Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0325/З |
Дугаар | 645 |
Огноо | 2018-10-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 645
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Н.Аын нэхэмжлэлтэй, н З д, Н Г анд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Б овогт Н-н А,
Хариуцагч: Н З д, Н Г а,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрх Н.Аод шилжүүлэхийг н З д-д даалгах”
2. “Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.Аод бичиж өгөхийн Н Г а-нд даалгах”,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.А миний бие Н З дд хандан газар эзэмших эрх шилжүүлж өгнө үү гэж, Н Г анд хандан гэрчилгээ бичиж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан.
...Улмаар 131200 дугаараас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “ub1200.mn” цахим сайтаас өргөдлийн хариугаа авна уу гэсэн утгатай 2 мессеж ирсэн.
Уг сайтаар ирсэн өргөдлийн хариу тус бүрд Хариу: Иргэн, хуулийн этгээдийн газрын асуудлыг тус албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг бөгөөд танай ирүүлсэн материалын бүрдэл дутуу байгаа тул тус хурлаар хэлэлцүүлэх боломжгүй байна. Иймд албан хүсэлтдээ холбогдох бусад материалыг бүрдүүлж нийслэлийн үйлчилгээний үндсэн төвүүдэд хандана уу” гэсэн байсан.
Уг хариунд “...ирүүлсэн материалын бүрдэл дутуу...” гэсэн учраас холбогдох албаны хүн дээр 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр очиж ямар баримт дутуу талаар асуусан боловч “угаасаа гражийн барилгад газрын гэрчилгээ өгдөггүй” шаардлагатай бол энэ хариуг бичгээр өгье гэсэн боловч уг хариугаа өгөөгүй.
Миний бие Н Г анд өргөдөл гаргасан тул Газрын тухай хуульд зааснаар уг байгууллагын дээд шатны байгууллага болох “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар”-т гомдол гаргасан боловч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны 1/568 албан тоотоор гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн Н.А би Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай гражийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдаж авч гэрээ байгуулсан.
Уг газарт Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/39 дүгээр захирамжаар гражийн зориулалтаар барилгын байршил тогтоож, 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлээр “Б Ү-Б” компанид газар олгосон тухай мэдэгдсэн байна. Улмаар “Б Ү-Б” компанийн барьсан гражаас 4 дугаартай гражийг нь иргэн О.Ч худалдаж авсан бөгөөд О.Ч-ээс миний бие худалдаж авсан болно.
Уг гражийн эзэмшигч нь газрын төлбөрийг төлж байсан бөгөөд миний бие “Газрын төлбөрийг тодорхойлох тухай” актыг Б******* дүүргийн газрын албаны төлбөрийн байцаагч Г.Д, дарга Г.М нартай 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн.
...Иргэн миний бие эрх бүхий этгээдийн шийдвэрээр баригдсан граж худалдан авсан, уг гражаас газрын төлбөрийг 26 жилийн хугацаанд хурааж авч байгаа, уг гражийг худалдан авсан Н.А-той газрын төлбөрийг тодорхойлох актыг Газрын алба үйлдсэн атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй, газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа нь иргэний хөдлөх, үл хөдлөх олж авах эрхийг зөрчсөн зөрчил гэж үзнэ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-т заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана”, 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” гэж заасан ба гэрчилгээ байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах тухай мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан байдаг.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл иргэн миний бие би Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай гражийг худалдан авсан хэдий ч эрх бүхий этгээдээс газар эзэмших эрх шилжүүлэхгүй, газрын гэрчилгээ олгохгүй байгаагийн улмаас уг үл хөдлөх хөрөнгөндөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй, хууль бус газар эзэмшигч болж хувираад байна.
...захиргааны байгууллагаас “гражид гэрчилгээ олгодоггүй” гэсэн хариуг амаар өгсөн. Миний бие гражийн газар эзэмших эрхийн гэрчилгээгүй бол хууль бусаар гражийн зориулалтаар газар эзэмшигч болно. Тиймээс хууль бус татгалзал байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Б******* дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гражийг худалдан авч гэрээ байгуулж, төлбөр төлсөн актаар ашиглаад явж байгаа. Уг актын дагуу жилдээ 90.000 орчим төгрөг төлдөг. Гражаа өмчилж болохгүй байдалд хүрсэн нь миний эд хөрөнгө, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
...Газрын тухай хуульд газрыг гагцхүү газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшинэ гэж заасан байдаг ... миний хувьд тус граж буюу үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаар хуулийн дагуу газар эзэмших эрх үүссэн.
...Нэгэнт захирамж гарсан байгаа учир гэрчилгээний нэрийг шилжүүлж авах хүсэлт гаргасан. 2011 оноос эхлэх Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлж байсныг зогсоосон гэж тайлбар хийж байна. Гэтэл Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн үйлчилгээг зогсоох боломжгүй. Нэгэнт хуульд заасны дагуу барьсан гражийг газарт оруулахад эрх зүйн хувьд буруу гэх үндэслэл байхгүй. Мөн миний гражийг хууль бус гэж үзсэн баримт байхгүй.
...“Б Ү-Б” ББХК-д газар эзэмших эрх үүсгэсэн гэж ойлгож байгаа. Хэрэв ашиглах эрхийн гэрчилгээ олгох бол эвлэрч гэрчилгээг авахад татгалзах зүйл байхгүй. Мөн гэрчилгээ олгохын тулд гэрчилгээ олгосугай гэж Засаг даргын захирамж гардаггүй. Мөн намайг худалдаж авахаас өмнөх граж эзэмшигч нар гэрчилгээ авахаар хөөцөлдөж байсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ анхнаасаа гэрчилгээ өгөөгүй гэдэг утгаар тайлбар хийх нь зохимжгүй гэж ойлгож байгаа. Учир нь 1992 оны Засаг даргын захирамжаар гэрчилгээ гаргуулж авах нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч н З д, Н Г аны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн гол үндэслэл болсон 1992 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны А/39 тоот захирамжаар Барилгын байршилт тогтоох тухай захирамж байх тул энэхүү захирамжаар тухайн гражийн барилгуудын байршил тогтоосон эрхийн акт гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн автограж худалдан авах гэрээ хийж өмчлөгч болсон бөгөөд тус автогражийг худалдан авах үед газрын ямар нэг зөвшөөрөл бүхий нийслэлийн Засаг даргын захирамж олгохгүй болсон талаар мэдсэн, мэдэх боломжтой байсан тул өөрийн хүсэл зорилгоор худалдан авсан гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууцны хороолол орчмын гражуудыг журамлах тухай” 397 дугаар захирамжаар “Орон сууцны хорооллын орчимд төлөвлөлт, зураг төсөлгүй, эмх замбараагүй баригдсан төмөр болон тоосгон гражуудыг буулган газар эзэмшил, ашиглалтын нягтаршлыг сайжруулах замаар оршин суугчдын дэмжлэгтэйгээр дээрээ хүүхдийн тоглоом, амралтын талбай бүхий газар доогуур давхар авто машины граж барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх” зорилгоор ажлын хэсэг байгуулан захирамжийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гражийн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх огт олгож байгаагүй бөгөөд тухайн иргэнтэй газрын төлбөрийг тодорхойлох тухай акт үйлдэн газар ашиглаж байгаа эрхийн харилцаа үүсдэг болно. Иймд иргэн Н.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 397 дугаар захирамжаар орон сууцны хорооллын орчимд эмх замбараагүй баригдсан төмөр болон тоосгон гражуудыг буулгаж газар эзэмшил, нягтралыг сайжруулах замаар оршин суугчдын дэмжлэгтэйгээр дээрээ хүүхдийн тоглоом, амралтын талбай бүхий газар доогуур давхар авто машины граж барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан дээрх захирамжийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Уг захирамж нь газрыг шилжүүлж авахаас өмнө гарсан ... нэхэмжлэгчид газар олгох боломжгүй бөгөөд харин гэрээний үндсэн дээр ашиглаад явах боломжтой ... эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй газарт граж олгосон боловч тухайн газрыг ашиглаж байгаа гэдэг утгаар төлбөр авдаг. Мөн 1992 оны А/39 тоот захирамжаар эзэмших эрхийг олгоогүй зөвхөн граж ашиглах эрхийг олгож байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр н З д болон Н Г анд холбогдуулж “Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв талбайтай, 4 дугаартай граж баригдсан газрын эзэмших эрхийг Н.Аод шилжүүлэхийг н З дд даалгах, ... газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.Аод бичиж өгөхийн Н Г анд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “4 дугаартай автогражийн газрыг эзэмших эрх нь 1992 оны А/39 захирамжаар үүссэн бөгөөд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг захиргааны байгууллага эрхийн актаараа хязгаарлаж улмаар газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд маргаан бүхий газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөө хуулийн хүрээнд баталгаажуулах миний эрх зөрчигдөж байна” гэж тайлбарлан маргажээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нийслэлийн Засаг даргын 2011 оны 397 дугаар захирамжийн дагуу гражийн зориулалтаар газар эзэмших эрх олгох үйл ажиллагааг зогсоосон тул газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан нь хуульд нийцсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нийслэлийн Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах автогражуудын баруун талаасаа 4 дэх буюу 4 дугаартай автограж нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд “М т” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэлтэй байх боловч тус компаниас “...Б******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаартай 18 м.кв газрыг эзэмшдэггүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус гражийг иргэн О.Ч анх худалдан авсан, улмаар Н.Аод шилжүүлсэн, мөн Н.А нь тухайн гражийг бодитоор ашиглаж байгаа нь гэрч О.Ч-ийн “...1994 онд Б-Ү-Б” ББХК-аас худалдан авсан. “М т” ХХК-ийг мэдэхгүй. ... Өөр тийшээ нүүхдээ хүүдээ үлдээсэн боловч анхны эзэмшигч гэдэг утгаараа би гэрээ байгуулж, худалдсан” гэсэн мэдүүлэг, нийслэлийн Б******* дүүргийн газрын албанаас ирүүлсэн газрын төлбөр тогтоосон акт, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Аоос 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдөр н З д болон Н Г анд хандаж дээрх 4 дугаартай автограж байрлаж буй газартаа “Газар эзэмших эрх шилжүүлэн авах” тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагуудаас уг хүсэлтийг “...материалын бүрдэл дутуу байгаа тул хурлаар хэлэлцүүлэх боломжгүй. Иймд албан хүсэлтдээ холбогдох бусад материалыг бүрдүүлж нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандана уу” гэсэн хариуг өгчээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, …болно”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн хүчин төгөлдөр газар эрхийг шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх хэмжээтэй байх ба эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг талууд гаргахдаа “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”-ыг хавсаргах шаардлагыг мөн зүйлийн 38.2-т зохицуулснаас үзвэл, газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа нь хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий этгээдүүдийн хооронд хэрэгжихээр байна.
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”-оор хуульчилжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй этгээдээс худалдан авсан автогражийн газрыг эзэмших эрхийг шилжүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй бүхий биш байна.
Учир хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөхөөс өмнөх цаг хугацаанд буюу 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанаас гаргасан А/39 дүгээр захирамжаар Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах газарт “...Хотын захиалгаар барих автогражийн барилга”-ын байршил тогтоосон нь тухайн газарт газар эзэмших эрхийг “Б Ү-Б” ББХК-д олгосон гэж үзэх үндэслэлтэй боловч нэхэмжлэгчээс “Б Ү-Б” ББХК-тай хийсэн аливаа хэлцлийг захиргааны байгууллага болон шүүхэд ирүүлээгүй нь газар эзэмших эрх шилжүүлэх талаарх хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй байна.
Мөн дээрх байршилд баригдсан тоосгон автогражаас “нэг”-ийг 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр/мөн газрын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө/ худалдан авсан иргэн О.Ч нь уг газарт газар эзэмших эрхээ баталгаажуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй, түүнд газар эзэмшүүлэх тухай аливаа шийдвэр гараагүй, гэрчилгээ олгогдож байгаагүй байх тул маргаан бүхий гражийн газрын хувьд өмнөх эзэмшигчид хуульд заасан журмын дагуу “үүсээгүй” буюу баталгаажаагүй газар эзэмших эрхийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй.
Нөгөөтээгүүр хариуцагч захиргааны байгууллагууд нь Н.А-ын “газар эзэмших эрх шилжүүлэх” тухай хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нарын өгсөн хариуг үндэслэн дахин материалаа бүрдүүлж өгөөгүй болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон Н Г аны 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02-04/2913 тоот албан бичгээр тогтоогдож байх тул захиргааны байгууллагын иргэний хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон “эс үйлдэхүй” тогтоогдохгүй байна.
Хэдийгээр,
- маргаан бүхий гражийн газар нь “Б Ү-Б” ББХК-аас иргэн О.Ч-д шилжсэн байх ба нэхэмжлэгч Н.А нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг гражийг иргэн О.Ч-ээс худалдаж авч, мөн сарын 22-ны өдөр Б******* дүүргийн газрын албатай “Газрын төлбөр тодорхойлох акт” үйлдсэнээр 4 тоот автограж байрлах газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдсон,
- маргаан бүхий автограж байрлах газар “Б******* дүүргийн орон сууцны 2,3 дугаар нэг хорооллын ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгуулж байхаар төлөвлөгдсөн гэх боловч буулгах хуучин барилгын судалгаа, төлөвлөгөөнд багтаагүй ,
- нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...нийслэлийн Засаг даргын 2011 оны 397 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн үйлчлэлийг зогсоох үндэслэл болохгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байх боловч,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хүн, хуулийн этгээдээс ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...” гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх эрх хэмжээтэй ба нэхэмжлэгчээс “...би газар эзэмших эрх олгох ёстой гэсэн шаардлага тавиагүй. Зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү гэж хүссэн...” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Н.Аын “Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрх Н.Аод шилжүүлэхийг н З дд даалгах, Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.Аод бичиж өгөхийн Н Г анд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн гражийн газрыг баталгаажуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, түүнчлэн хариуцагч байгууллагуудаас шаардсанчлан холбогдох материалыг бүрдүүлж дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, улмаар шүүхэд маргах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Аын н З дд холбогдуулан гаргасан “Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийг Н.Аод шилжүүлэхийг даалгах” Н Г анд холбогдуулан гаргасан “Б******* дүүргийн 18 дугаар хороо, 88 дугаар цэцэрлэгийн хойно байрлах төвлөрсөн автогражийн 18 м.кв, 4 дугаартай граж баригдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ Н.Аод бичиж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ