Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0980/з |
Дугаар | 335 |
Огноо | 2016-10-26 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 335
“Техник форум” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Техник форум” ХХК-ийн төлөөлөгч Ц.Түмэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга, гуравдагч этгээд Н.Уранчимэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Түвшинзаяа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 532 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 413 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг “Монтрак групп” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаарт, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг “Монтрак групп” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046689 дугаарт тус тус бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг “Техник форум” ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046689 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Техник форум ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 532 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 413 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг 1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан “Техник форум” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70, 70/1 дугаар хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Монтрак групп” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688, Ү-2204046689 дугааруудад бүртгэсэн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг Техник форум ХХК-ийн өмчлөлд бүртгэхгүй байгаа Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг болон Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо /13332/ Нарны зам 70/1 дугаар хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204046689 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг “Техник форум” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Техник форум” ХХК-ны нэр дээр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтууд нь тухайн 2 үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт бүгд байгаа. Тодруулбал 2012 оны барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, 2012 оны Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Техник форум” ХХК-д гаргаж өгсөн дүгнэлт, цахилгааны зөвшөөрөл олгосон техникийн нөхцөл эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн фото зураг зэрэг баримтууд нь хувийн хэрэг тус бүрт байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст "өөрийн өмчөөр бүртгүүлэх хүсэлтээ мөн давхар гаргасан байдаг боловч бүртгэхээс татгалзсан тул уг үйлдлийг хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн нэг шаардлагаа гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “Техник форум” ХХК-ны нэр дээр бүртгүүлэхээр шаардлагатай бичиг баримтууд, түүний дотор өмчлөгч болохыг баттай нотолсон баримтыг хавсарган ирүүлээгүй гэж буруу дүгнэлт хийсэн. Тэгсэн мөртлөө бүртгүүлэхийг хүссэн ул хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь “Монтрак групп” ХХК болох нь баттай нотлогдоогүй, “Техник форум” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хүсэлт гаргаагүй байхад хуурамч баримтыг үндэслэн тухайн бүртгэл хийгдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна гэж “Техник форум” ХХК-ны өмч болохыг нотолсон баримт байгааг баталсан дүгнэлтийг хийсэн байна.
Хавтаст хэрэгт “Техник форум” ХХК-ны өмч болохыг нотолсон баримтууд бүртгэлийн байгууллагад өмнө хүргэгдсэн байхад нэхэмжлэлийн зүгээс дахин бүрдүүлэх шаардлага байхгүй юм. Мөн түүнчлэн компанийг төлөөлөх эрхгүй этгээд Н.Уранчимэг “Монтрак групп” ХХК-д тус 2 барилгыг шилжүүлж өгнө үү гэсэн утга бүхий бичгээр “Техник форум” ХХК-ны өмчлөлд бүртгэгдэх ёстой 2 үл хөдлөх эд хөрөнгийг “Монтрак групп” ХХК-д бүртгэсэн болох нь илтэд байгаа юм.
Гуравдагч этгээд Н.Уранчимэг нь иргэн Б.Эрдэнэбилэг болон “Техник форум” ХХК-наас өөрт ногдох өмч хөрөнгийг гаргуулан авах нэхэмжлэлийг Иргэний хэргийн шүүхэд гаргасан байдаг. Энэ иргэний хэрэгт одоо маргааны зүйл болоод байгаа 2 үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлага огт байхгүй. Энэ нь гуравдагч этгээдээс хавтаст хэрэгт хавсаргасан “Иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах шүүгчийн захирамжаас” тус тус тодорхой харагдана. Нөгөө талаараа Н.Уранчимэг нь өөрийн үүсгэн байгуулсан “Монтрак групп” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа эд хөрөнгөө нэхэмжлэх ямар ч шаардлага байхгүй нь тодорхой юм. Иргэний шүүх дээр хянагдаж байгаа хэрэг нь манай нэхэмжлэлийн шаардлагад огтоос хамааралгүй болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 286 дугаартай магадлалаар тогтоосон.
Хавтаст хэрэгт ийм баримт байхад давж заалдах шатны шүүх огтоос хамааралгүй иргэний хэрэгтэй холбон буруу дүгнэлт хийж манай нэхэмжлэлийн нэг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгөхийг, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Н.Уранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Захирамжид дурдсанаас өөр гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролдуулсан байхад анхан шатны шүүхийн алдааг залруулаагүй тухайд:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 893 тоот захирамжид “Монтрак” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар заасан. Гэвч “Монтрак” ХХК биш, харин “Монтрак групп” ХХК юм. Шүүхийн үйл ажиллагаа бүр ардаа эрх зүйн үр дагавар үүсгэж, бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж байдгийн хувьд нягт нямбай, тов тодорхой байх хууль, шударга ёс шаарддаг. Иймд “Монтрак” ХХК гэх оноосон нэр бүхий хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар захирамж гаргасан боловч “Монтрак групп” ХХК-ийг дуудан ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь олон хуулийн зохицуулалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу юм.
2. Захиргааны актын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байхад түүнийг залруулаагүй тухайд:
“Техник форум” ХХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заагдсан Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах хугацааг, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заагдсан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тус тус хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.8-д заасан зохицуулалтыг зөрчсөн байсан.
3. Нэхэмжлэгч тал үйл явдал, захиргааны актын талаар мэдэж байсан, мэдээлэлтэй байсан тухайд:
нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэл, түүний маргааны үндэслэлийн талаар мэдээлэлтэй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар аль эрт хангалттай их хэмжээний мэдээлэлтэй байсан. Тодруулбал, “Техник форум” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэж улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа Б.Эрдэнэбилэгийн гомдлоор 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Н.Уранчимэгт Эрүүгийн хуулийн 233.2 дахь хэсэгт зааснаар 201201011632 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Өөрөөр хэлбэл, “Техник форум” ХХК болоод түүний үүсгэн байгуулагч гэх Б.Эрдэнэбилэг нар нь аль эрт буюу 2012, 2013 онуудад ч улсын бүртгэлийн асуудлыг үнэн зөв, хууль бус эсэхийг мэдэж байсан байна.
4. Анхан шатны шүүх үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх түүнийг залруулаагүй:
“Техник форум” ХХК-ийн 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №013/0016 "Тодорхойлолт гаргах тухай" албан бичигт үндэслэгдэн өмчлөх эрх “Монтрак групп” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн талаар анхан шатны шүүхийн шүүгч захирамжийн үндэслэх хэсэгтээ бичсэн байсан. Тэгвэл хэрэгт байгаа бусад баримтуудаас харахад "Монтрак групп" ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг бөглөн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн албанд хандсан. Мөн “Монтрак групп” ХХК-нд 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр №000234824, №000234825 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Өөрөөр хэлбэл 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Н.Уранчимэг, “Техник форум” ХХК №013/0016 тоот албан бичиг өгөхөөс 2 хоногийн өмнө буюу 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр улсын бүртгэл хийгдсэн байдаг. Анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад нийцээгүй байсан боловч үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөснийг зөвшөөрөхгүй байна.
5. Нотлох баримтын шаардлагын талаар:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44-р зүйл, Улсын дээд шүүхийн 2009 оны 30 тоот тогтоол зэргээс харахад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын тухайд өөрийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан ирүүлсэн нь хууль зөрчсөн, нотлох баримтын үнэн зөв эсэхэд эргэлзээг үүсгэж байна гэж бид үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2204046688, Ү-2204046689 дугаар бүхий 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг “Монтрак групп” ХХК-д бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, уг хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
-маргаан бүхий хөрөнгийг “Монтрак групп” ХХК-д бүртгэсэн талаар:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны байгууллага өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл үйлдэх ёстой.
Гэтэл маргаан бүхий Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нарны замын 70 болон 70-1 дугаар хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч нь “Монтрак групп” ХХК гэдэг нь баттай нотлогдоогүй буюу “Техник форум” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд хүсэлт гаргаагүй, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхийг шалгалгүйгээр, хуурамч баримтыг үндэслэн гуравдагч этгээдийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь зөв болжээ.
-маргаан бүхий хөрөнгийг “Техник форум” ХХК-ийн өмчлөлд бүртгэх талаар:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Техник форум” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь гэдгийг нотлох баттай баримт байхгүй байна.
Тухайлбал, Хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон хаяг, цахилгааны зөвшөөрөл олгосон техникийн нөхцөл зэрэгт нэр бичигдсэн байдал нь өмчлөгч болохыг нотлох хангалттай баримт биш учир “Техник форум” ХХК-ийн “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь манай өмч болохыг нотолсон баримт хэрэгт хангалттай байгаа” тухай гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хөрөнгөөр барьж босгосон гэж маргаж байх бөгөөд эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг иргэний шүүх тогтоох учиртай.
Иймээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 39864 дүгээр шүүгчийн захирамжаас үзэхэд хэргийн оролцогчдын дундын эд хөрөнгөтэй холбоотой өмчлөлийн маргаан иргэний шүүхэд хянагдаж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “энэхүү иргэний хэрэгт маргаан бүхий хөрөнгүүд хамаарахгүй, өөр хэрэг” гэж маргаж байгаа боловч энэхүү иргэний хэрэг эцэслэн шийдэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөх боломжтой, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эд хөрөнгөтэй холбоотой маргаан тул нэг мөр иргэний шүүхээр өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Маргааны гол агуулга “Монтрак групп” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлтэй холбоотой бөгөөд гуравдагч этгээдээр татсан захирамжид гуравдагч этгээдийн нэрийг буруу бичсэн байдал нь маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй тул “өөр гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан” тухай гомдол хэрэгт ач холбогдолгүй байна.
Мөн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” тухай гомдлын хувьд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш нэхэмжлэл гаргах эрхтэй, захиргааны байгууллагаас маргаан бүхий бүртгэл хийгдсэн талаар гуравдагч этгээдэд мэдэгдээгүй, мөн эрүүгийн хэрэг шийдэгдэж дуусаагүй байсан тул дээрх гомдол үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 532 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ