| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогооборын Бямбажав |
| Хэргийн индекс | 169/2018/0005/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 05
.
М.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Д.Баянмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн
Шүүгдэгч М.Г
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан хийж,
Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч М.Г- өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн давж заалдах гомдлоор Б.Ө, Б.Ч, М.Г, Ж.Е нарт холбогдох эрүүгийн 201512000131 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй гэх, ам бүл 1, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй М.Г
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын .... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт ззаснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж , уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Б.Ө
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй Б.Ч
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг ..... тоотод оршин суух, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, Өршөөлийн хуулиар ялыг өршөөн хэлтрүүлж байсан, Ж.Е
Б.Ө нь Б.Ч, М.Г нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Д-ийн өвөлжөөн дээрх ёмкос, модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл 5 ш, мөнгөн хул 5 ш, мөнгөн аяга 13 ш, үхрийн борц 30 кг зэрэг зүйлийг хулгайлж 41.127.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,
Б.Ч нь М.Г, Б.Ө нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд иргэн Ц.Д-ийн өвөлжөөн дээрх ёмкос, модон амбаарт хууль бусаар нэвтэрч 24 төрлийн эд зүйл хулгайлж, 41.127.000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Есболтой бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас иргэн Г.О-ийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 10 ш мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор зэрэг эд зүйлсийг хулгайлж 3.720.000 төгрөгийн хохирол, мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн Тахил гэх газраас иргэн С.Э-ны бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор 2 ш, ааруул 60 кг, Болор архи 6 шил зэрэг эд зүйл хулгайлж 1.938.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,
М.Г нь Б.Ч, Б.Ө нартай бүлэглэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас иргэн Ц.Д-ийн өвөлжөөн дээрх ёмкос, модон амбаарт хууль бусаар нэвтэрч 24 төрлийн эд зүйл хулгайлан бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,
Ж.Е нь Б.Ч-тай бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг “Шар хадны бууц” гэх газраас иргэн Г.О-ийн бууцан дээрх байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 10 ш, цахилгаан үүсгэгч мотор 1ш зэрэг эд зүйл хулгайлж 3.720.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр иргэн С.Э-ны бууцан дээрх байшинд хууль бусаар нэвтэрч мотор 2ш, ааруул 60 кг, Болор архи зэрэг эд зүйл хулгайлж 1.938.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Ень Б.Ч-тай бүлэглэн, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Г.О, С.Э нарын бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч нийт 5658000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг, Б.Ө, Б.Ч нар нь М.Г-тай бүлэглэн 2016 оны 06 дугаарт сарын 13-21-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.Д-ийн өвөлжөөн дээрх ёмкось, амбаарын цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж нийт 41127000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр Ж.Е, Б.Ө, Б.Ч нарыг цагаатгаж,
Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч М.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ 36.2 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон хөнгөрүүлэн өөрчилж,
Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч-д сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн /2015 оны / 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн /2015 оны / 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ял оногдуулах тухай улсын яллагчийн саналыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч М.Г-ыг бусдын агуулах саванд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ч-ыг давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4-т зааснаар мөрдөн байцаагчийн шүүгдэгч Ж.Е-ыг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ө, Б.Чнарт Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг хүчингүй болгож, 201512000131 тоот хэргийг Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж,
Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч М.Г-т 4 / жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулан шийтгэж,
Эрүүгийн хуулийн /2015 оны / 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 336 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн /2002 оны/ 59 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Ч-лын цагдан хоригдсон 266 хоногийг баривчлах ялд дүйцүүлэн, Б.Ч-ыг шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг эдэлсэнд тооцож,
Эрүүгийн хуулийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч М.Г-т шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн тусгай зэрэглэлд эдлүүлэхээр,
Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.Ө 143 хоног цагдан хоригдсон, Ж.Е нь 2 хоног баривчлагдсан болохыг тус тус дурьдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Г-аас 34277000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Д-д олгож,
Хохирогч Ц.Д-д буцааж өгсөн эмээл, 5 ширхэг мөнгөн аягыг 6850000 төгрөгөөр тооцож, төлбөрөөс хассаныг дурьдаж,
Шүүгдэгч М.Г нь хохирогч Ц.Д-д хохирол төлбөргүй болсон гэсэн өргөдөл 5-р хавтаст хэргийн 221 дүгээр талд хавсаргагдсан байгаа, шүүгдэгч Б.Ч нь 2 сая төгрөгийг хохирогч Т.Д-д дансаар шилжүүлсэн, 5 мөнгөн аягыг буцааж өгсөн, хохирогч С.Э-д ”ямаха” маркийн мотор буцаан өгсөн, 500000 төгрөг бэлнээр, дансаар 300000 төгрөг шилжүүлсэн болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Г-аас нийт 5021850 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Б-д 4500000 төгрөг, хохирогч Ц.Д-д 281850 төгрөг, шинжээч “Уваа Уул” ХХК-д төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-аас 233391 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Д-д олгож,
Эрүүгийн хуулийн /2002 оны/ 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар Б.Ч-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Хьюндай Старекс маркийн 65-97 УНА дугаартай ачааны автомашиныг үнэ төлбөргүй хурааж, төрийн өмчлөлд шилжүүлж,
Шүүхээс хураасан Хьюндай Старекс маркийн 65-97 УНА дугаартай автомашины эзэмшигч гэх Д.Б нь өөрт учирсан хохирлоо нотолж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Ч-аас нэхэмжлэх эрхийг зааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар Э.О-ийн эзэмшлийн Тоёота Ист маркийн 49-49 УББ улсын дугаартай автомашин, Т.Б-ийн эзэмшлийн Киа Каренс маркийн 55-64 УНЛ улсын дугаартай автомашинуудыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгож,
Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө, Ж.Е нарыг Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглосон Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг цуцалж,
Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болонгуут №00806435 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг Э.О-т хүлээлгэн өгч, АЯ №024688, ТА №0711929 тоот гэрчилгээнүүдийг шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, энэхүү тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэгт даалгаж,
Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “extra prus baoxin top securite” гэсэн бичигтэй эвдэрсэн цоож 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, “top extra securite” гэсэн мөнгөлөг өнгийн цоож 1 ширхэгийг 201512000131 тоот хэргийн хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэгт даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Баянмөнх эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ч, Б.Ө нарыг М.Г-тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа Б.Ч, Б.Ө нарын үйлдлийг нотлох баримт М.Г-ын мэдүүлгээс өөр баримт авагдаагүй гэж дүгнэжээ.
Гэтэл эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан гэрч Ж.Төвсанаа, Т.Лхагвасүрэн, Д.Мягмаржав нарын мэдүүлгүүд нь зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байхад эдгээр нотлох баримтыг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй нь ойлгомжгүй, энэ талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй байна.
Мөн дээрх нотлох баримтууд нь яллагдагч М.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байхад шүүгдэгч Б.Ч, Б.Ө нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Е-ын үйлдлийг яллахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр М.Г нарт холбогдох 201512000131 дугаартай хэргээс Ж.Е-ын үйлдлийг тусгаарлаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх саналыг шүүх хуралдаан даргалагчид гаргасан ба хуралдаан даргалагчаас шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй байхад тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн эсэх нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг тусгаарлах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж тайлбарлан, улсын яллагчийн саналыг хүлээн авалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийг дуусгаж, шүүмжлэлийн шатанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Е-ын үйлдлийг яллахаас татгалзаж, хэргийг тусгаарлах саналыг дахин гаргахад шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд хэргийг тусгаарлах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэн улсын яллагчийн саналыг хүлээн аваагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...Шүүх дараах тохиолдолд эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ; 1.1.яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол...” гэж заасан байх ба дээрх заалт нь улсын яллагч хэргийг тусгаарлах санал гаргасан бол шүүхээс хэргийг шууд тусгаарлаж шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт: “Улсын яллагч доор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана: 6.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн”, 7 дахь хэсэгт: ”Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө улсын яллагч яллахаас татгалзаж болно” гэж тус тус заасан ба улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Е-ын үйлдлийг яллахаас татгалзах саналыг удаа дараа гаргасан байхад шүүгдэгч Ж.Е-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх нь Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг хүлээн авч, шууд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан зарласан нь талуудад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжит хугацааг олгоогүй, давж заалдах шатны шүүхээс хэрэг анхан шатны шүүхэд хэзээ шилжиж ирсэн талаар талуудад мэдэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчиж шүүх хуралдаан явуулсан атлаа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэргийг тусгаарлах боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Г, Б.Ч, Б.Ө, Ж.Е нарт холбогдох Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, үндэслэлгүйгээр шүүгдэгч Б.Ө, Б.Ч, Ж.Е нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө, Б.Ч, М.Г, Ж.Е нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж Б.Ө, Б.Ч нар нь С.Г-тай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 13-21-ний хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг дэсвгэрт байрлах иргэн Ц.Д-ийн өвөлжөөн дээрх ёмкось, амбаарын цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж нийт 41127000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр Б.Ө, Б.Ч нарыг цагаатгаж, М.Г-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн байна.
Миний бие энэхүү шүүхийн тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.
Нэг: Шүүхийн тогтоолын Тодорхойлох хэсэгт заасан үндэслэлийн тухайд...
Шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “ Шүүгдэгч М.Г сэжигтэн яллагдагчаар өгсөн “ бууцан дээр байсан ёмкось, байшинг нээж Б.Ч, Б.Ө 2 тэр байшин дотор байсан хураалттай гэрийг авч хаяад байшин дотроос нь 10 цагаантай 3 ширхэг мөнгөн эмээл, 10 гаран мөнгөн аяга, тэр дотор нь 2 ширхэг мөнгөлсөн том хул байсан. Бусад нь тэрнээс жижиг аяганууд байсан, мөн цахилгаан гаргадаг мотор, шинэ тоос сорогч, 4 ширхэг үстэй дээл, дээлийн шинэ торго, 40 литрийн битон, хөнгөн цагаан коструль, цэнхэр өнгийн 120 л-ийн савтай борц, 2 нүдний дуран, гэрийн эсгий туурга 1 ширхэгийг гаргаж ирээд надад өгөхөөр нь би машин руу ачсан. Тэр 2 хажуу талд нь байсан модон амбаарыг ухаж дотроос нь жирийн үед тохдог хүрэн гөлөмтэй 4 ширхэг мөнгөн даруулгатай эмээл, тэмээн дээр тохдог хуучин цагийн тохош, архи дарснууд гаргаж ирээд машинд ачсан ” гэх мэдүүлэг нь дараах баримтуудаар батлагдаж байна...хэмээн дүгнэж хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг тус тус дурдсан байна. Шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 1.1-т заасан шүүхийн энэхүү дүгнэлт нь: шүүгдэгч Б.Ч, Б.Ө нарыг М.Г-тай бүлэглэн иргэн П.Д-ийн бууцан дээрээс эд зүйл хулгайлахад хамтран оролцсон болохыг үгүйсгээгүй байна.
Хоёр : Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тухайд...
Шүүгдэгч С.Г нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүддээ Б., Б.Ч нартай хамт явж П.Д-ийн бууцан дээрээс эд зүйлийг хулгайлсан тухайгаа удаа дараа тогтвортойгоор мэдүүлдэг бөгөөд харин Б.Ч, Б.Ө нар нь өөрсдийн үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл шүүх Б.Ч, Б.Өнарыг гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна хэмээн дүгнэсэн нь ЭХХШТХ-ийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэсэн заалттай нийцэхгүй байна.
Харин шүүгдэгч М.Г-ын бусад шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хууль ёсны дагуу бэхжүүлж авсан нотлох баримт бөгөөд ЭХХШТХ-ийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэгдэх учиртай. Гэтэл шүүх “ бусад шүүгдэгчийн талаар мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч тухайн мэдүүлэг дангаараа тэднийг яллах үндэслэл болохгүй” хэмээн мэдүүлэг өгөгчийн өөрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг хуульчлан зохицуулсан ЭХ-ийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг тайлбарлахдаа “бусад” гэх үгийг нэмж, түүнийг гэх үгийг тэднийг хэмээн агуулгыг өөрчлөн найруулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.
“Хулгайлах” гэмт хэргийн ойролцоо төрлийн гэмт хэргээс ялгагдах үндсэн шинж нь “нууц” аргаар үйлдэгддэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болохыг хамтран үйлдсэн этгээд илчлэн тэдгээрийн гэм буруутай үйлдлийг мэдүүлсээр байхад шүүгдэгч М.Г-ын мэдүүлгээс өөр баримт байхгүй хэмээн зарим холбогдогчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ЭХХШТХ-ийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэмээн үзэхээр байна. Б.Ч, Б.Ө нарын үйлдэл нь М.Г-ын мэдүүлгээр тогтоогддог ба харин хулгайлсан эд зүйлээ зарж борлуулж, мөнгийг нь өөрсдөө авсан, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж мөнгө авсан зэрэг үйлдлүүд нь гэрч Ж.Төвсанаа, Б.Алимаа. Р.Өнөржаргал нарын мэдүүлгээр, гэрч Т.Л-ийн “ Г-ыг ганцаараа хулгай хийсэн гэж бодохгүй байна. Бүтэн гэрийн мод хураалттай байсныг холдуулж бүх савыг онгичсон байсан. Тэр их зүйлийг ганцаараа ухна гэж байхгүй” гэх мэдүүлгүүдээр тус тус батлагддаг.
Гурав: Шүүх хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн тухайд...
Шүүгдэгч М.Г нь хохирогч Ц.Д-д 10 сая төгрөгний эмээл худалдан авч хүлээлгэн өгсөн ба энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хохирогч Ц.Д нь 10 сая төгрөгөнд тооцон эмээлийг хүлээн авсан талаар өргөдлийг шүүхэд ирүүлсээр байхад шүүх шүүгдэгч М.Г-аас гаргуулах төлбөрөөс хохирогч Ц.Д-д хүлээлгэн өгсөн гэх эмээлийн үнийг хасч тооцолгүйгээр 34277000 төгрөгийг М.Г-аас гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлээ “эмээлийн үнэ тодорхойгүй, хохирогч ирээгүйн улмаас тооцоог гаргах боломжгүй, хохирогчид эмээл хүлээлгэн өгсөн гэх ажиллагаа нь шүүхээс гадуур явагдсан” хэмээн тайлбарлаж хэрвээ шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болвол шүүхийн шийдвэр биелүүлэх шатанд М.Г өөрийн төлбөрөөс хасч тооцуулах боломжтой хэмээн туйлын харамсалтай дүгнэлт хийсэн байна. Эмээл хүлээлгэн өгсөн ажиллагаа нь хохирогчийн гэрт хийгдсэн ч энэ талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь маргаагүй. Хохирогч шүүх хуралд ирээгүйгээс түүнд төлсөн хохирлыг үгүйсгэж, цаашид М.Г өөрөө учраа олох боломжтой хэмээн дүгнэж, шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй байдлыг бий болгохоор хийсэн шүүхийн энэхүү дүгнэлт нь ЭХХШТХ-ийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг ноцтой зөрчжээ.
Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогч С.Э давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би өвөлжөөн дээрээсээ ааруул, архи, мотор зэрэг эд зүйлсээ 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр М.Г нарын бүлэг хулгайчид алдаж 1 сая 600 мянган төгрөгийн хохирол учруулснаас одоо 338000 төгрөгийг аваагүй байгаа. Энэ хэрэг дахин задарч шүүх хурлаар орох гэж байгаа тул дээрх нөхдүүдээс 338000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Прокурор Д.Баянмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлэлгүй, шүүгдэгч нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг эсэргүүцэлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Ө, Б.Ч, М.Г, Ж.Е нарт холбогдох хэргийг шийдвэрлэж гаргасан Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Тус аймгийн Прокурорын газраас: Яллагдагч Б.Ө-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар,
яллагдагч Б.Ч-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар,
яллагдагч М.Г-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар,
яллагдагч Ж.Е-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдах үндэслэлтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр улсын яллагч Д.Баянмөнхөөс шүүгдэгч Ж.Е-д холбогдох хэргийг тусгаарлах хүсэлт гаргасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ. Үүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд яллагч прокуророос шүүгдэгч Ж.Е-ыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр яллахаас татгалзаж хэргийг тусгаарлан буцааж, дахин шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байхад шүүх хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18, 34.7 дугаар зүйлийн 7 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Б.Ө, Б.Ч, М.Г нарт холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас / 2002 оны/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд уг хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт зааснаар онц хүнд гэмт хэрэг тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байсан байна. Шүүгдэгч нарт холбогдох хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгч дангаар шийдвэрлэхээр болсон байгаа боловч хуучин хуулийн онц хүнд хэргээр ялласан прокурорын яллах дүгнэлт хэвээрээ байгаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж болохоор байгааг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй.
Яллагдагч Б.Ч-ын үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 6.2-ыг журамлан Эрүүгийн хуулийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй ирүүлсэн байхад шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар ял оногдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Ө, Б.Ч, М.Г, Ж.Е нарт холбогдох 201512000131 тоот хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ч, Б.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, М.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Х.ГЭРЭЛМАА