Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0405

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Д” ХХК

Хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С,

Хариуцагч Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

 

Хэргийн индекс: 128/2021/0082/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Д” ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дахь Нарийн нэртэй газарт ХУ-017799 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд “Ч” ХХК-иас 203.223.210 төгрөгөөр худалдан авч, үйлчилгээний хөлсөнд 20.589.280 төгрөг, ашигт малтмалын хайгуулын судалгааны ажилд 18.352.310 төгрөг, геологийн хайгуул судалгааны эрлийн маршрут, дээжлэлийн ажлуудыг хийж нийт 242.164.800 төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс хойш тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2020, 2021 онуудад тус тус төлж хуулийн дагуу эзэмшиж ирсэн.

ХУ-017799 хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг анх 2016 онд олгож 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болохоор байсан тул Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу Увс аймгийн Цагаанхайрхан сумын засаг даргад 2021 оны 02 дугаар сарын 03-04-ны өдрүүдэд төлөөлөгч (Ш) биечлэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хүргүүлсэн, мөн 02 дугаар сарын 08-ны өдөр цахим шуудангаар тус тус хүргүүлсэн бөгөөд энэхүү үйл баримтыг гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэг, хариуцагчийн тайлбаруудаар тус тус нотлогддог. Увс аймгийн Цагаанхайрхан сумын засаг дарга Б.Т 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хүлээн авалгүй буцаасан, бичиг хэргийн бүртгэлд бүртгээгүй. Үүнийгээ шүүхэд тайлбарлахдаа албан бичиг хэргийн шаардлага хангаагүй гэж тайлбарладаг ч ямар шаардлага хангаагүй талаар огт тайлбар өгдөггүй, шүүх энэхүү ач холбогдол бүхий үйл баримтыг үнэлэлгүй орхигдуулсан.

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд дахин Увс аймгийн Цагаанхайрхан сумын засаг дарга Б.Т-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн. Эдгээр хүсэлтүүдийг хүлээн авсан ч ямар учир шалтгаанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа талаар бидэнд огт хариу өгөөгүй. Гэвч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 05 дугаар сарын 03-ний өдөр 88 дугаар албан бичгээр хариу өгсөн гэх боловч “Д” ХХК-д огт хүргүүлээгүй, шуудангаар хүргүүлсэн гэдэг ч Увс аймаг дахь Монгол шуудан компаниас лавлагаа авахад тийм шуудан хүргүүлж байгаагүй гэдэг нь тогтоогдсон.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын засаг дарга Б.Т нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаар албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичигтээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг зөрчсөн, 40.1-д заасан хуулийн хугацаанд ирүүлээгүй, сумын ИТХ-ын 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар хуралдааны 03/04 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гээд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэжээ. Хэрвээ Увс аймгийн Цагаанхайрхан сумын засаг дарга Б.Т нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаар албан бичгийг манай компанид шуудангаар, эсхүл ирж авах талаар мэдэгдсэн байсан бол бид Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа юм байна, ямар үндэслэлээр татгалзаж байгааг мэдэх боломжтой байсан ч бидэнд мэдэгдээгүй, өөрийн сумын архивд хариу албан бичгээ нуусан.

Шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн зүгээс хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 02, 03, 04 дүгээр саруудад удаа дараа хандсан боловч сумын засаг даргын зүгээс төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйтэй маргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн “сумын Засаг дарга удаа дараа төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй гаргасан, сумын Засаг дарга төлөвлөгөөг батлах үүргээ биелүүлээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна ...” гэжээ. Шүүхээс маргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж юуг хэлээд байгаа талаар дэлгэрэнгүй дурдсангүй, манай компанийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон шударга шүүхээр шүүлгэх, өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалан Увс аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх “Д” ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн.

 

Манай компанийн нэхэмжлэлийн шаардлага “Д” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад даалгах” тодруулж өгсөн ч Шүүхийн шийдвэрийн эхлэн болон үндэслэх хэсэгт буруу томъёолж, буруу ойлгож хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т-ийн 2021 оны 02-р сарын 03, 04, 08-ны өдрүүдэд хүргүүлсэн, мөн 03-р сарын 11-ний өдөр, 04-р сарын 06-ны өдөр, 09 сарын 01-ний өдөр удаа дараа хандаж Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн ч үндэслэлгүйгээр эс үйлдэхүй гаргасан буюу хууль бус эс үйлдэхүй гаргасан болгохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Шүүхээс эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан, мөн даалгах нэхэмжлэлийн шийдвэрлэхгүй орхигдуулсан. Үндэслэх хэсэгт “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтыг буруу дүгнэж, огноо, тоо зөрүүтэй, шүүхийн шийдвэрийн анхан шатны шаардлага хангахгүй байдлаар боловсруулж, бичиж байгаад туйлаас гомдолтой байна.

Шүүхээс Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т-ийн цар тахлын хөл хориотой үед заавал компанийн захирал, эрх бүхий хүнээ ирүүл гэх утга учиргүй, хүнд суртал гаргасан тайлбарыг хүлээн авч зөв мэтээр дүгнэж байгааг ойлгохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлөөлөгчөөрөө, 02 дугаар сарын 08-ны өдөр цахим шуудангаар, 03 дугаар сарын 11-ний өдөр төлөөлөгчөөр, 04 дүгээр сарын 06-ны өдөр төлөөлөгчөөр, 09 дүгээр сарын 01-ний өдөр дахин төлөөлөгчөөр тус тус Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т-д тус тус хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, хугацаа дуусахаас өмнө сумын засаг даргад батлуулахаар хүргүүлэх үүргээ биелүүлсэн. Харин Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т хууль бусаар батлахгүй эс үйлдэхүй гаргасан, шүүхэд гаргасан тайлбартаа ямар үндэслэлээр батлахгүй байсан талаар дурдахдаа хүсэлт гаргасан албан бичгийн талаар ярьдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлд хүсэлт гаргасан албан бичиг ямар байх, заавал албан бичгээр хандах талаар огт дурдаагүй, үндсэн хүсээд байгаа зүйл бол Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах байтал шүүхээс ч, хариуцагч ч манай хүсэлт гаргасан албан бичиг стандарт шаардлага хангаагүй гэж маргадаг бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөө ямар шаардлага хангагүй байгаа, ямар нэгэн татгалзах үндэслэл байсан эсэх талаар огт шийдвэртэй бичдэггүй, ойлгомжгүй шийдвэр гаргасан.

Мөн хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийг хариу тайлбар, мөн манайд хүргүүлсэн гэж тайлбарладаг албан бичгүүддээ дурдсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахдаа шаарддаг материал буюу Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т нь тус заалтыг дагуу биднээс баримт материал шаардах, шалгах бүрэн эрх байхгүй, Ашигт малтмалын тухай хуулийг буруу хэрэглэж, ойлгож байгааг удаа дараа тайлбарласан ч шүүхээс манай тайлбар үндэслэлийг дурдаагүй, орхигдуулсан.

Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2022/0021 дүгээр шийдвэр нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Б.Т-ийн хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн, Монгол Улсад Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хязгаарласан хууль бус үйлдлийг өөхшүүлсэн, нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан.

 

Иймд Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 124/ШШ2022/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 08, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 16, 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар албан бичгүүдээр гаргасан ашигт малтмалын хайгуулын XV-017799 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүйг хууль бус болохыг тогтоож, батлах талаар зохих шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгчийг 2021 оны 2, 3, 4 дүгээр сард гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй маргах эрхээ хэрэгжүүлээгүй, “... Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-017799 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг  сунгахаас татгалзсан шийдвэр гарсны дараа 09 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаар хүсэлтийн дагуу менежментийн төлөвлөгөө батлах үүрэг хариуцагчид үүсэхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын XV-017799 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусах 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө 02 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Цагаанхайрхан сумын Засаг даргаар батлуулах хүсэлтээ хүргүүлж байсан нь хариуцагчийн тайлбар, гэрч Н.А-ын мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

5. Нэхэмжлэлийн агуулга нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж хавсаргах зорилгоор хариуцагч Засаг даргад хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлээгүйгээс дахин удаа дараа гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг зохих журмаар батлахыг хариуцагчид даалгахаар гаргажээ.

Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг 2, 3, 4, 9 дүгээр сард гаргасан салгаж дүгнэх боломжгүй, нэг агуулгатай хүсэлт байхад зөвхөн “09 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэг хариуцагч Засаг даргад үүсэхгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх 2, 3, 4 дүгээр сард гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар маргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэсэн атлаа энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор гаргасан эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг хэрэглээгүй байна.

6. Нэхэмжлэгч “Д” ХХК нь тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дуусахаас өмнө  анх 2 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах хүсэлтийг хариуцагч Засаг даргад гаргасан, тухайн үед нь хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүйг мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтээ дахин гаргасан байдал болон хариуцагчийн “... Х.Ш хүсэлтийг авчирсан. Компанийн төлөөлөлтэй уулзмаар байна гэж хэлүүлсэн ...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

7. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Засаг даргын тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйн талаар мэдсэнээс хойш Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаанд гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгах” шаардлага бүхий “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                      А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ