Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

 

 

 

 

 

  2021          01                05                                       2021/ШЦТ/30             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл,

өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч А.Д, өсвөр насны шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч Н.Э /ҮД:2893/, Ш.Б /ҮД:2136/,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч С.М /ҮД:0463/,

шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Б.Д /ҮД:0929/,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Б /ҮД:1986/,

Шүүгдэгч М.Э, О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт О-гийн Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн,

Б овогт Т-ын З, Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнэ, Чонос овогт Отгонбаярын Тэмүүлэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн,

Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнэ, Б овогт М-ын Э, Б овогт О-ийн Э нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200500000000 тоот дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 09 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт, СБД-ийн 12-р хороо, Хангайн 23-р гудамж, 509 б тоотод оршин суух хаягтай ял шийтгэлгүй,

Б овогт Т-ын З / РД:ух0000000 /.

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Содон онлайн шоп-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт, ЧД-ийн 12-р хороо, Булгийн 1-р гудамж, 1 тоотод оршин суух хаягтай, 2 удаагийн ял шийтгэлтэй,

Б овогт О-гийн Даваахүү / РД:ук0000000 /.

3. Монгол Улсын иргэн, 2002 оны 07 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, СБД-ийн 1-р хороо, 25-р байр 6 тоотод оршин суух хаягтай, 1 удаагийн ял шийтгэлтэй,

Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнэ / РД:уж000000 /.

4. Монгол  Улсын  иргэн, 2004 оны 08 сарын 28-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МСҮТ-ийн механик тээврийн сургуулийн гагнуурчин мэргэжлээр 2 А ангид  сурдаг,  ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт, ХУД-ийн 8-р хороо, Сонсголон 1-р байр 41 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Чонос овогт Отгонбаярын Тэмүүлэн / РД:уц0000000 /.

5. Монгол Улсын иргэн, 2002 оны 02 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, БЗД-ийн 17-р хороо, эмнэлгийн 13-214 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Б овогт М-ын Э / РД:уп00000000/.

 

6. Монгол Улсын иргэн, 2002 оны 04 сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Хос даль барилгын компанид өрлөгчин ажилтай, ам бүл 4, ах, эмээ, өвөө нарын хамт, БЗД-ийн 16-р хороо, ШШГЕГ-ын байр, 24а 17 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Б овогт О-ийн Э / РД:аю00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Т.З, О.Д, Б.Т, О.Т нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Б.Еийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс спийд” ХХК-ны “Инчон” гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Б.Цэцэгмаагийн дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн орчимд иргэн Б.Мыг “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Хаан банкны 5270171038 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн О.Агийн Хаан банкны 5619015307 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Т.З, О.Д, Б.Т, О.Т нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Б.Еийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс спийд” ХХК-ны “Инчон” гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Б.Цэцэгмаагийн дансаар шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч  Б.Т, О.Э, М.Э нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн орчимд иргэн Б.Мыг “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Хаан банкны 5270171038 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн О.Агийн Хаан банкны 5619015307 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Тгийн өгсөн “…2020 оны 4 дүгээр сарын 20-ны орой Б.Т ах намайг дуудсан. Бид хэд 5-н шард байж байгаад Даваахүү ах ганданд нэг охинтой уулзана гээд бид хэд гарсан. Хорооллын бичлийн замаар явж байгаад Б.Т ах гал авна гээд ТҮЦ-ны урд зогссон. Зогсож байх үед О.Д ах намайг тэр согтуу хүний утсыг шүүрээд ир гэж хэлсэн. Би буугаад тэр хавиар явж байгаад би чадахгүй юм байна гэж хэлсэн. Тэгвэл Б.Ттэй буу гэж хэлсэн. Бид хоёрыг буухад нөгөө ах байхгүй байсан. Бид 2 байрны дунд сууж байгаад Б.Т ах хоёулаа болих уу ахын дүү гэхээр нь за тэгье гээд буцаад явж байсан чинь нөгөө хохирогч ах байрны орцны хажууд утсаар яриад сууж байсан. Тэгээд бид хоёр машины хажууд сууж байгаад Б.Т ах босоод очсон. Тэр машины ард сууж байхад Даваахүү ах тэр хавиар 2-3 удаа эргэлдсэн. Тэр согтуу ах Б.Т ах хоёр ноцолдоод хоёулаа унасан байсан. Харанхуйд юу болсон талаар сайн мэдээгүй. Тэгээд Б.Т ах намайг дуудаад З ахыг дуудаад ир гэж хэлсэн. Би Т.З ахыг дуудаад буцаад гүйгээд очиход Б.Т ахыг цохих шиг болохоор нь тэр ахын малгайнаас нь татсан чинь унасан. Тэгээд бөөнөөрөө зугтаагаад машинд суусан. Бүгдээрээ ямар утас байна гээд үзээд байсан. Ганданд очоод нөгөө охинтой уулзаад буцаад 5-н шард бүгдээрээ ирсэн ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дгийн өгсөн  “…Тэр өдөр 2020 оны 4 дүгээр сарын 20 хэдэн байсныг санахгүй байна. Б.Т намайг залуус хороололд хүрээд ир гэж дуудсан. Би Золоо гэдэг дүүтэйгээ хамт гэрт нь очсон. Гэрт нь ороход дүү О.Т, эхнэр О.А нартай байсан. Тэнд байж байгаад Б.Т, О.Т, Т.З бид 4 хүнтэй уулзах гээд гэрээс нь гарч явсан. Нөгөө хүнтэйгээ уулзах гээд Бичилд байдаг 28 дугаар сургуулийн замын урд автобусны буудлын дээр зогсож байсан. Би уулзах хүнтэйгээ утсаар яриад машиныхаа номерыг хэлээд байж байсан. Тэр үед Тэмүүлэн хүнээс гал асууя гээд бууж явсан. Араас нь Т.З буусан. О.Т хүнээс гал асуугаад байхгүй байна гээд буцаад машинд суусан. Буцаад О.Т, О.Түмэн-Эрдэнэтэй хамт буугаад нэг хүнтэй муудалцаад байх шиг байсан. Тэгээд би анзаараагүй утсаараа оролцож байгаа салахгүй болохоор нь Зыг буугаад салгаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд энэ хэдийг ирэхгүй байхаар нь би машинтайгаа очоод явъя гэж хэлсэн. Намайг тэр хэд байж бай гэхээр нь би хуучин зогсож байсан газраа очоод зогсож байсан. Удалгүй энэ 3 орж ирж суусан. Тухайн үед хүн дээрэмдсэнийг би мэдээгүй…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Зын өгсөн “…2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр О.Д бид 2 гадуур явж байгаад 5-н шарын залуус хороолол орж Б.Т, О.Т хоёртой уулзсан. Тэгээд бид хэд хорооллын бичилд хүнтэй уулзана гээд явцгаасан. Очоод хүнээ хайгаад байж байхад Б.Т, О.Т 2 тамхи татна гээд буусан. О.Д ах тэр утсыг шүүрээд ир гэж хэлээгүй. О.Т над дээр ирээд Б.Т ах хүнд зодуулаад байна. Та буугаад салгаад өгөөч гэж хэлсэн. Намайг очиход  өөд өөдөөсөө хараад зогсож байсан. О.Т миний хажууд зогсож байгаад тойрч очоод тэр ахыг татаж унгаасан. Хохирогч ах миний нэг хөлөөс зуураад байхаар нь гар луу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд машиндаа сууцгаасан. Би утас авсныг мэдээгүй. Сүүлд гэрийн гадаа цагдаа ирэхэд нь мэдсэн…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн яллах дүгнэлтэд бичигдсэн “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогдуулан өгсөн “…О.Д, Т.З, О.Т бид 4 хороололд хүн хүлээж байхад О.Т бид 2 тамхи авах гээд гарсан. Тамхи хайгаад явж байсан чинь тэнд согтуу ах байсан. Ганц тамхи өгөөч гэсэн чинь тамхи байхгүй гэж хэлсэн. Тэр ах та 2 намайг дээрэмдэх гээд байгаа юм уу гээд байсан. Тэгэхээр нь үгүй ээ ахаа гэж хэлсэн чинь зайлаарай гээд хэл амаараа доромжилсон. Тэр ах цаашаа утсаар яриад явсан. Би тэр ахыг дээрэмдэнэ гэж бодоогүй. Утсыг нь шүүрнэ гэж бодоод очоод утсыг нь татсан чинь тэр ах нүүрээрээ газар унасан. Тэр ах намайг бариад авахаар нь Тэмүүлэн салгах гээд хүрч ирсэн. Намайг тавихгүй болохоор нь би О.Тг очоод Зыг дуудчих гэж хэлсэн. Тэгээд Т.З хүрч ирээд бид 3 тэр ахаас арай гэж салаад машиндаа орж суусан. Тэр ахыг зодсон юм байхгүй өөрөө газар шороон дээр нүүрээрээ унасан…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн яллах дүгнэлтэд бичигдсэн “Залилах” гэмт хэрэгт холбогдуулан өгсөн “…2020 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө миний найз О.Э манайд ирсэн. Тэгээд хамт пс-д хононо гээд гарсан. Замаараа М.Э-ын гэрт очсон. Тэнд М.Э болон найз охинтой нь уулзсан. Бид 4 ПС-д тоглож байх хугацаанд О.Э надад энэ дансанд мөнгө байна гээд харуулсан. Би хажууд сууж байсан М.Энхтулгыг андаа энийг хардаа бид хоёрын ажил хийж олсон мөнгө гэж хэлсэн. Тэнд байж байгаад пс-ээс гарахаар болсон. Тэндээс гараад О.Э өөрийнхөө утсаар тэр данснаас Энхтулгын найзынх данс руу мөнгө шилжүүлсэн. Бид хэд АТМ ороод М.Э мөнгийг авч гарч ирсэн. Бид хэд талбайн тэнд тамхи татдаг цэг дотор зогсож байгаад мөнгөө хуваахад нь би наад мөнгийг чинь авахгүй гэж хэлсэн чинь одоо нэгэнт хийсэн юм чинь яах гээд байгаа юм бэ ав гэж хэлсэн. Тэгээд маргааш нь гэртээ очоод Э бид 2 унтаж байсан Э найз охинтойгоо ирээд одоо мөнгөө үрье гээд буудлаар дагуулж явж мөнгө үрүүлсэн. Харин Инчон карго гээд байгаа залиланг би ганцаараа үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа…” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э-ын өгсөн “…2020 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжин шөнө гэмт хэрэг үйлдсэн тэрнээс хойш байцаалт өгөөд явж байхад Б.Т, О.Э бид хоёроос Би тэнсэнтэй байгаа учраас та хоёр хэргээ өөрсдөө үүрээд явчих би та хоёрт мөнгө төгрөг хэрэг болсон үед би хажуугаас чинь дэмжинэ гэж хэлсэн. Э бид хоёр эхэн үедээ Б.Т-ийн үйлдсэн хэргийг нуун далдалсан гэж хэлж болно. Өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгч байсан. Б.Т өөрөөсөө болоод буцаад хэрэгт орооцолдсон. Хохирол төлбөр төлөх мөнгөгүй байцаагчийн дургүйг хүргэсэн. Тэгээд өмнөх мэдүүлгийг гаргаж ирээд шинээр мэдүүлэг авсан. Ямар ч худлаа мэдүүлэг аваагүй угаасаа өөрийнх нь хийсэн хэрэг. Гэрч Отгонцэцэг гэдэг хүн тухайн үед байсан гэхдээ тэр мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Отгонцэцэг бид хоёр хамт амьдардаг. Бид гэртээ мөнгө хадгалдаг жижиг дөрвөлжин хайрцагтай тэрэндээ мөнгөө хийгээд хадгалсан. Түрүүн мэдүүлэг өгөхөд буудлуудаар явж мөнгө үрсэн гэж мэдүүлж байна. Гэрч Отгонцэцэг бид хэд буудлаар хэд хоног явах нь явсан. Яагаад гэвэл тийм их хэмжээний мөнгө авсан байсан болохоор айсан…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Эы өгсөн  “…2020 оны 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө бид хэд ПС-д тоглоно гэж ярьцгаасан. Б.Т бид хоёр бараг л хамт амьдардаг байсан. Б.Т-ийн эхнэр бид хоёрыг уулзуулах дургүй байдаг болохоор аргалж байгаад гарч ирсэн. Тоглож байхдаа анх би тэр дансыг харуулсан. Тэр үед бид гурав мөнгийг авна гэж бодоогүй. Авах юм бол баригдана гэж бид хэд мэдэж байсан. Тэр мөнгийг аваад үрнэ гэж бид хэд бодоогүй. Гэхдээ мөнгийг хувааж авсан хувь хувьдаа хадгалж байгаарай угаасаа буцааж өгнө гэж ярьсан байсан…” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Б.Дгийн эрүүгийн 1902007630171 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулсан;

1/ шүүгдэгч Т.Зын нас тоолсон тэмдэглэл /1хх-78 тал/,

2/ шүүгдэгч Б.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-91 тал/,

3/ өсвөр насны шүүгдэгч О.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-99 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч С.Мийн эрүүгийн 1902007630171 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулсан;

1/ шүүгдэгч Т.Зын мэдүүлэг /1хх-42 тал/,

2/ гэрч О.Тгийн мэдүүлэг /1хх-47тал/,

3/ гэрч Б.Т-ийн мэдүүлэг /1хх-50 тал/,

4/ насанд хүрээгүй гэрч О.Тгийн мэдүүлэг /1хх-46-49 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Бгийн эрүүгийн 1902007630171 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулсан;

1/ “Мах Спийд” ХХК-ийн итгэмжлэл /1хх-205 тал/,

2/ шүүгдэгч Б.Т-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-214 тал/,

3/ шүүгдэгч Б.Т-ийн нас тоолсон тэмдэглэл 1хх-92 тал/,

4/ ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг 1хх-91 тал/,

5/ ЭХТА-ийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Т-ийн гэрчээр  өгсөн мэдүүлэг  /1хх-50 тал/,

6/  ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  шүүгдэгч Б.Т-ийн гэрчээр  өгсөн мэдүүлэг /2хх-40 тал/,

7/ шүүгдэгч Б.Т-ийн  ээж М. Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг  /2хх-106 тал/, 

8/ шүүгдэгч Б.Т-ийн ээж М. Бямбацэцэгийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол /2хх-161 тал/

9/ ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-163 тал/,

10/ ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Т-ийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /2хх-206 тал/,

 

Эрүүгийн 1902007630171 дугаартай хэргээс:

 

Гэрчээр болон хохирогчоор Б.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..2020.04.20-ны орой найз Тгийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 00 цагийн үед найз Тгээс салаад 1-р хорооллын Цамбагаравын ард талаас таксинд суугаад хорооллын 28-р сургуулийн урд байрлах 31-р байрны гадна ирээд найз Уянгаа гадаа гараад ир гээд гар утсаараа залгаж хэлчхээд тамхи татаад зогсож байтал үл таних 2 эрэгтэй ирээд надаас тамхи байна уу гэж асуухаар нь би надад тамхи байхгүй гэхэд 1 нь миний нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохиход би газар унасан. Би босоод надад тамхи байхгүй гээд байхад та нар яах гээд байгаа юм гэхэд надаас дахиад тамхи өг бас гар утсаараа яриул гэхээр нь би надад гар утас байхгүй гэж хэлсэн. Тэгтэл араас дахиад 1 эрэгтэй хүн гарч ирээд миний өмсөж байсан куртикний малгайнаас татаж газар унагаагаад хэн нь мэдэхгүй нүүр рүү гар болон хөлөөрөө нэлээн хэдэн удаа өшиглөж цохиод куртикний халаасанд байсан гар утсыг авах гэхээр нь би гар утсаа өгөхгүй гээд гартаа барихад миний гарыг өчиж тавиулаад миний гар утсыг аваад зугтаасан. Эхлээд 2 эрэгтэй хүн байж байгаад сүүлдээ 3-лаа болсон байсан. Хувай маркийн Ю-7 гэдэг хар хөх өнгийн корпустай утас байсан. 2019 оны 7 сард Мобикомоос 700,000 гаран мянган төгрөгөөр авч байсан. Дээрэмдсэн хүмүүсийг дахин харвал танихгүй, масктай байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, дээрэмдүүлсэн өдөр хамар, өвдөг 2 шалбарсан байсан өөр гэмтэл учраагүй. Гомдолтой байна “ гэх мэдүүлэг / 1хх-ийн 07-08, 29 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Кости эстимэйнт ХХК-ны үнэлгээ / Хувай маркийн Ю-7 гар утас 350,000₮-р үнэлэгдсэн/ /1хх-ийн 20-23, 57 тал/,

 

Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө Инчон нэртэй карго ажиллуулдаг юм. Манай карго фейсбүүк, Эм жи эл сайтаар зар тавьдаг юм. Гэтэл манай нүүр зургийг ашиглан үл таних хүмүүс луйвар хийгээд байна, 2 хүн над руу танайх руу мөнгөө явуулчихлаа гэж залгаж байсан, манайх биш шүү дээ гэхээр утсаа салгачхаж байна лээ. Манай фейсбүүк хаяг руу Тэлмэн гэх хаягаас 2, 3 удаа шилжүүлэг хийж байсан юм. Энэ хаягаас 2020.05.13-ны өдөр уг хаягаас “Сайн байна уу? Шилжүүлэг хийж байгаа юу” гэхээр нь “хийж байгаа” гэсэн чинь “1.740.000 вон хийлээ шүү” гэхээр нь “шилжүүлчхээд баримтаа явуулаарай” гэсэн чинь манай данс руу шилжүүлсэн баримтаа чатаар зургаар явуулсан байхаар нь Монгол дансыг нь аваад 5028715296 дугаарын данс руу 3.862.800 төгрөгийг Цэцэгмаа гэсэн хүний данс руу шилжүүлсэн. Тэгсэн чинь маргааш нь БНСУ-ын Хана Энэн гэх банкнаас над руу залгаад ирж уулз гэхээр нь очоод уулзсан. Тэгсэн чинь “танай данс руу орох ёсгүй мөнгө орсон байна, өнөөдөр энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол цагдаа руу шилжих байх”  гэхээр нь  Наранбаяр гэх хүн нь хамсаатан байж магадгүй гэж бодоод ЭСЯ дээр очиж лавлахад “БНСУ-д оюутан хамааралгүй хүн байна” гэсэн бичиг хийж өгөхөөр нь 1.780.000 воныг буцаан өгсөн. Энэ залуу нь өөрийгөө луйвардуулчихсанаа яаж мэдсэн гэхээр мөнгө шилжүүлэнгүүт өөрийнх нь фейсбүүк хаягийг нь блокчихсон байсан гэсэн. Наранбаярын өрөө рүү нь явуулсан баримтын зургийг над руу явуулж хуурсан байгаа юм. Тэгээд тэр Цэцэгмаа гэх хүн рүү нь залгаж үзэхэд хөгшин настай хүн би мэдэхгүй гэж хэлж байсан. Миний 3.862.800 төгрөгийг олж өгнө үү.  “гэх мэдүүлэг /1хх-ийн 209 тал /,

 

Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /3,862,800 төгрөг шилжүүлэн авсан/ /1хх-ийн 199 тал/,

 

Б.Цэцэгмаагийн Хаан банкны хуулга 30,000 ₮,3,830,000 ₮ /1хх-ийн 229 тал/,

 

Хохирогч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020.02.26-наас 27-нд шилжих шөнө 05 цагийн үед миний 99344499 дугаарын утсанд таны интернэт банкны нууц үг блоклогдлоо гэсэн мессеж ирсэн. Тэгээд  би тэр даруй интернэт банкныхаа нууц дугаарыг солиод нэвтрээд үзтэл данснаас 19.500.000 төгрөг 5 удаагийн гүйлгээгээр гарсан байсан. Тэгээд би гайхаад ээж Цэрэндуламыг сэрээгээд энэ талаар хэлээд Булган аймаг дахь цагдаагийн газар луу дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа данснаас мөнгө хулгайлсан хүмүүсийг олж тогтоосон гээд очтол 3 хүүхэд байж байсан. Тухайн хүүхдүүдээс хохирлын мөнгө гэж 16.170.000 төгрөгийг гаргуулан өгсөн. Тухайн данс нь манай ээжийн эзэмшлийн хаан банкны 5270171038 дугаарын данс бөгөөд 2017 оноос хойш би тухайн дансны хамтран эзэмшигч болоод ашиглаж байгаа юм. Тухайн дансанд нийт 84 сая төгрөг хадгалагдаж байсан бөгөөд тэр мөнгө нь манай аав Батсайхан Хово маркийн автомашинаа зараад хадгалсан байсан мөнгө байгаа юм. Миний дансны нууц дугаарыг ээж бид хоёр л мэднэ. Би ихэвчлэн интернэт банк ашигладаг юм. Тухайн үед болохоор надаас “би гадаадаас ирээд удаагүй байгаа бөгөөд одоохондоо  нэр дээрээ данс байхгүй байгаа тул интернэт банкныхаа нууц дугаарыг өгөөч, би нэг гүйлгээ хийх гэсэн” юм гэхээр нь би зөвшөөрөөд өөрийн интернэт банкны нууц дугаарыг чатаар явуулсан. Би Идэрмөнх гэж хүний фейсбүүкээр л танина. Нэг ч удаа уулзаж царай төрхийг нь харж байгаагүй юм. Миний бодлоор тухайн хүнд нууц дугаараа өгснөөс болоод л энэ хэрэг болсон гэж үзэж байгаа. Би тухайн үед Булган аймгийн Булган суманд гэртээ байсан. Миний данснаас 2020.02.26-наас 27 -нд шилжих шөнө 03:18 цагт 1000 төгрөгийн зарлага, мөн өдрийн 03:26 цагт 10.000.000 төгрөгийн зарлага, 03:27 цагт 5.000.000 төгрөгийн зарлага, 03:29 цагт 1.000.000 төгрөгийн зарлага, 03:29 цагт 500.000 төгрөгийн зарлага гээд нийт 6 удаагийн зарлагаар 19.501.300 төгрөг 5619015307 дугаарын данс руу шилжсэн байсан. Тэгтэл тухайн данс эзэмшигч нь Анужин гэдэг өсвөр насны охин байсан бөгөөд би тэр хүнийг огт танихгүй хүн байсан. Надад нийт 19.501.300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 16.170.000 төгрөгийг буцаан барагдуулж авсан. Одоо би 3.331.300 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2хх-ийн 97 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний дансанд 84 сая төгрөг байсан бөгөөд тухайн мөнгө нь манай нөхөр Батсайханы машинаа зараад авсан байсан мөнгө юм. Манай нөхөр өөрийн хово маркийн автомашинаа зараад мөнгийг нь миний дансанд байршуулсан байсан юм. Миний дансны нууц кодыг миний охин Мөнгөнхур бид хоёр л мэддэг бөгөөд өөр ямар нэгэн мэдэх хүн байхгүй. Би уг хэрэгт холбогдсон Түмэн-Эрдэнэ, Э, Э нарыг Булган аймаг дахь цагдаагийн газар анх удаагаа харсан. Нийт 16.170.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Одоо би үлдсэн 3.330.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 101 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 5619015307 дугаарын Хаан банкны данс бол миний нэр дээр байдаг данс байгаа юм. Би өөрийн 5619015307 дугаарын Хаан банкны дансаараа хамгийн сүүлд 2019.12.20-ны үед ашигласан. Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа хүнд Хаан банкны картаа өгсөн байсан болохоор би өөрөө ашиглаагүй. 2019.12.27-ны үед найз болох Э надаас “Хаан банкны карт байгаа юу, Надад хэрэгтэй болчхоод байна” гэж асуусан. Тэгээд би “5619015307 тоот Хаан банкны карт байгаа” гэхэд надаас тэр өдрийн орой нь Э гэх найз нь манай гэрийн ойролцоо ирж авсан. Би Эд Хаан банкныхаа картын нууц үгийн өгсөн. Э “Хаан банкны картын яаралтай хэрэг гарчхаад байна, 2,3 хоног хэрэглүүлчих” гэж хэлээд авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 28 тал/,

 

Гэрч Э.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Э гэдэг хүнийг танина. Манай найз залуу байгаа юм. 2205129177 энэ тоот данс нь миний өөрийн эзэмшлийн данс байгаа юм. Миний голомт банкны 2205129177 дугаарын дансны карт нь манай найз залуу болох М.Эд байдаг юм. Би 2020 оны 03 дугаар сарын эхээр дансаа шалгаад үзтэл миний дансанд байсан мөнгөн дээрээс нэмэгдээд 3,330,000 төгрөг орж ирсэн байсан. Би Эас энэ юу мөнгө юм бэ гэж асуухад надад хүний мөнгө байгаа юм үрж болохгүй гэж хэлсэн. Өөр юм мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 31 тал/,

 

Прокурорын зөвшөөрөл, Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 64-67,69,75 тал/,

 

Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 29/3335 дугаартай албан бичиг /2хх-ийн 56 тал/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор өсвөр насны шүүгдэгч О.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 123 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 111 тал/, Хан-Уул дүүргийн 8-р хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 102 тал/,

шүүгдэгч О.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 124 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 107 тал/,

шүүгдэгч Б.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 125 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 109 тал/,

шүүгдэгч Т.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 99 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 114 тал/,

шүүгдэгч О.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 114 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 118 тал/, Баянзүрх дүүргийн 16-р хорооны Засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 115 тал/,

шүүгдэгч М.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 131 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 139 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 143 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр нотлох баримтуудаар шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Б.Еийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Еийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /1хх-7,8,29 тал/, камерын  бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Еийн “Хувай” маркийн гар утсанд хийсэн үнэлгээ /1хх-20-23, 57 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон;

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс спийд” ХХК-ны “Инчон” гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Б.Цэцэгмаагийн дансаар шилжүүлэн авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Б.Т-ийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бын  хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-ийн 209 тал/, Б.Цэцэгмаагийн Хаан банкны хуулга /1хх-ийн 229 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон;

Шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн орчимд иргэн Б.Мыг “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Хаан банкны 5270171038 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн О.Агийн Хаан банкны 5619015307 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нарын  мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг /2хх-ийн 97 тал/, насанд хүрээгүй гэрч О.Агийн мэдүүлэг /2хх-ийн 28 тал/, гэрч Э.Отгонцэцэгийн мэдүүлэг /2хх-ийн 31 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж;  

харин 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарын бүлэглэж, хохирогч Б.Еийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд шүүгдэгч О.Дгийн хатгагчаар оролцсон гэх үйл баримт хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.З, О.Д, Б.Т, О.Т нарыг  бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Б.Еийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлаж, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Б.Түмэн-Эрдэнийг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Макс спийд” ХХК-ны “Инчон” гэх илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын дансыг ашиглан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, цахим хэрэгсэл ашиглан тус компаниас 3.862.000 төгрөгийг иргэн Б.Цэцэгмаагийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар, 

Шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нарыг бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн орчимд иргэн Б.Мыг “...интернэт банкны үйлчилгээг чинь ашиглаж гүйлгээ хийх гэсэн юм...” гэж хуурч, түүний эзэмшлийн Хаан банкны 5270171038 данснаас 6 удаагийн гүйлгээгээр 19.501.300 төгрөгийг иргэн О.Агийн Хаан банкны 5619015307 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулахаар”,

шүүгдэгч Т.З нь: “…гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна, гар утсыг авахад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэж, түүний өмгөөлөгч Б.Д “...миний үйлчлүүлэгч нийгмийн хэв журам зөрчсөн, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү ...”

шүүгдэгч О.Д нь “...утсыг авч зарснаа хүлээн зөвшөөрч байна, бусдаар бол хүн зохиж зодсон асуудал байхгүй...” гэж, түүний өмгөөлөгч С.М “ ...эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр  эсхүл мөн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилнэ үү... ” гэж,

шүүгдэгч Б.Т нь “...хийсэн бүх үйлдэлдээ гэмшиж байна...” гэж, түүний өмгөөлөгч Б.Б “ ...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү...” гэж,

өсвөр насны шүүгдэгч О.Т нь “…гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, дахин ийм зүйл хийхгүй…” гэж, түүний өмгөөлөгч Ш.Б “ ...болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн...” гэж,

шүүгдэгч М.Э нь “...гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, дахин ийм алдаа гаргахгүй...” гэж,

шүүгдэгч О.Э нь “...гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, алдаанаасаа суралцана...” гэж тус тус мэдүүлж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарыг бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна хохирогч Б.Еийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нар нь хохирогч Б.Еийн гар утсыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг түүний нүүр лүү цохиж, татаж унагааж, гарыг нь өчин авч улмаар эд зүйлийг авч зугтаасан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг.

Шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй,  шунахайн сэдэлттэй , үйлдэл, санаа зорилгоороо нэгдсэн буюу хохирогч Б.Еийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч  Т.З, Б.Т, О.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон ” дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө шүүгдэгч Т.З, Б.Т, О.Т нарын бүлэглэж, хохирогч Б.Еийн гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэлд шүүгдэгч О.Дгийн “хатгагч”-аар оролцсон гэх үйл баримт хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдсонгүй гэж дүгнэсэн.

Гэмт хэргийн “Хатгагч” гэсэн хууль зүйн ойлголт нь хэн нэгэн этгээдийг гэмт хэрэг үйлдэхэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулсан этгээдийг хэлнэ. Хатгагч нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, тушаал үүрэг өгөх, хариуцлага хүлээхгүйгээр мултарч болно гэж итгүүлэх, заналхийлэх, хуурч мэхлэх зэрэг аргыг хэрэглэн гүйцэтгэгч нь хатгагчийн гэмт санаа сэдэлд удирдагдан өөрийн хүсэл зоригийн эсрэг хатгагчийн нөлөөнд автан гэмт хэрэг үйлдсэн байх хатгагч нь гэмт хэргээс ямар нэг байдлаар ашиг олох, өөртөө давуу байдал бий болгосон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч О.Дгийн бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэх үйл баримт шүүгдэгч О.Дгийн мэдүүлгүүд, Т.Зын “...тэгсэн Б.Т тээврийн хэрэгслээ зогсоож бай, хүнээс гал авна гээд буусан...Даваахүү ах маргаанд оролцоогүй...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн мэдүүлсэн “...яг утас гэж хэлээгүй, хамт буучих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг шүүгдэгч нарыг О.Д нь гэмт хэрэг үйлдэхэд хүсэх, гуйх, ятгах, ямар нэг зүйл амлах, тушаал үүрэг өгөх, хариуцлага хүлээхгүйгээр мултарч болно гэж итгүүлэх, заналхийлэх, хуурч мэхлэх зэргээр удирдсан, чиглүүлж идэвхтэй үйлдэл хийсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй зэргээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч О.Д нь  шүүгдэгч нарын хохирогч Б.Е-өөс дээрэмдэж авсан гар утсыг зарж борлуулсан үйл баримт тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт О.Д нь ‘’…гар утсыг маргааш өглөө нь шүүгдэгч Б.Т-ийн эхнэрээс асууж авсан, гэмт хэргийн улмаас олсон эд зүйл гэж мэдээгүй…’’ гэх ба шүүгдэгч Б.Т, О.Т, Т.З нар нь хохирогчоос дээрэмдэж авсан эд зүйлийг шүүгдэгч О.Дд өгсөн эсэх талаарх үйл баримт шүүгдэгч нарын мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгч О.Дг гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг мэдсээр байж авсан гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч О.Дд холбогдох хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнийг гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Б.Д нь Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах ” гэмт хэргийг үйлдсэн гэж мэтгэлцсэн бөгөөд шүүгдэгч Т.Зын нарын үйлдэл нь хохирогч Б.Ёрөөлтийн эд зүйлийг хүч хэрэглэн авахад шууд чиглэсэн байснаас биш олон нийтийн буюу Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны иргэдийг эрх ашгийг зөрчиж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Б нь “...дээрэмдэх гэмт хэрэгт шүүгдэгч нар хэрхэн бүлэглэн оролцсон оролцоог нь тогтоогоогүй, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналтай...” гэсэн байр суурьтай оролцсон бөгөөд прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэргийн үйл баримтыг хангалттай нотлон тогтоосон  байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнийг ганцаараа болон Б овогт М-ын Э, Б овогт О-ийн Э нартай бүлэглэн, шүүгдэгч Б овогт М-ын Э, Б овогт О-ийн Э нарыг шүүгдэгч Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнэтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Т,  М.Э, О.Э нар нь 2020 оны 02 сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч Б.Мыг хуурч, түүний эзэмшлийн Хаан банкны 5270171038 дугаартай данснаас 19.501.300 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “Залилах” гэмт хэргийг  бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Т нь ганцаараа 2020 оны 05 сарын 30-ны өдөр “Макс спиид” ХХК-ийн Инчон нэртэй илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын данснаас 3.862.000 төгрөг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн  гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Т, М.Э, О.Э нарыг бусдыг хуурч,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй тул Б.Т, М.Э, О.Э нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнэ, Б  овогт Т-ын З, Чонос овогт Отгонбаярын Тэмүүлэн нарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Еөд 350.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч О.Д нь төлсөн тухайгаа, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, улсын яллагч энэ талаар тодруулж, баталгаажуулсан тул шүүгдэгч нарыг дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т,  М.Э, О.Э нарын 2020 оны 02 сарын 26-27-нд шилжих шөнө хохирогч Б.Мыг хуурч, түүний эзэмшлийн Хаан банкны 5270171038 дугаартай данснаас 19.501.300 төгрөг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т хохирогчид 3.330.000 төгрөгийг төлөөгүй шүүгдэгч М.Э, О.Э нар нь хохирол төлбөрийг буцаан төлсөн байх тул шүүгдэгч М.Э, О.Э нарыг хохирогч Б.Мд төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Тэс 3.330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т нь ганцаараа 2020 оны 05 сарын 30-ны өдөр “Макс спиид” ХХК-ийн Инчон нэртэй илгээмж үйлчилгээний газрын гадаад валютын данснаас 3.862.000 төгрөг шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогчид 3.862.800 төгрөгийн хохирол учирсан энэ хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул Б.Тэс 3.862.800 төгрөгийг  гаргуулж хохирогч Г.Бд буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.З, Б.Т, өсвөр насны шүүгдэгч О.Т, шүүгдэгч М.Э, О.Э  нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “...Шүүгдэгч Т.Зыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгч Б.Түмэн-Эрдэнийг Т.З, О.Т нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллага эдлүүлэх саналтай, өсвөр насны шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай, шүүгдэгч Б.Түмэн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Инчон” илгээмж үйлчилгээний газрын гадаад валют дансыг ашиглан хуурч бодит байдлыг нуун цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч залилсан гэмт хэрэгт 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нарын бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэн-Эрдэнэд 6 сарын хорих ял оногдуулах саналтай. Шүүгдэгч О.Э,  М.Э нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох саналтай. Шүүгдэгч Б.Тд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 3 жил 2 сарын хорих ял оногдуулах саналтай. Мөн Б.Т 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жил хойшлуулсан байсан. Ял хойшлуулах хугацаанд гэмт хэрэг үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгтгэн нийт 3 жил 8 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...’’ гэв.

Шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Б.Д: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэж байна...Өсвөр насандаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзээд шүүхээс засарч хүмүүжих, буруутай үйлдлээ ухамсарлах, нийгэмших боломж бололцоог олгож өгнө үү…” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч Ш.Б “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...’’ гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн өмгөөлөгч Н.Э “...Ш.Б өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Б “...процессын ажиллагаа зөрчсөн учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан. Миний үйлчлүүлэгч ял шийтгүүлсэн байгаа энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 дахин багасгаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...’’ гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн  хууль ёсны төлөөлөгч “…Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх гэж хүүхдэдээ итгэж байна. Тийм учраас торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү...’’ гэв.

Шүүгдэгч Б.Т “...Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.Э “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч О.Э “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэв.

Шүүгдэгч Т.З “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч О.Т “...Надад оногдуулах ялыг хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүхээс шүүгдэгч Т.З, Б.Т, өсвөр насны шүүгдэгч О.Т, шүүгдэгч М.Э, О.Э нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Инчон” илгээмж үйлчилгээний газрын гадаад валют дансыг ашиглан хуурч бодит байдлыг нуун цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч залилсан гэмт хэрэгт 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.Т, О.Э, М.Э нарын бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэн-Эрдэнэд 6 сарын хорих ял оногдуулах саналыг буюу нэг төрлийн гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулах саналыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж хуульчилсан. Иймд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн “Залилах” үйлдэл тус бүрийг “ганцаараа болон бүлэглэж” гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн хэдий ч нэг гэмт хэргийн шинжийг хангасан хоёр үйлдлийг тус тусдаа гэмт хэрэг гэж үзэн тус тусад нь ял оноож нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэн нэмж нэгтгэх хууль хэрэглээ биш юм.

Иймд шүүгдэгч Б.Т-ийн Т.З, О.Т нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял нийт 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ны өдрийн 2019/554 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял авсан байх ба шүүгдэгч нь тухайн үед өсвөр насны шүүгдэгч байсан тул уг тогтоолын биелэлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. Гэвч шүүгдэгч Б.Т нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Залилах” гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ны өдрийн 2019/554 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т-ийн нийт эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх, шүүгдэгч Т.Зын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэгт 1 / нэг/ жил хорих ял;

Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэгт 1 / нэг/ жил хорих ял;

Шүүгдэгч М.Э-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт 720 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ял;

Шүүгдэгч О.Эы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж өсвөр насны шүүгдэгч О. Т-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Т, Т.З нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Э, М.Э, О.Т, Т.З нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Т.Зын өмгөөлөгч Б.Д нь “...шүүгдэгч Т.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна уу…” гэсэн саналыг гаргасан ба өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн 2005015681304 дугаартай хэрэгт эрүүгийн 2015001041282 дугаартай, 2005019501349 дугаартай хэргүүдийг тус тус нэгтгэсэн ба тусгаарласан хэрэг үгүй, битүүмжилсэн эд зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар 3 ширхэг Си Ди бичлэг хураагдсан, шүүгдэгч О.Д, Т.З, Б.Т нар нь 8 /найм/ хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О-гийн Даваахүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож Б овогт О-гийн Даваахүүг гэм буруугүйд тооцон цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнэ, Б овогт Т-ын З, Чонос овогт Отгонбаярын Тэмүүлэн нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Б овогт Б-ийн Түмэн-Эрдэнийг ганцаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б овогт М-ын Э, Б овогт О-ийн Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч шилжүүлэн авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч  Б.Түмэн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар,

Шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг/ жил хорих ялаар,

Өсвөр насны шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Шүүгдэгч Б.Түмэн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар,

Шүүгдэгч М.Энхтулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ны өдрийн 2019/554 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ял оногдуулж уг тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Т-ийн нийт эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Т.Зт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Т, Т.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Тд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

8. Өсвөр насны шүүгдэгч О.Тг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, хараа хяналтдаа байлгаж хянан хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч А.Дд тус тус даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Э, О.Э нарт мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Т нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг анхааруулсугай.

 

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 3 /гурав/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болохыг, шүүгдэгч Б.Т, Т.З нар нь цагдан хоригдсон 8 /найм/ хоногтой болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэс нийт 7.192.800 /долоон сая нэг зуун ерэн хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Бд 3.862.800 /гурван сая найман зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөг, хохирогч Б.Мд 3.330.000 / гурван сая гурван зуун гучин мянга /төгрөг тус тус олгосугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Т, Т.З нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Э, М.Э, өсвөр насны шүүгдэгч О.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ