| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,
Шүүгдэгч Т.А,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Т-ын А-д холбогдох 2028000000187 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Музейн барилга дээр дотоод засал чимэглэлчнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй, байранд оршин суух, урьд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх шүүхийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, С овогт Т-ын А, регистрийн дугаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.А нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хороололд үйл ажиллагаа явуулах Хайрхан дэлгүүрийн хажууд байрлах “Төрийн банк”-ны Өмнөговь салбарын харьяа бэлэн мөнгөний автомат машины дэлгэцийг хагалан гэмтээсний улмаас 1.414.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн төрийн банканд ажилладаг өглөө болгон аймгийн дотор байгаа Автомат бэлэн мөнгөний машинаа тойрч шалгадаг юм. Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар баг Их-Уул хороололд байх Хайрхан дэлгүүрийн хажууд талд манай автомат бэлэн мөнгөний машин байрладаг.Тухайн автомат бэлэн мөнгөний машинаа шалгахад дэлгэц нь хагарсан байхаар нь зургийг нь дараад камер шүүхэд Хархан дэлгүүрийн гадаа саарал өнгийн такси зогсоод таксинаас 1 хүн буугаад манай АТМ руу ороод гүйлгээ хийхийг оролдсон амжилтгүй болоод картаа АТМ-д хураалгасан бичлэг байсан. Тухайн залуу Хайрхан дэлгүүрийн гадна талд байсан чулууг аваад эргэж АТМ-ны хажууд очоод чулуугаар АТМ-ийн дэлгэцийг цохиж хагалсан тухайн камерын бичлэгийн он, сар, өдөр 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21 шилжих шөнийн 00:15 цагаас 00-40 минутын үед болсон байсан. Тэгээд цагдаад байгууллагаа төлөөлж өргөдөл гаргаж байна...” гэжээ. /хх-19-26/,
2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 791 “ Хан үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний Бэлэн мөнгөний машины дэлгэц 1 ширхэг 1.414.000 төгрөг гэжээ. /хх- 30/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан Төрийн банзны өргөдөл /хх-4/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08/,
АТМ-д үзлэг хийж хагарсан дэлгэцийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-14/,
СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19-20/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,
Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38/729 дугаартай албан бичиг /хх-43/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-49/,
Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-50-54/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар урьд ял шийтгүүлж байсан гэжээ. /хх-55/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 178 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-62/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-65/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Аы гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Т.Аы нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.А нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, Их-Уулд үйл ажиллагаа явуулах “Хайрхан” дэлгүүрийн хажууд байрлах “Төрийн банк”-ны Өмнөговь салбарын бэлэн мөнгөний автомат машины /АТМ/ дэлгэцийг хагалан гэмтээсний улмаас 1.414.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гын “...Өмнөговь аймгийн төрийн банканд ажилладаг өглөө болгон аймгийн дотор байгаа Автомат бэлэн мөнгөний машинаа тойрч шалгадаг юм. Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 6 дугаар баг Их-Уул хороололд байх Хайрхан дэлгүүрийн хажууд талд манай автомат бэлэн мөнгөний машин байрладаг.Тухайн автомат бэлэн мөнгөний машинаа шалгахад дэлгэц нь хагарсан байхаар нь зургийг нь дараад камер шүүхэд Хархан дэлгүүрийн гадаа саарал өнгийн такси зогсоод таксинаас 1 хүн буугаад манай АТМ руу ороод гүйлгээ хийхийг оролдсон амжилтгүй болоод картаа АТМ-д хураалгасан бичлэг байсан. Тухайн залуу Хайрхан дэлгүүрийн гадна талд байсан чулууг аваад эргэж АТМ-ны хажууд очоод чулуугаар АТМ-ийн дэлгэцийг цохиж хагалсан тухайн камерын бичлэгийн он, сар, өдөр 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 21 шилжих шөнийн 00:15 цагаас 00-40 минутын үед болсон байсан. Тэгээд цагдаад байгууллагаа төлөөлж өргөдөл гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-14-15/, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 791 дугаартай “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний “ Бэлэн мөнгөний машины дэлгэц 1 ширхэг 1.414.000 төгрөг гэсэн дүгнэлт /хх- 30/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-08/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-14/, СД бичлэг /хх-15/, шүүгдэгч Т.Аы үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн АТМ буюу Төрийн банкны бэлэн мөнгөний автомат машинаар үйлчлүүлэх үедээ картаа залигуулсан, мөнгөө авч чадсангүй гэх шалтаг шалтгаанаар чулуугаар бэлэн мөнгөний автомат машины дэлгэцийг цохиж хагалан гэмтээсэн байна.
Шүүгдэгч Т.А нь хувийн байдлын хувьд 33 настай, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын Музейн барилга дээр дотоод засал чимэглэлчнээр ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар оршин суух, урьд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх шүүхийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-49/, Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-50-54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 178 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-62/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-64-65/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт: Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.
Шүүгдэгч Т.Аы гэмт үйлдлийн улмаас Төрийн банканд 1.414.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Төрийн банк нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38/729 дугаартай албан бичгээр тус банкийг төлөөлж “Өмнөговь” салбарын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн О.Г /КК84112316/-г томилж, хавтаст хэргийн хүрээнд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болох нь хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-19-20/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/, Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 38/729 дугаартай албан бичиг /хх-43/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан тул Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гад учирсан 1.414.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Т.А нь 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкны 210000000013 дугаартай дансанд 1.260.000 төгрөгийг, шүүх хуралдаанд завсарлага авч 154.000 төгрөгийг бэлнээр хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гад тус тус төлж хохирол төлбөрийг барагдуулсан болох нь төрийн банкны орлогын мэдүүлэг, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нарын гарын үсэг зурж баталгаажуулсан “хохирогч О.Г миний бие шүүгдэгч Т.Ааас хохирлын мөнгө 154.000 төгрөгийг бэлнээр авч хохиролгүй болсон” гэх хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Аыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Аы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Улсын яллагч Л.Солонго шүүх хуралдаанд: Шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд: Шүүгдэгч Т.А нь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Т.А өөрийн гэм бурууг ойлгож байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү? гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч Т.Аы хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгдэгч Т.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 35 сантиметр урттай, 20 сантиметр өргөнтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овгийн Тын Аыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.А хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Гад эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрт 1.414.000 /нэг сая дөрвөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Т.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 35 сантиметр урттай, 20 сантиметр өргөнтэй 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
8.Төрийн банкны камерын бичлэг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ