Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т, /онлайнаар/

Өмгөөлөгч С.Давааравдан /онлайнаар/

Шүүгдэгч М.С,

Өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овгийн М-ын Ст холбогдох 2028003060200 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ............................................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч М.С нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы ....................... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч П.Т-ийг зодож, биед нь тархи доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, тавхай дахь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.С-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөө босоход манай эхнэр надтай хэрүүл хийгээд байсан. Би 11 цагийн үед орноосоо босоод гарч бие засчихаад зүүн талын хажуу хашаа руу өнгийсөн чинь манай ах У хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэгээд гэртээ орсон чинь араас Х, У, Т гурав манай гэрт ороод ирсэн. Бид хэд архи уусан. Би эхнэрээ хогийн шүүрээр цохисон нь үнэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Харахад хөнгөн байсан ч гэсэн биеийн зовуурь ихтэй байгаа учраас гомдолтой байна. Шүүгдэгчийн өмнөөс үг хэлбэл гар хүрч цохиж зоддог. Өмнөговь аймагт таних, мэдэх хүн байхгүй болохоор өдрийн 2 цагаас оройны 7 цаг хүртэл ах, дүү нарынхаа хажууд зодож доромжилсон. Ах, дүү нар нь надад анхны тусламж үзүүлж цагдаа дуудсан бол гэмтэл учрахгүй байсан. Миний толгой өвдөж өмнөх шигээ байхаа байсан. Ажил хийж байгаад ажилгүй байсны хугацааны зардал, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол нийт 12,000,000 төгрөг болсон байгаа. Түүнээс С эмнэлгийн төлбөр төлсөн байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө нөхөр С, нөхрийн хамаатны дүү Н-ийн нарын хамт гэртээ байж байхад манайд 11 цагийн үед хажуу хашаанаас У, Х, Т орж ирсэн чинь манай нөхөр авдарт байсан “Ерөөл” нэртэй 0,5 граммын архи гаргаад У, Х, Т, манай нөхөр дөрөв хувааж уусан. Архиа ууж байхдаа манай нөхөр намайг аяга угаахдаа дуу гаргалаа гээд г..., я... гэж хараагаад байсан чинь У эхнэрээ яагаад тэгж байдаг юм гэсэн чинь манай нөхөр намайг наадах чинь даварсан г..., би энэ г...-ээс болж архи ууж байгаа юм гэж хэлсэн. Х ажилтай гээд гэр рүүгээ гараад явсан. Манай нөхөр архиа дуусахаар нь дахиад дэлгүүр гарч 0,5 граммын “Ерөөл” нэртэй архи авч ирээд У, Т хоёртой архиа хувааж уугаад дууссан чинь У хөдөө явах ажилтай гээд яваад өгсөн. Харин манай нөхөр Т-тай хамт өөрийн машинаар дэлгүүр яваад дэлгүүрийн худалдагчийн утаснаас над руу залгаад архины мөнгө шилжүүл гэхээр нь мөнгө шилжүүлэх гэсэн чинь дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Би мөнгөө хүрэхгүй байна гэхэд намайг хараагаад мөнгө олж ир гэж хэлсэн. Удалгүй худалдагч эгч над руу залгаад архины мөнгөө өг, өгөхгүй бол цагдаа дуудлаа гэхээр нь тэгээ гэж хэлчихээд утсаа таслаад хажуу айл руу ороод Т-ын эхнэрт манай нөхөр Т хоёр дэлгүүр ороод архины мөнгө шилжүүл гээд байх юм, надад мөнгө байхгүй гэсэн чинь намайг хараагаад ол гээд байна гэж хэлэхэд орхичих өөрсдөө учраа олох байх гэж хэлсэн. Манай нөхөр Т ахтай хамт орж ирээд г..., я..., хов зөөлөө гээд хараагаад байхаар нь би гэртээ оръё гээд гэр рүүгээ нөхрөө аваад ороход намайг гэрт оруулаад үснээс зулгаагаад ор руу үсдэж унагаагаад гэрээс гаргахгүй хаалгаа дотроос нь цоожилчихсон. Хажуу айлын хашааны эгч нь орж ирээд боль гэж хэлсэн чинь танд хамаагүй гээд заамдаж аваад байсан чинь эгч нь гараад явчихсан. Намайг зодоод байж байсан чинь хамт амьдардаг дүү Н нь орж ирээд боль гэж хэлэхэд намайг зодсон хэвээрээ л байсан. Тэгээд дүүгээ г... гээд хэл амаар доромжлоод байсан чинь дүү нь гараад явчихсан. Дүүгээ гарсны дараа намайг түмпэнгээр цохиод араас нь хогийн шүүрээр цохиж байсан чинь иш нь хугараад төмрөөр нь миний толгой руу хатгачихсан. Цус гоожсон чинь цусаа арч г... минь гээд байхаар нь би цусаа арчсан. Нөхрөө унтчихаар нь хажуу айл руу орсон чинь араас нөхөр орж ирээд намайг гэртээ орж галаа түл гээд багалзуурдаад чирээд явсан. Орой 20 цагийн үед эцэг, эх хөдөөнөөс ирээд яасан юм гэхэд эцэг, эхийнхээ хажууд намайг наад г... чинь толгойг тасдаад хаячихъя гэсэн чинь тоохгүй байсан. Манай нөхөр тоосго барьж цохих гээд байхаар нь би айгаад мах авах гэж ирсэн хүний машинд суугаад эмнэлэгт хүргүүлсэн. Би С-тай 2018 оноос хойш хамт амьдарч байна... Өмнө нь 2020 оны 06 дугаар сард намайг нэг удаа алгадаж байсан... Намайг өөдөөс нь эсэргүүцэж юм хэлэх гэхээр аймар уурлаад зодох гээд байдаг... Толгойндоо 4 оёдол тавиулсан, одоо толгой өвдөөд байна. Бас миний бүх бие хөндүүртэй, зүүн гуя хэсэг хөхөрчихсөн байгаа... Би одоо гарах эмчилгээний зардлыг бүгдийг нь нэхэмжилнэ, миний толгой хөдөлчихсөн байх. Ширүүн харахаар толгой өвдөөд байгаа. Бас миний үсийг зулгаасан. Оёдлоо авхуулсны дараа сорвины тос түрхэнэ. Энэ бүгдийг нэхэмжилнэ. Намайг бас сэтгэл санаагаар унагааж хэл амаар доромжилсон... Би 2,284,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Цаашид дахин эмчлүүлэх шаардлагатай байна. Сэтгэл санааны болон цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 12,000,000 төгрөг нэхэмжилнэ. Мөнгөн гүүр эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч Ня хэлэхдээ чи цаашид 6 сарын туршид хүнд ажил хийж болохгүй, эмчийн хяналтад байна, 1 сарын дараа дахин ирж үзүүл, хяналтад байлгана гэж хэлсэн. Би Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч хийдэг байсан. Би гэмтлээс болоод ажлаа хийж чадахгүй болсон тул дээрх мөнгийг С-аас нэхэмжилж байна... Би Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд ор, хоногийн мөнгө 484,000 төгрөг гарсан. Уг мөнгийг С төлсөн. Улаанбаатар хотын Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардлыг С 100 хувь төлсөн. 1,800,000 төгрөг төлсөн. Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэгт би 2,284,000 төгрөгийг нийт тушаасан. Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мөнгө тушаасан баримт С-т байгаа. Харин Мөнгөн гүүр эмнэлэгт тушаасан 1,800,000 төгрөгийн баримт надад байна. Би эмчилгээ хийлгэх гэхээр мөнгөгүй болчихоод байна. Эмчилгээнд гарсан зардлыг С цаг тухайд нь өгсөн... Би маш их гомдолтой байна. Хамт байсан ах, дүү нар нь намайг зодуулж байхыг харчихаад надад туслаагүй. Намайг хоёр хашаа дамжаад зодуулж байхад туслаагүй. Өдрийн 14 цагаас хойш оройн 18 цаг хүртэл намайг зодсон. Намайг үснээс зулгаагаад, түмпэнгээр цохиод гэрийн хаалга түгжээд зодсон. Намайг бос, суу гээд босгож суулгаж дарамталж тамласан.” /хавтаст хэргийн 08-09, 10-11 дүгээр хуудас/

Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед ... би С-ын гэрт орсон чинь Т хоолны шкафны хажууд цаашаа хараад аяга, таваг арчаад байсан. Т зуухны хажууд сууж байсан. С орныхоо хажууд зогсож байсан. Би нөхөр Т-ыг машинаа зассангүй гэж зэмлэсэн. С ахыг битгий загнаад бай, бид нар 1 шил архи уусан гэж хэлсэн. Цай ууж байхад С Т-тэй гэр бүлийн маргаан хийгээд байх шиг байсан. Би гарахдаа битгий маргалдаад бай гэр оронтой байж та хоёр ажил хийж мөнгө олох дутуу байна гэж хэлээд Тыг аваад гэрээс нь гараад хажуу хашаанд байх гэртээ орсон. Нөхрөө гэрт унтуулчихаад орж, гараад байж байхад Т гэрт орж ирээд С, Т ах хоёр дэлгүүр ороод архи, ундаа авсан чинь 2,000 төгрөг дутсан гэнэ та мөнгийг нь авч очиж өгөх үү гэхээр нь би битгий өг гэж хэлсэн чинь Т манайхаас гараад гэр рүүгээ явсан. Манай хүүхдүүд гаднаас орж ирээд Т-ийг уйлаад байна гэхээр нь би С-ын гэрт орсон чинь Т гэрийнхээ баруун талын орон дээр уйлаад сууж байхаар нь би С-ыг хүүхэд зодлоо гээд загнасан чинь С би зодоогүй гэж хэлсэн. Эхнэр Т-ийг би зодоогүй, хаана чинь зодсон юм гээд байсан чинь Т дуугараагүй. С миний мөрний дээгүүр гараа явуулаад Тийн хамар руу нь цохиод цус гаргачихсан. Тэгсэн чинь Т миний хажуугаар гүйгээд гараад явсан. Араас нь С гараад үүдний пингийн гадаа Т-ийг бариад гэртээ оръё гэхэд Т орохгүй гэж хэлсэн. Тэгэхэд С үснээс нь татаад гэртээ оръё гэхээр нь би чи яаж байгаа юм, болиоч гэсэн чинь С та хүний амьдралыг мэдэхгүй байж дуугүй бай гэхээр нь би гэр рүүгээ орсон. С-ын гэрт хамт амьдардаг дүү нь болох 11 дүгээр ангийн хүүхэд манайд ирэхээр нь би С-ын гэрт ороод оч, тэр хоёр өдөр муудалцаад байсан гэж хэлэхэд Н нэлээн удаж байгаад Т-тэй хамт манайд ирсэн. Юу болов гэж асуухад Н С бид хоёрыг гэрээсээ гар гээд хөөсөн. Өөрөө гэрээ дотроос нь цоожилчихлоо гэж хэлэхээр нь би манайд бай гэж хэлсэн. Нэлээн удаж байгаад С манайд орж ирээд Т-ийг хоол хийж өг гээд баруун талын гуя руу нь тийрсэн. Тэгээд Т С хоёр манайхаас гарч явсан. Нэлээн хугацааны дараа миний хүү Хаш-Эрдэнийн охин манайд ирээд аав таныг гэртээ дуудаж байна гэхээр нь би гэрт нь орсон. Тэгсэн чинь Тийн толгойноос цус гарчихсан, Хаш-Эрдэнийн гэрт сууж байхаар нь би цусыг нь арчаад, боолт хийж өгчихөөд гэр рүүгээ орсон. /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үдээс өмнө манай эцэг, У хоёр гадаа машин засаад байж байхаар нь би очиж тусалж байсан. Тэгсэн чинь С хашаан дээгүүр эцэг, У ах хоёрыг дуудсан. Бид гурав С-ын гэрт орсон чинь эхнэр нь хоол хийгээд С гэртээ байж байсан. Бид гурвыг орж ирлээ гээд С “Ерөөл” нэртэй 0.5 граммын архи гаргаж, бид дөрөв хувааж уусан. Архи нь дуусах үед манай гэрт ажил гараад би гэр рүүгээ явсан. У ах Хүрмэн сум руу ажилтай гээд явсан. Үдээс хойш гэртээ байж байхад хүүхдүүд орж ирээд, С, Т эгч хоёр хэрэлдээд байна гэж хэлсэн. 16 цагийн үед Т дух нь шалбарчихсан манай гэрт ороод ирэхээр нь би хүүхдээ явуулаад эхийг дуудуулаад, шархийг нь цэвэрлүүлсэн. Тэгсэн чинь С манайд орж ирээд, хэрүүл хийгээд Тийн өмдний шуумагнаас зуураад, гэртээ харъя гэхэд Т босохгүй байсан. Би С-ын эцэг, эх рүү нь залгасан чинь Солонго дэлгүүр дээр явж байна гэж хэлсэн. Удалгүй эцэг, эх нь ирээд хөдөөнөөс авч ирсэн махаа зарж байсан чинь манай хамаатны охин, нөхөртэйгөө ирж мах авсан. Т тэдний машинд суугаад эмнэлэг дээр бууж үлдсэн гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би гэрийнхээ гадаа машинаа засаад байж байхад манай хүү Х, У хоёр ирээд надад тусалж байсан. Тэр үед С манайд орж ирж цай уу гэж хэлсэн. Машинаа янзалж байгаад бид гурав С-ын гэрт очсон чинь эхнэр нь цай аягалж өгсөн. Цайгаа уучихаад С нэг шил “Ерөөл” нэртэй 0.5 граммын архи гаргаж өгөөд бид дөрөв задлаад уусан. Манай хүү Х ажилтай гээд гарсан. У хөдөө явна гээд явсан. С бид хоёр гэрт нь архиа ууж дуусгачихаад би гэртээ орж унтсан. Удалгүй сэрээд С-тай хамт дэлгүүр явж ахиад архи авах гэсэн чинь мөнгө нь хүрээгүй, ундаа аваад гэртээ ирээд унтсан. Унтаж байгаад харуй болоход эхнэр дуудаад босч хөдөөнөөс ирсэн мах зөөж байгаад гэртээ буцаж орсон. Манайх бас С-ын эцэг, эхийн зарах гэж авсан махнаас нэг хөл авсан болохоор махаа янзалчихаад гэртээ унтсан.” /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би Сэврэй сумын Хоолт баг Наран булагт байх гэрээсээ адуун хүнс аваад аймаг руу эхнэр М-ын хамт өөрийн машинаар яваад, орой 20 цагийн үед аймагт ирээд Дундсайханы ....................... тоотод байх хүү С-ын гэрт ирэхэд эхнэр Тийн хамт гэртээ орон дээрээ сууж байсан. Тийн дух шалбарч уйлсан байхаар нь би тэр хоёроос яасан юм гэж асуухад юм яриагүй. Манай эхнэр хүү С-ыг загнаж байсан санагдаж байна. Би С-ын хамт хөдөөнөөс авч ирсэн адууны махаа гэрт зөөж жижиглээд гэрээсээ зарах гээд ажил ихтэй байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Бид нарыг мах зарж байхад Т мах авах гэж ирсэн хүний машинд суугаад эмнэлэг явсан гэж С ярьж байсан. С араас нь Т-ийг хайхаар яваад олоогүй гэж байсан. Гэртээ С, Т хоёр орон дээрээ сууж байсан. Тийн дух шалбарсан, уйлсан харагдсан.” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр С-ыг хөдөө гэрээс ирэхээр нь 11 дүгээр сарын 06-ны өдөр би зөрөөд үдээс хойш нь хөдөө гэр рүүгээ бага охиноо аваад адуун хүнс авч ирж зарах гээд явсан. Хөдөө гэртээ очиж адуун хүнс хийчихээд 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн үед аймаг руу нөхөр хүүхэдтэйгээ хамт өөрийн машинаар ирсэн. Аймагт ирээд С-ын гэрт ирэхэд Тийн дух шалбарч, уйлчихсан байсан. Харин С согтуу орон дээрээ хэвтэж байсан. С-ыг ажил ихтэй завтай байхад архи ууж нэгнийгээ зодож нүдээд ямар хэцүү юм гэж загнахад юм хэлээгүй. С-ыг гарч мах зөөж оруул гэж хэлээд нөгөө хашаа руу орж хил авах гээд явсан чинь Т хамт нөгөө хашаа руу явсан. Замдаа би Т-ээс духыг чинь цэвэрлэж өгье гэртээ орж янзлая гэсэн чинь би гэрт орохгүй гээд нөгөө хашаа руу надтай хамт явсан. Нөгөө хашаанд Т-ын гэрт ороод Т-ын охин Азжаргал Тийн духны шархыг арчиж боолт хийсэн...” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна манай эхнэрийн эгч нь Мөнхбаяр гэх хүн шинэ адууны мах ирсэн гэхээр нь эхнэртэйгээ мах авах гэж С-ын гэрт очиход гэрт нь С, Т, М, Б ах, До эгч нар мах янзлаад байж байхаар нь Мөнхбаяр эгчээс мах худалдаж аваад гэрээс нь гарсан чинь Т араас гарч ирээд би та хоёртой хамт яваад эмнэлэг дээр бууя гэхээр нь за гэж хэлээд машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ ирсэн... Т духан дээрээ лент наасан байсан. /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сар байсан өдрийг нь санахгүй байна. Би өглөө босоход манай эхнэр надтай хэрүүл хийгээд байсан. Манайх угаалга хийх гээд гал дээр ус халааж байсан. Би 11 цагийн үед орноосоо босоод гарч бие засчихаад зүүн талын хажуу хашаа руу өнгийсөн чинь манай ах У хөдөөнөөс ирчихсэн байж байхаар нь би хөдөө явах гэж байна уу явахдаа ороод гараарай гэж хэлээд гэртээ орсон чинь араас Х, У, Т гурав манай гэрт ороод ирсэн. Манайх дөнгөж боссон байсан болохоор өглөөний  цайгаа чанаагүй байсан. Би эхнэрээ цай чаначих гэсэн чинь У ах будаатай цай чаначих гэж Т-т хэлсэн чинь Т уурлаад надтай хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би гэрт шкафны тавиурт байсан “Ерөөл” нэртэй 0,5 граммын архийг гаргаж У ахад өгсөн чинь У ах задлаад Х, У, Т бид дөрөв хувааж уусан. Бид нарыг архи ууж байхад Т надтай хэрүүл хийгээд байсан. У ах та нар яагаад хэрүүл хийгээд байгаа юм боль гэж хэлсэн. Бид дөрвийн ууж байсан архи дуусаад би дэлгүүр ороод “Ерөөл” нэртэй 0,5 граммын архи авч ирсэн чинь Х манай гэрээс явчихсан байсан. Тэгээд авч ирсэн архиа У, Т ах бид гурав хувааж уугаад дуусгасан чинь Т, У ах хоёр манай гэрээс гараад явсан. Би архины шилнүүдээ гаргаж хаясан санагдаж байна, цагийг нь санахгүй байна унтаж байгаад босоод ирсэн чинь гэрт хүн байхгүй байсан. Тэгээд хажуу хашаа руу Т ахын гэрт орсон чинь Т байсан. Т-ийг гэр рүүгээ явъя гэж хэлсэн чинь суугаад байхаар нь би цамцны мөр хэсгээс нь татаж босгоод гэр рүүгээ орсон. Гэрт ирээд бид 2 дахиад муудсан. Гэрийн үүдэнд хог бутарсан байхаар нь шүүрдэх гээд хогийн шүүрээр хог шүүрдээд байж байсан чинь Т хэрүүл хийгээд байхаар нь хогийн шүүрээр далайсан чинь Т гарнаас бариад хогийн шүүр булаацалдаад байхаар нь би хогийн шүүрээ тавьсан. Тэгэхэд Тийн духыг хогийн шүүрний иш оноод цус гарчихсан чинь Т толгойгоо дараад гараад явсан. Би араас нь гарсан чинь Т хажуу хашаа руу Х ахын гэр рүү орчихсон. Араас нь ороход Ц эгч Тийн цусыг арчиж байгаад намайг загнаад байсан...” /хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 609 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “П.Т-ийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, тавхай дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 05 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 43, 44 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/

Хохирол, төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 52-55, 72, 75 дугаар хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М.Ст холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.С нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы ....................... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч П.Т-ийг зодож, биед нь тархи доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, тавхай дахь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 2,614,000 төгрөгийг төлсөн боловч хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардалд болон сэтгэл санааны хохирол мөн ажилгүй байх хугацааны орлого нийт 12,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хохирол төлбөр гаргуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Гэхдээ хохирогч 12,000,000 төгрөгийн талаар баримт гаргаж өгөөгүй учраас гаргуулах үндэслэлгүй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна гэх саналыг гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч С.Давааравдан дүгнэлтдээ: Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн хүрээнд хохирогч Т-т хувийн сэдэлтэй биед нь хөнгөн зэргийн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж үзэж байна. 12,000,000 төгрөгийн хувьд нээлттэй үлдээж өгнө үү? гэсэн саналтай байна. Яагаад гэхээр эмчилгээ үргэлжлээд хийгдэж байгаа. Мөнгөн гүүр эмнэлгийн Нямцэнд эмчийн хяналтад байгаа. Хяналтад байгаа боловч цар тахлын улмаас очиж үзүүлж чадахгүй байгаа. Одоогоор өөрийнхөө суманд өрхийн эмнэлгийн хяналтад байгаа. Гаргаж өгөөгүй зардал олон байгаа. Тиймээс цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү? 2,613,000 төгрөгийг шүүгдэгч төлсөн гэдгээр шийдвэрт тусгуулах саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлийг тууштай хүлээн мэдүүлсэн байдаг. Үүнээс харахад эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байна гэж үзэж байна. Олох байсан орлого нь аль юм бэ, сэтгэл санааны хохирол хэдэн төгрөг юм бэ? гэдэг талаараа задаргаа байхгүй байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хөнгөн зэргийн гэмтэл хамаардаг. Хөнгөн зэргийн гэмтэл 28 хоногийн дотор эдгэрэх гэмтэл байдаг. Шинжээчийн дүгнэлтээс өөр эмчилгээ хийлгэсэн нэхэмжилж байгаа хохирол төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналтай байна. Хуульд зааснаар эмчилгээний зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч М.С нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж буйгаа болон өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүгдэгч М.С, хохирогч П.Т нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч тэд 3 жил хамт амьдарч буйгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8- д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан ба шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр П.Тийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, тавхай дахь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь халдсан үйлдлийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.С-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:   

Шүүгдэгч М.С нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы ....................... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч П.Т-ийг зодож, биед нь тархи доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, тавхай дахь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Тийн “...Манай нөхөр Т ахтай хамт орж ирээд г..., я..., хов зөөлөө гээд хараагаад байхаар нь би гэртээ оръё гээд гэр рүүгээ нөхрөө аваад ороход намайг гэрт оруулаад үснээс зулгаагаад ор руу үсдэж унагаагаад гэрээс гаргахгүй хаалгаа дотроос нь цоожилчихсон. Хажуу айлын хашааны эгч нь орж ирээд боль гэж хэлсэн чинь танд хамаагүй гээд заамдаж аваад байсан чинь эгч нь гараад явчихсан. Намайг зодоод байж байсан чинь хамт амьдардаг дүү Н нь орж ирээд боль гэж хэлэхэд намайг зодсон хэвээрээ л байсан. Тэгээд дүүгээ г... гээд хэл амаар доромжлоод байсан чинь дүү нь гараад явчихсан. Дүүгээ гарсны дараа намайг түмпэнгээр цохиод араас нь хогийн шүүрээр цохиж байсан чинь иш нь хугараад төмрөөр нь миний толгой руу хатгачихсан...” /хавтаст хэргийн 08-09, 10-11 дүгээр хуудас/,

гэрч Н.Ц-ийн “...Манай хүүхдүүд гаднаас орж ирээд Т-ийг уйлаад байна гэхээр нь би С-ын гэрт орсон чинь Т гэрийнхээ баруун талын орон дээр уйлаад сууж байхаар нь би С-ыг хүүхэд зодлоо гээд загнасан чинь С би зодоогүй гэж хэлсэн. Эхнэр Т-ийг би зодоогүй, хаана чинь зодсон юм гээд байсан чинь Т дуугараагүй. С миний мөрний дээгүүр гараа явуулаад Тийн хамар руу нь цохиод цус гаргачихсан. Тэгсэн чинь Т миний хажуугаар гүйгээд гараад явсан. Араас нь С гараад үүдний пингийн гадаа Т-ийг бариад гэртээ оръё гэхэд Т орохгүй гэж хэлсэн. Тэгэхэд С үснээс нь татаад гэртээ оръё гэхээр нь би чи яаж байгаа юм, болиоч гэсэн чинь С та хүний амьдралыг мэдэхгүй байж дуугүй бай гэхээр нь би гэр рүүгээ орсон. ...Нэлээн хугацааны дараа миний хүү Хаш-Эрдэнийн охин манайд ирээд аав таныг гэртээ дуудаж байна гэхээр нь би гэрт нь орсон. Тэгсэн чинь Тийн толгойноос цус гарчихсан, Хаш-Эрдэнийн гэрт сууж байхаар нь би цусыг нь арчаад, боолт хийж өгчихөөд гэр рүүгээ орсон...” /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Т.Х--ийн “...Үдээс хойш гэртээ байж байхад хүүхдүүд орж ирээд, С, Т эгч хоёр хэрэлдээд байна гэж хэлсэн. 16 цагийн үед Т дух нь шалбарчихсан манай гэрт ороод ирэхээр нь би хүүхдээ явуулаад эхийг дуудуулаад, шархийг нь цэвэрлүүлсэн. Тэгсэн чинь С манайд орж ирээд, хэрүүл хийгээд Тийн өмдний шуумагнаас зуураад, гэртээ харъя гэхэд Т босохгүй байсан. Цамцны захнаас нь зуураад байхаар нь би С-ыг хэрүүл хийлээ гэж загнаад гаргасан...” /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Т.Б-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би Сэврэй сумын Хоолт баг Наран булагт байх гэрээсээ адуун хүнс аваад аймаг руу эхнэр М-ын хамт өөрийн машинаар яваад, орой 20 цагийн үед аймагт ирээд Дундсайханы ....................... тоотод байх хүү С-ын гэрт ирэхэд эхнэр Тийн хамт гэртээ орон дээрээ сууж байсан. Тийн дух шалбарч уйлсан байхаар нь би тэр хоёроос яасан юм гэж асуухад юм яриагүй. Манай эхнэр хүү С-ыг загнаж байсан санагдаж байна...” /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

гэрч С.М-ын “...Аймагт ирээд С-ын гэрт ирэхэд Тийн дух шалбарч, уйлчихсан байсан. Харин С согтуу орон дээрээ хэвтэж байсан. Намайг аймаг руу орж байхад манай эгч Ц над руу залгаад С архи уугаад Тийн толгойг хагалсан байна, хаана явж байна, хурдан ирээрэй гэж хэлсэн. С-ыг ажил ихтэй завтай байхад архи ууж нэгнийгээ зодож нүдээд ямар хэцүү юм гэж загнахад юм хэлээгүй. С-ыг гарч мах зөөж оруул гэж хэлээд нөгөө хашаа руу орж хил авах гээд явсан чинь Т хамт нөгөө хашаа руу явсан. Замдаа би Т-ээс духыг чинь цэвэрлэж өгье гэртээ орж янзалъя гэсэн чинь би гэрт орохгүй гээд нөгөө хашаа руу надтай хамт явсан. Нөгөө хашаанд Т-ын гэрт ороод Т-ын охин Азжаргал Тийн духны шархыг арчиж боолт хийсэн...” /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Б.Н-ын “...2020 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна манай эхнэрийн эгч нь М гэх хүн шинэ адууны мах ирсэн гэхээр нь эхнэртэйгээ мах авах гэж С-ын гэрт очиход гэрт нь С, Т, Мө, Б ах, Д эгч нар мах янзлаад байж байхаар нь Мө эгчээс мах худалдаж аваад гэрээс нь гарсан чинь Т араас гарч ирээд би та хоёртой хамт яваад эмнэлэг дээр бууя гэхээр нь за гэж хэлээд машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ ирсэн... Т духан дээрээ лент наасан байсан. /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 609 дугаартай П.Т-ийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, тавхай дахь цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч М.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.С-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч М.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Тийн биед тархины доргилт, духны язарсан шарх, зүүн гуя, тавхай дахь цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т 1,673,550 төгрөгийн /хавтаст хэргийн 72, 73, 74, 75/ хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгсөн хэдий ч шүүгдэгчийн зүгээс 2,613,490 төгрөгийг /хавтаст хэргийн 52, 53, 54, 55/ төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т-ийн зүгээс сэтгэл санааны болон олох ёстой байсан орлого гэж нийт 12,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийг нотолсон холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар. 

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.С-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналыг гаргав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Давааравдан дүгнэлтдээ: Улсын яллагчтай санал нэг байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал дүгнэлтдээ: Шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учраас хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Хохирол төлбөр төлөгдсөн. Миний үйлчлүүлэгчид ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч М.С-ын хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тууштай хүлээн мэдүүлж ирсэн, хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч М.С нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч М.С-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний өрхийн орлогыг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа зэргийг харгалзан түүнд 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Тт 2,613,490 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овгийн М-ын С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-т 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т-т 2,613,490 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Т-ийн сэтгэл санааны хохирол, олох байсан орлого гэж нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ