Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

                     

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдмаа,

шүүгдэгч Ц.М, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн 1834008170045 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б/Регистрийн дугаар: /, Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөө, аавын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 12а-18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.

М/Регистрийн дугаар: /, Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймаг Говь-Угтаал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, хойд эх 4 дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо 48 задгай тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М Б.Б нар нь бүлэглэн “Малчин” телевизээр адуу мал алдсан хүмүүсийн “малаа хайж байна” гэсэн зарын дагуу дээрхи хүмүүс рүү зар дээр тавьсан дугаараар залгаж “алдсан адууг чинь оллоо” гэж бусдыг хуурч, “бензины мөнгө дансаар шилжүүлчихвэл өөрийн машинаар адууг чинь хүргэж өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч П.Дашдэмбэрэлд алдсан адууг чинь олсон машинаар хүргэж өгнө гэж 180000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Ш.Алтанкулийн 3 тооны адууг олсон хүргэж өгөх шатахууны зардал гэж 80000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Бямбадоржийн 30 тооны адууг олсон гэж 180000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Т.Хаянхирваагийн алдсан 7 тооны адууг олсон шатахууны зардал гэж 50000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 30-нд хохирогч Б.Өлзийбатын 1 тооны адууг олсон хүргээд өгье бензин авах мөнгө хэрэгтэй байна гэж 180000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бусдад нийт 670000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би одоо жирэмсэн байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан П.Дашдэмбэрэлийн өргөдөл /хх-08 тал/, 5024444353 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-09 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-14-16 тал/, хохирогч П.Дашдэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-18-19 тал/, гэрч Д.Цацралаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-22 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-47 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 80000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-48 тал/, эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл/хх-49 тал/, хохирогч Ш.Алтанкулиас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-52-53 тал/, гэрч Ж.Жаргалсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-54 тал/, 88257904 дугаарын орсон гарсан дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа/хх-60-62 тал/, Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-63 тал/, Ц.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64 тал/, 5192199531 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-65 тал/, 5749526876 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-67 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-80 тал/, голомт банкны цахим гүйлгээний баримт/хх-81 тал/, хохирогч Б.Бямбадоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-82-83 тал/, гэрч Н.Отгонбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-84-85 тал/, 5064753261 тоот депозит дансны хуулга/хх-93 тал/, Т.Хаянхярваагийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-107 тал/, хохирогч Т.Хаянхярваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-111-112 тал/, С.Өлзийбатын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-149 тал/, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-152 тал/ ,орлогын мэдүүлгийн баримтын хуулбарууд/хх-153 тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл/хх-154-156 тал/, хохирогч С.Өлзийбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-158-159 тал/, гэрч О.Дэлгэрмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-164-165 тал/, хохирол барагдуулсан баримтууд/2-р хавтас хх-69-70 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.М Б.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Малчин” телевизээр адуу мал алдсан хүмүүсийн “малаа хайж байна” гэсэн зарын дагуу дээрхи хүмүүс рүү зар дээр тавьсан дугаараар залгаж “алдсан адууг чинь оллоо” гэж бусдыг хуурч, “бензины мөнгө дансаар шилжүүлчихвэл өөрийн машинаар адууг чинь хүргэж өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч П.Дашдэмбэрэлд алдсан адууг чинь олсон машинаар хүргэж өгнө гэж 180000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Ш.Алтанкулийн 3 тооны адууг олсон хүргэж өгөх шатахууны зардал гэж 80000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Бямбадоржийн 30 тооны адууг олсон гэж 180000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Т.Хаянхирваагийн алдсан 7 тооны адууг олсон шатахууны зардал гэж 50000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 30-нд хохирогч Б.Өлзийбатын 1 тооны адууг олсон хүргээд өгье бензин авах мөнгө хэрэгтэй байна гэж 180000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бусдад нийт 670000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Дашдэмбэрэлийн: “ ... Би 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн 13 тооны адуугаа Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газрын Шавартын амнаас алдсан юм. Тухайн үед адуу маань олдохгүй болохоор “Малчин” телевизэд 2018 оны 10 дугаар сарын 05, 06-ны үед адуугаа алдсан талаар им, тамга, зүс, нас шүдээр дэлгэрэнгүй зар өгч олсон хүн байвал шагнал өгөх талаар дурьдаж фото зургаар нь олон нийтэд мэдээлсэн. Тэгсэн чинь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр над руу 88328420 дугаарын утаснаас өөрийгөө Буяндэлгэр гэж танилцуулсан эрэгтэй хүн залгаж “та малчин телевизэд зар өгсөн үү” таны алдсан адууг тань Дундговь аймгийн Дэлгэрхаан сумаас олчлоо, тоо ёсоор байна би шалаанзтай болохоор таны адууг ачаад хүргээд өгөх үү” гэхээр нь би адуугаа олдсон гэхээр нь баярлаад түргэн л авчруулмаар санагдаад бензины 180000 төгрөгийг Буяндэлгэр гэх хүний 5030457512 дугаарын дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Хохирогч Ш.Алтанкулийн: “ ... Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурлын даваа гэх газраас 3 тооны адуугаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр алдаад эрэл сурал хийж байхад 88257904 дугаараас залгаад “танай адуу Төв аймгийн Баян-Өнжүүл суманд байна. Бензины мөнгө шилжүүлвэл би ачаад аваачаад өгий гэхээр нь хэдэн төгрөг болох талаар асуухад 180000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би эхнэр Жаргалсайханд хэлээд эхнэрийн данснаас 80000 төгрөг шилжүүлээд адуу авч ирж өгчихөөд 100000 төгрөгөө ав гэж хэлсэн. Тэгээд мөнгө шилжүүлчихээд залгатал утас нь холбогдохоо больсон байсан. Над руу өгсөн данс нь 5192199591 гэсэн данс руу өөрийнхөө 5749526876 данснаас манай эхнэр Жаргалсайхан 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүүлсэн” гэх мэдүүлэг /хх-53 тал/,

Гэрч Ж.Жаргалсайханы: “ ... Манайх адуугаа алдаад телевизэд зар өгсөн байсан чинь зарын дагуу ярьж байна гээд 88257904 дугааараас залгаад адуу чинь олчихлоо бензины мөнгө шилжүүлчих 180000 төгрөг гэхээр нь би Налайх дүүрэг ороод над руу явуулсан 5192199531 данс руу нь би өөрийнхөө данснаас 80000 төгрөг шилжүүлээд нөгөө 88257904 дугаар луу залгаад адуу авч ирж өгсөний дараа 100000 төгрөгийг нь өгий гэж хэлсэн. Тэгээд мөнгө хийгээд хэсэг хугацааны дараа нөгөө дугаар луу залгахад холбогдохоо больсон байсан. Дахиж холбоо барьж чадаагүй” гэх мэдүүлэг /хх-54 тал/,

Хохирогч Б.Бямбадоржийн: “ ... Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас 30 гаран тооны адуугаа алдаад 2018 оны 08 дугаар сарын 10-ны үеэр хэд хоног хайсан юм. Тэгтэл 88257904 дугаараас залгаад адууг чинь олчихлоо бүх зүс тоо нь таарч байна. Одоо Төв аймгийн Сэргэлэн суманд байна. Бензины мөнгө 180000 төгрөг шилжүүлчих гээд тухайн үед бид хөдөө явж байсан болохоор өөрийн охин Билэгсайханы голомт банкны 1105081242 данснаас Хаан банкны 5064753261 гэсэн данс руу 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд нөгөө утаснаас ярьсан хүн дахиж утсаа авахаа больсон. Тухайн өдөр нь би Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Ээж хад орчимоор очиж хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх-83 тал/,

Гэрч Н.Отгонбаатарын: “ ...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сансарт Баянцээл Хүнсний дэлгүүрийн замын эсрэг талд хүнс ногооны мухлаг ажиллаж байхад нэг 20 гаран насны туранхайдуу бор залуу ирээд надтай уулзаад эгчээ манай эмээгийн бие өвдөөд хөдөөнөөс эм тариа ав гээд мөнгө шилжүүлээд авчих гэсэн гэсэн юм гэхээр нь би хэдэн төгрөг юм гэхэд цаанааасаа шилжүүлчихнээ гэхээр нь би дансны дугаараа өгсөн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа миний данс руу 180000 төгрөг орсон чинь нөгөө залуу яваад ирсэн мөнгө шилжүүлчихсэн гэж байна гээд тэгээд нөгөө залуу миний лангуунаас очиж хүнс ногоо авчихаад би бэлэн 160000 төгрөг өөрт нь өгсөн. Тэгээд нөгөө залуу эгчээ маргааш бас хүнээс мөнгө авах юм таны данс руу хийчихээд авчиж болох уу гэхээр нь маргааш ирэхгүй гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-84 тал/,

Хохирогч Т.Хаянхярваагийн: “ ... 2018 оны 09 дүгээр сарын үеэр манайх алдсан адуугаа Малчин ТВ-д тэмдэглүүлсэн байсан тэгээд 88-тай утаснаас 7 тооны адуу алдсан хүн мөн үү гээд зүсээр нь хэлээд энэ адууг олчихлоо бид нар Улаанбаатар хот явах гэж байна дөхүүлээд өгье гэсэн. Тэгээд бензины мөнгө 50000 төгрөг шилжүүлээч гэсэн. Би мобайл банкаар 50000 төгрөг шилжүүлсэн. Наанаа байж бай би өөрөө очоод авъя гээд манай аав Төв аймгийн Баян сум руу очсон. Очоод нөгөө дугаар луу нь залгатал холбогдоогүй тэгээд ойр хавийн хүмүүсээс асуутал хүмүүс худлаа яриад хулхидаад байгаа гэж байсан. Тэгээд цагдаад бүртгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-112 тал/,

Хохирогч С.Өлзийбатын: “ ... 2018 оны 09 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн хооронд Төв аймгийн Баянчандмань сум 3 дугаар баг Залуус хороололд байх өөрийн хашааны гаднаас хээр зүсмийн гурвалжин тамгатай бүдүүн морио хашааны гадна орхисон байсан. Тэгээд 19 цагийн үед морио хашаандаа оруулах гээд хайсан морио олоогүй, морио алдсанаас хойш 1 хоногийн дараа “Малчин” телевизэд хашааны гаднаас хээр зүсмийн морио алдсан Жаргалант сум руу гүйх магадлалтай гэж зар өгсөн. Тэгсэн тэр өдрийн орой 16 цагийн үед 88328420 гэсэн дугаараас өөрийгөө Бямбаа гэж танилцуулсан хүн надруу залгаад хээр морь чинь Дуган хадны энд манай гэрийн ойролцоо байна гэж хэлсэн тэгэхээр нь би 16 цаг 30 минутын үед өөрөөсөө 30000/гучин мянган төгрөг/ гаргаад манай малын эзэн Сарантуяагийн машинд бензин хийгээд Сарантуяа бид 2 хамт Дуган хад руу уг айл руу яваад орой 18 цагийн үед Дуган хадны тэнд очоод Бямбаа гэх айлыг хайгаад олоогүй. Тэгээд 22 цагийн үед Бямбаа гэх хүний 88328420 дугаарлуу залгаад танайхыг олохгүй байна гэхэд Бямбаа гэх хүн та нар манайхыг олохгүй байна Урьхан зоогийн газар дээр очоод хүлээж бай гэхээр нь би “Урьхан” зоогийн газар дээр очоод 40 гаран минут хүлээсэн тэгээд би ахин 88328420 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд 23 цагийн үед Баянчандмань сум руу өөрийн гэртээ ирсэн. Маргааш өглөө 11 цагийн үед би 88328420 дугаар луу залгаад ярихад 180000 төгрөг Одгэрэлийн Дэлгэрмаа гэх хүний Хаан банкны данс руу хийчих би бензин хийгээд аваачаад өгье гэхээр нь уг данс руу 16 цагийн үед 180000/нэг зуун наян мянган/ төгрөг хийчихээд оройн 20 цаг өнгөрч байхад ахин залгаж асуухад Урьхан өнгөрөөд явж байна удахгүй ирнэ гэж хэлээд ирээгүй юм. Тэгээд түүнээс хойш морь маань болон нөгөө хүмүүс байхгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-158-159 тал/,

Гэрч О.Дэлгэрмаагийн: Би Баянзүрх дүүргийн Түннэлийн эсрэг талд 33 дугаар сургуулийн доод талд ТҮЦ түрээслэж ажиллуулдаг. Тэр өдөр манай найз залуу Ганбаяр ТҮЦ-нд сууж байсан чинь дэлгүүрт нь хөдөөнөөс ирсэн гээд хүн мөнгө мобайлдаад өг гэж гуйсан тэгээд миний 5009526889 дугаартай дансанд хийлгэсэн. Би тэр хүнд 162000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэн мөнгөөр нь юм авсан. Би тэр хүнийг огт танихгүй харвал таних байх. Туранхай бор царайтай, сахалтай залуу байсан ойролцоогоор 27-30 орчим насны байсан. Түүнтэй хамт найз охин бололтой охин явж байсан. Тэр нь эрэгтэй халимаг үсний засалттай дугуй царайтай дундаж нуруутай 20-25 орчим насны хүн байсан” гэх мэдүүлэг /хх-164 тал/,

Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан П.Дашдэмбэрэлийн өргөдөл /хх-08 тал/, 5024444353 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-09 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-47 тал/, 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 80000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-48 тал/, эд зүйл баримт бичиг хураан авсан тэмдэглэл/хх-49 тал/, 88257904 дугаарын орсон гарсан дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа/хх-60-62 тал/, 5192199531 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-65 тал/, 5749526876 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-67 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-80 тал/, голомт банзны цахим гүйлгээний баримт/хх-81 тал/, 5064753261 тоот депозит дансны хуулга/хх-93 тал/, Т.Хаянхярваагийн Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-107 тал/, С.Өлзийбатын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-149 тал/, эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-152 тал/ ,орлогын мэдүүлгийн баримтын хуулбарууд/хх-153 тал/, хохирол барагдуулсан баримтууд/2-р хавтас хх-69-70 тал/-р нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ц.М Б.Бтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Малчин” телевизээр адуу мал алдсан хүмүүсийн “малаа хайж байна” гэсэн зарын дагуу дээрхи хүмүүс рүү зар дээр тавьсан дугаараар залгаж “алдсан адууг чинь оллоо” гэж бусдыг хуурч, “бензины мөнгө дансаар шилжүүлчихвэл өөрийн машинаар адууг чинь хүргэж өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч П.Дашдэмбэрэлд алдсан адууг чинь олсон машинаар хүргэж өгнө гэж 180000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Ш.Алтанкулийн 3 тооны адууг олсон хүргэж өгөх шатахууны зардал гэж 80000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Бямбадоржийн 30 тооны адууг олсон гэж 180000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Т.Хаянхирваагийн алдсан 7 тооны адууг олсон шатахууны зардал гэж 50000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын 30-нд хохирогч Б.Өлзийбатын 1 тооны адууг олсон хүргээд өгье бензин авах мөнгө хэрэгтэй байна гэж 180000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч бусдад нийт 670000 төгрөгийн хохирол учруулан залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Ц.М, Б.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоогдсон, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

           Шүүгдэгч Ц.М, Б.Б нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 152 хоног /нэг зуун тавин хоёр хоног/, шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад  38 /гучин найман хоног/ тус тус урьдчилан цагдан хоригдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д заасан “ ...цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэснээр дүйцүүлэн тооцоход шүүгдэгч Ц.М 152 хоног х15000 төгрөг=2280000 төгрөгтэй, Б.Б  38 хоног х15000 төгрөг=570000 төгрөгтэй дүйцэхээр байх тул шүүгдэгч Ц.М, Б.Б нарыг ял эдэлсэнд тооцсон болно.

 

              Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт шүүгдэгч Ц.М нь 152 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Б нь 38 хоног цагдан хоригдсон, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувиарлах зардалгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч З овогт Б Б, Б овогт Ц М нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Б.Б-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар,

Б овогт Ц.М-ыг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ын цагдан хоригдсон 152 хоног х15000 төгрөг=2280000 төгрөгтэй, Б.Б-ын цагдан хоригдсон 38 хоног х15000 төгрөг=570000 төгрөгтэй дүйцэхээр байх тул шүүгдэгч Ц.М, Б.Б нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг тус тус эдэлсэнд тооцсугай.

4.Шүүгдэгч Ц.М, Б.Б нарт авсан бусдын баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбаргүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувиарлах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ