлдэг байсан. А.Н өдөрт 300.000-600.000 төгрөг Цоомоод олж өгдөг байсан. 200.000 төгрөг хийхээр муу ажиллаа гээд уурлаж зоддог байсан. А.Н хэд хэдэн удаа жирэмсэн болоод авахуулж байсан ба авахуулсны маргааш нь биеийг нь үнэлүүлээд явж байдаг байсан. Мөн сарын тэмдэг ирсэн үед ч гэсэн биеийг нь үнэлүүлдэг гэж А.Н хэлж байсан. 5 хүний дунд хүртэл А.Нг өгөөд явуулчихдаг байсан. Цоомоо ер нь их хатуу сэтгэлтэй эмэгтэй. 2016 оны 8 дугаар сард одоо өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Хайлаастад гэртээ байж байтал өглөө манай нөхөр А.Нг дагуулчихсан орж ирсэн. Манайх Саппород Түц ажиллуулдаг юм. Тэгээд нөхрийг Түцэндээ сууж байтал А.Н юм авах гээд тавчиктай ирсэн гэсэн. Манай нөхөр “юу хийж яваа юм” гэхэд А.Н “Цоомоо эгчээс зугтаагаад явж байна” гэж хэлсэн байсан. ...2014 онд шиг санаж байна. Багшийн дээд дээр Цоомоо А.Нг нэг удаа зодож байгааг нь харсан. Энэ үед Цоомоо нь А.Нг өшиглөөд, алгадаж байсан. ...Цоомоо мөнгийг нь өөрөө авдаг, А.Нд мөнгө өгдөггүй. А.Н хааяа надаас 1 шорлог зээлж аваад нууцаар иддэг байсан. Тэгээд мөнгийг нь дараа 1000, 500 төгрөгөөр цувуулаад өгдөг байсан. ...Харин өмсөх хувцсыг нь Цоомоо авч өгдөг байсан. Гэхдээ авч өгч байгаа хувцас нь өөрт нь хэрэгтэй дулаан биш, жишээ нь өвөл шилэн трико, богино юбка гэх мэт зүйлс байдаг байсан. Миний мэдэхээр 2015 онд А.Н нэлээн том гэдэстэй бараг 7-8 сартай явж байсан. Гэтэл Цоомоо хүүхдийг нь авахуулаад маргааш нь биеийг нь үнэлүүлэх гээд гаргасан байсан. ...” /1 дүгээр хавтас, 35-37 дугаар хуудас/,

Гэрч О.Баярын “...А.Н нь Багшийн дээд дээр биеэ үнэлдэг. Миний мэдэхээр Багшийн дээд дээр гарч биеэ үнэлснээс хойш нэлээн хэдэн жил ер нь 3, 4 жилийн дараа хүүхдээ төрүүлсэн. ...Хараад байхад А.Нг тэр Цоомоо гэдэг шар хүүхэн загнаад л тэгээд ирсэн хүмүүстэй уулзаад өгч явуулаад байх болсон. Тэгээд дараа нь би А.Нтай таараад “чи тэгээд мөнгө цаас авдаг юм уу” гэхэд үгүй Цоомоо эгч авдаг ш дээ гэж хэлсэн. А.Н үе үе ганцаараа явж таарахдаа Цоомоо эгчид зодуулаад зугтаад явж байна гэдэг байсан. ...А.Н хажуудаа хүнтэй явсан үедээ ирж уулздаггүй. Аргагүй шүү дээ, хүний эрхэнд яваа хүн чинь. Ганцаараа явсан үедээ ирээд үг сольдог байсан. А.Н хааяа зээлээр бохь, чихэр зэрэг 500-1000 төгрөгийн зүйл аваад дараа нь буцаагаад өгдөг. Ер нь бэлэн мөнгөтэй явж таарч байгаагүй. Мөнгөтэй явлаа гэхэд ганц хоёр мянган төгрөгтэй л явдаг байсан. А.Н хамгийн анх хүүхдээ төрүүлээгүй байхдаа туранхай жаахан охин гарч ирж байсан. Тэр үед нь би насанд хүрээгүй жаахан хүүхэд зарж байгаа юм биш байгаа гэж боддог байсан. …” /1 дүгээр хавтас, 38-40 дүгээр хуудас/,

Гэрч Д.Гэрэлтуяагийн “...Б.Ө нэрээр нь сайн мэдэхгүй, Цоомоо гэж дууддаг юм. А.Н, Цоомоо нарыг 2005, 2006 оны үеэс таних болсон, намайг тэр үед 100 айлын Улаан буудалд (энэ буудал нь 100 айлын Авто плазагийн харалдаа замын хойд талд орон сууцнууд дунд байдаг байсан) ажилладаг байхад Цоомоо, А.Н, Бялзуухай 3 тэр хавиар биеэ үнэлээд их л ганган хүмүүс явдаг байсан, тэр үеэс л таних болсон. 2007 онд анх Алтан жолоо үйлчилгээний төвийн Икс найт дэн буудалд ирж 2 жил цэвэрлэгч хийсэн. Дараа нь энэ газарт ресепшнээр ажилласан. Сүүлийн 3 жил энэ дэн буудлыг сарын 4 сая төгрөгөөр түрээслэн ажиллуулж байна. ...Харин Цоомоод зодуулсан гэж А.Н намайг хөдөө явсан хойгуур манай ресепшнүүдийн нэгэнд нь хэлсэн байсан. ...А.Н хоногоор, цагаар янз бүрийн байдлаар ороод гардаг байсан. А.Н нь Улаанбаатар, Багшийн дээд хавиар биеэ үнэлдэг. ...Яг тухайн үед би Хужиртын рашаанд нөхөр Ганзоригийн хамт явсан байсан, намайг явсан хойгуур миний эгч Гантулгыг буудалд ресепшнээр хонож байхад үүрээр А.Н нь хэлчихээд явсан гэж сонссон. Харин дараа нь 2-3 удаа А.Н мөнгө төгрөг хэрэгтэй байна гэхээр нь тусалж байсан. "...Яахав харахад ядарсан, хөл гар муутай, тэгээд бас "Аниа тэгээч ээ, надад танаас өөр туслах хүн байхгүй, гуйж байна" гээд шалаад гуйгаад байдаг юм. …” /1 дүгээр хавтас, 42-45 дугаар хуудас/,

Гэрч Д.Гантулгын “...Хоёуланг нь танина. Би 100 айлд "Улаан" нэртэй буудалд ресепшнээр 2000 онд ажилладаг байхад Цоомоо, А.Н, Бялзуухай 3 манай буудалд ирдэг байсан, энэ үеэс таних болсон. Б.Өыг Цоомоо, А.Нийг А.Н гэдэг нэрээр нь мэднэ. Тэр үед энэ 3 биеэ үнэлдэг байсан юм. Тэд өдөр бүр л ирдэг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 7, 8 сарын үед шиг санаж байна, Алтан жолоо буудалд 3 хоног ажилласан. Тэгэхэд А.Н хажуудаа 1 хүнтэй хоногоор 302 тоотод ороод үүрээр "аниа би явлаа" гэж хэлээд гарсан. Үүнээс хойш би А.Нтай тааралдаагүй. ...Нүүр, нүд нь хөхөрсөн байгааг харж байгаагүй. Ямарч байсан нүүрээ солонгоруулаад аймаар будчихсан байдаг байсан. Би буудалд байх үед А.Н дандаа гаднаас эрэгтэй хүн дагуулж буудалд ордог байсан. Заримдаа хоногоор, заримдаа цагаар ороод гардаг байсан. Багшийн дээд дээр гараад тэндээс хүн олоод буудалд ирдэг юм шиг байна лээ. ..." /1 дүгээр хавтас, 51-53 дугаар хуудас/,

Гэрч Х.Соёл-Эрдэнийн “...А.Н, Цоомоо, Бялзуухай гурав голдуу хамт явдаг, манай буудлаар үйлчлүүлдэг байсан. Тэд биеэ үнэлдэг байсан. Гаднаас үйлчлүүлэгч авч ирээд өрөө авч ордог байсан. Цагаар, хоногоор үйлчлүүлдэг. Ер нь ихэвчлэн цагаар өрөө аваад удахгүй 20, 30 минут болоод гараад явдаг. Өрөөний мөнгийг үйлчлүүлэгчээс авдаг. ...Хааяа А.Нийн хөл гар нь хөхөрчихсөн явж байдаг байсан. Би авч орсон хүмүүс нь зодчихсон юм болов уу гэж сэрэмжлээд “яасан юм бэ” гэж асуудаг байсан. Энэ үед А.Н нь "аниа зодсон юм" гэж хэлдэг. А.Н нь Цоомоог аниа гэж дууддаг юм байна лээ. ...Гантулга билүү нэгнийх нь ээлжин дээр А.Н нь тавчиктайгаа явсан байна гэж ярьцгааж байсан..." /1 дүгээр хавтас, 54-56 дугаар хуудас/,

Гэрч Д.Отгонтуяагийн “...Гэрэлтуяа эгч "наадуул чинь аль дээр үед намайг 100 айлд Улаан буудалд ажиллаж байхад тэнд биеэ үнэлж ирдэг байсан, харин одоо манайхаар ирээд байгаа, нэг их хэрүүл шуугиан тарихгүй орж үйлчлүүлээд байхгүй юу" гэж хэлсэн юм. Тэгээд л намайг ажиллаж байхад Цоомоо, А.Н, Бялзуухай 3 манай буудлаар орж үйлчлүүлээд гараад явж байдаг. Тэд нар эрэгтэй хүн дагуулж ирээд цагаар өрөө аваад үйлчлүүлээд гардаг байсан. Хоногоор хааяа нэг ордог байсан. ...Нэг орой буудлаар орсон чинь Ганаа эгч, А.Н 2 хамт нэг өрөөнд сууж байсан ба тухайн үед А.Нийн хөл гар нь хөхөрчихсөн сууж байсан. Тэгээд маргааш өглөө нь 9 цагийн үед би буудал дээр очиход Ганаа эгч "А.Н өглөө эрт би зугтлаа Ганаа эгчээ гээд гараад явсан" гэж хэлсэн. Уг нь урд орой нь Бялзуухай, А.Н хоёр хамт нэг нэг хүнтэй орж ирээд 2 өрөө авч орсон юм байна лээ. Тэгээд өглөө нь Бялзуухай үйлчлүүлэгчтэй өрөөндөө унтаж байхад нь А.Н явсан байсан. ...” /1 дүгээр хавтас, 57-59 дүгээр хуудас/,

Гэрч Х.Цэрэнчимэгийн “...Би 2002 оны үеэс Багшийн дээд, Сүхбаатарын талбай, Улаанбаатар зочид буудлын сааданд зогсож биеэ үнэлэх болсон. Энэ үед Цоомоо эгч багшийн дээд дээр хоол зардаг байсан. Харин А.Н нь намайг багшийн дээд дээр гардаг болсны дараагаар гарч ирсэн. ... Цоомоо эгч миний биеийг үнэлүүлж байгаагүй, би биеэ үнэлсэн мөнгөө өөрөө авдаг байсан. А.Н ... миний мэдэхээр төрснөөс хойш 3 удаа жирэмсэн болсон, тэгээд гурвууланд нь зулбасан гэж байсан. Нэг удаад нь ээж нь ургийг нь аваачиж хаясан гэж хэлж байсан. “Яаж зулбасан юм бэ” гэсэн чинь “хэд хэд үсэрээд зулбачихсан” гэж байсан. ...А.Н өөрөө бэлгэвчгүй унтаад эсвэл цоорхой бэлгэвчтэй унтаад жирэмсэн болчихдог юм шиг байна лээ. ...2002, 2003 оны үед цагийн 5000-10000 төгрөгөөр биеэ үнэлдэг байсан. Одоо бол цагийн дунджаар 70.000 төгрөг болсон байгаа. Хоногоор одоо 150.000-160.000 төгрөгөөр биеэ үнэлдэг. Өдөрт ...би хамгийн багадаа 400.000-500.000 төгрөг, хамгийн ихдээ 800.000 төгрөг олдог байсан. ... Цоомоо эгчид зодуулсан гэж А.Н надад ярьж байгаагүй. А.Н дандаа битүү хувцас өмсчихсөн байдаг байсан. ..." /1 дүгээр хавтас, 60-63 дугаар хуудас/,

Гэрч Д.Алтангэрэлийн “...Би А.Нтэй одоогоос 3 жилийн өмнө уулзсан, гэтэл өнөөдөр охинтойгоо уулзлаа. Харин утсаар ярьдаг байсан. ...А.Н нь Цоомоотой хамт амьдардаг байсан. ...А.Нийг өлгийтэй байхад ээж нь толгойгоор нь унагаачихсан. Үүнээс хойш толгой нь өвддөг болсон. Шар хадны эмнэлэгт 2-3 удаа хэвтсэн санагдаж байна. ...Цоомоо дагуулж яваад цайны газарт зөөгч хийлгэдэг байсан, гэхдээ би зөөгч хийж байгааг нь ажил дээр нь очиж харж байгаагүй. Цоомоо л тийм ажил хийж байгаа гэдэг байсан. Цалин гэж авч ирж байгаагүй. Цалинг нь Цоомоо авдаг гэсэн. ...Би одоо оныг нь санахгүй байна, Дарь-Эхэд Цоомоогийн хашаанд манайх гэрээ бариад хэсэг амьдарсан. Энэ үед охин А.Н надад "Цоомоо эгч намайг цохиж зодоод хэцүү байна, хамт байж чадахгүй нь ээ" гэж хэлсэн. Тэгэхэд би А.Нгийн үгэнд итгээгүй "битгий худлаа яриад бай" гэж хэлээд өнгөрсен. Мөн тэр үед А.Н янз бүрийн хүмүүстэй нийлээд яваад байгаа юм шиг болохоор нь би охиноо загнаад нэг зодсон юм. Цоомоо өчигдөр манайд ирээд явсан. Ирэхдээ 50.000 төгрөг, боов, чихэр, сүү авч ирсэн. Өмнө нь хааяа нэг идэж уух зүйл авчирч өгөөд "та хоёрт тус болж байна" гэдэг байсан. ..." /1 дүгээр хавтас, 68-71 дүгээр хуудас/,

Гэрч С.Оюунчимэгийн “...Нөхөр бид 2 Төв аймгийн асрамжийн газарт байхдаа сууж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Хүүхдүүд бүгд асрамжийн газар төрсөн ба тэнд хүүхэд  байлгадаггүй учраас хүүхдүүдийг Улаанбаатар хотын 53 билүү 58 дугаар сургуулийн асрах газарт шилжүүлэн өгч тэнд өссөн. ...Бид хоёрыг Улаанбаатар хотод шилжиж ирэхэд А.Н Цоомоо дээр байсан, хааяа гэртээ ирдэг байсан. ...Цоомоо А.Нг “ажилд орсон, ажлаа хийнэ” гэж хэлээд аваад явдаг. ...Манайх Батсүмбэрээс орж ирээд хашаагүй байхад Цоомоо манай хашаанд буучих гэж хэлээд тэдний хашаанд гэрээ барьж байсан. ...Миний мэдэхээр 1 удаа Цоомоо А.Нг жирэмсэн гэж хэлж байсан. Дараа нь Цоомоо авахуулна гэж ярьж байгаад эм уулгаад, тариа хийлгүүлнэ гэж хэлсэн. Нэг өдөр Цоомоо намайг “Дарь-Эхэд хүрээд ир, А.Н төрөх гэж байна” гэхээр нь би яваад очсон чинь Цоомоо А.Нг “үсэрч байгаад гарга чи” гээд загнаад байсан. Тэгээд хувин дээр А.Н сууж дүлж байгаад гаргасан. Дараа нь Цоомоо надад нэг гялгар ууттай юм өгөөд “хол аваачаад хая” гэхээр нь би Дарь-Эхийн доод ам руу такси аваад аваачиж тавьсан. Миний бодлоор 4 сар орчим болсон, алгын чинээ юм байсан. ...Намайг очиход Цоомоо эм өгсөн байсан, бас “гарах ёстой юм аа” гэж хэлсэн. Нэгэнт болоод өнгөрчихсөн байсан учраас арга буюу Цоомоогийн хэлснээр гарсан ургийг нь аваачиж хол тавьсан. ...Өчигдөр Цоомоо манайд хүнсний зүйл, 50.000 төгрөг авч ирсэн, тэгээд “А.Н гудамжинд гуйлга гуйгаад царай зүс нь муухай болсон байна лээ, одоо нэг сүмд байгаа, би тэндээс очиж авна” гэж хэлсэн. ...Охин А.Нтай уулзалгүй нилээд удсан, өмнө нь уулзах гээд Цоомоо дээр очихоор ажилдаа явчихсан гээд байдаггүй байсан. Бараг дээр ярьсан үр зулбуулах үед дуудаж уулзсан, үүнээс хойш уулзаагүй юм шиг байна. ...” /1 дүгээр хавтас, 72-75 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Даваасүрэнгийн “...А.Н нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манай эмнэлгээр ирж үйлчлүүлсэн байна. ...Энэ үр хөндүүлсэн эмэгтэйг эгч нь гэх нэг хүн дагуулж ирсэн ба тэр эгч нь А.Нийг “хүүхдээ асрах амьдралын боломжгүй, бичиг үсэг мэдэхгүй, хэл яриа муутай” гэж хэлээд өргөдлийг нь эгч нь өөрөө бичиж өгөөд А.Н болон эгч нь өөрсдөө гарын үсэг зурсан. ...Өргөдөл дээр эгч нь Б.Ө гэж зурсан байна. Үзлэг хийхэд савны амсар 1 хуруу нээлттэй, цусархаг зүйл гарсан, зулбах шинжтэй байсан тул тусламж үзүүлэх нь зүйтэй гэж дүгнээд үр хөндсөн. Учир нь гэрийн нөхцөлд цус алдах аюултай байсан. ...” /1 дүгээр хавтас, 79-80 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Оюунчимэгийн “...Тэмбүү өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ эмчилгээ хийсний дараа TPHA сорил нь насан туршдаа эерэг гарна. Эерэг гэдэг нь тэмбүүгийн эсрэг бодис тухайн хүний бие организмд хадгалагдан үлддэг гэсэн үг. А.Нийн тэмбүү өвчний дүгнэлтээс харахад RPR-эерэг, TPHA-эерэг гэж гарснаас харахад уг өвчин архаг шатандаа байна. Архаг гэдэг нь хамгийн багадаа 3-6 сар, түүнээс өмнө энэ өвчнөөр өвчилсөн гэсэн үг. Харин яг хэдийд өвчилсөн гэдгийг тодорхойлох боломжгүй. А.Н нь энэ өвчнөө эмчлүүлээгүй байна. ...” /2 дугаар хавтас, 43-44 дүгээр хуудас/,

Б.Өын яллагдагчаар өгсөн “...А.Нийг насанд хүрсэн, хүрээгүйг мэдэхгүй, А.Н одоо 32 настай, А.Н нь жирэмсэн байхдаа Багшийн дээд дээр явдаг байсан, төрсний дараа над дээр ирсэн. Би үр хөндүүлээгүй, зулбуулж байгаагүй. Харин нэг удаа А.Нийн ээж нь А.Нийг жирэмсэн болсон байна гэхэд нь “би лав тусалж чадахгүй шүү, та нар өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Дараа нь ээж нь түүнийг “зулбачихсан, хүүхэд нь гарахдаа орилоод байсан. Хүүхдийг нь хол газар аваачиж оршуулсан” гэж ярьж байсан. ... А.Нийн аав, ээж нь А.Нийг биеэ үнэлдэг гэдгийг мэднэ шүү дээ. Тэр бүү хэл А.Н хүүхдээ төрүүлчихсэн өлгийтэй байхад нь ээж нь хүүхдийг нь тэврээд багшийн дээдийн сааданд сууж байдаг, А.Н биеэ үнэлж байдаг байсан. ...Би А.Нийн аав, ээжийг танихын хувьд танидаг, хүүхэд нь над дээр өссөн. Намайг шоронд явчихвал А.Н болон түүний хүүг надтай адилхан харж хандах хүн байхгүй шүү дээ. ...” /1 дүгээр хавтас, 132-133 дугаар хуудас/,

Мөн түүний “...А.Н нь 2 удаа жирэмсэн болж байсан. Эхнийх нь оныг сайн санахгүй байна, 100 айлын урд талд байрнууд дунд Сайхангэрэл билүү Сайханчимэг билүү нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт А.Н бид 2 хамт очиж үр хөндүүлж байсан юм. Тухайн үед би өөрөө 8 сар орчимтой, А.Н 4 сар орчимтой жирэмсэн байсан. ...Тэр үед А.Н нь бичиг үсэг мэдэхгүй, өргөдлөө өөрөө бичиж өгч чадахгүй байсан тул хамт явсан гэдгээр нь өргөдлийг нь бичээд өгчих гэж хэлсэн тул би өргөдлийг нь бичээд А.Н өөрөө гарын үсгээ зурсан. ...Үүний дараа удалгүй А.Н нь дахин жирэмсэн болсон байсан. Таргалаад байх шиг болохоор нь чи таргалаад байгаа юм уу гэхэд тийм ээ таргалаад байна гэдэг байсан. Сарын тэмдэг чинь ирсэн үү гэхэд ирж байгаа гээд байдаг байсан. ...Дараа нь А.Н “би жирэмсэн болсон, 6 сар гарантай” гэж хэлсэн. Тэгээд би А.Нийг дагуулаад 100 айлын ахмадын байранд аав, ээж  дээр нь очиж жирэмсэн гэдгийг нь хэлсэн. Тэгээд “А.Нийн 1 хүүхдийг би багаас нь эхлэн өдий хүртэл асарч байгаа, дахин энэ төрсөн хүүхдийг асарч чадахгүй” гэдгээ хэлсэн. Энэ үед аав, ээж 2 нь “А.Н хүүхдээ гаргаад бид нарт үлдээгээд явчихна, тиймээс бага дээр нь эмнэлэг явж авахуулах арга бодох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би эмнэлгээр дагуулж явж чадахгүй. Та нар өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Тэгээд А.Нийн ээж нь А.Нг Дарь-Эхэд бариастай байсан гэртээ дагуулж ирсэн. Энэ үед А.Н нь эм авч ууна гэж хэлж байсан, бодвол эм уусан байх. Намайг гэртээ байж байтал А.Нийн ээж орж ирэхээр нь “яаж байна” гэхэд “А.Н үсрээд байж байна” гэж хэлсэн. Маргааш өглөө нь ээж нь дахиад орж ирээд “гарчихлаа” гэж хэлсэн. ...Жирэмсний хяналтанд орж байгаагүй. Миний мэдэхээр 1 удаа л гэртээ зулбасан. ...А.Н Багшийн дээд дээр биеэ үнэлдэг байсан. ...Тэр үед Бялзуухайтай хамт багшийн дээд сургууль дээрээс үйлчлүүлэгч олоод Сансарын Алтанжолоо үйлчилгээний төвийн буудалд хоногоор үйлчлүүлсэн байсан. Тэгээд үүрээр “дэлгүүрээс юм аваад ирье” гээд үйлчлүүлэгчээсээ мөнгө авч гараад эргэж ирээгүй гэж Бялзуухайгаас сонссон. ...Би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Гэхдээ би тэгж зодож нүдэж байгаагүй..." /2 дугаар хавтас, 56-58 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 9-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3252 дугаартай “А.Н гэх цус АВО системээр А /II/ бүлгийн харъяалалтай байна. А.Н нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 93 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 552 дугаартай “А.Нийн биед зулай, дагз хэсгийн хуйх, дух, зүүн хөмсөг, хамрын нуруу, баруун шуу, сарвуу, баруун, зүүн далны хэсэгт хуучин сорив гэмтлүүд байна. Дээрх сорив гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх олон тооны сорив гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. А.Нийн жирэмслэлт-4, төрөлт-1, зулбалт-2, үр хөндөлт-1 байна /асуумжаар/” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 98-99 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 415 дугаартай “А.Н нь болсон явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Н нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь сэтгэцийн төрөлхийн эмгэг болно. СЭМҮТ-ийн эмчид үзүүлж байсан өвчтөний карт байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, 103-105 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 5058 дугаартай “...Сайхангэрэл эмнэлэгт өргөдөл гаргах нь гэж хаягласан өргөдөл- 1 хуудас, afternoon бичигтэй шар өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, харьцуулах загвар- 3 хуудас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “...Сайхан гэрэл эмнэлэгт...” гэж эхлэн “...Өргөдөл бичсэн...” гэж төгссөн гар бичмэл Б.Өын гэх гар бичмэлүүдтэй тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтас, 46-48 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Б.Ө нь 2000 оны 7 дугаар сарын 1-нээс 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, мөн 2008 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд А.Нийн ар гэрийн гачигдал болон өөрийнх нь оюуны хомсдолтой зэрэг эмзэг байдлыг нь далимдуулж эрхшээлдээ байлгаж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, Боловсролын их сургууль, Улаанбаатар зочид буудлын урд талбайд байнга зогсоож, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх дэн буудлуудад бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж, улмаар А.Н нь удаа дараа жирэмсэн болж, ураг зулбасан үйл баримт тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт “Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, ... эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, ... бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр” зааж, дараах байдлаар хуульчилсан тайлбар хийжээ.

1. Энэ хуулийн 113.1-д заасан “мөлжих” гэдгийг “худалдаалагдсан хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтэнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно” гэж,

2. “Энэ хэргийг үйлдэхдээ хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашигласан, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл өөр хүнийг эрхшээлдээ байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлж буюу ашиг олгон хахуульдах аргын аль нэгийг хэрэглэсэн тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус тайлбарлажээ.

Мөн зүйлийн 113.3 дахь хэсэгт “...энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд хүнд хор уршиг гэдэгт ураг зулбасныг хамааруулан авч үзэх хууль зүйн үндэслэл байна.

Б.Өын дээрх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр байх боловч түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйл/Бэлгийн мөлжлөг/, 13.1 дүгээр зүйл/Хүн худалдаалах/-д заасан гэмт хэргүүдийн шинжийг харьцуулан үзэхэд, Б.Өын үйлдэл нь дээрх хуулийн 12.3 дугаар зүйл/Бэлгийн мөлжлөг/-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх бөгөөд оногдуулах ялын хувьд хөнгөрчээ.

Иймд Б.Өд холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай 12.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Б.Өд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, түүний хувийн байдалд нь тохируулан түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлээр Б.Өд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Ариунбаяр, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийн 2 дугаар хавтасны 99 дүгээр хуудаст авагдсан Багахангай дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолтоос үзэхэд Б.Ө нь 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд түүнийг цагдан хоригдсоноос хойш насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Тэмүүлэн, Ө.Мөнхсайхан нар нь хэний асран хамгаалалтад байгаа нь тодорхойгүй, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүд нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж, эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй нөхцөл байдлыг харгалзан Б.Өыг хорих ял эдэлж байх хугацаанд түүний насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг эрх бүхий албан тушаалтанд даалгах нь зүйтэй гэж үзэв.