Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ш-ын Год холбогдох эрүүгийн 2135000000011 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд Увс аймгийн  суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн оршин суух, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй Б овогт Ш-ын Г /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ш.Г нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Ц.Бтай хувийн таарамжгүй харилцааны буюу малын бэлчээрээс болж маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Ш.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь Увс аймгийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Ц.Быг зодсон болох нь:

- хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие 2021 оны 01 сарын 06-ны өдөр 12 цагийн орчим Увс аймгийн нутаг Хэц давааны ам гэх газар өөрийн эзэмшлийн 500 гаруй бог малыг морьтойгоо хариулж явсан. Тэр үед манай авга болох Ш.Г бас өөрийнхөө малаа хариулж явсан. Тухайн мал хариулж байсан газар нийтийн бэлчээрийн газар бөгөөд Ш.Г болон манай мал бэлчдэг газар юм. Би адуугаа сураглах гэж сүлжээтэй газар руу гарч Үмбэл, Болдоо гэх хүмүүстэй утсаар ярьж байх хооронд манай мал зүүн талын гангаар гарч явахаар нь эргүүлэх санаатай доошоо явж хонио буцаагаад эргүүлж өөрийнхөө талд гаргасан. Тэгтэл Ш.Г ах морьтойгоо давхиж ирсэн. Би сайн байна уу Ганаа ах гэж мэндлэхэд Ш.Г ах цулбуураар нуруу тус газар нэг удаа шавхуурдаж “чи намайг доромжиллоо, миний бэлчээр идүүллээ” гэж хэлэхээр нь “надад тийм зүйл байхгүй, утсаар ярих хооронд танай тийшээ гарчихлаа, буцаагаад эргүүлээд явж байна” гэж хэлсэн. Тэгтэл чамайг “ална даа” гээд мориноосоо буухаар нь би шууд зугтсан. Ш.Г ах миний араас хөөж чулуу шидсэн. Морьтойгоо зэрэгцэж ирээд над руу чулуу шидэхэд миний зүүн талын дух руу хальт цохигдсон. Би түүнийг намайг чулуугаар цохиж алах юм байна гэж бодоод мориноосоо буугаад сууж байтал Ш.Г ах мориноосоо бууж ирээд чи дандаа миний бэлчээр идэж байдаг гэхээр нь “би таны бэлчээрийг идүүлсэн юм байхгүй шүү дээ, би буцаагаад эргүүлээд явж байсан” гэж хэлсэн. Тэгтэл Ш.Г ах миний нүүрэн тус газар / нүд хамар, нүүр/ хэсгээр 2-3 удаа гараараа цохиод авсан ба ямар чанга гартай юм бэ гэж бодоод гарын бариад авсан чинь баруун гартаа адууны хомоолын хэмжээтэй чулуу атгачихсан байсныг тавиулсан. Тэгээд миний зүүн талын нүд хөхөрч, хамраас нэлээд цус гарсан. Би Ш.Г ахыг “та одоо болиоч ээ, танай бэлчээр рүү мал явуулахгүй, та намайг зөндөө цохилоо шүү дээ” гэж гуйсаар байгаад явуулсан. Тухайн үед Ш.Г ах “чамайг цохисоор байгаад ална” гэж уурлаад байсан. Би Ш.Г ах явсны дараа гэртээ ирсэн. Гэрт ирэхэд эхнэр Отгонжаргал байсан ба нүд, хамар өвдөөд байхаар нь өвчин намдаах эм уугаад унтсан ба сэрэхэд сумын төвөөс эмч Энхцэцэг, цагдаа Нямжав нар манай гэрт ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар надаас асууж сумын төвд авч ирж эмнэлэгт үзүүлсэн юм. Эмч аймаг руу явж зураг авхуул гэж хэлсэн. Одоо миний зүүн талын нүдний угаар болон зүүн талын хамар битүүрээд өвдөж байна. Би тухайн өдөр эрүүл байсан, архи дарс хэрэглээгүй. Ш.Г бас архи дарс хэрэглээгүй эрүүл байсан юм. Би Ш.Гыг зодож цохисон зүйл байхгүй намайг цохиод байхаар нь өөрийгөө хамгаалж 2 гарын барьж түлхэлцэж, ноцолдсон. Тэгэхгүй бол намайг дахин дахин цохиод байсан юм. Өнгөрсөн жил бид 2 бэлчээрээс болж маргалдаж намайг шалгуулсан. Би ч гэсэн хариуцлага хүлээж арга хэмжээ авхуулсан. Тийм болохоор нь Ш.Год би гар хүрээгүй ба өөрөө цохиулж зодуулсан. Ш.Г ах бэлчээрээс болж намайг зодсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Год зодуулсны дараа аймгийн төв эмнэлэг орж, буцаж ирэхэд 40.000 төгрөгийн замын зардал, аймгийн төв эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхэд 60.000 төгрөгийн зардал гарсан. Хоолонд орж, бусад газар луу явж такси хөлслөхөд 30000 төгрөг гарсан. Нийтдээ 130.000 төгрөгийн зардал гарсан. Надад хохирлын талаарх баримт байхгүй. Ш.Г надад учруулсан хохирлыг төлж өгнө гэж хэлсэн. Надаас Г ахад гомдож, санах зүйл байхгүй. Тэр хүнээс нэхэмжлэх ч зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 8-р тал/,

- гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний утас руу Ц.Б гэгч хүний эхнэр Д.О гэгч над руу залгаж миний нөхөр Ц.Быг Ш.Г гэгч бэлчээрийн маргаанаас болж зодсон байна, зүүн талын хөмсөг, шүд орчим хөхөрч цустай холигдож гэртээ ирлээ, энэ хүнд арга хэмжээ авч өг гэж дуудлага өгсөн. Тухайн үед эмнэлгийн жижүүрээс бас над руу ярьсан. Тэгэхээр нь эмнэлгийн дуудлагын машинд дайгдаж 3 дугаар багийн нутаг Бага давааны ам нэртэй гэх газарт байх Ц.Бын гэрт очсон. Тэгтэл Ц.Б гэрийнхээ баруун талд хэвтэж байсан. Эмч Э.Э Б-г босгож биед нь үзлэг хийсэн. Би Б-аас юу болсон талаар тодруулж асуухад Ш.Г гэдэг ах бэлчээрийн маргаанаас болж намайг чулуугаар цохиж зодлоо гэж хэлсэн. Тэгээд Б-ын гэрээс гарч Ш.Гын гэрт очиж ямар асуудлаас болж маргалдаж, хүн зодсон талаар асуухад Ш.Г нь “би бэлчээрээс болж уурандаа Б-ыг зодчихлоо, танайд дуудлага өгсөн үү” гэж өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

- гэрч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц овогтой Б нь миний нөхөр юм. Ц.Б 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед бог малаа гаргаж бэлчээсэн. Тэгээд 12 цагийн үед Ц.Б гэртээ буцаж ирсэн ба ирэхдээ нүүр, амнаас цус гоожсон байдалтай ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Ш.Г ах бэлчээрийн маргаанаас болж намайг зодлоо, толгой, нүүр лүү чулуугаар цохиж ийм болголоо гэж хэлэхээр нь би сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгч мэдэгдсэн юм. Ц.Б ихэнхдээ зүүн талын нүд, нүүр, хамар, хэсгээрээ гэмтэл авчихсан байсан. Ц.Б, Ш.Г хоёр урьд өмнө бэлчээрээс болж маргалдаж байсан ба өнгөрсөн жил Ц.Б, Ш.Гтой бэлчээрийн маргаанаас болж биед нь халдаж торгуулийн арга хэмжээ авхуулсан юм. Жилээс жилд маргалдаж байгаа бөгөөд Ш.Г ах өөрөө ирж бэлчээрээс болж хэрүүл маргаан хийдэг юм. Уг нь бэлчээрийн газар нь нийтийн бэлчээрийн газар юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

- гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээр байтал үдээс хойш 15 цагийн орчим 3-р багийн нутаг тэмээн дэрс гэх газар бэлчээрийн маргаанаас болж хүн зодуулсан байна гэх дуудлага ирсэн. Би жолооч Б, цагдаа Б.Н, олон нийтийн цагдаа С.О нарын хамт уг дуудлагад очиход Ц овогтой Б гэдэг 36 настай, эрэгтэй хүн гэртээ хэвтэж байсан. Тухайн хүний биеийн үзэхэд зүүн талын нүд хөхөрч хавдсан, зүүн шүдний соёо хөдөлсөн, дээд уруул шалбархайтай, артерийн даралт 160-100-ийн хэлбэлзэлтэй, хамар дээр дарж үзэхэд эмзэглэлтэй толгойны дээд оройн хэсэг хавантай байхаар нь өвчин намдаах тариа, даралт буулгах эм өгч, сумын төв рүү аваад ирсэн. Тухайн үед 2 дугаар шатлал руу эмчилгээ оношилгоо, зөвлөгөө авхуулахаар карт хөтөлж зөвлөсөн. Ц.Бын биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Өөрийнх нь хэлж байгаагаар бусдад зодуулсан гэж хэлсэн нүүр, толгойнд байгаа ялзархай Шх, хавдалтыг чулуугаар цохисон гэж өөрөө тэгж хэлж” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

- Шүүгдэгч Ш.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 10 цагийн орчим бог малаа гаргаж Улаан дүмбүү гэх газарт хариулж байсан. Тэгтэл манай баруун дээд талд байдаг Ц.Б гэгч зээ дүүгийн бог мал манай малын ойролцоо ирсэн ба араас нь Ц.Б морьтойгоо давхиж ирээд эргүүлсэн. Тэгэхээр нь Б-ын хажууд морьтойгоо давхиж очиход Ц.Б сайн байна уу Г ах гэж мэндэлсэн. Тэгэхээр нь би сайн юу байна гэж хэлээд яагаад намайг доромжлоод малаа манай бэлчээр лүү явуулаад байгаа юм бэ гэж асуухад Ц.Б миний урдаас чи миний нагацын буянд хоол идэж байж, наад хэдэн малдаа юугаа идүүлдэг юм бэ чи гэж хариулсан. Тэгээд гэнэт миний уур хүрээд Ц.Б-ыг шууд араас нь мориороо хөөж хажууд нь зэрэгцэж ирээд нуруу тус газарт нь цуулбараас барьж аваад Ц.Б -ыг татаад буулгасан. Тэр үед бид хоёр заамдалцаж барьцалдаж авсан. Би доошоо тонгойтол миний гарт чулуу баригдахаар нь баруун гараараа атгаж байгаад Ц.Бын нүүр, толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл Ц.Бын хамар,амнаас нь цус гарч би чамайг цусгүй алсан байхад чамайг өмөөрдөг хэн байдаг юм бэ гэж хэлээд миний гарт байсан чулууг тавиулсан, тэр үед би “миний хүү намайг өмөөрнө” гэж хэлсэн. Тэгтэл Ц.Б “Хумбанаа чиний хүүхэд биш, тэр чинь хоноцын шээс, хар авгай та хоёр юутай байсан юм” гэж над руу нулимаад хэл амаар доромжлоод хоёулаа эр хүн шиг үзчихье гэхээр нь би “ах нь чамайг дийлэхгүй, сая би хэтрүүлчихлээ, миний зүрх өвдөөд” гэж хэлээд уучлалт гуйж гэртээ харьсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Ц.Бын биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны цуурсан хугарал, хамрын нурууны зүүн талд, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацар, хамрын нурууны зүүн талд, дээд уруул, уруулын салстад зулгаралт гэмтэл учирсан байна.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд болон хамар ясны цуурсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Биеийн гадаргууд учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нийлээд биеийн гадаргууд учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. Ц.Бын биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-29-р тал/-ээр хохирогч Ц.Бын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ш.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Бын Зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын хөндийд цус хуралдалт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ш.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ш.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ш.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Г урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 64-р тал/-аар тогтоогдож байна

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Н.О-ийн өгсөн: “Би Ш.Гтой танилцаад 33 жил болж байгаа бөгөөд Сүүлд 2012 онд Г Улаанбаатар хотоос ирж хоёулаа хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр дундаа тусдаа гарсан нэг хүүхэдтэй юм. Хунт багт мал хариулж амьдардаг Ш.Гын хувьд суманд модны үйлдвэрт, банканд ажиллаж байгаад бэртэл аваад Улаанбаатар хот руу явсан. Одоо надтай хамт мал маллаж байгаа юм. Ш.Г нь зан аашны хувьд тайван, олонтоо харьцдаг, амар уурлаад байдаггүй, төлөв даруу бусдад тусархаг зантай 2020 оноос хойш Ц.Б гэх залуутай бэлчээрээс болж хэд хэдэн удаа маргалдсан. Биеийн байдлын хувьд ходоодны Шхтай, зүрхээр нь хатгаж өвддөг юм. Ер нь бид хоёр гэр орондоо эвтэй найртай, хоорондоо хэрэлдэж маргалддаг зүйл байдаггүй юм” гэх  мэдүүлэг /хх-ийн -16-17-р тал/, гэрч А.О-ын өгсөн: “Ш.Г хүүхэд байхаас эхлээд даруу, дөлгөөн зантай хүн байсан. Одоо ч хүртэл тийм байгаа, нэг их юманд уурлаж уцаарлаад байдаггүй, төлөв даруу, тайван хүн юм. Бид хоёр 1972-1980 он хүртэл нэг ангид хамт сурч найзалж нөхөрлөсөн. Бие биенийхээ гэрээр орж гардаг, байнга харилцаатай байдаг юм. Ш.Г нэг их архи дарс хэрэглээд байдаггүй, төгсгөлтийн уулзалт зугаалга янз бүрийн арга хэмжээнд хүртэл хүртэл архи ууж байгааг нь хараагүй юм байна. Одоо эхнэртэйгээ хамт мал маллаж амьдарч байгаа. Их хөдөлмөрч, бусдад тусархуу хүн юм. Ш.Г найз нөхөдтэйгөө нийлэмжтэй, дуу цөөтэй, энгийн харилцаатай байдаг. Найз нөхөдтэй зүгээр харьцдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/ хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчтай тохиролцож ирүүлсэн торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Г-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ш-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Год 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.  Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Год шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ