Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 993

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Д.Үүлэн

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Мандал, Т.Мөнх-Оргил

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2005018201239 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ...дүгээр сарын 01-нд ...д төрсөн, 29 настай, ..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, “....” ХХК-д ... ажилтай гэх, ам бүл ..; ...  хамт ... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол... .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ялгүй, .. дугаарын регистртэй, М овогт Гын Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Б 2020 оны ... дүгээр сарын ..-ны өдөр ... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр “...” худалдааны төвд хохирогч .... бусдын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлээд өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед надад мөрдөгч хэлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжих юм шиг байна, тийм болохоор та хэргээ хүлээн зөвшөөрсөн байдлаар мэдүүлэг өгөөрэй гэсэн агуулгатай юм хэлсэн. Үүнийг нь би ойлгохдоо хэрэг нь ингээд л хаагдчихдаг юм байна гэж бодоод мөрдөгчийн хэлснээр нь мэдүүлсэн. Гэвч миний өгсөн мэдүүлэг хэрэг үйлдсэн мэт мэдүүлэг болсон байсан. Би тухайн үед би “Голомт” банкны АТМ-с хохирогчийн мөнгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн боловч миний мэдүүлгийг мөрдөг бичихдээ “ХААН” банкны аппликейшнаар шилжүүлсэн гэж бичсэн байсан. Тухайн үед эмээ нас бараад буяны ажил хөөцөлдөөд явж байсан тул би настай хүн мөнгө шилжүүлээд өг гэхээр нь туслъя гэж бодоод “Голомт” банкны АТМ-ээс бэлэн мөнгө авч өөрийн данснаас шилжүүлж түүнд өөрийн утасны дугаарыг О.д өгөөд явсан. Гэртээ хариад мөнгө шилжүүлсэн эгч рүү залгаж мөнгө орсон эсэхийг асуухад одоохондоо ороогүй байна гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр 3-4 удаа хохирогчтой утсаар ярьж таны данс руу мөнгө орсон, ороогүй байсан ч та над руу утсаар яриарай гэж хэлсэн. Гэтэл хохирогч над руу утсаар ярихгүй байхаар нь би мөнгө нь орсон байна гэж ойлгосон. Үүний дараа би буяны ажлаар ... аймаг руу явсан. Надад дансаа шалгах боломж байгаагүй.

Би залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ би О гэж хүнд 150.000 төгрөг, нэмж 50.000 төгрөг нийтдээ 200.000 төгрөгийг мөрдөн байцаагчаар дамжуулж өгсөн. Тэгээд надад гомдолгүй гэж хэлсэн байна лээ гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Рйн О “…2020 оны ... дүгээр сарын ..-ны өдрийн 13 цагийн үед хорооллын эцэст байрлах ... төвийн Хүнсний зах дотор явж байгаад ажлынхаа газрын эмэгтэй рүү мөнгө шилжүүлэх болсон. Тухайн үед би картгүй, мөн утсанд мобайл банк байхгүй болохоор нь зах дотор явж байсан 25-30 орчим насны эмэгтэйг гуйгаад эгч нь карт болон мобайл банк байдаггүй ээ. Миний дүү энэ 150.000 төгрөгийг шилжүүлээд өгөөч гэж гуйхад өө тэгье. Би танаас бэлнээр аваад өөрийнхөө данснаас 150.000 төгрөгийг шилжүүлье гэж хэлсэн. Тухайн үед надад 160.000 төгрөг байсан ба уг эмэгтэй сүү аваад мөнгөө задлуулъя гэж хэлээд сүүгээ авч задлуулаад надад 10.000 төгрөгийг өгсөн. Тухайн үед тэр охинд итгээд намайг арай залилахгүй байх гэж бодоод яг шилжүүлсэн талаар нь хараагүй. Дансыг хэлээд л уг охин надад мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлсэн. Төд удалгүй ажлын газрын эмэгтэй рүү залгаж мөнгө орсон уу гэж асуухад ямар ч мөнгө ороогүй гэж хэлсэн. Тухайн үед уг охин надад мөнгө чинь ороогүй байвал ...... дугаарын утас руу залгаарай гэж хэлсэн байсан ба би уг утас руу залгахад утсаа аваагүй. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...Би хохирлын мөнгө болох 150.000 төгрөгийг нь буцаан авсан. Надад санал хүсэлт байхгүй. Миний бие муу учраас цагдаа, прокурор, шүүхээс дуудсан цагт хүсэлцэн ирж чадахгүй” /хх-н 11-13/ гэж,

яллагдагч Г.ын Б.ын “...2020 оны ... дүгээр сарын ...ны өдөр 1.. цагийн үед ... худалдааны төв рүү орсон. Ингээд .. худалдааны төвийн 1 давхарт байх Хаан банкны АТМ-ны ойролцоо явж байх үед 60-70 орчим насны эгч ирээд миний дүү 150.000 төгрөгийг Алтанчимэг гэх хүний данс руу шилжүүлээд өгөөч ээ. Эгчид нь карт болон мобайл банк байхгүй байна гэж хэлсэн. Ингээд би өө тэгье тэгье гэж хэлээд өөрийнхөө утаснаас Хаан банкны апплейкшн руу ороод дансаа хэлээрэй гэхэд Алтанчимэг гэх хүний нэртэй данс хэлж байсан ба дансны дугаарыг нь би одоо санахгүй байна. Би эгчид мөнгөө шилжүүлчихлээ гэж худал хэлэхэд өө тийм үү, эгч нь найз руугаа залгаад асуугаадахъя гэж хэлсэн. Төд удалгүй манай найз утсаа авахгүй байна. За за мөнгө нь орсон байлгүй дээ гэхээр нь та надад утасны дугаараа өгчих гэж хэлээд уг эгчийн утас руу залгасан юм шиг болоход дохигдсон байсан юм шиг байна лээ. Ингээд тэр эгчээс мөнгийг нь авахад 160.000 төгрөг байхаар Дүүхээ худалдааны төвийн супермаркетаас сүү, тараг аваад уг эгчид 10.000 төгрөгийг өгсөн. Уг эгчийн утсыг би тэмдэглээд авсан байсан. Маргааш нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр уг эгч миний утас руу залгахаар нь би утсыг нь аваагүй.

2020 оны .. дүгээр сарын .-ны өдөр би Голомт банкны АТМ-ээс ойр зуурын юм авах гээд 150.000 төгрөг авсан байсан. Харин 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зарлага болж гарсан байна” /хх-н 58, 103-104/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Б.д холбогдох энэ хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьд өмнө нь буюу 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн 1725 дугаартай захирамжаар “... “Ганбат Баасанжаргал” гэх харилцагчийн Голомт банкны данснаас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 150.100 төгрөгийн “Зарлага” гэсэн гүйлгээ хийгджээ. Энэ 150.100 төгрөгийн зарлагын гүйлгээ нь хэн гэж харилцагчийн данс руу орсон талаарх асуудлыг шалгахгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч Г.Б.ыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр залилах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор буруутгаж байгаа ба тухайн өдөр Г.Б.ын данснаас гарсан зарлагын гүйлгээ хэн гэж хүний данс руу орсныг, тухайн данс эзэмшигчээс үүнийг асууж тодруулаагүй, эсхүл энэ данс Г.Б.лын өөрийнх нь хамаарал бүхий данс мөн эсэхийг шалгаагүй байна. Энэ байдлыг шалгаж тогтоосноор гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан эсэх нотлогдоно.

Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэхээр ирүүлсэн энэ хэргийн шүүгдэгч Г.Б. гэм буруугийн талаар маргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зохих заалтууд биелэгдсэн гэхэд эргэлзээтэй, тэр тусмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх” гэсэн прокурорын хяналтад хамааралтай гэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй” гэсэн үндэслэл зааж прокурорт буцаасан.

 

Мөрдөн шалгах зохих ажиллагаа хийгдэж хэргийг прокуророос шүүхэд дахин ирүүлсэн байх ба шүүгдэгч Г.Б.д холбогдох хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Г.Б. хохирогч Р.О гуйсны дагуу түүний бусдад дансаар шилжүүлээд өгөөч гэж хэлж бэлнээр өгсөн 150.000 төгрөгийг авсан болох нь тэдгээрийн хэн алиных нь мэдүүлгээр нотлогддог. Харин уг мөнгө очих ёстой хүндээ очоогүй, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэгдэхээс өмнө уг мөнгө хохирогч Р.О.ямар нэгэн байдлаар буцааж олгогдоогүй байх бөгөөд шүүгдэгч Г.Б.ын хувьд өөртөө хэзээ, ямар хэлбэрээр мөнгийг авсан нь чухал биш юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б.ын үйлдэл нь “залилах” гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож гэсэн шинжид нийцэх тул түүнийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б.д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтласан болно.

Тухайлбал, улсын яллагчаас шүүгдэгч Г.Б.д 2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзээд торгох ялын хамгийн бага хэмжээгээр тогтоов.

Ялыг ингэж сонгох болсон шалтгаан нь гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээ бага, хохирлыг нөхөн төлж барагдуулсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хамаарна.

 

Шүүгдэгч Г.Б. бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Р.О.“... би хохирлын мөнгө болох 150.000 төгрөгийг нь буцаан авсан. Надад санал хүсэлт байхгүй” гэжээ. /хх-н 13/

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Баасанжаргал цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

1. М. овогт Г.ын Б.ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Г.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.Б. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Б. урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

.

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ