Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0413

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Б.Г,

Хариуцагч нийслэлийн Засаг дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 128/2021/0818/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан иргэн Б.Г-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дүгээр захирамжийг хүчингүй болгож”,

1.2. Шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д “Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий захирамжид Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй буруутай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь иргэн Б.Г-д анх газар олгсоон шийдвэр нь хэрэв хууль бус байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсгийг үндэслэн хууль бус шийдвэрйиг хүчингүй болгох ба анх газар олгосон захирамжаа хүчингүй болгох эрх зүйн үндэслэл бүрэн бүрдсэн байна.

Иймд газар олгосон үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, хууль бус шийдвэр тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэл болгох шаардлагагүйгээр тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн дагуу хүчингүй болгох нь зүйтэй юм. Ийнхүү шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасны дагуу “шүүх... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу цуглуулж, хэргийг шийдвэрлэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Г-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/913 дугар захирамжаар Б.Г-д газар эзэмшүүлэхдээ шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын зурвас дотор гэр, орон сууц, барилга, байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, дээрх захирамжийг хүчингүй болгохдоо маргаан бүхий актад үндэслэсэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хууль тогтоомж зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгох хүрээнд гаргасан гэх тайлбартай холбоотой мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан, хариуцагчаас ирүүлсэн “бохирын шугам” байгаа гэх баримттай холбоотой шугам сүлжээ бүхий газрыг ямар үндэслэлээр амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгаж, дуудлага худалдаа явуулсан, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор үүссэн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхийг тодруулаагүй атлаа маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, баримт цуглуулах, мэдэгдэх сонсгох зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

4. Мөн маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй нь тодорхой байхад анхан шатны шүүх дээрх зохицуулалтыг үндэслээгүй нь буруу гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

5. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шугам сүлжээ бүхий буюу холбогдохоор төлөвлөгдсөн газрыг бусдад эзэмшүүлж болохоор заасны дагуу нэхэмжлэгч Б.Г-д Нийслэлийн Засаг дарга нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/913 дугаар захирамжаар амины орон сууцны зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлэх үед 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газрыг бусдад эзэмшүүлэхээр тусгагдсан эсэх, тухайн газарт ямар шугам сүлжээ байгаа, түүний хамгаалалтын зурваст хамаарч байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр маргаан бүхий актад эдгээр хуулийн заалтыг үндэслэж уг захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхөөр байна.

6. Мөн нэхэмжлэгч Б.Г нь дуудлага худалдаанд орж, үнийг төлж газар эзэмших эрхийг олж авсан гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дуудлага худалдаа зарлаж явуулсан баримт байхгүй гэх тайлбар гаргасан, мөн Б.Г-ийн газар эзэмших хүсэлтэд “... хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төв байгуулах” зориулалтаар газар эзэмшихийг хүссэн байхад амины орон сууцны зориулалтаар 1000 м.кв газрыг эзэмшүүлэх болсон шалтгаан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан, дуудлага худалдааг аль зориулалтаар газрыг эзэмшүүлэхээр зарлаж явуулсныг тодруулах шаардлагатай.

7. Түүнчлэн хэрэгт УБДС ХХК-ийн эрчим хүчний шугам сүлжээ байхгүй гэх албан бичигтэй холбоотой, хариуцагчаас маргаан бүхий актад дурдсан “шугам сүлжээ” гэдгийг тодруулах, бохирын шугам сүлжээ байгаа гэх баримт ирүүлсэн боловч энэ нь хэний өмчлөл, эзэмшлийн сүлжээ болохыг тодруулах нь гуравдагч этгээд оролцуулах шаардлагатай эсэхийг шийдвэрлэхэд хэрэгт ач холбогдолтой байна.

8. Дээрх баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ