Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

           

 

 

 

 

 

2021            01             20                                       2021/ШЦТ/64

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн,

            улсын яллагч Б.Батнасан,

            хохирогч А.Д, түүний өмгөөлөгч Д.Б,

            өсвөр насны шүүгдэгч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Ө, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Э-ын М-д холбогдох эрүүгийн 200500000000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 9 дүгээр гудамжны 381 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Э-ын М-д /РД:ЛЙ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Э.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинза нэртэй дэн буудлын гадна үүдэнд хохирогч А.Дийн хоолойг гараараа боож газарт унагаан, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь эрүүний ясны баруун, зүүн үеийн сэртэнгийн хугарал, мултрал, доод уруул, эрүүний оочинд шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Э.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинза нэртэй дэн буудлын гадна үүдэнд хохирогч А.Дийн хоолойг гараараа боож газарт унагаан, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь эрүүний ясны баруун, зүүн үеийн сэртэнгийн хугарал, мултрал, доод уруул, эрүүний оочинд шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.М: “...Өөрийн хийсэн зүйлдээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Д: “...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Б.Бийн эрүүгийн 2005032831761 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулсан хэргийн 10, 11, 33, 38, 42, 43, 55, 64, 75, 76, 99, 102, 103, 104 дүгээр тал дахь баримтууд,

 

Шүүх хуралдаанд хохирогч А.Дийн өмгөөлөгч Д.Бийн эрүүгийн 2005032831761 дугаартай хавтаст хэргээс шинжлэн судлуулсан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-54 тал/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

 

Эрүүгийн 2005032831761 дугаартай хэргээс:

 

Хохирогч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинза зочид буудалд найз Шинэцогтын хамт орсон бөгөөд өрөө байхгүй гэхэд нэг залуу “нэг залуу хамт орчихъё, би ганцаараа байгаа юм чинь буудлын мөнгөө хувааж төлье” гэсэн юм. Тэгээд би тамхи татах гээд гарахад нэг дүү хүү байхаар нь “ахдаа нэг тамхи өгчих” гэсэн чинь за одоохон гээд явсан. Тэгээд 3 хүүхэд надтай хамт гараад би яах гээд байгаа юм бол гээд би подволкоо тайлахад нэг өндөр залуу нь миний араас гарч ирээд хоолой боосон бөгөөд би гараас нь барьж байх хооронд цагаан хувцастай залуу нь миний хоолойг нэг юмаар зүссэн. Тэгээд би ухаан алдаж унаад хэсэг сууж байгаад өрөөндөө ороод толинд хартал хоолойг нэг зүйлээр зүссэн юм шиг байсан. Тэгээд би гэрийнхэндээ хэлтэл манай эх, ах хоёр ирээд цагдаа дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Дараа нь камер шүүж үзэхэд намайг боосон залуу миний толгой руу өшиглөж байсан. Би тэр залуусын биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

Гэрч О.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01:10 цагт манай буудалд орсон 3 эрэгтэй нэг залуу үүдэнд маргалдсан. Би камер шүүгээд байж байхад 3 залуу нэг залууг чирэх маягтай аваар гарахаар нь би араас нь харахад өндөр хар малгайтай цамцтай залуу толгой дээрээс нь хөлөөрөө хүчтэй дэвсэж байсан. Би Дашпүрэв гэх залууг босгох гэтэл юу ч ярихгүй суугаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Кинза зочид буудлын өрөөнд байхад хаалга нүдээд байхаар нь онгойлгоход нэг үл таних ах /Дашпүрэв/ “ах нь нэг юм асуух гэсэн юм, тамхи байна уу” гэхээр нь тамхи байхгүй, тамхи татдаг хүн байхгүй гээд хаалгаа хаасан. Дараа нь намайг ариун цэврийн өрөө ороход таараад "хамаа, шоронгийн хэл мэдэх үү, ах нь шоронгоос гарч ирсэн, ахдаа тамхи олоод ир” гэж хэлээд намайг заамдаж аваад “би чамайг ална, би шоронгоос гарч ирсэн” гээд зогсож байхад өрөөнөөс Мөнхүүш /Мөнх-Эрдэнэ/, Цагаанаа /Батцагаан/ нар гарч ирээд гадаа гаръя гээд бид дөрөв гадаа гарсан. Гадаа гараад Дашпүрэв подволктой байснаа тайлаад гартаа ороож байгаад “одоо үзчихье” гээд над руу гараа далайсан чинь Мөнхүүш /Мөнх-Эрдэнэ/ араас нь хоолойг нь боосон. Тэгээд тэр ахын царай нь сонин болчихоор нь Цагаанаа /Батцагаан/ бид хоёр Мөнхүүшийн /Мөнх-Эрдэнэ/-ий хоёр талаас гарыг тавиулахад тэр ах шууд газарт унасан. Тэгээд удалгүй гараараа тулаад бархираад босох гэхэд Мөнх-Эрдэнэ шилэн хүзүү рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөхөд буудлын ресейпшн гарч ирээд бид нарыг салгаад бид гурав өрөөндөө орсон. Э.Батцагаан бид хоёр Дашпүрэвт огт гар хүрээгүй. Харин бид хоёр Мөнх-Эрдэнийн гарыг тавиулаад болиулсан. Тэгээд тэр ах ухаан алдаж унахдаа цементэн дээр нүүрээрээ унасан...”гэх мэдүүлэг/ хх-ийн 32-34 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-63 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12725 дугаартай шинжээчийн: “...А.Дийн биед эрүүний ясны баруун, зүүн үеийн сэртэнгийн хугарал, мултрал, доод уруул, эрүүний  шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,

Өсвөр насны яллагдагч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...буудлын өрөөний үүдэнд Хосбаярыг хохирогч Дашпүрэв заамдаад зогсож байсан. Тэгээд Дашпүрэв гаръя гээд ямар нэгэн зорилгогүйгээр буудлаас гарсан. Буудлаас гарч ирээд хагас ханцуйтай энгэр задгай цамцаа тайлаад “би шоронгоос гарч ирсэн. Та нарыг бүгдийн ална” гээд манай найзыг цохих гээд байсан болохоор нь хөдөлгөөнгүй байлгах гээд араас хоолойг нь боосон. Тэр ах хөдлөөд намайг цохих гээд байгаа юм шиг санагдаад боолтоо гаргаж чадаагүй. Манай хоёр найз Батцагаан, Хосбаяр хоёр намайг боль гээд гараас татахаар нь би гараа тавьсан. Тэр ах шууд эрүүгээрээ газарт унасан. Бид нарыг ална шоронгоор яваад ирсэн гээд байсан учраас айсандаа толгой руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд буудлын ресейпшн гараад ирээд биднийг өрөөндөө оруулсан. Тэр ах унаад босож ирэхдээ шууд хараал хэлээд орилоод байсан. Миний хувьд гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Тиймээс хохирогчид хохирлын мөнгө гэж 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Хагалгааны зардал 761.480 төгрөг, эмийн мөнгө 50.000, 39.500 төгрөгийг тус тус шилжүүлж байсан. Нийт хохирлын мөнгө гэж 2.850.980 төгрөгийг хохирогчид төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-92 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь 2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинза нэртэй дэн буудлын гадна үүдэнд хохирогч А.Дийн хоолойг гараараа боож газарт унагаан, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь эрүүний ясны баруун, зүүн үеийн сэртэнгийн хугарал, мултрал, доод уруул, эрүүний оочинд шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь;

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны  шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг өндөр залуу нь миний араас гарч ирээд хоолой боосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

Гэрч О.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01:10 цагт манай буудалд орсон 3 эрэгтэй нэг залуу үүдэнд маргалдсан. Би камер шүүгээд байж байхад 3 залуу нэг залууг чирэх маягтай аваар гарахаар нь би араас нь харахад өндөр хар малгайтай цамцтай залуу толгой дээрээс нь хөлөөрөө хүчтэй дэвсэж байсан. Би Дашпүрэв гэх залууг босгох гэтэл юу ч ярихгүй суугаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гадаа гараад Дашпүрэв подволктой байснаа тайлаад гартаа ороож байгаад “одоо үзчихье” гээд над руу гараа далайсан чинь Мөнхүүш /Мөнх-Эрдэнэ/ араас нь хоолойг нь боосон. Тэгээд тэр ахын царай нь сонин болчихоор нь Цагаанаа /Батцагаан/ бид хоёр Мөнхүүшийн /Мөнх-Эрдэнэ/-ий хоёр талаас гарыг тавиулахад тэр ах шууд газарт унасан...”гэх мэдүүлэг/ хх-ийн 32-34 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 58-63 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12725 дугаартай шинжээчийн: “...А.Дийн биед эрүүний ясны баруун, зүүн үеийн сэртэнгийн хугарал, мултрал, доод уруул, эрүүний шарх, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч  Э.М-ийн   хохирогч  А.Дийн биед учруулсан эрүүний ясны баруун, зүүн үеийн сэртэнгийн хугарал, мултрал, доод уруул, эрүүний шарх, хамарт үүссэн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах “хүндэвтэр” гэмтлийн зэрэгт хамаарах гэмтэл болох нь  хэргийн 50-51 дэх талд авагдсан шинжээч эмчийн 12725 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Э.М-ийн дээрх үйлдэл нь бусдын бие махбодод халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, гэм буруугийн санаатай хэлбэртэй,  өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн  хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн дээрх үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.М-ыг  “2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинза нэртэй дэн буудлын гадна үүдэнд хохирогч А.Дийн хоолойг гараараа боож газарт унагаан, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь эрүүний ясны баруун, зүүн үеийн сэртэнгийн хугарал, мултрал, доод уруул, эрүүнд  шарх, хамарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч Э.М “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж, шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч “...гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөрийг төлсөн...” гэж, хохирогч А.Д “...цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ...” гэж, хохирогчийн өмгөөлөгч “...хохирол хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэхээр нээлттэй үлдээж өгнө үү... ” гэж тус тус санал дүгнэлт гаргаж оролцсон болно.

 

Хохирол, хор уршгийн талаар;

 

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь хохирогч А.Дт 2.850.980 төгрөгийг гэмт хэргийн улмаас гарсан хохиролд төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Д цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 17 нас 6 сар 6 хоногтой /шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үеийн байдлаар 17 нас 9 сар 25 хоногтой/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх, өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож оногдуулах нь зохистой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасны дагуу 120 / нэг зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч Э.М-ыг “240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах саналыг, шүүгдэгч Э.М “ тусгайлан гаргах саналгүй ” гэж, шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч нь “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэж, хохирогч А.Д нь “...саналгүй...” гэж, хохирогчийн өмгөөлөгч нь “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...”  гэж тус тус санал дүгнэлт гаргаж оролцсон болно.

 

Шүүгдэгчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт санал болгосон шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирохгүй гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Э.Мд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

 

Шүүгдэгч нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч тул түүнд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Мд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М-ыг 120 / нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Шүүхийн  шийдвэрийг биелүүлэх, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Э.Мд мэдэгдсүгэй.

 

5. Өсвөр насны шүүгдэгч Э.М нь хохирогч А.Дт 2.850.980 /хоёр сая найман зуун тавин мянга есөн зуун ная / төгрөгийг гэмт хэргийн улмаас гарсан хохиролд төлсөн болохыг дурдаж, хохирогч А.Д нь гэмт хэргийн улмаас цаашид түүнд учрах  хохирол хор уршгийг  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ