Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

 

 

 

 

 

2021               01             20                                           2021/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Ст холбогдох эрүүгийн 2005000000000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Байдраг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 22 дугаар гудамж 29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ын С, /РД:МБ000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим автобусан дотор зорчиж явах үедээ Б.Нтэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим автобусан дотор зорчиж явах үедээ Б.Нтэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.С “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,  

 

Эрүүгийн 2005000000000 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хажууд нэг жирэмсэн эмэгтэй ирэхээр нь би суудал тавьж өгөхөд миний урд талд сууж байсан хүн цонх хаасан. Тэгээд суудал тавьж өгсөн жирэмсэн эмэгтэй бүгчим байна гэхээр нь би цонх онгойлгочихгүй юу гэхэд нөгөө жирэмсэн эмэгтэй цонх онгойлгоход цонх хаагаад байсан эрэгтэй хүн над руу зэвүүцсэн байдалтай харахад би энд жирэмсэн хүн явж байна бүгчим  байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу ямар олон юм ярьдаг юм бэ гээд суудлаасаа босож ирэхээр нь би хойшоо болтол тэр залуу шууд гараа зангидаж байгаад миний нүүр рүү цохичихсон. Тэр залууг цохих үед миний нүдний шил хагараад зүүн нүдний доод зовхи хэсэг болон хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зүүн салаа Халдварт чиглэлийн автобусанд суугаад явж байхад гэнэт автобусны хойд хэсэгт эмэгтэй хүн орилох шиг болохоор нь эргээд харахад нэг эмэгтэй хүн орилоод зогсож байсан. Эмэгтэйн нүүрнээс нь цус гарчихсан орилоод нэг залуутай зууралдаж байсан. Нөгөө залуу зугтаах гээд байх шиг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12287 дугаартай шинжээчийн: “Б.Н-ийн биед зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй гэх дүгнэлт...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 тал/,

 

Яллагдагч Г.С мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...би тэр эмэгтэйд чих рүү хүйтэн салхи үлээгээд  байна ш дээ гэсэн гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би тэр хүүхний дух хэсэг рүү нь түлхэх гэж байгаад гараараа нүүрэн тус газар нүдний шил рүү нь цохичихсон юм. Тэгтэл тэр эмэгтэйн нүүр зүсэгдээд нүүрнээс нь цус гарчихсан юм. Би тэр эмэгтэйн нүүр рүү нэг удаа цохисон. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Г.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим автобусан дотор зорчиж явах үедээ Б.Нтэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгэхэд тэр залуу ямар олон юм ярьдаг юм бэ гээд суудлаасаа босож ирэхээр нь би хойшоо болтол тэр залуу шууд гараа зангидаж байгаад миний нүүр рүү цохичихсон. Тэр залууг цохих үед миний нүдний шил хагараад зүүн нүдний доод зовхи хэсэг болон хамраас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12287 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Б.Н-ийн биед “зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл учирсан нь хэргийн 20-21 дэх талд авагдсан шинжээч эмчийн 12287 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ нь шүүгдэгч Г.С хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Г.С гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим автобусан дотор зорчиж явах үедээ Б.Нтэй маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн хацрын төвгөрт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 3.880.000 /гурван сая найман зуун наян мянга/ төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна. Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан “Очирваань эмэгтэйчүүдийн эмнэлэг”-т үзүүлсэн уг баримт нь хохирогчийн нэр дээр үйлдэгдээгүй, тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангасан баримт биш байх тул хохирогч Б.Н-ийн гаргаж өгсөн гэм хорыг хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Н нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлаж байна.

 

Шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогч Б.Нд мэдэгдэх гэж 88058084 дугаарын гар утас руу нь удаа дараа залгахад “орох ярианы эрх хаагдсан”, мөн шүүхийн мэдэгдэх хуудсыг хавтаст хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн дагуу хүргүүлэхэд “тухайн хаяг дээр оршин суудаггүй гэсэн” болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүгдэгч Г.С нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ст ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Г.Ст тайлбарлаж  байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ст нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Б.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ