Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/18

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С,

Шүүгдэгч П.Б,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П-ийн Б-д 2028002730193 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, ...........................................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3 дугаар баг, ................. тоотод байх иргэн С.С-гийн мужааны үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг молдок, 1 ширхэг гриндер зэрэг эд зүйлсийг хулгайлж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 дүгээр сарын эхээр худалдааны төвд архи уугаад даараад болохгүй байхаар нь дулаан байсан учраас орсон. Молдок, гриндер хоёр авч явсан. Хэрэг хийсэн нь үнэн гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 10 дугаар сарын 07-ноос 15-ны өдрүүдэд тухайн байшин засвартай байсан. Өөр хүнд зарсан учраас баруун талыг нь буулгаж нэг тал нь үлдсэн байсан. Дотор талын хаалга байсан. Хаалган дээр гадна талын бүргэд хаалгыг авч очиж суулгаж битүүлсэн байсан. Нэг түлхүүр байдаг болохоор өөрийн хүүг авсан байх гэж бодоод тэрхэн үед анзаараагүй. Цааш нь лавлаад үзэхэд хамгийн гол нь байшингийн буланд цагаан өнгөтэй, гялгар ууттай мах, төмс, манжин орхиод явсан байсан. Эргээд ороход баруун талын хаалгыг онгойлгоод би орой явахдаа ганц эргүүлээд цоожилсон байсан байна лээ. Ганц эргүүлээд цоожилсон байсан учраас хүчтэйхэн татахад хаалганы түгжээ талынх нь төмөр сэрдийгээд онгойсон байсан. Тэгж онгойлгоод орсон байсан. Цоо шинэ залгуур нь эвхээтэй чигээрээ байсан. Гриндэр алга байсан. Гриндерээ 2020 оны 06 сарын үед Нарантуул захаас 190,000 төгрөгөөр авч байсан. Би молдокоо 2019 оны 03 сарын үед Нарантуул захаас 320,000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Тухайн үед молдоконд хошуу байсан. Хошууг би 15,000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед би хошуу хийсэн байснаа мартсан байсан. Нийтдээ хошууг нь оруулбал 525,000 төгрөгийн хохирол гарсан. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 450,000 төгрөг гэж гаргасан байсан. Би молдокны үнэнээс хасаж болно. Гриндерээс үнэ хасуулахгүй бодолтой байна. Гриндерийн үнээ 190,000 төгрөг хэвээр нь нэхэмжилж байна. Мөн молдокны хошууны үнэ 15,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Ингээд 450,000 төгрөг дээрээ ийм нэхэмжлэлийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Гэхдээ гриндерээс хэдэн төгрөг, молдокноос нь хэдэн төгрөг хассаныг би мэдэхгүй. Дээр нь тухайн үед би их хэмжээний газар шорооны ажилтай байсан. Хийж гүйцэтгэх байсан ажил үүргээрээ хохирч байгаа. Үүнийг би мөнгөөр нэхэмжлэхгүй. Энэ хэргийг шалгах явц нэлээн удааширсан. Шүүгдэгчийн түүхээс нь харахад өмнө нь хэрэгт холбогдож байсан байна. Хулгайлах хэрэг газар авч байна. Хулгайн хэргийг гаргахгүй байх талаар хууль хяналтын байгууллагууд дорвитой ажил хийгээсэй гэж хүсэж байна. Ингээд 450,000 төгрөг дээр хэдэн төгрөг нэмэгдэж шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэж байна. Нэхэмжлэлийг минь хэрэгжүүлж өгөхийг хүсэж байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн ................. тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед очиж байшингийнхаа зүүн талын хаалгаар ороход байшинд байсан молдок байхгүй байхаар нь өөрийн хүү Бат-Амгаланг авсан байх гэж бодсон. Байшиндаа юм хийж байгаад ач охиноо цэцэрлэгээс авах болоод 16 цаг 30 минутад явахдаа байшингийнхаа баруун талын хаалгыг шалгахад онгорхой байхаар нь лавшруулж хаалгаа шалгахад хаалганы цоож хэсгийн рамны цоожилдог хэсгийн төмөр нь наашаа сөрдийсөн байсан. Тэгээд өөрийн хүү Бат-Амгалангаас утсаар молдок авсан уу гэж асуухад аваагүй гэхээр нь хулгайч орсон байж магадгүй гэж бодоод байшинд байх эд зүйлээ шалгаж үзэхэд урьд өдөр нь хэрэглэж байсан гар цахилгаан гриндер алга байсан. Мөн байшинд цагаан өнгөтэй, гялгар ууттай мах, төмс, манжин орхиод явсан байсан. Би урьд өдөр нь өөрийн гар утсаа байшиндаа мартаад орхиод явсан байсан нь байшинд байсан. Тэгээд цагдаад шалгуулахаар өргөдөл өгсөн... Гриндер нь улбар шар өнгөтэй, цахилгаанаар ажилладаг, хар өнгийн утастай, “KEИ” гэсэн бичигтэй байсан. Молдок нь ногоон, саарал өнгөтэй, хар өнгийн утастай цахилгаанаар ажилладаг... Гомдолтой байна. Буруутай хүнээс хохирлоо барагдуулах хүсэлтэй байна... Би молдокоо 2019 оны 03 сарын үед Нарантуул захаас 320,000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Гриндерээ 2020 оны 06 сарын үед Нарантуул захаас 190,000 төгрөгөөр авч байсан... Би хулгайд алдагдсан эд зүйлээ эсвэл үнэлгээгээр гарсан мөнгөө нэхэмжилнэ...” /хавтаст хэргийн 15-16, 17 дугаар хуудас/

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 09 дүгээр сард хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай аав утсаар залгаад байшинд байсан молдок, гриндер хоёрыг авч хэрэглэсэн үү гэж асуухаар нь би аваагүй гэхэд хулгай орсон юм шиг байна байшингийн баруун талын хаалга онгорхой байна гэж хэлсэн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ................. тоот хаягтай манай аав С.С-гийн эзэмшлийн хашаа, байшин байсан. Манай гэрийн баруун талын хашаа байгаа юм... Молдок нь ногоон өнгөтэй, хар өнгийн утастай цахилгаанаар ажилладаг. Гриндер нь улаан өнгөтэй, цахилгаанаар ажилладаг, хар өнгийн утастай, “KEИ” гэсэн бичигтэй байсан... 2017 оноос хойш хүн амьдардаггүй байж байгаад Батсайхан гэдэг хүнд 2019 оноос 2020 оны 07 дугаар сарын дунд хүртэл түрээсэлж байгаад гарсан. Өөр хүн амьдраагүй. Манай аав мужааны ажлын байрны зориулалтаар ашигладаг.” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Ёлын 1 дүгээр гудамжид байдаг хуучин Засаг дарга Сумъяагийн байшингаас 1 ширхэг молдок, 1 ширхэг гриндерийг ганцаараа хулгайлсан. Худалдааны төвийн буланд унтахдаа хажуудаа тавиад шөнө сэрсэн чинь алга болчихсон байсан... Тухайн өдөр нь дэлгүүрийн ногоог зөөж өгөөд 5,000 төгрөг аваад тэр мөнгөөрөө орой 19 цагийн үед 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг сааданд ганцаараа уугаад нэлээн согтоод унтах гээд явж байгаад Ёлд байх хуучин Засаг дарга Сумъяагийн гэрээс гриндер, молдокыг нь шуудайнд хийгээд аваад гарсан.”/хавтаст хэргийн 29-30 дүгээр хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 746 дугаартай үнэлгээгээр: гар гриндер /тасдагч/, 1 ширхэг, нэгжийн үнэ 170,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 170,000 төгрөг /хуучин/, молдок, 1 ширхэг нэгжийн үнэ 280,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 280,000 төгрөг /хуучин/, нийт дүн 450,000 төгрөгөөр тогтоов” гэжээ. /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-12 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1062 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Бад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ................. тоотод байх иргэн С.С-гийн мужааны үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг молдок, 1 ширхэг гриндер зэрэг эд зүйлсийг хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ний 746 дугаартай хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлан хохирогч С.С-д 450,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.С-д 450,000 төгрөгийн хохирол төлбөр учирсан. Хохирол төлбөр төлөгдөөгүй байна гэх саналыг гаргав.

Шүүгдэгч Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ................. тоотод байх иргэн С.С-гийн мужааны үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг молдок, 1 ширхэг гриндер зэрэг эд зүйлсийг хулгайлж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-гийн “...Би өөрийн эзэмшлийн ................. тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цагийн үед очиж байшингийнхаа зүүн талын хаалгаар ороход байшинд байсан молдок байхгүй байхаар нь өөрийн хүү Бат-Амгаланг авсан байх гэж бодсон. Байшиндаа юм хийж байгаад ач охиноо цэцэрлэгээс авах болоод 16 цаг 30 минутад явахдаа байшингийнхаа баруун талын хаалгыг шалгахад онгорхой байхаар нь лавшруулж хаалгаа шалгахад хаалганы цоож хэсгийн рамны цоожилдог хэсгийн төмөр нь наашаа сөрдийсөн байсан. Тэгээд өөрийн хүү Бат-Амгалангаас утсаар молдок авсан уу гэж асуухад аваагүй гэхээр нь хулгайч орсон байж магадгүй гэж бодоод байшинд байх эд зүйлээ шалгаж үзэхэд урьд өдөр нь хэрэглэж байсан гар цахилгаан гриндер алга байсан...” /хавтаст хэргийн 15-16, 17 дугаар хуудас/,

гэрч С.Б-ийн “...Би 2020 оны 09 дүгээр сард хэдний өдөр байсныг санахгүй байна. Манай аав утсаар залгаад байшинд байсан молдок, гриндер хоёрыг авч хэрэглэсэн үү гэж асуухаар нь би аваагүй гэхэд хулгай орсон юм шиг байна байшингийн баруун талын хаалга онгорхой байна гэж хэлсэн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг ................. тоот хаягтай манай аав С.С-гийн эзэмшлийн хашаа, байшин байсан. Манай гэрийн баруун талын хашаа байгаа юм... Молдок нь ногоон өнгөтэй, хар өнгийн утастай цахилгаанаар ажилладаг. Гриндер нь улаан өнгөтэй, цахилгаанаар ажилладаг, хар өнгийн утастай, KEИ” гэсэн бичигтэй байсан...” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 746 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Б-ын бусдын эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ................. тоотод байх иргэн С.С-гийн мужааны үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг молдок, 1 ширхэг гриндер зэрэг эд зүйлсийг хулгайлж, 450,000 төгрөгийн хохирол учруулахдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан билээ.

Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ................. тоотод байх иргэн С.С-гийн мужааны үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч 1 ширхэг молдок, 1 ширхэг гриндер зэрэг эд зүйлийг хулгайлахдаа цоожийг нь эвдэж орсон болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба прокуророос энэхүү үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалтай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-д 450,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 746 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон байх боловч шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулаагүй байна. 

Иймд шүүгдэгч Баас 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С нь 480,000 төгрөг нэхэмжилж буйгаа илэрхийлсэн хэдий ч шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үнэлгээг үндэслэн хохирлыг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө, орлого байхгүй. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр гарах хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна гэх саналыг гаргав.

Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхээс тогтоосон 450,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тайлбар гаргав.

Шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Ийнхүү Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

Шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овгийн П-ийн Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б-д 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-аас 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С-д олгосугай.

5. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ