Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0414

 

Н.М-ийн нэхэмжлэлтэй

     захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 298 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-ийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Н.М,

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 298 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч өмгөөлөгч Ө.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 128/2022/0157/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 298 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.2 дахь заалт, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.М-ийн гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: 2.1. “...Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаартай “Н.М-ийг төрийн албанаас халах тухай” тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хууль бус захиргааны акт гэж маргасан.

Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Н.М-ийг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба тэрхүү ялыг Дархан- Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 328 дугаар шүүгчийн захирамжаар өршөөн хэлтрүүлсэн.

Иймд шийтгэх тогтоолын үйлчлэл байхгүй болсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан эрүүгийн ялыг эдлүүлэх үр дагавар байхгүй болсон, төрийн жинхэнэ албан хаагчийн холбогдсон гэмт хэргийг шүүх хянан шийдвэрлээд шүүхээс гарсан сүүлийн эрх зүйн акт нь ял шийтгэл эдлүүлэх шүүхийн шийтгэх тогтоол биш ялаас чөлөөлсөн эрх зүйн акт байгаа гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Гэвч анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 47.1.2 дахь хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэснийг зөвхөн төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд төрийн албанаас халах агуулгатай гэж буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Тухайлбал, Шийдвэрийн 7-р хуудасны 5 дугаарлалтад “...Хэдийгээр нэхэмжлэгч Н.М-д оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн байх боловч... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгосон гэх агуулгыг илэрхийлэхгүй гэж үзнэ”, 6 дугаарлалтад “...Тодруулбал, хууль зүйн утгаараа Н.М-д дээр дурдсан шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн гэдэг нь эрүүгийн гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг /эрүүгийн хариуцлага буюу ялыг/ хүчингүй болгоход чиглэсэн буюу ялаас чөлөөлөх тухай ойлголт болохоос түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэхгүй..” гэж тус тус дүгнэснээс тодорхой харагдана.

Шүүхийн дээрх дүгнэлтийн ялаас өршөөн хэлтрүүлэх нь эрүүгийн хариуцлага /ял/-ыг хүчингүй болгох буюу ялаас чөлөөлөх ойлголт гэсэн тайлбартай санал нийлж байгаа бөгөөд харин Төрийн албаны тухай хуулийн 47.1.2 дахь хэсгийн “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэснийг зөвхөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд төрийн албанаас халах агуулгатай гэж тайлбарлан хэрэглэсэнтэй санал нийлэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байхын зэрэгцээ, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж ял шийтгэл эдлэх болсон хууль зүйн үр дагавар давхар бүрдсэн тохиолдолд төрийн албанаас халах агуулгатай гэж үзэж байна.

Нөгөө талаас Эрүүгийн эрх зүй дэх “Өршөөл үзүүлэх шийдвэр” аливаа гэмт хэргийг шийдвэрлэх болгонд гардаггүй, эрүүгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол болгонд хамаарч үйлчилдэггүй, тодорхой онцгой цаг хугацаанд Улсын Их Хурлаас хуулиар гаргадаг шийдвэр байдаг. Энэ утгаараа, тухайн цаг хугацаандаа шүүхийн шийтгэх тогтоолын үйлчлэлийг байхгүй болгох уу?, шийтгэх тогтоолын зорилго болох эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгыг биелүүлэх үү? үгүй юу? гэдгийг тодорхойлдог.

Төрийн албаны тухай хуулийн зохицуулах харилцааны хүрээ хязгаарт “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэдэг хууль зүйн фактыг нэрлэн заах л багтаж байгаа бөгөөд харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон хууль зүйн мөн чанар, үр дагавар, ялаас өршөөн хэлтрүүлсэн буюу ял эдлүүлэх үйлчлэл байхгүй гэмт хэргийн шийтгэх тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т заасан заалтын агуулга, мөн чанарыг илэрхийлэх үү үгүй юу гэдэг харилцааг тодорхойлон зохицуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулга, хууль зүйн үр дагавраар Төрийн албаны тухай хуулийн 47.1.2 дахь хэсгийн зорилго, мөн чанар, агуулгыг тодорхойлно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох нь аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцох хууль зүйн үр дагавраас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулсан эрүүгийн ялыг эдлүүлэх үр дагаврыг үүсгэх буюу эрүүгийн хариуцлагын зорилгыг биелүүлэхэд оршдог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

2. Нэхэмжлэгч Н.М-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг үндэслэн, Н.М-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас халахаар шийдвэрлэжээ.

3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч Н.М-ийг Өршөөлийн тухай хуулийн дагуу ялаас чөлөөлж өршөөн хэлтрүүлснийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон” гэж үзэхгүй тул хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий гарын даргын гаргасан дээрх тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг зөрчөөгүй” талаар үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлсэн тул шийтгэх тогтоолын үйлчлэл байхгүй болсон. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 47.1.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Энэ заалтад ... “шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж заасан боловч ... ял эдлүүлэх үйлчлэл нь байхгүй болсон шийтгэх тогтоол нь Төрийн албаны хуулийн уг заалтын агуулга, мөн чанарыг илэрхийлэх үгүй юу гэдгийг зохицуулах боломжгүй ... ” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас хална: ... 47.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;” гэж тодорхой заажээ.

Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл буюу Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т заасан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Н.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж Н.М-ийг төрийн албанаас халсан хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалыг буруутгах үндэслэлгүй гэж зөв дүгнэлт хийсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-ий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ