Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/02

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Цагаанбандийн Гантулга Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбатын Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гантулгад холбогдох 2023000000139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Булгийн эх 1-1 тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Халх боржигон овогт Цагаанбандийн Гантулга /Регистрийн дугаар: ИЭ72043053/

Шүүгдэгч Ц.Гантулга нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн газрын зохицуулагч цагдаа ажилтай Р.Мөнхбаатарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Р.Мөнхбаатар, иргэний нэхэмжлэгч С.Ганбат, Н.Чинбат нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүх хуралд оролцохгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Халх боржигон овогт Цагаанбандийн Гантулга /явган зорчигч/ нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг Улиастай захын урд талын зам дээр С.Ганбатын жолоодож явсан 2401 ЗАА улсын дугаартай Пробокс маркийн машин руу чулуу шидэж урд талын салхины шилийг хагалсан, мөн 76-26 ЗАА улсын дугаартай T.Runix маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан Н.Чинбатын автомашиныг гартаа барьж байсан модоороо цохиж пиво, чулуу зэргийг шидэж урд крилог хонхойлгосон байна. Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийг таслан зогсоохоор шаардлага тавьсан цагдаагийн албан хаагч Р.Мөнхбаатарын шаардлагыг эсэргүүцэж түүний гар руу модоор цохиж, гар утсыг нь шидэж хагалсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Ц.Гантулгад шаардлага тавихад тэрээр шаардлагыг эсэргүүцэж өөрийг нь модоор цохисон талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Р.Мөнхбаатарын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Замын цагдаагийн байнгын постонд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Улиастай захын урд зам дээр хяналт шалгалт хийгээд явж байхад нэг иргэн ирээд машины цонхыг хоёр хөлгүй залуу хагалчихлаа гээд хэлсэн. Тэгэхээр нь би нийтлэг үүргийнхээ дагуу яваад очоод “юу болсон, яасан бэ” гэсэн чинь тэр хоёр хөлгүй залуу “чамд хамаа байхгүй пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний хууль бус үйлдлийг таслан зогсоохоор бусдын эд зүйлийг устгаж гэмтээх үйлдлээ зогсоо гэсэн шаардлага тавьсан, гэтэл гартаа барьсан байсан богино модоор баруун талын гарын сарвууны ар хэсэг рүү хоёроос гурван удаа цохисон. Би Цагдаагийн газрын жижүүрийн утас руу залгаж дуудлага өгөх гээд өөрийн А-51 маркийн гар утсаа өмдний зүүн талын халааснаас гаргаж иртэл тэр хөлгүй залуу гараас утсыг маань булааж аваад зам дээр шидээд хагалчихсан. Тэгээд удаагүй жижүүрийн жолооч ирээд машиндаа суулгаад цагдаа руу аваад явсан. Би ерөнхийдөө “бусдын эд зүйлийг устгаж гэмтээх үйлдлээ зогсоо” гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл эсэргүүцээд ахиад нэг автомашины крило руу нь лаазтай пиво шидсэн...” гэсэн мэдүүлгээр, Иргэний нэхэмжлэгч, гэрч Н.Чинбатын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр Улиастай захын урд замаар өөрийн эзэмшлийн T.Runix маркийн автомашинтайгаа баруун тийшээ явж байсан. Тэгсэн хоёр хөлгүй Улиастай зах дээр яваад байдаг залуу зам голлоод ороод ирсэн. Тэгэхээр нь би машинтайгаа зогсоод яваад өнгөрөх байх гээд хараад зогсож байтал шууд ирээд машины баруун урд талын крило руу гартаа барьж явсан модоор нүдсэн. Бас ууж явсан пиво, чулуу зэргээр машин руу шидсэн. Тэгээд би яахаа мэдэхгүй дэмий аргадаад байж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Улиастай суманд хоёр хөлгүй ганц бие ядарсан залуу яваад байдаг гэдгээр нь танина. Түүнээс төрөл садан, найз нөхөд, өс хонзонгийн асуудал байхгүй. Би ямар сайндаа ядарсан хөлгүй хүн гээд зам тавьж өгөөд өнгөрөөх санаатай зогссон чинь ирээд модоороо машин руу цохичихсон. Цагдаа юу болоод байна гээд яваад очсон цагдаагийн гар утсыг булааж аваад зам дээр шидчихсэн. Тэгээд барьж явсан модоороо тэр цагдааг цохиод байсан. Би хүүе яаж байна гэсэн чинь ална гээд модоороо цохиод байсан. Тэр цагдаагийн гар утас лав эвдэрсэн. Цагдаа очоод хүний машиныг цохиж эвдэж гэмтээж болохгүй та одоо замаас гараад яв гэсэн чинь урдаас нь юу яриад байгаа юм бэ? чамайг ална гээд урдаас нь шууд гартаа барьсан модоороо цохисон...” гэсэн мэдүүлгээр, Иргэний нэхэмжлэгч, гэрч С.Ганбатын “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улиастай захын урд талын зам руу нийлдэг уулзвар дээр Улиастай зах руу орох чиглэлтэй уулзвар луу ортол урдаас хоёр хөлгүй залуу машины урдаас хоёр удаа чулуу шидээд автомашины маань урд салхины шилийг хагалчихсан. Тэгээд зам дээр зогсож байсан цагдааг дуудаад машины шил хагалчихлаа гээд хэлсэн чинь тэр цагдаа залуу дээр яваад очоод уулзсан чинь нөгөө хөлгүй залуу цагдаагийн урдаас хэрэлдээд байх шиг байсан. Би нилээн алс зогсчихсон холоос харж байсан учраас юуны талаар юу гэж ярилцсаныг нь мэдэхгүй байна. Нилээн олон хүмүүс тойроод хараад зогсож байсан. Тэр хөлгүй хүн цагдаагийн урдаас эсэргүүцээд гар утсыг нь булааж аваад зам дээр шидэж байгаа харагдсан. Бас наана нь нэг машин ирээд зогссон чинь тэр машины крило руу барьж явсан модоороо цохиод, ууж явсан пиво шидээд байсан. Тэгээд удалгүй цагдаагийн машин ирээд аваад явсан. Тэр залуу согтуу байна гэж бодсон. Тэр нилээн согтуу болоод тэгж машин руу юм шидэж байгаа байх. Намайг уулзвар луу орох үед замын цаад хашлага дээр зогсож байгаад урдаас чулуу аваад шидчихсэн. Тэгээд миний автомашины урд салхины шил хагарчихсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ц.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улиастай захын урд архи уусан байж байгаад урдаас ирсэн машин луу чулуу шидсэн тэгтэл урд салхины шил нь хагарсан. Бас хажуугаар явж байсан машиныг барьж явсан модоороо цохисон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирээд би баахан цагдаатай хэрүүл хийгээд цохиж барьсан гэтэл Фургон машин ирээд намайг аваад цагдаа дээр ирсэн. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ойролцоогоор 300 грамм орчим архи уусан байсан. Би тийм их согтуу биш байсан. Би замын хажуу талын элсэн дээрээс чулуу аваад урдаас ирж явсан автомашин луу шидээд байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Р.Мөнхбаатарын биед гэмтэл учирсан боловч уг гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0000000338 дугаартай “...1.Иргэн Р.Мөнхбаатарын биед баруун гарын сарвуунд хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүснэ. 2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. 3.Тухайн гэмтэл нь гадны цохилтын улмаас үүснэ. 4. Иргэн Р.Мөнхбаатарын биед баруун гарын сарвуунд хавдар гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч Р.Мөнхбаатарт 100000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын шинжээч Б.Баярмаагийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “...1.Samsung A-51 маркийн гар утасны урд талын шилэн нүүрийг засварлах 100.000 төгрөг...” гэсэн үнэлгээгээр, Иргэний нэхэмжлэгч С.Ганбатад 140000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын шинжээч Б.Баярмаагийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “...1.Probox маркийн автомашины урд салхины шил 140.000 төгрөг...” гэсэн үнэлгээгээр, Иргэний нэхэмжлэгч Н.Чинбатад 30000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын шинжээч Б.Баярмаагийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “...1.T.Runix маркийн 76-26 ЗАА улсын дугаартай автомашины баруун урд крилог засварлах 30.000 төгрөг...” гэсэн үнэлгээгээр тус тус тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлгийн агуулга болон өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хохирогч Р.Мөнхбаатар нь Завхан аймаг дахь Цагдаагийн газар зохицуулагч цагдаагаар ажилладаг бөгөөд тухайн үед хохирогч нь албан үүргээ гүйцэтгэж явсан нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Завхан аймгийн Цагдаагийн газрын жижүүр эргүүл, саатуулах байранд ажиллах алба хаагчдын томилгоогоор нотлогджээ. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавих бүрэн эрхтэй ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Шүүгдэгч Ц.Гантулга нь цагдаагийн албан хаагч Р.Мөнхбаатарын албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан “ бусдын эд хөрөнгийг гэмтээж байгаа үйлдлээ зогсоо” гэсэн шаардлагыг эсэргүүцэж түүнийг модоор цохисон үйлдэл Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхолд хүч хэрэглэн халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Гантулга нь хохирогч Р.Мөнхбаатар, иргэний нэхэмжлэгч Н.Чинбат нарт төлөх төлбөргүй болох нь тэдний шүүхэд гаргасан “шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна. Ц.Гантулга нь иргэний С.Ганбатын машины цонхны шилийг хагалсан үнийг төлөөгүй учир Ц.Гантулгаас 140000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Ганбатад олгуулах нь зүйтэй байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч С.Ганбатад 140000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н.Чинбатад 30000 төгрөгийн хохирол учирсан боловч түүний бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Мөн уг үйлдлийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг түүний хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй. Эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдохгүй тохиолдолд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх үндэслэл болохгүй. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирол төлбөргүй гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч нь эрүүл мэндийн байдлын хувьд “ гуя, шилбэ нэг түвшинд мухар” гэсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвараа 70-90 хувь алдсан нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2429 дугаартай актаар тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Гантулгад Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба 1986 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн б-д зааснаар хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй учир ялгүй болсон байна. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон эрүүл мэндийн байдлын хувьд хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халх боржигон овогт Цагаанбандийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 07 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 189 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гантулгад тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ц.Гантулгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гантулгаас 140000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч С.Ганбатад олгосугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ