Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

с

 

 

 

 

 

    2021           01             05                                    2021/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн,

Улсын яллагч: А.Марал,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б хороо овогт Чын Мд холбогдох эрүүгийн 2005029830000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Өвөрхангай аймаг Баянгол 6-р баг Ширээ 1-14 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, Б хороо овогт Чын М, РД:ЙВ00000000.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ч.М нь “ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэ” нэртэй пабад “утсаар чинь яриад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол зориудаар бий болгож, хохирогч Д.Эаас “Самсунг А-50” загварын гар утсыг залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч М нь “ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэ” нэртэй пабад “утсаар чинь яриад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол зориудаар бий болгож, хохирогч Д.Эаас “Самсунг А-50” загварын гар утсыг залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр найз Мтой уулзаад хамт Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад хамт ороод хүний гурав гурав пиво авч уугаад уг паб хааж байна гээд М бид хоёр тооцоо хийх гэж байхад М “миний гар утас унтарчихлаа утсаа өгчих нэг яриад өгье” гэхээр нь би гар утсаа өгөөд гаргасан. Тэгэхэд кодтой байна гээд код гаргуулаад аваад гарсан. Тэгээд эргэж орж ирээгүй уг пабын зөөгчийн гар утсаар ярихад М шатны энд байна гэж хэлэхээр нь хурдлаарай гэхэд за гэсэн. Тэгээд удаад байхаар нь дахин залгахад эргээд залгая гэж мессеж бичээд алга болсон. Дахиад холбоогүй байж байгаад хэд хоногийн дараа холбогдоход гар утсыг хаячихсан гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Юнител ХХК-аас 864.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, М миний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 74 тал/,

 

Цагдаагийн байгууллагад гаргасан иргэн Д.Эын өргөдөл /хх-ийн 5 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-27 тал/,

 

Яллагдагч Ч.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э руу залгаад уулзъя гээд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад уулзаад пиво ууцгаасан. Тэгээр гарах цаг болоод тооцоо хийх гэхэд би мөнгөгүй байсан. Тэгээд утсаар хүнээс мөнгө авах гэхэд миний гар утас болохгүй байсан. Би Эын “Самсунг А50” загварын гар утсыг хүнтэй яриад өгье гээд авсан. Тэгээд хүн рүү залгахад утас нь болохгүй байсан. Би эргэж очоод Эын гар утасны кодыг тайлуулаад аваад гарсан. Би гар утсын авч яваад алга болгосон. Би гэм буруугаа ухаарч байна. Хохирлыг бүрэн барагдуулсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ч.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 тал/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 39 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол зориудаар бий болгож, хохирогч Д.Эаас “Самсунг А-50” загварын гар утсыг залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар”,

 

Шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна “ гэж тус тус мэдүүлж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Ч.М нь “ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэ” нэртэй пабад “утсаар чинь яриад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол зориудаар бий болгож, хохирогч Д.Эаас “Самсунг А-50” загварын гар утсыг залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Д.Эын өргөдөл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.М нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.Мгийн “ 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цэ” нэртэй пабад “утсаар чинь яриад өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол зориудаар бий болгож, хохирогч Д.Эаас “Самсунг А-50” загварын гар утсыг залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ч.Мг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол зориудаар бий болгож, хохирогч Д.Эаас “Самсунг А-50” загварын гар утсыг залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Э нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 16-17, 34 тал/, шүүгдэгч Ч.М нь хохирогчийн хохирлыг барагдуулсан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ч.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч зохиомол зориудаар бий болгож, хохирогч Д.Эаас “Самсунг А-50” загварын гар утсыг залилан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Мд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Д.Этай сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 79-80/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ч.Мд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Ч.Мгийн хувийн байдал болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд “...торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Ч.Мд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б хороо овогт Чын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Эт гэмт хэргийн улмаас учирсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ