Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/01

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч О.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн О-ийн Б-д холбогдох 2028002620189 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, .............................................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 6 дугаар баг ................. тоотод О.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Б-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ................. тоотод Н-гийн нөхөртэй 2 шил архи уугаад, гэрт нь оруулж өгчихөөд, гэртээ байж байхад Н манай гэрт ирээд манай нөхөртэй архи уулаа гээд намайг шанагаар цохиод байхаар нь би 2, 3 удаа алгадсан. Найзууд нь орж ирж салгаж аваад явсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой найзынхаа төрсөн өдөрт явахаар нөхөр Н, үеэл дүү Б хоёрыг 7 настай А, 5 настай Ам нартай хамт үлдээгээд 18 цагийн үед гэрээс гараад орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь манай нөхөр гэртээ согтуу гэр орон гэж авах юмгүй болчихсон, манай нөхрийн нүүр нь цус болоод халцарчихсан унтаж байхаар нь би уурлаад юу болсон талаар асуухад Б-тай хамт архи уусан гэж хэлсэн. Би нүүр чинь яасан юм гэтэл машинаас уначихсан гэхээр нь би худлаа яриад бай гээд миний уур хүрээд ................. тоот шиг санагдаж байна би бас андуурсан байж магадгүй ямар ч байсан Б-ы найз охин болох Х-гийн гэрт нь очтол Б согтуу сууж байхаар нь чи яахаараа дандаа намайг эзгүй хойгуур манай нөхөртэй архи ууж байдаг юм гэсэн чинь би яагаач үгүй гээд намайг гэртээ боож унагаагаад миний нүд рүү цохисон. Бид хоёр зууралдаад байж байтал гаднаас манай найз А болон түүний нөхөр Т нар гаднаас орж ирээд салгаад А, Т намайг гаргаад машинд суулгасан чинь миний араас Б хашааныхаа хаалгаар гарч ирээд машинаас буулгаад нүүр нүдгүй гараа зангидаж байгаад цохиод намайг газар унагаагаад миний нуруу болон хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд ээжийгээ дууд ална чамайг гээд байж байхад Т гарч ирээд салгаад намайг машиндаа суулгаад гэр рүү хүргэж өгсөн. Би за за яршиг яршиг гээд өнгөрөөгөөд өөрөө ирээд уучлалт гуйчих байлгүй гэж бодоод хүлээгээд байсан чинь ирэхгүй болохоор өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цагдаад гомдол гаргасан. Урьд яг цаг хугацааг нь сайн санахгүй байна 1 жил гарангийн өмнө согтуу манайд ирээд агсам тавиад намайг зодож байсан. Мөн 2 билүү 3 жилийн өмнө бас согтуу ирээд агсам тавьж цонх хагалж хаалга эвдэж байсан... Миний зүүн талын хавиргаар хатгуулж өвдөөд, мөн нүд хөхрөөд толгой өвдөөд байна... Гомдолтой байна. Одоо эмнэлэгт үзүүлээд зардал мөнгөө гаргуулж авмаар байна... Би Б-аас эмнэлэгт үзүүлсэн төлбөр 480.000 төгрөг нэхэмжилсэн. Б тухайн төлбөрийг барагдуулсан учир надад одоо гомдол санал байхгүй. Би Б-тай эвлэрлийн гэрээ байгуулж хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Санал хүсэлт гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 08-09, 10 дугаар хуудас/

Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2020 оны 10 дугаар сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад Малчны хороололд байдаг Б-ыг ээжийнх нь гэрээс очиж аваад өөрийнхөө ................. тоот гэртээ ирсэн. Тухайн үед Б бага зэрэг согтуу байсан. Гэртээ очоод галаа түлээд байж байтал хүн хашааны хаалга нүдээд байхаар нь хаалгаа онгойлготол Б-ы үеэл эгч Н нэг цагаан өнгийн машинтай дотор нь 2 эмэгтэй, 1 эрэгтэй хамт ирээд Н нэлээн согтуу манай гэр рүү ороод Б руу манай нөхөртэй хамт архи уусан ч гэлүү манай нөхрийг зодсон ч гэлүү дайраад байсан чинь Б гараа далайгаад алгадаад авах шиг болсон. Хоорондоо ноцолдоод байхаар нь би гадаа байсан найзуудыг нь дуудаад тэр найзууд нь орж салгасан. Н манай хашааны гадаа ухаан алдаад уначихсан юм шиг газар хэвтэж байхаар нь би гараад очтол зүгээр гадаа хэвтэж байсан. Би босгоод найзууд нь аваад явсан.” /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед Б манайд ирээд машины сэлбэг хамт явж авъя гээд бид хоёр хамт сэлбэгийн дэлгүүрээр явж байгаад орой 17 цагийн үед Б-тай хамт гэртээ ирээд архи уух уу гэсэн чинь Б тэгье гээд бид хоёр “Everyday” дэлгүүр орж нэг шил “Экс” нэртэй 0.75 граммын архи аваад манай гэрийн гадаа машинд архиа уусан. Архиа ууж дуусгаад би дахиад дэлгүүр орж нэг шил 0.75 граммын “Экс” нэртэй архи аваад гэрийн гадаа хашаан дотор машинд уусан. Архиа ууж байгаад тасарчихсан байсан. Нэг сэрээд бие засах гэж машинаас буухдаа газар унаад зүүн талын нүүрээ шалбалчихсан. Тэрнээс хойш санахгүй байна. Нэг сэрсэн чинь өглөө гэртээ орон дээр унтаж байсан. Манай гэрт хадам ээж ирчихсэн намайг архи уулаа гээд Н бид хоёрыг хамтад нь зодсон юм уу гээд байсан. Би өглөө ажилтай байсан болохоор ажилдаа явсан. Тэгсэн чинь намайг ажил дээрээ байхад Б ирээд танай эхнэр Н манай гэрт ирж агсам тавиад намайг зодсон, бас намайг таныг зодсон гээд цагдаад өгнө гээд байна зодоогүй гэдгийг хэлээрэй гэж хэлчихээд явсан. Ажилдаа яваад маргааш өглөө нь гэртээ ирсэн чинь манай эхнэр Бд зодуулсан гээд орондоо хэвтэж байхаар нь би Б намайг зодоогүй би өөрөө машинаасаа буухдаа унасан гэдгээ хэлсэн чинь манай эхнэр Б-ыг цагдаад өгнө гээд уурлаад эмнэлэг явсан.”  /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Н-гийн нөхөртэй хамт Н-гийн хашаанд машин дотор архи ууж байгаад нөхөр нь буухдаа машиныхаа хаалганд зүүн нүднийхээ зовхин дор ураад шалбалчихсан. Би гэрт нь нөхрийг нь оруулж өгчихөөд гэр рүүгээ мотоцикл бариад явсан чинь Н гэрт ирсний дараа над руу залгаад чи манай нөхөр Нийг зодчихоод явсан байна гэж утасдаад чи муу хаана байна би одоо очно гэж хэлээд манай гэрт 2 найзтайгаа хамт ирсэн. Гэрт орж ирээд намайг шанага хогийн хоовонгоор цохиод байхаар нь би зөрүүлээд нүүр рүү нь 2-3 удаа алгадсан. Манай гэрийн шкафны шил хаалгыг нь хагалчихаад гараад явсан. Н-тай хамт ирсэн найз нь намайг багалзуурдаж унагаасан. Н найзуудтайгаа хамт гэрээс гарахгүй хэрүүл хийгээд байхаар нь би Н-г машинд нь чихээд хийсэн чинь явахгүй зогсоод байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан чинь тэд нар машинаа бариад яваад өгсөн... Эмчилгээний төлбөр 480,000 төгрөг нэхэмжилсэн. Тэр мөнгийг нь би төлсөн.” /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “О.Н-гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн  32-33 дугаар хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 6 дугаар баг ................. тоотод О.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Н, гэрч нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 541 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирол төлбөрт 480,000 төгрөг нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд төлөгдсөн байна гэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Хэрэг гарсан өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байхад О.Б нь үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийн хувьд хохирогчид нийт 480,000 төгрөгийн хохирлыг Б төлж барагдуулсан, одоо гомдол саналгүй гэж мэдүүлж байгаа учир Баас гаргах хохирол төлбөр байхгүй гэв.

Шүүгдэгч О.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар тайлбар гаргав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: 

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 6 дугаар баг ................. тоотод О.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Н-гийн “...Б согтуу сууж байхаар нь чи яахаараа дандаа намайг эзгүй хойгуур манай нөхөртэй архи ууж байдаг юм гэсэн чинь би яагаач үгүй гээд намайг гэртээ боож унагаагаад миний нүд рүү цохисон. Бид хоёр зууралдаад байж байтал гаднаас манай найз А болон түүний нөхөр Т нар гаднаас орж ирээд салгаад А, Т намайг гаргаад машинд суулгасан чинь миний араас Б хашааныхаа хаалгаар гарч ирээд машинаас буулгаад нүүр нүдгүй гараа зангидаж байгаад цохиод намайг газар унагаагаад миний нуруу болон хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд ээжийгээ дууд ална чамайг гээд байж байхад Т гарч ирээд салгаад намайг машиндаа суулгаад гэр рүү хүргэж өгсөн...” /хавтаст хэргийн 08-09, 10 дугаар хуудас/, гэрч О.Х-гийн “...Н нэлээн согтуу манай гэр рүү ороод Б руу манай нөхөртэй хамт архи уусан ч гэлүү манай нөхрийг зодсон ч гэлүү дайраад байсан чинь Б гараа далайгаад алгадаад авах шиг болсон. Хоорондоо ноцолдоод байхаар нь би гадаа байсан найзуудыг нь дуудаад тэр найзууд нь орж салгасан. Н манай хашааны гадаа ухаан алдаад уначихсан юм шиг газар хэвтэж байхаар нь би гараад очтол зүгээр гадаа хэвтэж байсан. Би босгоод найзууд нь аваад явсан...”/хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, гэрч П.Нийн “...Манай гэрт хадам ээж ирчихсэн намайг архи уулаа гээд Н бид хоёрыг хамтад нь зодсон юм уу гээд байсан. Би өглөө ажилтай байсан болохоор ажилдаа явсан. Тэгсэн чинь намайг ажил дээрээ байхад Б ирээд танай эхнэр Н манай гэрт ирж агсам тавиад намайг зодсон, бас намайг таныг зодсон гээд цагдаад өгнө гээд байна зодоогүй гэдгийг хэл гэж хэлчихээд явсан. Ажилдаа яваад маргааш өглөө нь гэртээ ирсэн чинь манай эхнэр Б-д зодуулсан гээд орондоо хэвтэж байхаар нь би Б намайг зодоогүй би өөрөө машинаасаа буухдаа унасан гэдгээ хэлсэн чинь манай эхнэр Б-ыг цагдаад өгнө гээд уурлаад эмнэлэг явсан.” /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 541 дугаартай О.Н-гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч О.Б нь хохирогч О.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч О.Б нь О.Н-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нотлох баримт шаардахгүйгээр хохирогчийн эмчилгээний зардалд 480,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон иргэд хоорондын эвлэрлийн гэрээнд: “Талууд хохирлын төлбөр 480,000 байхаар тогтож, бүрэн төлсөн” /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул ял оногдуулах үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Дээрх гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт нь О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх дүгнэлтдээ: Гэм буруугийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэж, хохирол төлбөргүй гэх шийдвэрийг гаргасан. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд тодорхой хэмжээнд хохирогч О.Н-гийн буруутай үйл ажиллагаа байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгүүдээр харагддаг. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх үндэслэлүүд байгаа. Шүүгдэгч нь урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байгаагүй учир анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болно. Мөн хохирол төлбөр бүрэн барагдсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг үндэслээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Торгох ялыг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээд 3 сарын хугацаагаар хуваан төлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Б нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбар гаргав.

Шүүгдэгч О.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 480,000 төгрөгийг нөхөн төлсөн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. 

Шүүхээс шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээтэй дүйцэхүйц буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан тул уг ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох тухай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 480,000  төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн О-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 480,000  төгрөгийг төлсөн болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ