Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/10

 

 

 

 

 

 

   2020            12             25                                      2021/ШЦТ/10

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т овогт Д Эд холбогдох эрүүгийн 2005000000000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэхэд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Бүрэн” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-716  тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Давж: заалдах шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 446 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Т овогт Д Э, РД:ЗЮ00000000.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо Төмөр зам дахь Хаан банкны салбар дотор сандал дээр тавьж орхисон IPhoneXS загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Х.Сад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо Төмөр зам дахь Хаан банкны салбар дотор сандал дээр тавьж орхисон IPhoneXS загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Х.Сад 900.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 12-13 тал/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14, 15-16 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

 

Хохирогч Х.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо Барс захын хойд хэсэгт байрлалтай Төмөр зам Хаан банкны тооцооны төв дээр данс нээлгэх гэж очоод тус тооцооны төвийн зааланд сандал дээр сууж бичиг баримтаа бүрдүүлж маягт бөглөх гээд сандал дээр өөрийн IPhoneXS загварын гар утсаа тавиад сууж байсан юм. Тэгээд теллер дээр очоод эргээд нөгөө сандал дээр суугаад бичиг баримтаа гар цүнхэндээ хийгээд тооцооны төвөөс гарах гэтэл миний гар утас байхгүй болсон байхаар нь хамгаалагчаас миний гар утас руу залгаад өгөөч гэж гуйгаад залгахад холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Вокзалын автобусны урд байрлах гар утас засварын газарт ажиллаж байхад 16 цагийн үед гаднаас намхан бор царайтай эрэгтэй хүн орж ирээд энэ утасны дэлгэцийн кодыг гаргах уу гэж асуухаар нь ID кодыг нь мэдэх үү гэхэд мэдэхгүй гээд энэ гар утсыг олсон юм гэж хэлэхээр нь тэгвэл ID кодыг нь мэдэхгүй бол дэлгэцийн кодыг гаргах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс энэ гар утсыг худалдаж авах уу гэж асуухаар нь худалдаж аваад нэмэргүй, дэлгэц нь хагараад цуурсан, наад гар утсыг чинь хүн ашиглах боломжгүй гэж хэлэхэд хямдхан худалдаад авчих гэхээр нь гар утсыг эзэнд нь буцаагаад өгсөн нь дээр байх гэж хэлэхэд гар утасны эзэн олдохгүй байх энэ гар утсыг Хаан банкны гаднаас олж авсан гэхээр нь би гар утсыг 15.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр гар утас IPhoneXS загварын хар өнгийн гар утас байсан. Дараа нь цагдаагийн байгууллагаас ярихаар нь гар утсыг буцаагаад өгсөн. Би гар утсыг зарсан хүний бичиг баримтыг утсан дээр зургийг нь дарж авахад Д Э гэх нэртэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Хохирогч Х.Сын IPhoneXS загварын гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-920/111 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 32-35 тал/,

 

Яллагдагч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр зам дахь Хаан банкны салбараас өөрийн захиалсан виза картаа авах зорилгоор очсон юм. Би дарааллаа хүлээж сууж байхад сандал дээр хар өнгийн дэлгэц нь хагархай гар утас байсан. Тэгээд гар утсыг аваад халаасандаа хийгээд хүн ирвэл өгнө гэж бодоод дарааллаа хүлээгээд сууж байсан. Тэгээд миний дараалал болоод виза картаа аваад банкнаас гарсан. Вокзалын ард байрлах гар утас засварын газарт очоод ID кодыг нь гаргуулах гэхэд боломжгүй гэсэн бөгөөд худалдаж авах уу гэхэд 15.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тухайн үед өлсөж байсан учраас мөнгөөр нь хоол авч идсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 38-92 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Д.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Д.Эийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д.Э нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна “ гэж мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо Төмөр зам дахь Хаан банкны салбар дотор сандал дээр тавьж орхисон IPhoneXS загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Х.Сад 900.000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Э нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1-р хороо Төмөр зам дахь Хаан банкны салбар дотор сандал дээр тавьж орхисон IPhoneXS загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Х.Сад 900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Д.Э “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Э нь хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Э нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Эд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдсан, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Д Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж хохирол учруулсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн 2005000001648 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Э нь  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ