Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, /онлайнаар/

Өмгөөлөгч С.Ганбат, /онлайнаар/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О, /онлайнаар/

Өмгөөлөгч С.Мөнхтулга, /онлайнаар/

Шүүгдэгч Х.Е,

Өмгөөлөгч Э.Наранцацрал,

 Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ха-ын Е-д холбогдох 2028002450173 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..........................................................., 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Е нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ӨМҮ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а, 3.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах засмал замын 30 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ег яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Е шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч Ч.М, Б.О нараас уучлалт гуйж байна. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 9 аймгийн сумын Тамгын газрын ажилчдын уулзалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт зохион байгуулагдсан. Манай тамгын газраас ажилчдаа гурав, гурваар нь хуваагаад аймаг, аймгаас ирсэн хүмүүст үйлчлүүлсэн. Би тухайн өдрийн урьд шөнө 02 цагт өөрийн машиндаа унтсан. Өглөө босоод хүмүүсээ хоолонд оруулаад аймгууд явцгаагаад эхэлсэн. Бид нар өглөө нь айраг уусан. Би зуслан дээрээс хөдлөхөд манай машинд Б, Ою, О, М нар суусан.  Бид нар явж байгаад замдаа бие зассан тэгээд хөдлөөд жоохон явж байгаад дугуй сонин болж би замаас гарсан. Дугуй хагарсан ч байж магадгүй. Тухайн үед би их хурдтай яваагүй 60-70 километр цагийн хурдтай явж байсан. Нэг мэдэхэд л осол болчихсон байсан. Миний буруу байгаа. Хохирогч Ч.М намайг очиж эргээгүй гэсэн зүйлийг ярьсан байсан. Би нэг удаа очиж эргэсэн. Тэгээд хохирогч нарт нэг нэг сая төгрөг өгсөн. Хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэврийг авч О-д 1,000,000 төгрөг өгсөн. Сая жилийн эцсийн цалингаа авч Ч.М-д 2,000,000 төгрөг төлсөн. Би өөрийн боломжоороо хохирол төлбөрөө төлж байгаа гэж бодож байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг өөрийн хэмжээнд төлнө гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Говь, Хангайн бүсийн сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт болно гээд Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын ажилчдаас 22 ажилтан 2 машинаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт ирцгээсэн. Өмнөговь аймагт ирээд сургалт зөвлөгөөн болоод хуваарийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Гурвансайхан уул руу явцгаасан. Бид нарт Ёлын ам үзүүлээд дараагаар нь Буянт зуслан руу явсан. Зуслан руу явж байхад манай автобус эвдрээд би Өмнөговь аймгийн хүн учраас ах, дүү нар руугаа яриад сэлбэг авахаар Засаг даргын жолоочтой буцаж аймагт ирж сэлбэг аваад буцаж шөнө 1 цагийн үед янзлаад Буянт хүүхдийн зуслан дээр очиход манайхан галын  наадам хийгээд байж байсан хоол унд ч байхгүй дууссан гэж байсан.Тухайн үед би маш их ядарсан байсан. Миний биеийн байдал ч тааруу байсан. Миний саахар, даралт ихсээд өрөөндөө ороод унтаад өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө нь бие өвдөөд тааруухан байсан болохоор арай зөөлөн юм бол уу гэж бодоод Х.Е-ны машинд суусан. Тухайн үед ийм үйл явдал болно гэж яаж мэдэх вэ тэгээд удалгүй машин осолдсон. Машин замаас гарлаа гээд би айгаад ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд газар хэвтэж байсан. Миний хувьд архи уугаагүй байсан. Миний биеийн байдал маш их гэмтсэн. Миний ууц, нуруу, аарцаг яс хугараагүй яс байхгүй. Гэмтлийн эмнэлэгт 2 сар хэвтэхэд 10-аад хоног ухаантай, ухаангүй хоёрын хооронд байсан. Саахарын хэмжээ ихсэж хагалгаанд орж чадахгүй удсан. Тэр үед надтай ирж уулзаагүй. Гэмтлийн эмнэлгээс хагалгаа хийсэн гар гэж хэлсэн. Би өөрөө босож чадахгүй байсан. Нацилкаар зөөлгөж Манал-Оточ эмнэлэгт очиж хэвтсэн. Тэр эмнэлэгт хэвтэж байх хугацаанд шүүгдэгч нэг удаа ирж уулзаад надад мөнгөний хэрэг байна гэхэд одоо шийднэ гээд явсан түүнээс хойш дахиж уулзаагүй. Миний хувьд маш их гомдолтой байна. Эрүүл мэндийн байдал минь эргээд хуучин шигээ болох боломжгүй болсон. Маш их олон хадаасаар хадуулсан. Маш их айж цочролд орсноосоо болж элэг цөсний үйл ажиллагаа муудсан. Цөсний хагалгаанд яаралтай орох эмч нарын дүгнэлт гарсан байгаа. 11 сарын байдлаар гарсан зардлаа баримтаар гаргаж өгч явуулсан байгаа. 11 сараас хойш 3-4 сая төгрөгийн зардал гарсан. Түүнийхээ баримтыг бүрдүүлж байгаа. Хохирлыг минь нэн яаралтай барагдуулж өгнө үү? гэсэн хүсэлтэй байна. Хөдөлмөрийн чадвараа 50-с дээш хувь алдсан учраас ажилдаа орох боломжгүй байгаа. Банканд их хэмжээний зээлтэй. Нөхрийнхөө цалингийн зээлийг ахиулж авсан. Охиноо хажуудаа авч асруулж байгаа урчаас бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие Говь, Хангайн бүсийн сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт болно гээд Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын ажилчдаас 22 ажилтан 2 машинаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт ирцгээсэн. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө нь 12 цагийн үед буцах гэж байсан. Тухайн үед би Х.Е, Б хоёрын ачааг зөөж тусалж байх хооронд манай автобус хөдлөөд явсан байсан. Тиймээс тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан байгаа. 2 хоногийн хугацаанд үйл ажиллагаа зохион байгуулагдаж энэ үед Х.Е эгчтэй танилцсан байсан учраас тухайн тээврийн хэрэгсэлд суусан. Явж байх үед тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байгаа. Тухайн үед би сэрүүн байсан учраас хурдаа хасаач гэж хэлсэн. Машин баруун талаараа унах шиг болсон. Нэг мэдэхэд гадаа хэвтэж байсан.  Гэмтлийн эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүргэгдсэн.  Тухайн үед миний биед учирсан гэмтэл нь зүүн хөлийн дунд чөмөг бяцралттай, сүүжний яс хугаралтай, хоёр уушги хоёулаа бяцралттай, духны хэсгээр цус хуралттай гэсэн оноштой байсан. Одоогийн байдлаар таяг тулж явж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эмнэлгийн байгууллагаас миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон. Цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон байгаа. Баримтаар эмчилгээний зардалд 5,413,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 2,000,000 төгрөг төлсөн. Эмчилгээний зардал нэхэмжилсэн мөнгөнөөс их гарсан ч баримтаар 5,413,000 төгрөг гарсан. Миний хувьд одоогийн байдлаар гомдолтой байгаа учир нь эмчилгээ зардлаа гаргуулж аваагүй байгаа. Одоо 4,143,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газарт эрүүл ахуйч эмч албан тушаалд ажилладаг. Говь, Хангайн бүсийн сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт болно гээд Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын ажилчдаас 22 ажилтан 2 машинаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт ирцгээсэн. Өмнөговь аймагт ирээд сургалт зөвлөгөөн болоод хуваарийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Гурвансайхан уул руу явцгаасан. Бид нарт Ёлын ам үзүүлээд дараагаар нь Бунт зуслан руу явсан. Зуслан руу явж байхад манай автобус эвдрээд би Өмнөговь аймгийн хүн учраас ах, дүү нар руугаа яриад сэлбэг авахаар Засаг даргын жолоочтой буцаж аймагт ирж сэлбэг аваад буцаж автобусан дээрээ очоод автобусаа янзлаад Буянт хүүхдийн зуслан дээр очиход манайхан галын наадам хийгээд шагналаа гардуулж байсан. Би тэнд очиж жаахан байж байгаад ядраад байхаар нь өрөөндөө ороод унтаад өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө нь 09 цагт цайндаа ор гээд дуудахаар нь цайны газарт очиж бантан идсэн. Тэгээд буцах гээд Өвөрхангай, Архангай аймгийн ажилчид зуслан дээрээс явцгаасан. Тэр хоёр аймгийн хүмүүс гаргаж өгцгөөгөөд Даланзадгад сум руу 12 цаг өнгөрч байхад зуслангаас хөдөлсөн. Манай автобусанд ачаа ихтэй байхаар нь Даланзадгад ортол гээд нутгийнхаа хүүхдийн машинд суугаад явъя гэж бодоод бид нарыг хариуцаж явсан эмэгтэйн машинд суусан. Даланзадгад сум руу хөдлөөд явж байхад манай автобус зогсоод манай ажилчид буугаад бие засацгаасан. Би машинаас буугаагүй. Хөдлөөд явж байхад гэнэт л машин онхолдчихсон. Яг яагаад онхолдсон талаар сайн санахгүй байна. Ослын газарт ухаан орж гараад дотор давчдаад юу болж байгааг ухаарахгүй байсан. Нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмчийн хэлснээр баруун талд 3, зүүн талд 2 хавирга хугарсан. Аарцаг далбан яс хугарсан, эгэмний яс хугарсан нэг талын уушги унасан байх магадлалтай гэсэн тархи толгойд гэмтэлтэй, зүүн гар хөдөлж болохгүй байна. Биеийн байдал муу байна... Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан... Санал хүсэлт гомдол байхгүй. Эрүүл мэндийн байгууллагаар явж биеэ эмчлүүлсэн зардлыг гаргуулж авмаар байна... Ослын улмаас миний эгэм хугарсан, таван хавирга хугарсан, нурууны сэртэн яс хугарсан, аарцагны яс бяцарсан, сүүжний тогоо хэсэг цөмөрсөн, толгойн баруун хэсэгт цохигдоод толгой маш их өвдөж байгаа. Зүүн гарын унд, ядам, чигчий хуруунууд атгаж чадахгүй мэдээгүй байгаа. Баруун хөл хатангиршиж мэдээгүй болон гишгэж чадахгүй байна. Мөн өөрөө өндийж ч чадахгүй байгаа. Одоо тааруухан байна. Эмчилгээ хийлгээд эмчлүүлээд байгаа боловч өнөөдрийг хүртэл босч чадахгүй байна. Эмчийн хэлснээр 6 сар босохгүй хэвтрийн дэглэм барина гэж хэлсэн. 6 сарын дараагаар 4 хөлтэй сандал тулж бос гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэгт 29 хоног хэвтэж байхад манайхаас хийх эмчилгээ үйлчилгээг бүрэн хийсэн гарч гэрээрээ хэвтэж эмчлүүл гэсэн бөгөөд гэмтлийн эмнэлгээс гараад Манал-Оточ гэх хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч мөнгө төгрөгийн боломжгүй байдлаас болоод одоо хүүхдийндээ гараад хэвтэж байна. Х.Е надтай нэг ч удаа холбогдоогүй. Манай нөхөр ярьсан чинь миний бие өвдөөд байна мөнгө төгрөг байхгүй байна гэсэн шалтгаан хэлсэн гэсэн. Миний эмчилгээний зардалд ойролцоогоор 10 орчим сая төгрөг болсон би нарийн сайн мэдэхгүй байна. Манай нөхөр банкнаас 6 сая төгрөг зээлж аваад дууссан гэсэн нэхэмжлэлийн баримтыг манай хүүхдүүд бүрдүүлээд хүргүүлнэ. Тэгэхээр нь хэдэн төгрөгийн хохирол гарсан гэдэг нь тодорхой болно. Тухайн осол болох үед Е бид хоёр адилхан ажил үүргээ гүйцэтгэж явсан учраас Е нь Даланзадгад сумын тамгын газарт ажилладаг тул түүнийг ажиллуулж байгаа Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрыг иргэний хариуцагчаар хэрэгт татан оролцуулж эмчилгээний зардлыг яаралтай төлүүлэх боломжийг хангаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Миний явуулах зардлын баримтуудыг иргэний хариуцагч болон холбогдогчид яаралтай танилцуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Одоо миний биеийн байдал ийм царайтай байхад нэг ч удаа надтай харьцахгүй тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаа тул гомдолтой байна. Би хэргийн материалтай танилцаж шүүх хуралд сууна гэхдээ би босож явж чадахгүй байгаа учраас миний байгаа газарт шүүх хурлыг хийж өгөх боломж байгаа эсэхийг зохих байгууллагад нь уламжилж өгнө үү. ” /хавтаст хэргийн 30-31, 32-34 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр 2 дугаар багийн Засаг даргаар ажилладаг. Говь, Хангайн бүсийн сургалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт болно гээд Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдаас 22 ажилтан 2 машинаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт ирцгээсэн. Өмнөговь аймагт ирээд сургалт зөвлөгөөн болоод хуваарийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Гурвансайхан уул руу явцгаасан. Би Гурвансайхан уул руу явахдаа бид нарыг хариуцаж байсан хүмүүс буюу Е, Ою, Б нарын хамтаар Е эгчийн машинд суугаад явсан. Бид нар яваад Ёлын ам үзээд дараагаар нь Буянт зуслан руу явсан. Зуслан дээр очоод хуваарийн дагуу үйл ажиллагаанд оролцоод дараагаар нь галын наадамд оролцоод 23 цаг өнгөрч байхад амарсан. Маргааш өглөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө нь 09 цагт цайндаа ор гээд дуудахаар нь цайны газарт очиж цайнд орсон. Буцах болцгоогоод зуслангаас хөдөлсөн. Би Зуслангаас гарахдаа хамт ирсэн Е эгчийн машинд суугаад явсан. Би М эгчтэй юм яриад явж байхад машин дайваад эхэлсэн. Тэгэхээр нь би хурдаа хас гэж хэлсэн. Яах ийхийн зуургүй машин буруу талаараа хазайж яваад онхолдсон. Би осол болсон дараагаар машинаас яаж буусан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машинаас буучихсан гадаа хэвтэж байсан. Тэгээд эмнэлгийн машинд хэвтүүлээд эмнэлэг дээр авч ирсэн. Зүүн хөл дунд чөмгөөрөө, сүүж бас хугарсан байна. Биеийн байдал муу байна... Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Бусад хүмүүсийг би мэдэхгүй байна... Эрүүл саруул явсан бие ийм болсондоо гомдолтой байна... Одоогийн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй байна. Цаашдаа яахыг мэдэхгүй байна... Уг ослоос болж зүүн дунд чөмөг няцрал, зүүн сүүжний дэлбэн яс хугарсан, 2 талын уушги няцарсан, баруун бөөрөнд том хэмжээний цус хуралт, баруун мөр хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуяны хэсэгт няцарсан шархнууд, толгойны дээд зулай хэсэгт цус хуралт гэмтэл авсан. Одоо байнгын эмчийн хяналтад байна. Одоогоор ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байнгын хүний асаргаанд байна. Би хотод хагалгаанд орсны дараа жолооч Е согтуу байсан гэдгийг хүнээс дуулсан. Гэмтлийн эмнэлэгт 2020 оны 08 дугаар сарын 24-нөөс 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хэвтсэн. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Говьсүмбэр аймагт ирээд дахин аймгийн нэгдсэн эмнэлэгт 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн ослоос болж эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөрийн чадвараа алдаад байна. Жолооч Е-д маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар 5,416,000 төгрөгийн эмчилгээний зардал гарчихаад байна. Цаашид иргэний журмаар ажилгүй байх үеийн цалин мөнгөө нэхэмжилнэ гэж бодож байна... Замын цагдаагийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөлний хугарлаар дүгнэлт гаргасан байна. Дахин дүгнэлт гаргуулах хүсэлтээ бичсэн байгаа... Е эмнэлэгт байхад 1,000,000 төгрөг өгсөн гэсэн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй... Е-д маш их гомдолтой. Яаралтай эмчилгээний мөнгөө гаргуулж авмаар байна./хавтаст хэргийн 26-27, 46-47 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8 аймаг буюу Дундговь, Архангай, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын сумын Тамгын газрын ажилчдын уулзалт, зөвлөгөөн манай аймагт зохион байгуулагдсан. Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдыг 3 хуваагаад аймгуудыг хариуцаж авсан. Би Ою, Е бид гурав Говьсүмбэр аймгийг хариуцаж авсан. Сургалт зөвлөгөөн дуусаад хөтөлбөрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Буянт зуслан руу явсан. Зуслан дээр очиж тэмцээн уралдаан болоод тэндээ хоноод маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд аймаг руу бүгд хөдөлцгөөсөн. Миний бие Е эгчийн машинд урд суудал дээр суугаад Е эгч машинаа бариад арын суудалд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тамгын газрын ажилтан О, М нар суусан. Мөн Даланзадгад сумын 7 дугаар багийн Нийгмийн ажилтан Ою нар явцгаасан. Зуслангаас гараад би Е эгчтэй юм яриад явсан. Явж байхад машины дугуй шороон дээр гарах шиг болсон. Нэг мэдэхэд онхолдчихсон байсан. Онхолдсоны дараагаар би машин дотор сууж байсан. Би машинаас гараад ирэхэд О, М эгч хоёр машины урд талд газар хэвтэж байсан. Тэгээд байж байхад манай ажлын машин ирж намайг аваад явсан. Нөгөө хэд болохоороо түргэний машинд сууж явсан байх яг нарийн сайн мэдэхгүй байна. Тухайн үед энд тэнд хөхөрсөн толгой хагарсан зэрэг гэмтлүүд байсан одоо биеийн байдал зүгээр байна... Жолооч бид хоёр хамгаалах бүс зүүгээд явж байсан бусад нь хэрэглээгүй байсан... Би БӨЭТөвд үзүүлээд дараагаар нь Улаанбаатар хотод очиж Гурван гал гэх хувийн эмнэлэгт шинжилгээ өгөөд эм бичүүлж авсан. Эмчилгээний зардалд 1,000,000 орчим төгрөг болсон. Е эгч надад мөнгө өгч эмчлүүлсэн. Санал, хүсэлт гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

Гэрч Б.Ою мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8 аймаг буюу Дундговь, Архангай, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын сумын Тамгын газрын ажилчдын уулзалт, зөвлөгөөн манай аймагт зохион байгуулагдсан. Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын ажилчдыг 3 хуваагаад аймгуудыг хариуцаж авсан. Миний бие Б, Е бид гурав Говьсүмбэр аймгийг хариуцаж авсан. Сургалт зөвлөгөөн дуусаад хөтөлбөрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Буянт зуслан руу явсан. Зуслан дээр очиж шилжин явах цомыг гардуулж өгөөд амарцгаасан. Өглөө босоод хүмүүстээ цай унд уулгаад 12 цаг өнгөрөөгөөд аймаг руу бүгд хөдөлцгөөсөн. Миний бие болохоороо Е гээд Паркийн менежер эгчийн машинд сууж явсан байсан. Зуслангаас буцахдаа Е эгчийн машинд Даланзадгад сумын Төрийн санч Б, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тамгын газрын ажилтан О, М нарын хамтаар суугаад Е эгч машинаа бариад бид явцгаасан. Зуслангаас гараад би машины арын суудалд суугаад унтаад явсан. Манай машинд сууж явсан хүмүүс юм яриад яваад байсан. Нэг мэдэхэд онхолдчихсон байсан шоконд ороод яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ослын газар яг хаана байсан, ослын дараагаар ямар хүмүүс ирсэн гэх мэт мэдэж байгаа зүйл байхгүй байна. Одоогийн байдлаар толгой өвдөж байна. Хоёр гар бага зэрэг хавдсан, баруун хацар зулгарсан байна. Өөр нэг их гэмтэл гэх зүйл мэдэгдэхгүй байна. Эмнэлэгт толгойны рентген зураг авхуулахад одоогоор мэдэгдэх юм байхгүй байна, өнөөдөртөө гэртээ амраад өглөө ирж үзүүл гэж эмч хэлсэн... Жолооч, жолоочийн хажууд сууж явсан Б нар хамгаалах бүс зүүсэн байсан. Ард сууж явсан бид нар бүс хэрэглээгүй байсан. Санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

Гэрч И.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баяндалай сумын Баян багийн ногоон талбайгаас Даланзадгад сум орох гээд явж байхад Даланзадгад сумаас Баяндалай сум явах засмал замын 30 дахь километрт 05-66 ӨМҮ улсын дугаартай хар өнгийн машин засмал замын урд талд онхолдсон байдалтай хажуугаараа унасан байсан. Би ослын газарт ирээд зогсоход машины хажууд нэг залуу, 3 эмэгтэй байсан. Машин дотор нэг эмэгтэй байсан. Тэр машиныг тэнд явсан хүмүүстэй нийлээд хажуу талаас нь түлхээд 4 дугуйн дээр нь босгосон. Тэгчихээд би Цагдаагийн байгууллагад энд осол болсон байна гэж хэлчихээд яваад өгсөн. Би тэр хүмүүсийг танихгүй хүмүүс байсан. Осолд орсон 4 эмэгтэй, 1 залуу байсан. 4 эмэгтэй, 1 эгч нь газар хэвтэж байсан, хажууд нь нэг эмэгтэй уйлаад байсан. 1 залуу нь машины хажуу талд хэвтэж байсан. Газар хэвтэж байсан залуугаас ямар ч байсан архи үнэртэж байсан. Эмэгтэйчүүдийг нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй. Газар хэвтэж байсан эгчийн хажууд уйлаад байсан эгч яана аа би зүгээр явж байсан шүү дээ гээд орилоод байсан, өөр юм ярьж байсан хүн байгаагүй.” /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

Гэрч Р.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Бэрс финанс ББСБ”-д эрхлэгчээр ажилладаг. Энэ талаар мэдээгүй байсныг Цагдаагийн байгууллагаас сая хэлсэн. Х.Е нь манай байгууллагад “Toyota harrer” загварын 05-66 ӨМҮ улсын дугаартай автомашиныг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 11,000,000 төгрөгийн барьцаанд тавиад тээврийн хэрэгслийг унах нөхцөлтэйгөөр авсан. Одоо Х.Егийн авсан зээлийн үлдэгдэл 6,500,000 төгрөг байгаа. Одоогоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Цаашид зээлээ төлөхгүй болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй бол тухайн үед нь гомдол гаргана. /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт үйлчилгээ хариуцсан менежер хийдэг бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дундговь, Архангай, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь зэрэг 9 аймгийн сумын Тамгын газрын ажилчдын уулзалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт зохион байгуулагдсан. Манай тамгын газраас ажилчдаа гурав, гурваар нь хуваагаад аймаг, аймгаас ирсэн хүмүүст үйлчлүүлсэн. Миний бие Б, Ою нарын хамтаар Говьсүмбэр аймгаас ирсэн 22 хүнд үйлчлэхээр хуваарилагдсан. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирсэн хүмүүсийг тосож аваад парк үзүүлээд дараагаар нь Пүрэвийн баазад аваачиж байрлуулаад тэндээ хонуулсан. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн буудлагын талбайд буудлагын тэмцээн зохион байгуулсан. Б бид хоёрын хувьд буудлагын талбайд очоогүй баазаас шууд гэртээ ирсэн. 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Гурвансайхан уул руу явсан. Ёлын аманд оччихоод дараагаар нь Буянт зуслан руу  өөр өөрийн ирсэн унаагаар явцгаасан. Миний хувьд Б, Ою нарыг аваад өөрийнхөө 05-66 ӨМҮ улсын дугаартай автомашинаар явсан. Анх аймгаас уул руу гарахад Говьсүмбэрээс ирсэн. О гэдэг залуу манай машинд суугаад бид 4 хамт явсан. Буянт зуслан дээр очоод оройн хоол идээд дараагаар нь галын наадам хийгээд амарцгаасан. Би шөнө 02 цагт өөрийн машиндаа унтсан. Өглөө босоод хүмүүсээ хоолонд оруулаад аймгууд явцгаагаад эхэлсэн. Миний дааж авсан Говьсүмбэр аймгаас ирсэн хүмүүс аймагт ирээд чигээрээ зүүн тийшээ гарах байсан учраас би зуслан дээрээс Говьсүмбэрийн машиныг дагаад өөрийн машинаараа хөдөлсөн. Манай машинд Б, Ою, Говьсүмбэр аймгаас ирсэн О, М нар суусан. Говьсүмбэрийн машины араас цуваанд ороод явсан. Тэгээд явж байхад Говьсүмбэрийн ажилчдын автобус зогсоод бие засацгаасан. Би араас нь ирээд зогссон. 5 орчим минут болоход миний араас явж байсан машинууд бүгд миний өмнө гараад явчихсан би цувааны хамгийн ард орсон. Тэндээс хөдлөөд явж байгаад би замаас гарсан. Сандраад тоормоз гишгэх гэж байгаад хаазаа гишгэснээ санаж байна. Нэг мэдэхэд л осол болчихсон байсан. Осол болсны дараагаар би машинаас буух гэсэн чинь миний хаалга онгойхгүй байсан. Би арын хаалганы шилээр буусан санагдаж байна. Осол болсны дараагаар машинаас буухад М, О хоёр машины гадаа байсан. Би М эгч дээр очсон чинь амьсгаа нь их өндөр байсан. Яана аа хүн алчихлаа гээд уйлаад байж байхад замаар явж байсан машин ирээд эмнэлэг, цагдаа дуудах шиг болсон. Ямар хүн байсныг мэдээгүй. Эмнэлэг ирээд М, О хоёрыг ирээд аваад явсан. Дараагаар манай цувааг авч явсан машин ирээд Ою, Б нарыг аваад явсан. Би тэнд үлдээд хүүхэд рүүгээ хэлээд манай худууд ирж намайг аваад явж байхад цагдаа ирж байхаар нь буцаад очсон. Ийм зүйл болсон. Миний баруун чих, толгой тархи өвдөж байсан. Одоо биеийн байдал гайгүй болсон... Би машинаа бариад миний хажуу суудалд Б бүс зүүгээд явж байсан. Арын суудалд Ою, О, М нар сууж явсан. Ард сууж явсан хүмүүс нь хамгаалах бүс бүслээгүй байсан... Цаг агаар тогтуун сайхан байсан. Зам чөлөөтэй байсан... Би 70-80 км цагийн хурдтай л явсан гэж бодож байна... 05-66 ӨМҮ улсын дугаартай Харер машин байгаа. Энэ машиныг би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бэлэн мөнгөөр аваад 2020 оны 03 сард “Бэрс финанс” ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн... Тухайн осол болсон өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Урьд шөнө нь бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэж байсан.” /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 471 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О-ийн биед баруун, зүүн гуянд цус хуралт, баруун хацар, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 472 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Е-гийн биед баруун чихэнд шарх, баруун бугалга, гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, хэвлий, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 473 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Б-гийн биед баруун, зүүн шуу, баруун сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 474 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О-гийн биед зүүн дунд чөмөгний бяцарсан зөрөөтэй хугарал, зүүн сүүжний дэлбээ яс, ууц, сүүж дайрсан зөрөөтэй хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, ташаа, гуя, баруун сарвуунд цус хуралт, зулай, баруун чамархайн хуйх, баруун, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 77-79 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10338 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ч.М-гийн биед зүүн чамархай яс, хөхлөг сэртэн дайрсан хугарал, баруун талын сүүж ясны дэлбээ олон тооны ясны хэлтэрхийтэй, ууц сүүжний үе дайрсан шугаман хугарал, баруун ацетабул дайрч, ацетабулын урд ба хойд хана олон тооны жижиг ясны сэлтэрхийтэй бяцарсан хугарал, умдаг ясны их бие дээд ба доод салаа олон тооны сэлтэрхийтэй зөрүүтэй хугарал, зүүн суудал ясны төвгөр, ууц сүүжний үе дайрсан шугаман хугарал, ууцны 1, 2-р нугалмууд жижиг ясны сэлтэрхий үүсгэсэн 2 талын латериал масс хугарал, аарцаг ясны цагирагийн хэлбэр алдагдал, сээрний 5-7-р нугалмын арын сэтрэн зөрүүтэй хугарал, сээрний 12-р нугалмын баруун талын арын ламина дайрсан хугарал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.15-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О-гийн биед тархины зүүн бөмбөлгийн духны хэсэг дэх жижиг голомтот няцрал /0.6х0.4 см/, аарцаг яс, зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Аарцаг яс, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас/

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20/11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-а. Уг автотээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Үндсэн рам нилэнхүүдээ их хэмжээтэй гажсан, асахгүй, урд салхины шил цацарч цөмөрч хагарсан, урд буфер хагарч салсан, урд нүүрний тор байхгүй, шил арчигчууд хугарсан, копуд хонхойж гажсан, баруун гар талын урд, хойд хоёр дугуй хагарсан, баруун гар талын хойд багана чихэгдэж хуниралдсан, баруун гар талын хойд гэрлийн бүрхүүл шил хагарсан, арын шил хагарсан, хойд шил арчигч хугарсан, оройн хэсгийн люк хагарч багана гажсан, зүүн гар талын сууриараа байхгүй, зүүн гар талын урд хаалга, крыло хонхойж гажсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хариулт-б. Уг автотээврийн хэрэгслийн жолоодлогын болон тоормозны систем, явах эд анги зэрэг эвдрэл гэмтлүүдийг шалгаж тодорхойлох боломжгүй байна. Үндсэн рам нилэнхүүдээ их хэмжээтэй гажсан, асахгүй, урд салхины шил цацарч цөмөрч хагарсан, урд буфер хагарч салсан, урд нүүрний тор байхгүй, шил арчигчууд хугарсан, копуд хонхойж гажсан, баруун гар талын урд, хойд хоёр дугуй хагарсан, баруун гар талын хойд багана чихэгдэж хуниралдсан, баруун гар талын хойд гэрлийн бүрхүүл шил хагарсан, арын шил хагарсан, хойд шил арчигч хугарсан, оройн хэсгийн люк хагарч багана гажсан, зүүн гар талын сууриараа байхгүй, зүүн гар талын урд хаалга, крыло хонхойж гажсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хариулт-в. Тухайн автотээврийн хэрэгслийн зүүн гар талын урд, хойд дугуйнууд хийгүй хагарсан байдалтай байна. Уг дугуйнууд нь ямар хүчин зүйлийн, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Хариулт-г. Дугуй хагарсан байдалтай байгаа нь ослоос үүдэлтэй, өмнөх аль нь болохыг тодорхойлох боломжгүй байна. Тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.” /хавтаст хэргийн 70-75 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Ч-ийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Хариулт-1. 05-66 ӨМҮ улсын дугаартай Toyota harrer маркийн автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэн явсан Х.Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох..., 3.4. дэх хэсэг Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хариулт-2. Осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тээврийн хэрэгслийн тоормозны мөр, зам үүсээгүй байх тул 05-66 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Хариулт-3. Жолооч Х.Е нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7-а дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.” /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 05-66 ӨМҮ улсын дугаартай “Toyota harrer” маркийн автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэн явсан Х.Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо...хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт тээврийн хэрэгслийн тоормозны мөр, зам үүсээгүй байх тул 05-66 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Жолооч Х.Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7-а дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 664 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайланд: “эвдэрсэн эд ангиуд: кузов дан эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 6,500,000 төгрөг /солих/, багажны хаалга эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 250,000 төгрөг /солих/, салхины урд шил эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 350,000 төгрөг /солих/, зүүн урд крыло эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 350,000 төгрөг /солих/, баруун хойд гэрэл эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 120,000 төгрөг /солих/, зүүн толь эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 250,000 төгрөг /солих/, нүүр сетка эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 150,000 төгрөг /солих/, зүүн урд хаалга эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 350,000 төгрөг /солих/, капут эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 650,000 төгрөг /солих/, зүүн урд гэрэл эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 450,000 төгрөг /солих/, хойд спойлер эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 50,000 төгрөг /солих/, зүүн хойд хаалга эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 300,000 төгрөг /солих/, шил арчигч-2ш, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, буфер урд эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 40,000 төгрөг /засах/, люк эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 550,000 төгрөг /солих/, буферын пампер хөөс урд эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 40,000 төгрөг /солих/, дугуй-2ш эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 180,000 төгрөг /солих/, эвдэрсэн эд ангиудыг будахад гарах зардал 1,200,000 төгрөг /ажлын хөлс/, эвдэрсэн эд ангиудыг солиход 800,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн: эвдэрсэн эд ангиуд 1000 гр будаг, туслах материал, лак, өнгө гаргах, үнэлгээ 200,000 төгрөг /материалын үнэ/, тэнхлэг шалгуулах үнэлгээ 20,000 төгрөг /ажлын хөлс/, шууд бус зардлын дүн 220,000 төгрөг, нийт дүн 12,840,000 төгрөг.” /хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-15 дугаар хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

Жолоочийн үнэмлэх хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1132 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/

Даланзадгад говийн ирээдүй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Егийн хүү Б.Жавхлантөгс, охин Б.Баясгалан нарын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 106, 107/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 108 дугаар хуудас/

Зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 133-138 дугаар хуудас/

Даланзадгад говийн ирээдүй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/02 дугаартай хамтран ажиллах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/

Өмнөговь аймаг Даланзадгад сум /хот/-ын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/181 дугаартай захирамж /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 139-175, 184-208, 2 дугаар хавтаст хэргийн 18-25, 56-58 дугаар хуудас/

Өвчний түүх /хавтаст хэргийн 210-236 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х.Ед холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Е нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 05-66 ӨМҮ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а, 3.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах засмал замын 30 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Х.Е нь тээврийн хэрэгсэл жолоодох чадвар дутмаг, мөн тээврийн хэрэгсэл жолоодож яваагаа мэдсээр байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй хайхрамж болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Иймд Х.Е-ны үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын болон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Иргэний нэхэмжлэгч Б-д хохирол төлбөр төлөгдсөн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн зүгээс нийт 22,345,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Мөн охин Ганцолмон нь ээжийгээ асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсны орлого нийт 4,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс  Ганцолмон нь тухайн 2 сарын хугацаанд 4,000,000 төгрөг олох байсан талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж үзэж байна. Ийм учраас энэ 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдах саналыг гаргаж байна. Ч.Мгийн зүгээс 18,385,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн үнийн дүнд хүрэхгүй байгаа. Мөн шүүгдэгчийн зүгээс хохирогч Ч.М-д 3,960,000 төгрөгийг төлсөн байгаа байдал тогтоогдож байна. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гаргаж өгсөн 6,750,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн хохирол төлбөрийг хасаж үлдсэн хохирол төлбөрийг шүүгдэгч Х.Е болон иргэний хариуцагч Засаг даргын Тамгын газраас тавь тавин хувиар гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-д олгох саналыг оруулж байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн баримтаар нэхэмжилсэн үнийн дүн болох 4,488,000 төгрөг шүүгдэгч Х.Е-гийн 01 сард төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, 3,488,000 төгрөгийг мөн  шүүгдэгч Х.Е болон иргэний хариуцагч Засаг даргын Тамгын газраас тавь тавин хувиар гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Од олгуулах саналыг гаргаж байна. Хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдах саналыг гаргаж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өмгөөлөгч С.Ганбат дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд хохирогч Говьсүмбэр аймагтаа биш Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Хүний гарт байсан учраас баримтаа бүрэн цуглуулж чадаагүй. Тиймээс бензин шатахуун авч нааш цаашаа явсан, хоол унд идсэн байгаа. Хэрэв энэ хүн осолд орж ийм байдалд ороогүй бол тухайн зардал гарахгүй байсан байх. Ч.М-гийн баримтаар гаргаж өгсөн 18,385,405 төгрөгийг болон баримтыг нь гаргаж өгөөгүй байгаа 3,000,000 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулах саналтай байна. Сүүлд нэхэмжилсэн баримтгүй 3,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай санал нэг байна. Хохирол төлбөрийн 3,488,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлөх асуудлаар улсын яллагчийн гаргасан иргэний хариуцагч болон шүүгдэгчээс тавь тавин хувиар гаргуулах саналыг дэмжиж байна. Цаашид ажилгүй байх хугацааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Прокурорын газраас шүүгдэгч Х.Е-гийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргээ тууштай хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшин харамсаж байгаагаа илэрхийлдэг. Хохирол төлбөрийн хувьд миний зүгээс шинжлэн судалсан байгаа. Нэг бүрчилсэн тооцоог гаргасан. Давхардуулсан баримт болон эрүүл мэндийн даатгалын сангаас улсаас хөнгөлсөн баримтуудыг хасаж тооцсон байгаа учраас нэхэмжилсэн үнийн дүнгээс зөрүүтэй гарсан байна.Шатахууны баримтын хувьд Ч.М 1,107,000 төгрөгийн баримт, Б.О-гийн шатахууны баримт 271,800 төгрөгийн баримт байна. Өвчтэй зовлонтой хүмүүс нааш цаашаа явах нь гарцаагүй. Гэхдээ хэний машинаар ямар зорилгоор, хаашаа яваад байгаа нь нотлох баримтаар харагдахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байгаа учраас хэрэгсэхгүй орхиж, мөн идэж уух хоол хүнс өдөр тутмын хэрэглээний зардлуудын баримтуудыг бодит хохирол гэж үзэхэд эргэлзээтэй байгаа учраас мөн хэлэлцэхгүй орхиж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн ажилгүй байсны орлого 4,000,000 төгрөг нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ч.М-гийн 6,000,000 төгрөгийн баримт давхардаж нэмэгдэж орж ирсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд өрх толгойлсон эмэгтэй өөрийн чадлаараа хохирол төлбөрөө төлөх гэж хичээж байгаа зэрэг байдлыг нь харгалзан үзэж бодит хохирлыг тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Х.Е нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Е-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Е нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 0566 ӨМҮ улсын дугаартай “Toyota Harrier” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7а, 3.4 дэх заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум руу явах засмал замын 30 дахь километрт онхолдож зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн “...2020 оны 08 дугаар сарын 23-ны өглөө нь 09 цагт цайндаа ор гээд дуудахаар нь цайны газарт очиж цайнд орсон. Буцах болцгоогоод зуслангаас хөдөлсөн. Би Зуслангаас гарахдаа хамт ирсэн Е эгчийн машинд суугаад явсан. Би М эгчтэй юм яриад явж байхад машин дайваад эхэлсэн. Тэгэхээр нь би хурдаа хас гэж хэлсэн. Яах ийхийн зуургүй машин буруу талаараа хазайж яваад онхолдсон. Би осол болсон дараагаар машинаас яаж буусан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд машинаас буучихсан гадаа хэвтэж байсан. Тэгээд эмнэлгийн машинд хэвтүүлээд эмнэлэг дээр авч ирсэн. Зүүн хөл дунд чөмгөөрөө, сүүж бас хугарсан байна. Биеийн байдал муу байна... Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Бусад хүмүүсийг би мэдэхгүй байна...” /хавтаст хэргийн 26-27, 46-47 дугаар хуудас/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн “...Манай автобусанд ачаа ихтэй байхаар нь Даланзадгад ортол гээд нутгийнхаа хүүхдийн машинд суугаад явъя гэж бодоод бид нарыг хариуцаж явсан эмэгтэйн машинд суусан. Даланзадгад сум руу хөдөлж явж байхад манай автобус зогсоод манай ажилчид буугаад бие засацгаасан. Би машинаас буугаагүй. Хөдлөөд явж байхад гэнэт л машин онхолдчихсон. Яг яагаад онхолдсон талаар сайн санахгүй байна. Ослын газарт ухаан орж гараад дотор давчдаад юу болж байгааг ухаарахгүй байсан. Нэг мэдэхэд би эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмчийн хэлснээр баруун талд 3, зүүн талд 2 хавирга хугарсан. Аарцаг далбан яс хугарсан, эгэмний яс хугарсан нэг талын уушги унасан байх магадлалтай гэсэн тархи толгойд гэмтэлтэй, зүүн гар хөдөлж болохгүй байна. Биеийн байдал муу байна... Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан... /хавтаст хэргийн 30-31, 32-34 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Х.Б-гийн “...Сургалт зөвлөгөөн дуусаад хөтөлбөрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Буянт зуслан руу явсан. Зуслан дээр очиж тэмцээн уралдаан болоод тэндээ хоноод маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд аймаг руу бүгд хөдөлцгөөсөн. Миний бие Е эгчийн машинд урд суудал дээр суугаад Е эгч машинаа бариад арын суудалд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тамгын газрын ажилтан О, М нар суусан. Мөн Даланзадгад сумын 7 дугаар багийн Нийгмийн ажилтан Ою нар явцгаасан. Зуслангаас гараад би Е эгчтэй юм яриад явсан. Явж байхад машины дугуй шороон дээр гарах шиг болсон. Нэг мэдэхэд онхолдчихсон байсан. Онхолдсоны дараагаар би машин дотор сууж байсан. Би машинаас гараад ирэхэд О, М эгч хоёр машины урд талд газар хэвтэж байсан. Тэгээд байж байхад манай ажлын машин ирж намайг аваад явсан. Нөгөө хэд болохоороо түргэний машинд сууж явсан байх яг нарийн сайн мэдэхгүй байна... Жолооч бид хоёр хамгаалах бүс зүүгээд явж байсан бусад нь хэрэглээгүй байсан... /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

 гэрч Б.О-ийн “...Сургалт зөвлөгөөн дуусаад хөтөлбөрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Буянт зуслан руу явсан. Зуслан дээр очиж шилжин явах цомыг гардуулж өгөөд амарцгаасан. Өглөө босоод хүмүүстээ цай унд уулгаад 12 цаг өнгөрөөгөөд аймаг руу бүгд хөдөлцгөөсөн. Миний бие Е гээд Паркийн менежер эгчийн машинд сууж явсан байсан. Зуслангаас буцахдаа Е эгчийн машинд Даланзадгад сумын Төрийн санч Б, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тамгын газрын ажилтан О, М нарын хамтаар суугаад Е эгч машинаа бариад бид явцгаасан. Зуслангаас гараад би машины арын суудалд суугаад унтаад явсан. Манай машинд сууж явсан хүмүүс юм яриад яваад байсан. Нэг мэдэхэд онхолдчихсон байсан шоконд ороод яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ослын газар яг хаана байсан, ослын дараагаар ямар хүмүүс ирсэн гэх мэт мэдэж байгаа зүйл байхгүй байна... Жолооч, жолоочийн хажууд сууж явсан Б нар хамгаалах бүс зүүсэн байсан. Ард сууж явсан бид нар бүс хэрэглээгүй байсан. /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 гэрч И.Ор-ын “...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баяндалай сумын Баян багийн ногоон талбайгаас Даланзадгад сум орох гээд явж байхад Даланзадгад сумаас Баяндалай сум явах засмал замын 30 дахь километрт 05-66 ӨМҮ улсын дугаартай хар өнгийн машин засмал замын урд талд онхолдсон байдалтай хажуугаараа унасан байсан. Би ослын газарт ирээд зогсоход машины хажууд нэг залуу, 3 эмэгтэй байсан. Машин дотор нэг эмэгтэй байсан. Тэр машиныг тэнд явсан хүмүүстэй нийлээд хажуу талаас нь түлхээд 4 дугуйн дээр нь босгосон” /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10338 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 474 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг дахь салбарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20/11 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 664 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Х.Е нь 05-66 ӨМҮ улсын дугаартай “Toyota harrier” загварын автомашиныг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэн явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ “...хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Х.Ег Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промил (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Х.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэлд: Х.Е нь 0,66 хувийн согтолттой байсан. /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан.

Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.

Энэхүү зам тээврийн ослын улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10338 дугаартай, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 474 дугаартай, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.Е-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул энэ талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ. 

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Х.Е-гийн гэм буруутай үйлдлийн улмаас Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч Б.О 5,116,604 төгрөг, хохирогч Ч.М 22,345,046 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа уг хохирол, төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагчаар оролцвол зохих Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахыг хүссэн тайлбар гаргасан.

Зам тээврийн ослын улмаас Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогчоор бус, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан байх ба иргэний нэхэмжлэгчийн зүгээс шүүгдэгч Х.Е-гаас эмчилгээнд зориулж 200,000 төгрөг авсан, гомдол саналгүй гэж илэрхийлсэн, мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О-ийн эрүүл мэндэд гэмтэл учраагүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 471 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Х.Е-гийн зүгээс Б.Ою-д 200,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн гаргасан хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрыг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Учир нь шүүгдэгч Х.Е нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт үйлчилгээ хариуцсан менежерээр ажилладаг болох нь “Даланзадгад говийн ирээдүй” ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тушаал /2-р хавтаст хэргийн 26/, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай албан бичиг /2-р хавтаст хэргийн 38/, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар болон “Даланзадгад говийн ирээдүй” ОНӨААТҮ-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ /2-р хавтаст хэргийн 39-41/, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хэрэгт цугларсан дээрх 2020/02 дугаартай Хамтран ажиллах гэрээгээр Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар нь Засаг даргын Тамгын газрын харуул хамгаалалт, албан конторын цэвэрлэгээ, тохижилт, цайны газар, хөрөнгө бүртгэл, хэвлэл мэдээллийн үйлчилгээг “Даланзадгад говийн ирээдүй” ОНӨААТҮГ-ын нийтлэг үйлчилгээний албанаас авахаар харилцан тохиролцож, энэхүү үйлчилгээг авах хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тусгасан байх бөгөөд уг гэрээний 3.2-т “Захиалагч нь /Даланзадгад сумын ЗДТГ/ нь “Даланзадгад говийн ирээдүй” ОНӨААТҮГ-ын нийтлэг үйлчилгээний албаны албан хаагчдыг томилж, чөлөөлөхөд санал өгөх эрхтэй” байхаар заасны дагуу гүйцэтгэгч тал Х.Ег 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Засаг даргын Тамгын газарт менежерийн албан тушаалд томилсон байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас тус аймгийн нутагт Хангай бүс, Говийн бүсийн хотуудын туршлага судлах уулзалт, зөвлөгөөг 2020 оны 08 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж, уг арга хэмжээний хөтөлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлахдаа /1-р хавтаст хэргийн 123-126/ Х.Е-д ирсэн зочдод зориулж 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Гурвансайхан хүүхдийн зуслан /Буянт/-д өглөөний цай, замын хүнс бэлдэх ажлыг хариуцуулсны дагуу шүүгдэгч энэхүү албан үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүгдэгчийг ажиллуулж байгаа ажил олгогч болох Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрыг иргэний хариуцагчаар татан оролцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тавин хувийг хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О нь 5,116,604 төгрөг нэхэмжилсэн байх боловч түүний шүүхэд ирүүлсэн /1-р хавтаст хэргийн 184-208/ нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзэхэд 4,537,231 төгрөгийн тооцоо гарсан бөгөөд хохирлын баримтуудыг зарцуулалтын байдлаар задалбал автомашины түлш 293,300 төгрөг /хавтаст хэргийн 185, 186, 188, 189, 191, 192, 195, 208/, эмчилгээний зардал 2,758,080 төгрөг /хавтаст хэргийн 185, 186, 187, 188, 189, 190, 191, 192, 193, 194, 195, 196, 197, 198, 201, 202, 204, 206, 207, 208/, ганданд ном уншуулсан 170,500 төгрөг /хавтаст хэргийн 198, 203, 206/, өдөр тутмын өргөн хэрэглээ болох хоол, хүнсэнд 1,315,351 төгрөг зарцуулсан байна.

Шүүх дээрх хохирол, төлбөрөөс өдөр тутмын өргөн хэрэглээний зардалд зарцуулсан 1,315,351 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцоогүй тул уг хохирлыг илүү нэхэмжилсэн 579,373 төгрөгийн хамт нийт 1,894,724 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 3,221,880 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ. Энэхүү 3,221,880 төгрөгнөөс мөрдөн шалгах болон шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид төлсөн 2,000,000 төгрөг /2-р хавтаст хэргийн 20, 24/ хасаж, 1,221,880 төгрөгийг шүүгдэгч Х.Е болон иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас хувь тэнцүүлэн 610,940 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Од олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.О нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал болон олох байсан орлогын талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 18,345,046 төгрөг, олох байсан орлого 4,000,000 төгрөг, нийт 22,345,046 төгрөг нэхэмжилж буйгаа илэрхийлсэн боловч шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг /1-р хавтаст хэргийн 127-175/ шинжлэн судалж үзэхэд 6,759,351 төгрөгийн хохирол, төлбөрийн баримт авагдсан болох нь тогтоогдсон. Харин хохирогчийн зүгээс нөхөр Г.Батбаярын нэр дээр банкнаас 6,000,000 төгрөгийн зээл авч эмчилгээ хийлгэсэн атлаа уг зээлээр авсан эмчилгээний төлбөрийг зээлийн хамт тус тусдаа нэхэмжилсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн түүний мэдүүлгээр нотлогдсон тул шүүх давхардуулж нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Хэрэгт цугларсан хохирлын баримтуудыг зарцуулалтын байдлаар нь задалбал автомашины түлш 1,113,888 төгрөг /1-р хавтаст хэргийн 139, 140, 141, 142, 143, 144, 145, 151, 154, 158, 161, 162, 163, 165, 167, 168, 171, 172, 174, эмчилгээний зардал 4,146,553 төгрөг /1-р хавтаст хэргийн 146-160, 163-167, 169-171, 175/, зам тээврийн осолтой холбоотой бусад зардал 283,910 төгрөг, өдөр тутмын хэрэглээнд /хонины мах/ 1,200,000 төгрөг тус тус зарцуулжээ.

Хохирогч Ч.М-гийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нөхөр Г.Батбаяр нэр дээр 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/202045618944 дугаартай зээлийн гэрээний дагуу ХААН банкнаас авсан 6,000,000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдсон тул энэхүү зээлийг /жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан 1-р хавтаст хэргийн 133-138/ үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 10,560,969 төгрөгийг, зам тээврийн осол гарсан 2020 оны 08 дугаар сарын 23-наас зээлийн гэрээ байгуулагдах хүртэлх /2020 оны 09 дүгээр сарын 04/ хугацаанд хохирогчийн хувиасаа эмчилгээнд зарцуулсан зардал болох 1,191,312 төгрөгийг нэмж, нийт 11,752,281 төгрөгийн нэхэмжлэлээс бодит хохиролд тооцогдохооргүй мах худалдаж авсан гэх 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 10,552,281 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна. Мөн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 6,592,765 /18,345,046-11,752,281/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Дээрх 10,552,281 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчийн мөрдөн шалгах болон шүүхийн шатанд хохирогч Ч.М-д төлсөн 3,960,000 төгрөгийг /2-р хавтаст хэргийн 18, 19, 23/ хасаж, үлдэх 6,592,281 төгрөгийг шүүгдэгч Х.Е болон иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас хувь тэнцүүлэн 3,296,140 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-д олгохоор шийдвэрлэлээ.  

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн зүгээс охин Б.Г-ийн олох байсан орлого гэж 4,000,000 төгрөг /2 сарын цалин/-ийг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийг нотолсон хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, санхүүгийн тайлан зэрэг холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Ег согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Х.Е нь завсарлага авч, шүүхээс тогтоосон 3,296,140 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-д, 610,940 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О нарт тус тус төлж барагдуулсан болох нь 2-р хавтаст хэргийн 56, 57, 58 дугаар хуудсанд авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлэг баримт болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувьд шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн гэж дүгнэв.        

“Toyota Harrier” загварын 05-66 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байх боловч шүүгдэгч Х.Е нь уг тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй болох нь гэрч Р.Булганхишиг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгсэлд учирсан 12,840,000 төгрөгийн хохирлыг “Бэрс финанс” банк бус санхүүгийн байгууллагын зүгээс нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.М-гийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Иргэний нэхэмжлэгч Х.Б-д хохирол төлбөр төлсөн. Иргэний нэхэмжлэгч Ч.М, Б.О нарт шүүхээс тогтоосон хэмжээгээр хохирлыг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 676757 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэрэгт хавсаргах саналтай байна. Иймд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих дүгнэлтийг гаргав. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн өмгөөлөгч С.Ганбат дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй байна. Хохирогч байнгын эмчилгээ, үйлчилгээтэй иргэний хариуцагчийн зүгээс шүүхээс тогтоосон хохирол төлбөр орж ирээгүй. Миний үйлчлүүлэгчийн эмчилгээ дуусаагүй. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Иймд цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн иргэний хариуцагчаас гаргуулж хохирол төлбөрийг төлөх хугацааг зааж өгнө үү гэх саналыг гаргав. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувьд шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Улсын яллагчийн гаргасан саналыг хохирогчийн зүгээс дэмжиж байгаа. Хохирол төлбөр эхний ээлжид мөнгөн дүнгээрээ төлөгдсөн боловч эрүүл мэндийн асуудал үлдэж байна. Хөдөлмөрийн чадвараа 60-аас дээш хувиар алдсан. Хэзээ эдгэрч ажил хөдөлмөр эрхлэх нь тодорхойгүй ийм байдалтай байгаа. Тиймээс ялыг биеэр эдлүүлэх саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Мөн өмгөөлөгч С.Ганбатын саналыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар тухайн байгууллага төрийн байгууллага байгаа учраас иргэний хариуцагчийн хохирол төлбөр төлөх хугацааг зааж өгнө үү гэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т зааснаар гэм буруутайд тооцлоо. Мөн шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг хохирогч нарт төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч нарын биеийн эрүүл мэндийн байдлыг хэвийн болтол төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хуульд зааснаар завсарлага авч хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа тууштай хүлээн мэдүүлсэн. Энэ байдалдаа гэмшиж харамсаж байгаа талаараа мэдүүлдэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хувийн байдлын хувьд өрх толгойлсон эмэгтэй байгаа. 13-22 насны гурван хүүхэдтэй. Хань ижлээ алдаад хүүхдүүдээ хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ өөрөө ажил хөдөлмөр хийж 3 хүүхдээ тэжээн тэтгэж авч явдаг өрх толгойлсон эмэгтэй байгаа. Энэ бүх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү? гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн хувьд иргэний хариуцагч талтай уулзаж хохирогч нарын хохирол төлбөрийг ойрмогхон төлүүлэх асуудлаар санаачилга гаргаж уулзсан байгаа. Иргэний хариуцагч тал ойрын хугацаанд хохирол төлбөр төлөх талаараа илэрхийлсэн байгаа гэх саналыг гаргав.

Шүүгдэгч Х.Е нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч Х.Е нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Х.Ег согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.

Шүүгдэгч Х.Е-гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан нийт 7,256,140 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-д, 2,610,940 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Од, 200,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Х.Б нарт тус тус төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал болон олох байсан орлогыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал /өрх толгойлсон ганц бие эх, бага насны хүүхэдтэй/ зэргээс үзэхэд дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, Б.О-гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарахаар байгааг дурдсан шинжээчийн дүгнэлтүүд, цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх, хадаас авхуулах хагалгаанд орох шаардлагатай талаарх оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хохирогчдын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулиар олгосон эрхүүдээ эдлэх боломжоор хангахад ач холбогдолтой гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Е-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Е-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.   

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Е-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Е-гийн “В”  ангиллын жолоочийн” 676757” дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэлээ.

Иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч Ж.Даваахүүд шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай албан бичигтээ “...Х.Е-д холбогдох хэрэгт албан ажлын улмаас оролцох боломжгүй байгаа тул миний оролцоогүйгээр шүүх хурлын үйл ажиллагааг үргэлжлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсний дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.Е цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овгийн Ха-ын Ег согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Е-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тус зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Е нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Е-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Х.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-д 7,256,140 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Од 2,610,940 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б-д 200,000 төгрөг, Б.Ою-д 200,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас 3,296,140 /гурван сая хоёр зуун ерэн зургаан мянга нэг зуун дөч/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-д /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ханан 2-2 оршин суух, регистрийн дугаар ЕП65010903/, 610,940 /зургаан зуун арван мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Од /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 9 дүгээр байр 1-6 тоотод оршин суух, регистрийн дугаар ЕЙ89070416/ тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн иргэний нэхэмжлэлээс 7,792,765 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-гийн иргэний нэхэмжлэлээс 1,894,724 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-гийн олох байсан орлого 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М, Б.О нар нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлогоо тус тус иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Х.Е-гийн “В”  ангиллын жолоочийн” 676757” дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Ди ви ди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тус тус шийдвэрлэсүгэй.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ВОЛОДЯ