| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | Нууцлалын зэрэг Нууцад хамаар |
| Дугаар | 2020/ШЦТ/994 |
| Огноо | 2020-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/994
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн
улсын яллагч Б.Батнасан
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Энхболд
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005007911238 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын .-нд .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... гудамжны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дугаар хороо, ... дугаар гудамж, ... тоотод түр оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, Б. овогт Д.ийн Б.
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч Д.Б. 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр .. дүүргийн . дугаар хороо, ... дугаар гудамж, ..тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Лийн биед халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэ, зүүн өвдөгт хуучин цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Өмнөх шүүх хуралдааны болон мөрдөн шалгах ажиллагааны явцад би холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Хохирогч Л.д би хохиролд гэж ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Бид хоёрын дунд өмнө нь би Лхамсүрэнгийн машинаа барьцаалсан зээлийг төлж байсан энэ тэр тооцоо байдаг юм. Сүүлд намайг цагдаа дээр байхад Л.тэй тааралдсан. Тэгсэн чинь намайг уучлаарай гэж Л. өөрөө надад хэлсэн. Миний хувьд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б. холбогдох энэ хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 1789 дугаартай захирамжаар:
“... прокуророос “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” гэсэн 252 дугаартай тогтоолыг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэсэн заалтыг баримталсан нь буруу. Учир нь, яллагдагч Д.Б.г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж тус тусдаа бие даасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэсэн мөртлөө түүнд холбогдох хэргээс “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар өөрчлөлт оруулж байгаа нь ойлгомжгүй байна.
Нөгөөтэйгүүр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1342 дугаартай тогтоол үндэслэл бүхий гэхэд эргэлзээтэй байна ...” гэсэн үндэслэл зааж прокурорт буцаасан.
Хэргийг прокурорт буцаасны дараа мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор “... прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 252 дугаартай Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгосон,
мөн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр прокурорын 32 дугаартай тогтоолоор “эрүүгийн 2005007911238 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Д.Б.т холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон” эрх зүйн актууд хавтаст хэрэгт авагджээ.
Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлавал:
хохирогч Б.ийн Л. “… 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр найзынхаа гэртээ буюу .. дүүргийн . дугаар хороо, .. дэлгүүрийн арын гудамжинд намайг зодсон. Намайг гэрээс гаргахгүй, хүнтэй яриулахгүй байсан би цагдаа, эмнэлэгт хандаж чадахгүй байсаар байгаад 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хутганы ишээр өөрийн гарандаа гэмтэл учруулсан нь үнэн болно. Энэ асуудалд Б ямар нэгэн холбоогүй тул Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үнэн зөвөөр мэдүүлж байсан. Б намайг удаа дараа зодсон асуудал байхгүй. Харин бид хоёр удаа маргалдаж байсан. Б намайг 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр зодож, миний биед хөнгөн гэмтэл учруулснаас өөрөөр зодож байгаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр худлаа дуудлага мэдээлэл өгсөн үндэслэлээр 250.000 төгрөгөөр торгуулсан байгаа. Би ер нь эмчилгээ хийлгээгүй. Надад одоо гомдол санал байхгүй.
Миний бие Б овогтой Л нь санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 17-18, 193-194, 219/ гэж,
насанд хүрээгүй гэрч Бийн Н “... Л нь манай төрсөн ээж байгаа юм. 2020 оны 2 дугаар сарын эхээр Б ах энэ хорооллын хойшоо нэг таньдаг айлдаа ээжийг зодоод хэд хоног гэртээ хорьсон гээд байсан. Тэгээд биед нь үүссэн гэмтлүүдийг гайгүй болсон хойно “за одоо яв яв” гээд явуулсан гэсэн. Яг тэр хэрэг болсон гээд байгаа өдрөөс хойш нилээн хэд хоногийн дараа ээж цагдаад өргөдөл гаргаад шалгуулж байхад би хамт цагдаа дээр ирж байсан бегөөд тэр үед ээж надад юу болсон талаар хэлж байсан” /хх-н 99-100/ гэж,
гэрч Чын Э “... 2020 оны 02 сарын 02-ны орой ажлаа тараад гэртээ ирэхэд манайд нөхөр, Б, Л нар архи уугаад сууж байсан, би бас уг архинаас нь уусан. Тухайн үед Б, Л нар амьдарч байсан, тэгээд Л явах гэснээс болоод маргасан юм шиг байна лээ. Тэгээд Б Лнг гараар цохисон, тэгээд нүүр нь аймар хавдсан байсан. Тэгээд Л зугтах гээд гарахад Б араас нь гарсан, тэгээд гадаа зодоон болоод байсан. Тэгээд Б, Л 2 гэрт орж ирсэн, Л Б зодоод нүүр гар нь хавдаж аймар болсон байсан. Тэгээд тэр өдрөөс хойш 7 хоног гэрээс гаргаагүй, Б, Л 2 байж байгаад Лхамсүрэн гайгүй болоод тэгээд хэд хоноод явсан... Б Лг гараараа зодоод байсан, нүүр хэсэгт нь хэд хэд цохихыг би харсан.
Одоо яг шалгагдаад байгаа хэрэг гарсан өдөр бол бид нар хамт архи уугаад сууж байтал Л манайхаас явах гэсэн чинь Б “чи хаашаа явах гээд байгаа юм” гэдэг шалтгаанаас болж маргаад миний мэдэхээр Б гараараа Л гийн нүүрэнд хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний шээс хүрээд гэрээс гарч ариун цэврийн өрөө орчихоод буцаад орсон чинь Л-ийн нүүр нилээн айхтар хавдаад хөхөрсөн байсан... Би тэр өдөр болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Тэр хүн эхнэрээ зодчихоод 7 хоног нүүрэнд нь төмс тавиад эмчилгээ хийгээд байсан” /хх-н 30-31, 97-98/ гэж,
Шинжээч Т.С “... дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлдлүүдээр үүсгэгдэнэ. Унахад үүсэх боломжгүй” /хх-н 43/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогч Б.Лийн гэмтэлтэй холбоотойгоор “Б.Лийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шилбэ, зүүн өвдөгт хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 2792 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 39-40/ зэрэг бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч Д.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.
Үүнд: гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдал хамаарна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бт 1.400.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх “зохимжгүй ял” гэж үзээд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр сонгосон болно.
Ялын төрлийг ингэж сонгох болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Б одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байхаас гадна цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг харгалзав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хуульчилсан байдаг ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн зохицуулалтад дээрх нөхцөл байдал нийцнэ.
Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ялын санкц “хорих” ялгүй бөгөөд шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 65 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэх нь зүйтэй.
Хохирлын хувьд:
Хохирогч Б.Л нь “... санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Бг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Бн энэ хэрэгт цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.
4. Д.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 80 /ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
5. Д.Бнийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
6. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 190 Б дугаартай захирамжаар Д.Б авагдсан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Д.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Лхамсүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д. “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ