Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 616

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Г.Мөнхтулга нарын шүүх бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Э.Н гийн нэхэмжлэлтэй, У б е -т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С овогт Э-ийн Н/РД:........................../,

Хариуцагч: У б е г,

Гуравдагч этгээд: М овогт Н-ийн Н/РД:........................./,

                              Б овогт Х-ын Б/РД:....................../,

                              М овогт Д-ийн С/РД:................../,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Д.С-ийг ”А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Нг “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” тухай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Иргэн Н.Н-гийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар У б е гт даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Д.С, түүний өмгөөлөгч А.Г, иргэдийн төлөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Б.Э нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өвчний учир нас барсан. Нэхэмжлэгчийн зүгээс өвлөх эрхийн дагуу нэг жилийн дараа аавынхаа эзэмшлийн А ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл Д.С нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон бэлэглэлийн гэрээгээр 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 200 000 төгрөгийн хувьцаа бүхий компанийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 02 дугаар сард Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, бичиг баримт хуурамчаар үйлдсэн асуудал дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлүүдээр дээрх асуудлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 12 дугаар сард Оюуны өмч, У б е гт хандаж А ХХК-ийн Д.Сд олгосон улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгч Д.С нь А ХХК-г хууль бусаар авсан гэж үзэж байгаа. Мөн Н.Нд компанийн 50%-ийг худалдаж, компанийн хувьцаа эзэмшигч болгосон нь хууль бус байна. Э.Нгийн хувьд аавынхаа компани болох А ХХК-г өвлөж авах эрхтэй. Үүнтэй холбоотойгоор Э.Нд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамж гарч, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн гэрээнүүд дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистекийн шинжилгээний шинжээч томилж, давтан болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан. 

Дээрх дүгнэлтүүдээр С.Э-ээс Д.Сд шилжүүлсэн гэрээнүүд дээр С.Э гэж хүн гарын үсэг зураагүй гэдэг нь тогтоогдсон. Д.С нь компанийн 100% хувьцаа эзэмшигч болсноосоо хойш 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.Нд компанийн 50%, Х.Бт компанийн 35%-ийн хувьцааг шилжүүлсэн улсын бүртгэл хийгдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Х.Б гэдэг хүн нь 35%-ийн хувьцаа эзэмшигч биш гэж удаа дараа хэлж байсан ч үгүйсгэж, 3 шатны шүүхээр хэлэлцэж хэрэг удааширч байсан. Дараа нь Х.Б нь маргаан бүхий асуудал гаргахаас өмнө хувьцаагаа буцаагаад шилжүүлсэн байдаг. 

Өнөөдрийн байдлаар А ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.С, Н.Н гэсэн хүмүүс байгаа. Н.Нд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн улсын бүртгэл байна. Иймээс А ХХК-ийн улсын бүртгэлд Д.С болон Н.Н нарыг бүртгэсэн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү.

...Гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй. Гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэг гэж бичсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт заасны дагуу эрх зүйн үр дагавар үүсгэх, үйл баримтад дүгнэлт хийх нь тодорхойгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай давхацсан байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаараад шүүхийн зүгээс гуравдагч этгээдээс заавал нэхэмжлэлийн шаардлага гаргуулахгүйгээр хууль ёсны дүгнэлт хийх боломжтой хууль зүйн зохицуулалт байна гэж үзэж байна. Мөн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авч шийдвэрлэснээр ямар эрх зүйн бодит үр дагавар үүсэх нь тодорхойгүй байна. Тиймээс гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Гуравдагч этгээд Н.Н шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Н-ийн Н миний бие “А” ХХК-ийн 100 хувийг эзэмшигч тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага болох иргэн Дамдинсүрэнгийн Сэс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 50 хувийн хувьцаа буюу нэг бүрийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 60 ширхэг энгийн хувьцааг “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээ, “Компанийн эрх шилжүүлэх” гэрээ болон компанийн ээлжит бус хурлаар хэлэлцэж 30,000,000 төгрөгөөр худалдан авч, нотариатын байгууллагаар гэрчлүүлэн, ямар нэг эрхийн зөрчилгүй байсан тул Оюуны өмчийн, Улсын бүртгэлийн газар Монгол Улсын “Хуулийн этгээдийн бүртгэл”-ийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчээр иргэн Н.Н намайг бүртгүүлсэн.

Гэтэл иргэн Э.Нгийн зүгээс У б е гт холбогдуулан гуравдагч этгээд Д.Сэг “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийг, мөн гуравдагч этгээд иргэн Н.Н миний 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “А”  ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 

Үүний улмаас хууль ёсны дагуу шударгаар олж авсан хөрөнгийг минь Э.Н, У б е г нь үгүй хийж, булаан авах үйлдэл, эс үйлдэхүйгээр иргэн миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж эхэлсэн.

...Түүнчлэн нэхэмжлэгч Э.Н нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тухайн үед хүчин төгөлдөр болоогүй, дараа нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүчингүй болсон анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0541 дугаартай шийдвэр болон “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, нэмэлт өөрчлөлт оруулах тухай албан бичгүүдийг хууль бус албан бланк, тамга зэргийг ашигалж хувьцаа эзэмшигч нарыг хассан бүртгэлийг У б е гт өгч У б е г нь хууль зөрчин, өмчлөх, эзэмших эрхийг минь зөрчиж байсан.

Энэхүү хууль бус үйлдлийг мэдээд 2018 оны 03 дугаар сард У б е г-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтэст гомдол гаргаж, шалгуулан тухайн хэлтсээс зөрчлийн тухай дүгнэлт гаргаж У б е г өөрөө иргэн Д.С, Н.Н нарын бүртгэлийг хүчингүй болгосныг сэргээж, Э.Нг тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож байсан.

Ийм учраас өөрийн Үндсэн хуулиар олгогдсон эзэмших, өмчлөх эрх минь зөрчигдөж болзошгүй байдал бий болсон, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь зүйлд зааснаар гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэл бүхий шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Э.Нгийн үндсэн шаардлага бол иргэн Н.Н миний 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “А” ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн Улсын бүртгэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар хандаж байгаа нь нэхэмжлэгч өөрөө миний хууль ёсны дагуу шилжүүлэн авсан бүртгэлийг зөвхөн бүртгэлийн ажиллагааг хуульд нийцэхгүй гэсэн үндэслэлээр булаан авах зүй бус үйлдэл хийж эрхэд минь халдаж маш ихээр хохироож байна. Дээрх хувьцааг миний зүгээс тодорхой мөнгөн төлбөр төлж шилжүүлэн авсан. Улмаар тухай компанийн хайгуулын лицензийн дагуу маш их хэмжээний мөнгөн хөрөнгөөр хайгуулын болон уулын холбогдох ажлуудыг хийсэн.

Иргэн намайг бүртгэсэн бүртгэлийн ажиллагаа нь ч хуульд нийцэж байгаа боловч улсын бүртгэлийн газраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох иргэн миний бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй талаар нэмэлт тайлбар, баримтыг шүүхэд өгдөггүй, түүнчлэн урьд нь үндэслэлгүй хууль бус баримтаар миний хувьцаа эзэмшигчийн хууль ёсны бүртгэлийг хүчингүй болгож эрхэд минь халдаж, эрхийг минь зөрчих зэрэг үйлдэл хийж байсан тул Үндсэн хуулиар олгогдсон эзэмших, өмчлөх эрх минь зөрчигдөж болзошгүй байдал бий болсон, мөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар хууль ёсны дагуу хийгдсэн иргэн Н.Н миний 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “А” ХХК-ийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг У б е гт даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... С.Э нь 2012 онд А.Ёсмаагаас өвлөх эрхийн гэрчилгээний дагуу А ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон. Үүний дараа С.Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр дахин гаргуулж авсан. Тэр үед С.Э нь нас барсан байсан. Д.С нь гэрчилгээг үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр дахин гаргуулан авсан гэж үзэж байна. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрх шилжүүлэх болон бэлэглэл-ийн гэрээний дагуу дээр дурдсан. 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний дагуу компанийн хувьцааг 100% шилжүүлж авсан. Энэ бүртгэл нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд нийцсэн байдаг. 

Шинжээчийн дүгнэлтээр С.Э-ийн гарын үсэг биш гэдгийг тогтоосон. Тухайн үед бүртгэл хийж байхдаа энэ тухай тодруулах боломжгүй байсан. Үүнээс хойш Н.Нд компанийн хувьцааг шилжүүлсэн үйлдэл нь холбогдох эрх зүйн актад нийцсэн байдаг. Дээрх хийгдсэн бүх бүртгэлүүд нь холбогдох хуулийг зөрчөөгүй. Гэрээний хувьд асуудал байсныг үгүйсгэхгүй байна. Үүнд Д.С нь хариуцлага хүлээх байх. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч шийдвэрлэгдэх асуудал гэж үзэж байна. Хэвээр үлдээх захиргааны акт гаргана гэдгийг би ойлгохгүй байна” гэв. 

 

Гуравдагч этгээд Х.Бээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Х******* овогтой Б нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “А” ХХК-ийн 42 ширхэг хувьцааг худалдаж аваад 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “А” ХХК-ийн 35 хувийн буюу 42 ширхэг хувьцааг Д.Сд буцааж өгсөн болно. 

Иймд энэ хэрэг маргаанд хамааралгүй учраас шүүх хуралдаад оролцуулалгүйгээр нотлох баримтын хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Сэс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний нөхөр болох С.Энь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус компанийг хууль ёсны дагуу, нотариат дээр очиж батлуулан, шилжүүлж өгсөн. Тухайн үед бие нь муу байнга эмнэлэгт хэвтэж, байнгын асаргаанд байдаг байсан. Тэр үед Э.Н нь тоодоггүй байсан. 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бие нь муудаад 2 хоног сэхээн амьдруулах тасагт байж байгаад 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Компанийг шилжүүлж авсны дараа Э.Н нь 2-3 удаа намайг Цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Баахан гарын үсэг зурсан А4 хэмжээтэй цаасыг Цагдаагийн байгууллагад намайг зурсан гэж өгсөн байсан. Би өмнө нь тэрийг үзэж байгаагүй.

Дараа нь 2015 онд Н.Нд компанийн 50%-ийг өгч компанийн хувьцаа эзэмшигч болгосон. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Э.Н нь өөрийн нэр дээр хуурамчаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, шилжүүлсэн байсан. Би энэ тухай мэдээгүй байсан. Х.Б тухайн үед компанийн 35%-ийн хувьцааг эзэмшдэг байсан. 2017 оны 06 дугаар сард 35%-ийг буцааж өглөө гэсэн гэрээ хийсэн. Х.Бийг компаниас гаргах гээд Улсын бүртгэл дээр очиход ашигт малтмалынхаа үйл ажиллагааг хасуулсныхаа дараа бүртгүүл гэж хэлсэн. Тэгээд би Х.Бийг хасуулалгүй орхисон. 08 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар шилжүүлж авсан байсан. Х.Бийг компаниас яаж гаргасныг би мэдэхгүй байна. Улсын бүртгэл дээр очиход хасалт хийсэн байсан. Дараа дараагийн шатны 2 шүүх хуралдаан болсон ба Х.Бийг яаж хассаныг бид мэдээгүй. 12 дугаар сард танай компани өөр хүний нэр дээр шилжсэн байна гэж сонсоод Иргэний бүртгэл дээр очиж лавлагаа авахад Э.Нгийн нэр дээр шилжсэн байсан. 

Иргэний бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад дотоод хяналтаас материал, компанийн чинь түүх ирэхгүй байна гэсэн. Архивт хадгалагдаж байх ёстой компанийн материал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн өрөөнд байж байсан. Манай компанийн түүх нэг бол н.С, нэг бол Б.Л-ийн өрөөнд л байж байсан. Би бичиг баримт алга болох вий гэж бодоод ойр ойрхон очиж, 2013 оноос хойш хийгдсэн дүрмүүдийг хуулбарлаж авч байсан. Хамгийн сүүлд очиход Б.Л-ийн өрөөнөөс компанийн түүх гарч ирсэн.

Миний зүгээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хуйвалдсан гэж үзэж байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтийг будлиулсан. н.Х гэж өмгөөлөгч будлиулсан, миний хийсэн ажил гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Надтай утсаар ярьж байхдаа утсаа салгалгүй будлиулсан тухайгаа ярьж байсныг нь би хэрэг болж магадгүй гэж бичиж авсан” гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч талаас Д.С-ийг С.Э-тэй амьдарсан амьдрал, яаж амьдарсан юм, амьдрах ёсгүй гэж хэлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Д.С нь СЭ гэдэг хүнтэй жил гаран хамт амьдарсан. Биеийг нь муу байхад нь асарсан. Асарсанд нь талархаад С.Э энэ компанийг чамд өгнө гэж бэлэглэлийн гэрээ хийсэн. Энэ нь нотариатын баримтаар батлагдаж байна. Тухайн үед юу ч болоо билээ хүсэлтээ өгөх үедээ огноогоо тавиарай гэж хэлээд бичиж өгсөн байх гэсэн ойлголтоор тайлбарлаж байна. 

Шинжээчийн дүгнэлт дээр н.Х гэдэг хүн би өөрөө оролцсон гэж Д.С яриад байгаа боловч нотолсон зүйл байхгүй. Улсын бүртгэлийн газар хуулийн дагуу бүртгэл явагдсан гэж үзэж байна. Хуулийн шаардлага хангасан бол бүртгэл хийгдэнэ. Миний зүгээс хуулийн дагуу бүртгэсэн бүртгэл байна гэж үзэж байна.

... Д.С-ийн мэдүүлгийн тухайд Цагдаагийн байгууллагаар шалгуулсан асуудал байсан. Ачаалал өндөр байх үед энэ хэрэг хэрэгсэхгүй болно гэж хэлээд гарын үсэг зуруулсан байсан. Хуулийн мэдлэггүйгээс болж ямар үр дагавартайг нь мэдэхгүй гарын үсэг зурсан байна. н.Х өмгөөлөгч шүүхийн шинжилгээний дүгнэлтэд нөлөөлсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг нотариатаар батлуулсан байна. Ноториат хууль бус зүйлийг гэрчлэхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Бие даасан шаардлагатай холбоотой тайлбар хиймээргүй байна. Д.С нь тус компанийн 100% хувьцаа эзэмшигч. Н.Н нь тухайн компанийн хувьцааг хуулийн дагуу авсан гэж хэлмээр байна” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Н нь анх шүүхэд хандаж “А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичигдсэн Д.С, Н.Н, нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргаж, 2017 оны 04 дүгээр сарын 27-гы өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ““А” ХХК-ийн 35 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Бийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”  гэж нэмэгдүүлэн, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагаа хасч багасгажээ. 

Гуравдагч этгээд Н.Нгаас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Иргэн Н.Нгийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар У б е гт даалгуулах” тухай бие даасан шаардлага гаргажээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа “...Д.С-ийг ”А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Нг “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” гэж тодруулан багасгасан шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн тул шүүх тодруулсан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгдээдийн бие даасан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Түүнчлэн тус хэргийн шүүх хуралдаан хэргийн оролцогчдын ирц болон хүсэлтийг шийдвэрлэх шаардлагаар удаа дараа хойшилсон бөгөөд гуравдагч этгээд Н.Н нь шүүх хуралдаанд огт ирж байгаагүй “итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоно” гэсэн тайлбарыг өгдөг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй тул гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч Э.Нгийн эцэг С.Э нь С******* дүүргийн нотариатчийн 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр олгосон 01 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний  үндсэн дээр 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж байсан байх бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна. 

Үүний дараа “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн улсын бүртгэлд ,

- 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С, 

- 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С, тус бүр 25 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Б, С.О нар, 

- 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С, 

- 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С, Н.Н нар, 

- 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 35 хувийн хувьцаа эзэмшигчээр Х.Б, 15 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С, 

- 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С,

- 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Н гэсэн өөрчлөлтүүд тус тус бүртгэгдэж байсан байх ба Улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 594 тоот дүгнэлтээр “”А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Нг бүртгэсэн бүртгэлийг цахим санд идэвхгүй төлөвт шилжүүлж” , өнөөдрийн байдлаар тус компанийн тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Д.С, Н.Н нар бүртгэлтэй байна .

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх бүртгэлийг эс зөвшөөрч “гуравдагч этгээд Д.С нь “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр анх бүртгүүлэхдээ бүрдүүлж өгсөн баримтууд нь хуурамч байхад тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн нь хууль бус”  гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “бүртгэлд өөрчлөлт оруулахаар бүрдүүлж өгсөн баримт нь хуурамч эсэхийг захиргааны байгууллага тогтоох боломжгүй бөгөөд хуульд заасан баримтыг бүрдүүлж ирүүлсэн байсан тул бүртгэлийг хийсэн” гэж тус тус маргажээ.

 

1/ “Д.С-ийг ”А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Нг “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ын 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт орсон өөрчлөлтийг бүртгүүлэхдээ “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”-ыг хавсаргахаар, тус зүйлийн 22.2-т “...өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтлах”-аар тус тус заасан байна. 

Түүнчлэн мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, эсхүл итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” улсын бүртгэлд өөрчлөлт оруулах өргөдөл гаргах эрхтэй болохыг заажээ.

Мөн У б е г-ын даргын 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 227 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын “Зургаа” зүйлийн 6.1.1-т “... бусад тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлийн архивт байгаа хувийн хэргийг архивын хэлтсээс захиалгаар авч өмнөх бүртгэлийн бичилтийг нягтлан үзэх” гэж хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг болон улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ хийх үйлдлийг журамласан байна. 

Гэтэл хариуцагч нь дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, өргөдөл гаргах эрхгүй этгээдийн “хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” буюу буруу маягтаар гаргасан өргөдлийг хүлээн авч маргаан бүхий бүртгэлийг хийсэн болох нь хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Үүнд:

- Д.С-ийг “А” ХХК-ийн 100 хувийн эзэмшигчээр бүртгэсэн маргаан бүхий 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэл нь Д.Сэс гаргасан “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдөл, түүнд хавсаргасан “А” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигч С.Э гэсэн гарын үсэг бүхий хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн дүрэм, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн огноо бүхий “Компанийн эрх шилжүүлэх тухай”, “ХХК-ийн эрх бэлэглэл”-ийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дахин олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ  гэсэн баримтуудад үндэслэгдэж хийгдсэн болох нь тогтоогдож байна.   

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивт хадгалагдаж буй “А” ХХК-ийн баримтуудаар Д.С нь тус компанийг үүсгэн байгуулагч биш, маргаан бүхий бүртгэл хийгдэхээс өмнө хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж байгаагүй болох нь илэрхий байх ба “А” ХХК нь 2006 онд анх үүсгэн байгуулагдсан, маргаан бүхий бүртгэл хийгдэх үед тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Э бүртгэгдсэн байсан байна. 

Эдгээр нөхцөл байдал байгаа тохиолдолд хуулийн дээрх шаардлагын дагуу компанийн үүсгэн байгуулсан баримт бичигт орж буй өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг зөвхөн уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд гаргах боломжтой юм. 

Дээрхээс үзвэл, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Д.Сэс гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтууд нь хоорондоо зөрчилтэй байхад маргаан бүхий бүртгэлийг хийсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 11.5.2-д “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-т “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл, Д.Сэс бүрдүүлж өгсөн материалд түүнд олгосон итгэмжлэл байхгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д заасан шаардлага, хуулийн этгээдийн бүртгэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөлд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох С.Э гарын үсэг зураагүй байх тул мөн зүйлийн 15.1.2-т заасан шаардлага тус тус хангагдаагүй байсан байхад өргөдлийг хүлээн авч маргаан бүхий бүртгэлийг хийжээ. 

Хэдийгээр Д.Сэс “А” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан С.Э-ийн гарын үсэг зурсан гэх “Хувьцаа эзэмшигчийн шийдвэр”-ийг гаргаж өгч, өөрийгөө шинээр томилогдсон гүйцэтгэх удирдлага гэдэг агуулгаар өргөдөл гаргасан байх боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт нь зөвхөн өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэлийг хийхэд баримтлах агуулгатай байх тул бүртгэл хийлгэхээр гаргаж өгсөн баримтуудыг зөрчилгүй, бүрэн гэж үзэхээргүй байжээ. 

 

Нөгөө талаас, 

- Маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн огноотой “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “ХХК-ийн эрх бэлэглэлийн гэрээ” -үүдэд зурагдсан С.Э-ийн гэх гарын үсгийг талийгаач өөрөө зураагүй болох нь шинжээчийн 1725  болон 3524  тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байна. 

- Монголын нотариатчдын танхимын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 39а тоот албан бичигт “...нотаритч Д.Д-ийн 2013 оны архивын материал манай байгууллагад хадгалагдаж байна. ...2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 709, 710 дугаарт бүртгэж гэрчилсэн гэх гэрээнүүд тус нотариатчийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй хадгалагдаагүй байна”  гэсэн байх тул гэрч Д.Д-ийн “...намхан шар хүн ирж байсан санагдаж байна. Ямарч байсан өөрийн биеэр ирж гэрээ байгуулан, гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг эргэлзээтэй .

- Д.С нь цагдаагийн байгууллагад “...А” ХХКийн нэрийг өөр дээрээ шилжүүлэн авах гэхэд тамга тэмдэг хэрэг болсон ба Нгээс компанийн тамга тэмдгийг асуулад өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь тамга тэмдгийг гээгдүүлсэн гээд дахин авсан. ... тамга тэмдэг хийлгэсэн үйлдвэрийн нэрийг сайн санахгүй байна. ... надаас ямар нэг бичиг баримт шаардаагүй, манай нөхрийн компани байгаа юм гэсэн чинь хийгээд өгсөн” гэж тайлбар гаргаж байжээ. 

- Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/810 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/280 дугаар прокурорын тогтоолд “...А ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Э нь 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан бөгөөд С.Э-тэй хамтран амьдарч байсан Д.С нь 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр компани эрх шилжүүлэх тухай гэрээ, А компанийн бэлэглэлийн гэрээг тус тус хуурамчаар үйлдэж 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.200.000 төгрөгийн хөрөнгөтэй А ХХК-ийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан болох нь Э.Н, Д.С нарын тайлбар болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн  байна. 

Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болсон баримт бичигт тухайн хүн гарын үсэг зурсан эсэхийг, мөн бүрүүлж өгсөн материал нь хуурамч эсэхийг тус тус мэдэх боломжгүй хэдий ч улсын бүртгэгч нь “А” ХХК-ийн бүртгэлд хадгалагдаж буй материалуудад дугуй хэлбэртэй тэмдэг дарагдсан, Д.Сэс бүрдүүлж өгсөн материал нь дөрвөлжин хэлбэрийн тэмдэгтэй болохыг , мөн тус тэмдгийг хүчингүй болгосон ерөнхий бүртгэгчийн шийдвэр хувийн хэрэгт авагдаагүйг мэдэх боломжтой байсан төдийгүй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “бүртгэл нэгдмэл тогтолцоотой байх...” зарчмын хүрээнд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нас барсан болохыг ч олж тогтоох боломжтой юм. 

Иймд хариуцагч байгууллага нь хуулийн этгээдийн тэмдэгний хэлбэр өөрчлөгдсөн шалтгааныг лавлаж тодруулах, нэмэлт баримт шаардах үүргээ хэрэгжүүлээгүйгээс мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “бүртгэл үнэн зөв, бодитой...”  байх зарчим алдагдахад хүрсэн байх тул нэхэмжлэгч Э.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.С-ийг ”А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, гуравдагч этгээд Н.Нг “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Гуравдагч этгээдийн Д.С, түүний өмгөөлөгчөөс “...талийгаач гэрээ хийсний дараа юмыг яаж мэдэхэв гээд “хувьцаа эзэмшигчийн шийдвэр”-ийг огноо тавилгүйгээр үйлдсэн” гэж тайлбарлан маргаж байх боловч үүнийг шүүхээс шалган тогтоох боломжгүйн дээр С.Э нь 2013 оны 11 дүгээр сард гэрчилгээгээ мөн хаяж магадгүй гэж тооцож “шийдвэр”  гэх албан бичигт гарын үсэг зурсан байх нь мөн эргэлзээтэй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

 

2/ “Иргэн Н.Нгийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар У б е гт даалгуулах” тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. 

Захиргааны еөрнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны захиргааны актыг тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа гэж тодорхойлсон байх ба 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Н.Нг “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийг хүлээн зөвшөөрч маргахгүй, харин “бүртгэлийг хэвээр үлдээх тухай захиргааны акт гаргах үүргийг бид хуулиар хүлээдэггүй” гэж тайлбарлаж байна.

Дээрхээс үзвэл, гуравдагч этгээдээс гаргаж буй бие даасан шаардлага нь бүртгэлийн байгууллагын бие даасан шийдвэр биш байх бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлэгдэх харилцаа байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2003/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.2, 11.5.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.С-ийг “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, Н.Нг “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан Н.Нгийн У б е гт холбогдуулан гаргасан “Иргэн Н.Нгийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “А” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээх захиргааны акт гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дахь хэсэгт зааснаар У б е гт даалгуулах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Н.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.МӨНХЗУЛ