| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0001/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Т.Э,
Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Т-н Э-д холбогдох 2028002910195 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ..................... Өмнөговь аймгийн ................... суманд төрсөн, ................ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ............................ жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймаг ...................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овгийн Т-н Э, регистрийн дугаар ..............................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн ......................... баг .............................ы 21-20 тоотод эхнэр Л.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа яваад 13 цагийн үед ирсэн чинь манай нөхөр Т.Э гэртээ унтаж байсан хажууд нь 2 шил архины шил байран юм тэгэхээр нь гэрт байсан 10 настай охиноосоо асуусан чинь аав Үүрийнцолмон гэдэг ахтай нийлж гэрт 2 шил архи уусан гэж хэлсэн тэгээд би гэртээ цай ундаа уучихаад зүүн өрөөндөө ороод ажлаа хийгээд сууж байхад нөхөр согтуу босч ирээд охин Нандинболороос ээж чинь хаана байна гэж асууж байсан тэгээд над дээр ирээд намайг элдвээр хэлээд чи муу гуйлгачин гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад хөргөгчийн хаалга саваад гэрээс гараад яваад өгсөн тэгэхээр нь нөхрийнхөө аав, ээжид нь утсаар Т.Э намайг хэл амаар доромжлоод байна гэсэн чинь тоохгүй байхаар нь уур хүрээд цагдаад хандахаар шийдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн... Т.Э миний баруун гуянд болон зүүн хөлийн шилбэ рүү өшиглөсөн, мөн толгой руу гараараа 1 удаа цохиж авсан... гэжээ.../хх-14-15/,
Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай хүү Э хүүгийнхээ үсийг авах гээд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр .............................ы 21-20 тоотод өвгөн бид хоёр дээр ирээд манай гэрт ууц чанаж байсан юм. Манай хүүг ууц чанаад гэрт байж байхад гаднаас найз нь гээд нэг залуу архи бариад ирсэн тэр үед би хүүдээ архи ууж болохгүй шүү маргааш зөндөө ажилтай шүү гэж хэлсэн тэгж байхад хүүгийн эхнэр Б гэрт ороод Э-ыг архи уулаа гэж загнасан тэгээд ирсэн найзыг нь бас хөөсөн юм би ч найзыг нь яв гэсэн юм тэгээд энэ хоёр яахав цочмог ууртай хүмүүс хоорондоо хэрэлдээд зодолдоод гэрээс гарч ирээд хоорондоо барилцаад авахаар нь би очиж дундуур нь орсон юм тэгээд тэр хоёр хэсэг хэрэлдэж байгаад явцгаасан маргааш нь үсний найр болоход хоорондоо зүгээр л болсон байсан.” гэжээ. /хх-18-19/,
Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Найрны мах санаж байгаа гэрт нь ороод Э-д архиа өгөөд сууж байхад эхнэр нь орж ирээд Э-ыг архи уулаа гээд загнаад, намайг холд гээд хөөсөн. Тэгэхээр нь би гараад явсан...” гэжээ. /хх-20/,
Шинжээч эмч С.Шүрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Хүний биед учирсан хөнгөн гэмтэл гэдэг нь 28 хоногийн дотор бүдгэрч эдгэрдэг гэмтлийг хэлнэ. Л.Б-н биед учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь ямар нэгэн үлдэцгүй, оромгүй, эдгэдэг гэмтлүүд юм. Тийм учраас эдгээр гэмтлүүд нь 10 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэжээ. /хх-21/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 583 дугаартай дүгнэлтэд: Л.Б-н биед зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-23-24/,
............................” гэх тодорхойлолт /хх-35/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-36/,
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-37/,
Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын тодорхойлолт /хх-38/,
Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-39/,
Төрсний гэрчилгээний хуулбар /хх-40-41/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/,
Банк түүний харилцагч нарын талаарх мэдээллийн баримт /хх-44-48/,
Аюулын зэргийн “Дунд гэх” үнэлгээ /хх-49-52/,
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-53-54/,
Зөрчлийн сангаас шүүсэн мэдээлэл /хх-55-64/,
Шийтгэлийн хуудас /хх-65-66/,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалд гаргасан “Яллагдагч Т.Э миний бие эхнэр Л.Б-н биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Л.Б-тай эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-71/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б-н “Л.Б миний бие гэр бүлийн маргааны улмаас хөнгөн гэмтэл толгой хөдөлснийг нөхөр Т.Этой хамт бариачид очиж бариулсан. Иймд гомдолгүй. Хяналтын прокурор Ц.Ариунжаргал та хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-72/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-73-74/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай прокурорын тогтоол /хх-75/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Э-ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Т.Э-ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Т.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Т.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Э нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн ........................ баг .............................ы 21-20 тоотод эхнэр Л.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Л.Б-н “...Би 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажилдаа яваад 13 цагийн үед ирсэн чинь манай нөхөр Т.Э гэртээ унтаж байсан хажууд нь 2 шил архины шил байран юм тэгэхээр нь гэрт байсан 10 настай охиноосоо асуусан чинь аав Үүрийнцолмон гэдэг ахтай нийлж гэрт 2 шил архи уусан гэж хэлсэн. Би гэртээ цай ундаа уучихаад зүүн өрөөндөө ороод ажлаа хийгээд сууж байхад нөхөр согтуу босч ирээд охин Нандинболороос ээж чинь хаана байна гэж асууж байсан. Над дээр ирээд намайг элдвээр хэлээд чи муу гуйлгачин гэх мэтээр хэл амаар доромжилж байгаад хөргөгчийн хаалга саваад гэрээс гараад яваад өгсөн тэгэхээр нь нөхрийнхөө аав, ээжид нь утсаар Т.Э намайг хэл амаар доромжлоод байна гэсэн чинь тоохгүй байхаар нь уур хүрээд цагдаад хандахаар шийдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...Т.Э миний баруун гуянд болон зүүн хөлийн шилбэ рүү өшиглөсөн, мөн толгой руу гараараа 1 удаа цохиж авсан... гэх мэдүүлэг /хх-14-15/, гэрч Г.Дгийн “...Манай хүү Э хүүгийнхээ үсийг авах гээд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр .............................ы 21-20 тоотод өвгөн бид хоёр дээр ирээд манай гэрт ууц чанаж байсан юм. Манай хүүг ууц чанаад гэрт байж байхад гаднаас найз нь гээд нэг залуу архи бариад ирсэн. Тэр үед би хүүдээ архи ууж болохгүй шүү маргааш зөндөө ажилтай шүү гэж хэлсэн. Тэгж байхад хүүгийн эхнэр Б гэрт ороод Э-ыг архи уулаа гэж загнасан. Тэгээд ирсэн найзыг нь бас хөөсөн юм би ч найзыг нь яв гэсэн юм. Энэ хоёр яахав цочмог ууртай хүмүүс хоорондоо хэрэлдээд зодолдоод гэрээс гарч ирээд хоорондоо барилцаад авахаар нь би очиж дундуур нь орсон юм. Тэр хоёр хэсэг хэрэлдэж байгаад явцгаасан маргааш нь үсний найр болоход хоорондоо зүгээр л болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-18-19/, Гэрч С.Б-н “...Найрны мах санаж байгаа гэрт нь ороод Э-д архиа өгөөд сууж байхад эхнэр нь орж ирээд Э-ыг архи уулаа гээд загнаад, намайг холд гээд хөөсөн. Тэгэхээр нь би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-20/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 583 дугаартай “ Л.Б-н биед зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-23-24/, Аюулын зэргийн “Дунд гэх” үнэлгээ /хх-49-52/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э нь 2006 оноос хохирогч Л.Б-тай гэр бүл болж амьдарсан болох нь хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан 0062930 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Т.Э-ын “...Би эхнэр Л.Б-тай 2004 онд танилцаж улмаар гэр бүл болж амьдарсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/ зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Б-н биед үзлэг хийж гэмт хэрэг үйлдэгдснээс хойш 10 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч шинжээч эмч С.Шүрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүний биед учирсан хөнгөн гэмтэл гэдэг нь 28 хоногийн дотор бүдгэрч эдгэрдэг гэмтлийг хэлнэ. Л.Б-н биед учирсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал нь ямар нэгэн үлдэцгүй, оромгүй, эдгэдэг гэмтлүүд юм. Тийм учраас эдгээр гэмтлүүд нь 10 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэсэн /хх-21/ мэдүүлгээр шүүгдэгч Т.Э-ын үйлдлийн улмаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр учирсан гэмтэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Э-ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Т.Э миний бие эхнэр Л.Б-н биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэр Л.Б-тай эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-71/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э нь прокуророос санал болгосон 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, “Л.Б миний бие гэр бүлийн маргааны улмаас хөнгөн гэмтэл тархи хөдөлснийг нөхөр Т.Этой хамт бариачид очиж бариулсан. Иймд гомдолгүй. Хяналтын прокурор Ц.Ариунжаргал та хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-72/-ийг прокурорт гаргасан байх тул шүүгдэгч Т.Э-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Т.Э гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Т.Э нь хохирогч Л.Б-н бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Э нь хувийн байдлын тухайд ............................. болох нь ................................гэх тодорхойлолт /хх-35/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-36/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-37/, Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын тодорхойлолт /хх-38/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-39/, Төрсний гэрчилгээний хуулбар /хх-40-41/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, Банк түүний харилцагч нарын талаарх мэдээллийн баримт /хх-44-48/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэгдэж байсан болох нь Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-53-54/, Зөрчлийн сангаас шүүсэн мэдээлэл /хх-55-64/, Шийтгэлийн хуудас /хх-65-66/ зэргээр тогтоогдож байх хэдий ч энэ байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч Т.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Т.Э-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Т.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Таахайн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Э 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Б нь шүүгдэгч Т.Эоос хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Т.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ