| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0147/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/133 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж-д холбогдох 2034002460185 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Н.Ж, Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймаг Хархорин суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум Номт 1 дүгээр баг 36-06 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Н.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг хуучин нисэх гэх газар төрсөн дүү Н.Дашравданг ээж аавыгаа гэрээс хөөсөн гэдэг шалтгаанаар маргалдаж ташуураар түүний толгой тус газар ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Н.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд Төв аймаг Зуунмод сумын 3 дугаар багийн нутаг хуучин нисэх гэх газар төрсөн дүү Н.Дашравданг ээж аавыгаа гэрээс хөөсөн гэдэг шалтгаанаар маргалдаж ташуураар түүний толгой тус газар ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Н.Дашравдангийн: “ ... 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би аав, ээж нарт энд хэрэггүй нүүж ирлээ их цас ордог газар байна. Малд идэх өвс тэжээл байхгүй болж байна гэж уурлаад гэрээс гараад урд гудамжинд байдаг ахынд очсон юм. Тэгээд тэдний гэрт байж байсан чинь ээж утсаар залгаад гэрт яваад ир ярих юм байна гэсэн. Тэгээд гэртээ ирсэн мөн аав ээж нарт та нар миний нэр дээр малчины зээл авсан надад нэг ч төгрөг өгөөгүй надад мөнгө өг гэж уурлаад гэрт байсан төмпөн өшиглөөд тэгсэн тухайн төмпөнд байсан хутга зуухны хажууд унасан. Тэгтэл ах Ж орж ирсэн ахыг орж ирэхэд нь би гэрийн хойморт хананаас өлгөөтэй байсан хоёр ташуурыг бариад та нар надад мөнөг өг гээд уурласан чинь ах миний араас барьж аваад миний барьж байсан ташуураар хоолой боогоод би ухаан алдаад унасан тэгсэн толгой руу ташуураар цохиж гэмтэл учруулсан тэгээд цагдаад ээж дуудлага өгсөн юм. ....Ах Ж ташуураар толгой руу 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг/хх-10 тал/,
Гэрч Б.Нямдоржийн: “...Ж дүү Дашравданд миний дүү битгий уурлаж бай энэ өвөл хаа саагүй цас их орсон өвөлжилт хүнд байна. Аав ээжийг битгий зовоогоод бай гэж хэлээд явлаа гээд гэрээс гарч явсан. Тэгтэл Дашравдан уурлаад түмпэн өшиглөөд манай эхнэр гэрээс гараад ахыг нь дагуулаад гэрт орж ирсэн. Тэгтэл Дашравдан гэрийн ханын толгойд өлгөөтэй байсан ташуурыг бариад авсан ба Ж ташуурыг булааж аваад ташуураар Дашравдангийн хоолой хэсэгт нь боогоод орон дээр дарж унаад толгой хэсэгт нь ташуураар цохиж гэмтэл учруулсан тэгээд утсаар манай эхнэр Дашцэрэн цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-13 тал/
Яллагдагч Н.Жгийн гэрчээр мэдүүлсэн: Би явах гээд гэрээс гараад хашааны хаалгаар гарах гээд явж байсан чинь ээж араас гарч ирээд намайг дуудаад энэ дүү чинь алах гээд байна гэсэн. Би гэрт гүйгээд орсон чинь дүү Дашравдан аавыг ор луу түлхээд унагасан. Гутлын түрүүндээ хутга түрүүлсэн гартаа ташуур бариад та нарыг ална гээд хашгираад байж байсан тэгэхээр нь би чи боль одоо наад хутгаа өг гэсэн чинь өгөхгүй хашиграад та нарыг ална гээд хашиграад байсан тэгэхээр нь би бариад авсан чинь өөдөөс барьцалдаад дийлэхгүй байсан тэгэхээр нь Дашравданг барьж байсан ташуураар нь барьж аваад араас нь хоолой руу нь шахаад гараараа нүүр лүү нь цохиж зодоод тэгсэн ээж цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №127 дугаар “1.Н.Дашравдангийн биед зулайд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-16 тал/, яаралтай тусламжийн хуудас/хх49-50 тал/, зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ж нь 2020 оны 3 сарын 30-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-58 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 14-ны өдөр 36 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-68 тал/ 2020 оны 4 сарын 16-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Н.Ж-д холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Н.Ж-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ж-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ташуурийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Н. Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-г 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ташуур 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ж нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ