Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-т холбогдох 2034002360201 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Н.Ц. Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Төв аймаг Өндөрширээт сум Баянтуул 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Н.Ц нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Хөх толгой” гэх газарт С.Мэгзэр, Н.Бат-Эрдэнэ нарыг зодож улмаар С.Мэгзэрийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Ц нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Хөх толгой” гэх газарт С.Мэгзэр, Н.Бат-Эрдэнэ нарыг зодож улмаар С.Мэгзэрийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч С.Мэгзэрийн: “ ...Тухайн үед Бат-Эрдэнийн гэрт архи пиво ууж байсан тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр малын бэлчээрээс болоод маргалдаад хэрүүл болсон ба Бат-Эрдэнэтэй барьцалдаад авсан чинь та хоёр зодолдох гэлээ гээд хажууд байсан Ц гараараа намайг цохиж газар унагаагаад тэгээд хөлөөрөө нүүр лүү өшиглөж гэмтэл учруулсан. Тухайн үед миний биед зүүн нүдний доод ухархай гэмтсэн, хамар уруул гэмтсэн юм” гэх мэдүүлэг/хх-04 тал/,

Гэрч Н.Бат-Эрдэнийн: “.... Би 2020 оны 02 дугаар сарын 29-нд гэртээ унтаж байхад шөнө Мэгзэр ах, Лхагва-Эрдэнэ, Мягмардорж, Лүндэв нар нь манайд ирсэн тэгээд би босоод хоол цай хийж өгсөн тэгээд өөрсдөө архитай ирсэн. 2 шил архи уусан. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манай ах Нанжинпүрэвээр пиво авахуулсан тэгээд манайд пиво ууж байгаад би Мэгзэр ахтай маргалдсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад намайг нэг нэгнээ заамдсан. Тэгээд бид хоёр маргалдахаа болъё гэж хэлээд байж байхад Лүндэв нь ирээд намайг гэрийн гадаа мотоцикльны хажууд сууж байхад миний баруун мөрний буюу хүзүүний дээд талд буюу чихний ард өшиглөсөн. Тэгээд би босоод сууж байхад Мягмардорж нь ирээд миний нүүр лүү нэг удаа гараараа цохьсон би тэгээд мотоцикльны хажууд сууж байхад Оюука ирээд гэрлүү оруулсан. Мөн Мэгзэр ахыг Лүндэв очиж өшиглөсөн. Тэгээд Мягмардорж нь Лүндэвийг Мэгзэрийг өшиглөх үед нь боль гэж хэлээд салгасан салгаж байх үедээ намайг нэг удаа би яаж байгаа юм бэ гэж хэлэхэд яваад өгсөн. Үдээс хойш манай эх Нанжинпүрэв сумын төвөөс ирээд сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн би Лүндэвт өшиглөсөнөөс хойш босож чадахгүй нуруу, хүзүү эвгүй болцон эмч ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-08 тал/,

Гэрч С.Амаржаргалын: “ ...Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчим байх гэрт байж байхад манай саахалт айлын Батчулуун ах нь машинтайгаа ирсэн. Тэгээд байж байхад манай төрсөн дүү Мэгзэр согтуу нүүр нь цустай амнаас нь цус гараад гоожоод орж ирсэн. Тэгээд яасан юм гэж асуухад сая зодолдсон гэж хэлсэн мөн манай хамаатан Ц нь согтуу орж ирсэн. Тэгээд Мэгзэр нүүрээ угаагаад унтаад өгсөн. Ц нь хажууд сууж байгаад унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд нь манай нөхөр эмнэлгийн машинд суулгаж өгсөн. Зодоон болсон газрын Бат-Эрдэнийнд сумын төвөөс эмч ирсэн гэж утсаар мэдэгдээд утсаар ярьж байгаад замд нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Гэрч Д.Лхагва-Эрдэнийн: “ ... Ц нь Мэгзэр ахыг газар сууж байхад нь өшиглөсөн. Тэгээд Мэгзэр ах босож ирээд Цтэй барилцаад авсан. Тэгээд Мягмардорж бид хоёр салгасан” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Гэрч Э.Мягмардоржийн: “ ... Гадаа гарахад Мэгзэр ах Ц хоёр маргасан бололтой Мэгзэр ах газар сууж байсан тэгээд Ц Мэгзэр ах хоёрыг салгаад байж байхад Ц нь Мэгзэр ахыг өшиглөсөн. Тэгээд би Цийг бариад авсан” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч Д.Батчулууны:  “... Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байхад манай баруун талд байдаг Мэгзэр нь сахалт айлын Бат-Эрдэнийн гэрээс явган нэг хүнтэй хамт ирсэн. Мэгзэрийн нүд нь хавдсан, хамар нь цохиулсан, дээд уруул сэтэрсэн ирсэн ба яасан юм гэж асуухад гадны залуучууд намайг зодож алах гээд байна та сумын эмнэлэг юм уу хүргэн ахынд хүргээд өгөөч гэсэн” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №130 дугаартай “ 1. С.Мэгзэрийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн чамархай, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал цус хуралт, хамар, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-18 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-40 тал/,  зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ц нь 2020 оны 4 сарын 06-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-56 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 09-ний өдөр 31 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-69 тал/ 2020 оны 4 сарын 10-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Н.Ц-т холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 1300000 төгрөгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Н.Ц-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

           Шүүгдэгч Н.Ц-т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт Н.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ийг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ц-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхыг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ц-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ