Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 942

 

 

 “Халхын зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00612 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Халхын зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Түмэнбаярт холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 2 263 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ж.Түмэнбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Басар,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Содончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Халхын зам” ХХК нь “Седрүс” ХХК-тай ачаа тээврийн гэрээгээр барилгын хийт блокыг Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу тээвэрлэх гэрээ байгуулсан. Ж.Түмэнбаярын ажлын хөлсийг н.Ганбаатарт хүлээлгэн өгсөн боловч тэрээр 1 100 000 төгрөгийг түүнд шилжүүлэхгүй өөрөө аваад явсан байсан. Ж.Түмэнбаяр нь тухайн үед Хөтөл рүү ирээд ачааг авна гэж бид утсаар ярилцаж тохиролцсоныг тээвэрлэлтийн гэрээ хийгдсэн гэж үзэж байна. Ийнхүү тохиролцсоны дагуу тэрээр блокыг хүлээж аваад явсан боловч автомашин нь замдаа эвдэрсэн тул автомашиныг жолоодож явсан гэх Ц.Амарцогттой анх холбогдсон. Тэрээр автомашиныг жолоодож байгаа гэдгээ хэлснээс түрээслэгч гэж хэлээгүй. Ж.Түмэнбаярын автомашин эвдрээд Баянчандмань дээр айлын хашаанд тавьчихсан байсан бөгөөд түүнд ажлын хөлс 1 200 000 төгрөгийн урьдчилгаа болох 800 000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн. Тээвэрлэлтийн явцад утас нь холбогдохгүй 2 хоног болсон. Гэтэл манай таньдаг хүн танай ачаатай автомашин замын хажуу руу уначихсан байна гэж утсаар хэлсний дагуу Орхон аймгийн замын цагдаад дуудлага өгсөн. Ингээд уг газарт цагдаагийнхан гэрэл зураг аваад асууж тодруулсан бөгөөд автомашины жолооч нь автомашин зүгээр унагасан блокоо эвлүүлж ачаад аваачиж өгөх тул санаа зоволтгүй гэсэн тул тэд ямар нэгэн ажиллагаа явуулаагүй орхисон. Жолооч нь Эрдэнэтэд очоод бараагаа хүлээлгэж өгөхдөө болсон явдлын талаар өргөдөл тайлбар, бичиг баримтын хамт өгч буруугаа хүлээн зөвшөөрсөн байсан. “Седрүс” ХХК нь блокыг хүлээж авахдаа эвдэрсэн блокыг акт үйлдэж авсан бөгөөд тус компани нь манайхаас бараа материал дутагдуулсны 2 663 900 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэх ирүүлж энэ төлбөрөө манайд өгөх ёстой төлбөрөөс суутгаж тооцсон. “Седрус” ХХК-тай байгуулсан гэрээний дагуух төлбөр нь Ж.Түмэнбаяртай хийсэн гэрээтэй хамааралгүй бөгөөд жолооч Ц.Амарцогт тухайн үедээ эвдсэн гэх блокоо буцаагаад өөрөө ачаад явах боломжтой байсан. Гэтэл өнөөдөр гэмтээсэн гэх блокоо авна гэдэг нь үндэслэлгүй. Нэгэнт ашиглах боломжгүй болгосон блокыг нөгөө тал дургүйцэхгүй өгөх байсан. Ж.Түмэнбаяр нь “Седрус” ХХК-ийг эвдэрхий блок ашиглан барилга барьсан гэж тайлбарлаж байгаагаа баримтаар нотлох ёстой гэж үзэж байна. Ж.Түмэнбаярт тээврийн хөлс 800 000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн ба бид түүнээс унагаж эвдсэн блокны хохирол 2 663 900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ж.Түмэнбаяр тээвэрлэлтийг тогтоосон хугацаанд, зохих газарт эвдрэл гэмтэлгүй хүргэж өгөх үүрэгтэй байсан. Эвдсэн блокны үнэ 2 663 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжих ёстой боловч өмнөх шүүх хуралдаанд Ж.Түмэнбаярт өгөх тээвэрлэлтийн хөлсний дутуу 400 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож тайлбарласан тул үлдэх 2 263 900 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Иймд Ж.Түмэнбаяраас тээвэрлэлтийн явцад учруулсан хохирол 2 263 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Ганбаатар Эрдэнэт хот руу блок зөөж байгаа, 1 100 000 төгрөгийн ачаа байна, ачаа ачингуут 1 000 000 төгрөгийг шууд өгөх бөгөөд 100 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа өгнө гэж ярьсан. Ц.Амарцогтыг ачаагаа аваад замд гарах гэж байхад нь цаашаа 100 км яваад энэ блокыг авчих гээд Ц.Амарцогт 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 4 дүгээр зөрлөг орж блокыг ачсан. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа 1 000 000 төгрөгийг ирүүлэхгүй болохоор нь автомашиндаа шатахуун хийж өгөөд Ц.Амарцогтыг явуулсан. Ц.Амарцогт 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр автомашин уначихлаа гэхээр нь Эрдэнэт хотоос 4 хүнтэй автомашин явуулж нурсан ачааг өөр автомашинд шилжүүлэн ачиж Эрдэнэт хотод буулгуулсан. Тухайн үед Ц.Амарцогт энд тал блок үлдээгүй, булан хэсэг нурсан жаахан үйрмэг хог үлдлээ, бүгдийг нь ачаад хүргэж өгөөд буулгачихлаа гэж надад хэлсэн. “Халхын зам” ХХК-иас болж шатахуун түлшний зардал болон автомашинаа түрээсийн хашаанд байрлуулсан зэргээс болоод надаас 1 000 000 гаруй төгрөгийн зардал гарч хохирсон. Энэ автомашинаар 2 айл амьдралаа залгуулж явдаг, гэтэл 1 сар шахуу хугацаанд сул зогссон, Ховд руу ачих ачаагаа ачиж чадаагүй, алдагдалд орсон. Эвдэрсэн блокыг нөгөө компани өөрийн барилгадаа бүрэн ашигласан гэдгийг тухайн барилга дээр ажиллаж байсан хүн надад хэлсэн, мөн булан нь эмтэрсэн блокоор байшингаа барьсан зургийг би өөрийнхөө гар утсаар авсан. Гэвч энэ зургаа шүүхэд өгөөгүй. “Халхын зам” ХХК, “Седрүс” ХХК хооронд тээвэрлэлтийн гэрээг 1 300 000 төгрөгөөр тохирсон байгаа тул надад тээврийн хөлсний дутуу 500 000 төгрөг ирэх ёстой гэж бодож байна. Иймд “Халхын зам” ХХК-ийн 2 263 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч Ж.Түмэнбаяраас 2 263 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Халхын зам" ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Түмэнбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 51 173 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Халхын зам" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57 572 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ж.Түмэнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан. Өмнөх шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж болох байсан атал нэг талыг барьж нэхэмжлэгч талын нотлох баримтыг гаргуулахаар хойшлуулсан. 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд Т.Басар нь өөрийнхөө нотлох баримтыг гаргаж ирсэн ба би түүнтэй нь бүрэн танилцаж ойлгож амжаагүй, өмгөөлөгчтэйгээ оролцож тайлбарлуулан хуулийн туслалцаа авахыг хүсэхэд хүлээн зөвшөөрөлгүй шүүх хуралдааныг хийж эсрэг талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Намайг нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Намайг “Седрус” ХХК-ийн хүлээн аваад барилгын ажилдаа хэрэглэчихсэн 2 263 600 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдолтой байна. “Халхын зам” ХХК нь энэ мөнгийг надаас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Халхын зам” ХХК нь хариуцагч Ж.Түмэнбаярт холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 2 663 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж 2 263 900 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Халхын зам” ХХК нь “Седрүс” ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу Налайх дүүргийн Мак блокын үйлдвэрээс Эрдэнэт хот руу блок болон хучилтын хавтан тээвэрлэж байсан бөгөөд уг блокийг дамжуулан тээвэрлүүлэхээр Ж.Түмэнбаяртай амаар тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр түүний дансанд тээврийн хөлсний урьдчилгаа болох 800 000 төгрөг шилжүүлсэн тухай үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.              /хэргийн 11 дүгээр тал/

 

Дээрх блокийг хариуцагч Ж.Түмэнбаяр нь өөрийн өмчлөлийн 58-63 УБС улсын дугаартай “Foton” маркийн автомашинд ачиж Ц.Амарцогтоор Эрдэнэт хотод хүргүүлж, “Седрүс” ХХК-д хүлээлгэн өгсөн талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

Харин уг блокийг Ц.Амарцогт нь тээвэрлэж явахдаа замын хажуу руу хазайснаас ачаатай блок нурж, түүний ачиж явсан 55.8 м.куб Евро хийт блокноос 17 м.куб блок эвдэрсэн болох нь Ц.Амарцогтын “Седрүс” ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр бичгээр гаргасан хүсэлт, гэрч Ц.Амарцогтын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хэргийн 6-7 дугаар талд авагдсан “Седрүс” ХХК-ийн “Халхын зам” ХХК-иас төлбөр гаргуулах тухай албан бичиг, талуудын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тооцооны акт зэрэг баримтаас үзвэл “Седрүс” ХХК нь дээрх эвдэрч гэмтсэн блокийн үнэ 2 663 900 төгрөгийг Иргэний хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2 дахь хэсэгт заасны дагуу “Халхын зам” ХХК-ийн ажлын хөлснөөс суутгасныг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч Ж.Түмэнбаяр ачааг зохих газарт бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай тул Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасны дагуу ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа гэмтсний хариуцлагыг хариуцана.

 

Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан тээврийн хэрэгслийн жолоочийн үйл ажиллагааны дутагдлаас шалтгаалж тээвэрлүүлэгчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч Ж.Түмэнбаяр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээж аваагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч Ж.Түмэнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Болормаа нарт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан, шүүх хариуцагч, түүний өмгөөлөгч нарт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хуралдааны товыг мэдэгдсэн тул хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд уг эрхийг хэрэгжүүлэхэд шүүх саад болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/00612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 173 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ