Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01713

 

В.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 439 дүгээр шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалтай,

В.М-ийн нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн Идэр сумын Засаг даргад холбогдох,

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч В.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2017 оны 4-р сарын 29-нд гэрээсээ гарч яваад гудамжинд архи ууж агсам согтуу тавьсан хүнтэй таарч чулуугаар цохиулж хэл амаар доромжлуулж биеэ хамгаалж шинэ Зөрчлийн хуулиар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс торгуулийн шийтгэл авсан. Гэтэл  уг шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байтал засаг дарга Х.Баярмаа нь намын болон хувийн ашиг сонирхлоор ажлаас чөлөөлсөн.

2018 оны 2-р сарын 2-ны өдрийн мэдэгдэх, 2018 оны 2-р сарын 06-ны Б/03 захирамждаа эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэсэн байна.  Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, уг ажлыг үргэлжлүүлэн хийх боломжтой гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү  гэжээ.                                                  

Хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: В.М- 2014 онд ажлын байран дээрээ архидан согтуурч ажлаасаа чөлөөлөгдөж байсан. 2017 онд хүн зодож хүнд гэмтэл учруулсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор торгох ял шийтгүүлсэн байна. Иймд холбогдох хуулиудын дагуу ажлаас нь чөлөөлсөн болно. Миний бие сумын Засаг даргаар томилогдон ажилласнаас хойш хууль бусаар нэгч хүн ажлаас чөлөөлөөгүй бөгөөд одоогоор хэн нэгэнд ямар нэгэн хариуцлага тооцсон зүйлгүй, төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан. В.М- нь намайг гүтгэн нэр төрд халдаж байгааг сануулж байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрэйд овгийн Вандангалсангийн Мягмарцэрэнг Завхан аймгийн Идэр сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.981.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгч В.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох олговор 1.981.000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас тэмдэгтийн хураамжид 46646 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 18 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн энэхүү хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Идэр сумын Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн гүйцэтгэх эрх мэдлийг орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагаас гаргасан тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан Захиргааны акт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “...Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” гэж заасан Идэр сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах боломжгүй байна. Суманд 4-н төсөвт байгууллага байдаг бөгөөд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймгийн Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг сумын Засаг дарга томилдог. Энэхүү 4-н байгууллагын удирдлага нь, өөрийн байгууллагын төсвийг захиран зарцуулах, ажилтан томилох, чөлөөлөх эрх, хэмжээтэй төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу ТҮ-гээр цалинждаг албан хаагчид байхад аймгийн Засаг даргын томилсон 2 байгууллагын удирдлагын хөдөлмөрлөх харилцаатай холбоотойг Захиргааны хэргийн шүүх, сумын Засаг даргын томилсон 2 байгууллагын удирдлагын хөдөлмөрлөх харилцаатай холбоотойг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй юм. Иймд хуулийг буруу тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамаарахгүй байгууллага, захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 439 дугаартай шийдвэр, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 18 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч В.М- шүүхэд хандаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Завхан аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ний өдрийн 07 дугаар Шийтгэх тогтоолоор В.М- Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, торгох ялаар шийтгэжээ /хэргийн 46-50 дугаар тал/.

Ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 06-ний өдөр Б/03 дугаар захирамж гаргаж, нэхэмжлэгч В.М- Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1.7. дах заалтыг үндэслэл болгожээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно.

В.М-д торгох ял ногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад хариуцагч түүнийг ажлаас халсан нь хуульд нийцээгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 439 дүгээр шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.           

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ