| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 102/2016/04427/И |
| Дугаар | 183/ШШ2016/01241 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2016/01241
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК,
Хариуцагч: б.м нарт холбогдох,
Гэрээнээс учирсан хохиролд 13.616.100 /арван гурван сая зургаан зуун арван зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э , хариуцагч Б.М , нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК нь М ХХК-тай 2014 оны 11 сарын 22-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан хамтран ажиллахаар болсон. Декорвүүд ХХК нь тавилга хийж гүйцэтгэх тал бөгөөд М ХХК нь захиалагч тал юм. М ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер Б.М нь гэрээ байгуулсан. Тус гэрээнд М ХХК нь Д ХХК-аар эхний удаад 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний тавилгын захиалгыг гүйцэтгэгч талд зуучилж өгөхөөр, дараагийн удаа мөн 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний тавилгын захиалгыг 9 сарын хугацаанд зуучилж өгөхөөр тохиролцсон юм. Гэрээний хугацаанд гэрээнд заасан үнийн дүн бүхий тавилгыг зуучилж өгч дууссаны дараа М ХХК-ийн менежер Б.М гэрт 10,556,100 төгрөгийн тавилгыг үнэгүй хийж өгөхөөр тохиролцсон юм. Б.М нь гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу гэрээ байгуулагдмагц өөрийнхөө гэрийн тавилгыг урьдчилан хийж өгөхийг хүссэн бөгөөд бид захиалагч талд итгэн Ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д заасны дагуу тухайн тавилгыг хийж өгч гүйцэтгэсэн. Бидний хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд захиалагч тал нь гэрээнд заасан үнийн дүн бүхий тавилгыг зуучилж өгөөгүй тул гэрээнд заасан нөхцөл биелэгдээгүй байхад урьдчилан гүйцэтгэсэн 10,556,100 төгрөгийг М ХХК-иас гаргуулж авах хүсэлтэй байна. Мөн 2014 оны 12 сарын 22-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж М ХХК нь өөрийн барилгын 165 айлын тавилгыг манай компаниар хийлгэж, тус барилгын айлын захиалга бүрийг хөнгөлөлттэй үнээр хийж өгөхийг гэрээнд заасан боловч 16 айл захиалан тавилгаа хөнгөлөлттэй үнээр хийлгэсэн тул тухайн айлуудад үзүүлсэн хөнгөлөлтийн үнэ 3.060.000 төгрөгийг нэхэмжилж байна. М ХХК-иас тус компанийн менежер ажилтай М-ын гэрт хийж гүйцэтгэсэн тавилгын үнэ болох 10,556,100 төгрөг болон 16 айлд хөнгөлөлттэй үнээр хийж өгсөн тавилгын үнийн зөрүү болох 3,060,000 төгрөг нийт 13,616,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 22-ний өдөр гэрээ байгуулж хамтран ажилласан, нэхэмжлэгч байгууллага нь гүйцэтгэгч хариуцагч байгууллага нь захиалагчаар орж 90,000,000 төгрөгийн тавилгыг зуучлахаар тохиролцсон. Энэхүү гэрээ биелэгдвэл М-ын гэрт шаардлагатай бүх зүйлийг хийж өгсөн тул М-аас тавилгын үнэ 10.556.100 төгрөгийг, М ХХК-иас барилгын айлуудын тавилгыг хөнгөлөлттэй үнээр хийлгэсний хөнгөлөлт эдэлсэн 3.060.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа. М ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан нь М гэж бодсон, бид мөнгөө төлөхийг шаардсан. Сүүлд холбогдоход 1,000,000 сая төгрөгийг өгнө гэж байсан гэв.
Хариуцагч компаниас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М ХХК нь Хан уул дүүргийн 0-р хорооны нутаг дэсвгэрт И 160 айлын орон сууцыг захиалгаар бариулан ашиглалтанд оруулсан. Бид орон сууцаа борлуулахдаа захиалагчдад урамшуулал болгон гал тогооны тавилга болон шкаф бэлэглэхээр болсон. Иймд бид “Д ” ХХК, “К н” ХХК зэрэг 2,3 компанитай тавилга захиалгаар хийлгүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллахдаа сонголтыг захиалгчдад нээлттэй үлдээсэн. Декорвүүд компанитай 2014 оны 12-р сарын 22-ны өдөр “хамтран ажиллах гэрээг байгуулан борлуулж буй орон сууцандаа тавилга захиалгаар хийлгүүлэхээр хамтран ажилласан. Уг гэрээнд тавилгын тоо ширхэг болон мөнгөн дүнг огт заагаагүй ба манай компанийг төлөөлж нягтлан бодогч У.Н гэрээг хийсэн. Бид тухайн үед 2,3 компанитай гэрээтэй байсан боловч Декорвүүд компанийн тавилгыг захиалагчдад түлхүү сурталчилж ажилласан. Манай компани нийт 16 айлын 30,600,000 төгрөгийн тавилгыг хийлгэн гэрээний 2.2, 3.6 дахь заалтын дагуу нийт мөнгөн дүнгийн 10% болох 3.060.00 төгрөгийн хөнгөлөлт эдэлж нийт 27,540,000 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу 2015 оны 2 сарын 16-нд 17,550,000 төгрөг, 2015 оны 3 сарын 24-нд 9,990,000 төгрөгийг тус тус Голомт банкны 1501161554 дансанд шилжүүлсэн. Бидний хувьд гэрээ зөрчсөн асуудал байхгүй, захиалгаар гүйцэтгэсэн тавилгын төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан болно. Бид 2015 оны 4 сараас эхлэн тухайн үеийн орон сууцны зах зээлийн үнийн бууралтаас шалтгаалж орон сууцаа тавилгатай борлуулах боломжгүй болсноос цаашид гэрээт компаниудтай хамтран ажиллах боломжгүй болсон. Нэхэмжлэлд дурдсан компанийн менежер Б.М-ын гэртээ хийлгэсэн гэх тавилгын асуудалд манай компани оролцоогүй учраас хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй ба тавилганы төлбөр 10.556.100 төгрөг манай компанид ямар ч холбоогүй, Б.М нь 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирлын 04 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно гэжээ.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие М ХХК-ийн ашиглалтанд оруулсан Ивээл хотхонд борлуулалт хийж байх үед М захирал манай ажил дээр хэд хэдэн удаа ирж уулзсаны эцэст манай гэрт тавилга 35 хувь хямдруулж өгөхөөр /ямар ч болзолгүй/ болсон. Түүний дараа манай компанид тавилгын захиалга олж өгвөл үлдэгдэл 65 хувиасаа хасуулж болно гэж санал тавьсан бөгөөд тэр саналыг миний бие зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа М ХХК болон бусад хувийн шугамаар 30 гаран сая төгрөгийн захиалга олж өгч байтал М ХХК, Д компанийн хооронд маргаан гарч бидний ажил дуусгавар болов. Миний бие Д компани дээр өөрийн биеэр очиж уулзаад гэрээ дүгнэж М захирлын хүсэлтээр 3.600.000 төгрөгийг М захирлын хувийн дансанд хувааж төлөхөөр болов. Түүнээс хойш дээрх төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд одоо бидний хооронд төлбөр тооцоо дуусгавар болсон болно гэв.
Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 13.616.100 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.М-ыг татан оролцуулах хүсэлт гаргаж, М ХХК-иас хөнгөлөлтийн үнэ 3.060.000 төгрөг, хариуцагч Б.М-аас тавилгын үнэ 10.556.100 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492.1.1, 229.1-д хангуулна гэж, хариуцагч компани нь гэрээнд оролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.М р нь захиралтай тохиролцсон 3.600.000 төгрөгийг төлсөн гэж мэтгэлцэж байна.
Нэг талаас Д ХХК, нөгөө талаас М ХХК нар нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “W ” нэрийн сүлжээ дэлгүүрүүдээр М ХХК-ийн үйлчлүүлэгчдэд тодорхой үнийн дүнтэй худалдан авах эрх бүхий “Худалдан авалтын эрхийн бичиг” нэртэй баримтаар үйлчлэхээр харилцан тохиролцож, “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.
Талуудын байгуулсан гэрээгээр дээрх эрхийн бичгээр “W ” нэрийн сүлжээ дэлгүүрүүдээр гал тогооны тавилга, шкафыг чөлөөтэй сонгуулах, эрхийн бичгийн үнийн дүнгээс 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх үүргийг Д ХХК нь Монь ивээл ХХК-ийн өмнө хүлээсэн байна.
Харин М ХХК нь “Худалдан авалтын эрхийн бичиг”-ийг өөрийн үйлчлүүлэгчдэд нэрийг нь бичиж хүлээлгэн өгч, нэрсийн жагсаалтыг 7 хоног бүр нэгтгэж гэрээнд заасан цахим хаягаар явуулан, эрхийн бичгийн төлбөрийг урьдчилан төлөх үүргийг хүлээж, нийт үнийн дүнгийн 10 хувийн хөнгөлөлт авах эрхтэй оролцохоор тохирсон байна.
Хэдийгээр талуудын байгуулсан гэрээ нь Хамтран ажиллах гэж байгаа боловч гэрээний нөхцлөөс үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээнд хамтын ажиллагааны төрөл, зорилгыг тодорхойлохоос гадна удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг алдагдлыг тохиролцсон байхыг шаардах бөгөөд тухайн тохиолдолд дээрх нөхцлийг тохиролцоогүй байна.
Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба гэрээний зүйл нь ажлын үр дүн байх нөхцлийг шаарддаг.
Хариуцагч нь өөрийн барилгыг худалдахын тулд орон сууцнуудыг худалдахын тулд гал тогооны болон шкафыг урамшуулал болгон оршин суугч нараар сонголт хийлгэн, 10 хувийн хөнгөлөлтийн эрхийн бичгийн төлбөрийг урьдчилан төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болон агуулгаас дүгнэхэд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөл биелэгдээгүй буюу 165 айлын тавилгыг хийлгэхээр тохиролцсон ч 16 айл хийлгэсэн тул зөрүүг гаргуулна гэж тайлбарлаж байгаа ч гэрээнд хариуцагчийн ашиглалтад оруулсан орон сууцны буюу 165 айлын тавилга гэж тоо зааж тохиролцоогүйгээс гадна хэдэн ширхэг “Худалдан авалтын эрхийн бичиг” олгогдохыг тохиролцоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ баримтаар өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй тул хариуцагч М ХХК-иас тавилгыг орон сууц худалдан авсан иргэдэд худалдахад үзүүлсэн хөнгөлөлтийн үнэ 3.060.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч тал М ХХК-ийн менежер Б.М-тай 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 9 сарын хугацаанд 45.000.000 төгрөгийн үний дүнтэй тэнцэх тавилгыг зуучилсан тохиолдолд түүний гэрт гал тогооны тавилгыг хийж өгөх, зуучилж өгөөгүй тохиолдолд 10.556.100 төгрөгийн тавилгын үнийн 65 хувийг төлөхөөр тохиролцсон байна.
Энэхүү гэрээгээр тохиролцсоны дагуу гэрээний хавсралтад заасан тавилгыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь 30 сая төгрөгийн борлуулалт хийхэд зуучилсан ч тавилгын нийт үнийн дүнгээс 65 хувийг төлөхөөр захирал Э.М-тай тохиролцсон нь гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д ХХК-ийн захирал нь хариуцагч Б.М-тай 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дээрх тавилгын төлбөрийн үлдэгдэл 3.600.000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны дотор Захирал Э.М-ын дансаар төлж барагдуулахаар тохиролцсоноос үзэхэд хариуцагч Б.М нь нэхэмжлэгчид 3.600.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь энэхүү төлбөрийг төлж дуусгасан гэж маргаж байх боловч төлсөн гэж үзэх байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч хариуцагч Б.М-аас гэрээний үүрэгт 3.600.000 /гурван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 6.956.100 төгрөгийг болон хариуцагч М ХХК-иас 3.060.000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72.550 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч М ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б-оос шүүх хуралдаан хойшлуулахаар ирүүлсэн эмнэлгийн магадлагааг олгосон байгууллага нь ШНЭ гэж, харин дарагдсан тамга нь АШУИС-ийн нэгдсэн эмнэлэг гэсэн байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч хариуцагч Б.М-аас гэрээний үүрэгт 3.600.000 /гурван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д ХХК-д /РД:5265649/ олгож, шаардлагаас үлдэх 6.956.100 төгрөгийг болон хариуцагч М ХХК-иас 3.060.000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72.550 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ