Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч Т.Т,

Шүүгдэгч Ш.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ш-н Ц-д холбогдох 2028000000185 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ......................-нд Өмнөговь аймгийн .....................суманд төрсөн, эмэгтэй, ................... настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Өмнөговь аймаг .............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ш овогт Ш-н Ц, регистрийн дугаар ...........................;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ш.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ......................................багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...................... хашаанд Т.Т-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл үнэн. 2020 оны 10 сарын 29-нд Т-н хашаанд орхисон байсан пүүзээ авах гээд очоод Т-тай таарсан. Тэгээд машины торгууль төлөгдөөгүй гэх асуудлаас болж маргалдсан. Т нь 10 сард миний нэр дээр автомашиныг шилжүүлэн өгөхөд 50.500 төгрөгийн зөрчлийн торгууль гарсан байсан. Даатгалын мөнгийг өгсөн байсан. Тэр талаар нь би Т-д хэлсэн. Чи зөрчил гаргасан байна. Торгуулиа төлөх ёстой гэж хэлэхэд Т би төлөхгүй гэсэн. Тэгэхээр нь би өөрийн мөнгөөрөө авсан диваны бүтээлгээ буцааж авна гээд очоод авах гэхэд над руу Т дайраад ирсэн. Над руу дайраад ирэхээр нь биеэ хамгаалах гээд эргүүлээд самардсан чинь уруулаас нь цус гарч байсан. Тэгээд намайг буйдан дээр даараад багалзуурдсан. Т намайг байж бай цагдаа дуудна гээд байсан. Тэгж байгаад намайг тавихаар нь би халуун савтай цай шал руу нь шидчихээд гараад явсан. Т нь өмнө гэрийн хошлон оготлоно гээд хутга барьж байсан. Мөн байнгын уур уцаартай байдаг хүн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Ц хашаанд орж ирээд 50.000 төгрөг нэхсэн. Ямар учиртай  мөнгө гэхээр би Ц-н автомашиныг барьцаанд тавьж зээл авсан байсан. Ц надаас автомашинаа нэхээд байхаар нь зээлийн хаагаад Ц-н нэр дээр машиныг нь шилжүүлээд өгсөн байхад торгууль гарсан байна энэ торгуулиа төл гээд байсан. Би хэд хоногийн өмнө машиных нь бүх зүйлийг нь хийлгээд өөрийнх нь нэр дээр шилжүүлэх гээд машиныг нь өгсөн тул би өгөхгүй гэсэн. Тэгтэл орж ирээд буйдангийн бүтээлгээс зуураад байхаар нь би болиулах гэсэн чинь намайг маажсан. Тэгэхээр нь би зугтаагаад явахад араас чулуу шидээд байсан. Тэгэхээр  би өөрийгөө хамгаалах гээд буйдан дээр дарж байгаад би цагдаад дуудлага өгсөн. Намайг нэг талын нүүр царай гар дүүрэн самардсан. Одоо намайг зөрчлийн хэргээр намайг шүүхэд өгсөн. Энэ хүний хувьд үнэхээр хэцүү ааштай хүн харддаг, мөнгө ярина, эвгүй ааштай хүн. Энэ хүний машиныг барьцаалаад зээл авч бизнес хийх гэсэн боловч корона гээд шатсан. Тэгээд 3 сарын хугацаанд машиныг нь буцааж өгөх гээд ажиллаж амьдарч зээлээс чөлөөлөөд машиныг нь өгөөд явуулъя гэж байсан. Хутга барьж хошлон огтлох гэж байсан нь үнэн. Энэ хүнд ёс журам хэм хэмжээг сануулах гэж оролдож, арга чаргаа барсан хүний л хийсэн үйлдэл гэв.

Хохирогч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ц бид хоёр 1 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц манай гэрт ирээд “машин торгуультай байна” гээд 50.000 төгрөг төл гэхээр нь би чиний даатгалын чинь мөнгийг өгсөн. Би чамд машиныг чинь шилжүүлж өгөхөд ямар ч торгууль байгаагүй гэсэн чинь “чи муу өгөх ёстой” гэх мэтээр доромжлоод, дайраад намайг хумсаараа маажаад, өшиглөөд над руу халуун савтай цай шидээд миний гарыг түлэхээр нь би цагдаа дуудсан чинь гараад зугтаачихсан...” гэжээ. /хх-6-7/,

Хохирогч Т.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Ц гэх эмэгтэйтэй анх 2019 оны 09 дүгээр сард салсан юм. Тэгтэл өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц манай хашаанд гэрт намайг “чи торгуулийн мөнгө болох 50.000 төгрөг төл” гэхээр нь би энэ машины даатгал гэх бүх юмыг нь төлж өгөөд өөрийнх нь нэр дээр болгож өгөөд явуулсан учир би төлж чадахгүй гэж хэлтэл над руу уурлаад дайраад өшиглөөд нүүр ам самардах гээд дайраад байхаар нь нэг гараараа бариад автал миний гар, мөр, ам хамар юу ч үгүй самардсан, мөн халуун савтай цай аваад гар руу цацаж гар түлсэн учир би цагдаагийн байгууллагад өгсөн юм. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй 1 жил орчим хамт амьдраад салсан. Хамт амьдарч байх хугацаандаа Ц-н мөнгөөр машин авсан. Тэр машиныг би нэр дээр нь шилжүүлж өгсөн, тэр үед торгууль байхгүй байхад одоо надаас торгуулийн мөнгө төл гэж худал яриад байгаа юм. Мөн бид хоёр ааш зан таарахгүйн улмаас салсан бөгөөд Ц гэх эмэгтэй зан аашийн хувьд таарамжгүй, аймар хүн...миний хоёр гар, мөр, нүүр самардсан, мөн над руу савтай цай авч шидэж миний гарыг түлсэн юм...” гэжээ./хх-8-9/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 585 дугаартай дүгнэлтэд:  Т.Т-н биед дээд уруул, баруун чих, бугалга, шуу, сарвуу, зүүн бугуй дахь зулгаралт, баруун мөр, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-13-14/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/,

Дипломын хуулбар /хх-26/,

Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-27/,

Ш.Ц нь Өмнөговь .................... баг ...................................ы 6 дугаар гудамж 1 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-28/,

Ш.Ц-н Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-32-36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.Ц-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалТ-тай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Ш.Ц-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалТ-тай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч Ш.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн орчимд  ............................ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “О” рестораны ........................ хашаанд Т.Т-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Т-н “...2019 оны 09 дүгээр сард Цтай танилцаад  бид хоёр 1 жил орчмын хугацаанд хамт амьдарч байгаад 2020 оны 09 дүгээр сард салсан...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц манай гэрт ирээд “машин торгуультай байна” гээд 50.000 төгрөг төл гэхээр нь би чиний даатгалын чинь мөнгийг өгсөн. Би чамд машиныг чинь шилжүүлж өгөхөд ямар ч торгууль байгаагүй гэсэн чинь “чи муу өгөх ёстой” гэх мэтээр доромжлоод, дайраад намайг хумсаараа маажаад, өшиглөөд над руу халуун савтай цай шидээд миний гарыг түлэхээр нь би цагдаа дуудсан чинь гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-6-7,8 /,   Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 585 дугаартай “ Т.Т-н биед дээд уруул, баруун чих, бугалга, шуу, сарвуу, зүүн бугуй дахь зулгаралт, баруун мөр, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-13-14/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Ш.Ц нь хохирогч Т.Т-тай хамтран амьдарч байх хугацаандаа хохирогчийн нэр дээр автомашин худалдан авч улмаар тус тээврийн хэрэгслийн торгуулийг төлж барагдуул гэснээс  үүдэн маргалдаж уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болжээ. 

Шүүгдэгч Ш.Ц нь хохирогчийн бие эрх чөлөөнд нь халдаж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдэн эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Ц-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч Ш.Ц хувийн байдлын хувьд ......................... настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Өмнөговь аймаг, ........................... сум, ........................ баг, ...................................ы ..................тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-25/, Дипломын хуулбар /хх-26/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-28/, Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-32-36/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Ш.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Т нь “...Ц надаас автомашинаа нэхээд байхаар нь зээлийг төлөөд Ц-н нэр дээр машиныг нь шилжүүлээд өгсний дараагаар 50.000 төгрөгийн торгууль гарсан байна энэ торгуулиа төл гээд байсан. Би хэд хоногийн өмнө машиных нь бүх зүйлийг нь хийлгээд өөрийнх нь нэр дээр шилжүүлэх гээд машиныг нь өгсөн тул би өгөхгүй гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн,

Мөн шүүгдэгч Ш.Ц нь шүүх хуралдаанд “...2020 оны 10 сарын 29-нд Т-н хашаанд орхисон байсан пүүзээ авах гээд очоод Т-тай таарсан. Тэгээд машины торгууль төлөгдөөгүй гэх асуудлаас болж маргалдсан. Т нь 10 сард миний нэр дээр автомашиныг шилжүүлэн өгөхөд 50.500 төгрөгийн зөрчлийн торгууль гарсан байсан. Даатгалын мөнгийг өгсөн байсан. Тэр талаар нь би Т-д хэлсэн. Чи зөрчил гаргасан байна. Торгуулиа төлөх ёстой гэж хэлэхэд Т би төлөхгүй гэсэн. Тэгэхээр нь би өөрийн мөнгөөрөө авсан диваны бүтээлгээ буцааж авна гээд очоод авах гэхэд над руу Т дайраад ирсэн. Над руу дайраад ирэхээр нь биеэ хамгаалах гээд эргүүлээд самардсан чинь уруулаас нь цус гарч байсан. Тэгээд намайг буйдан дээр даараад багалзуурдсан. Т намайг байж бай цагдаа дуудна гээд байсан. Тэгж байгаад намайг тавихаар нь би халуун савтай цай шал руу нь шидчихээд гараад явсан. Т нь өмнө гэрийн хошлон оготлоно гээд хутга барьж байсан. Мөн байнгын уур уцаартай байдаг хүн...” гэж мэдүүлсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.

Хохирогч Т.Т нь шүүгдэгч Ш.Ц-д автомашиныг шилжүүлэн өгөхөд торгууль байгаагүй, шүүгдэгч Ш.Ц нь автомашиныг шилжүүлэхэд 50.500 төгрөгийн торгууль байсныг би өөрөө төлсөн гэх мэдүүлэг тайлбар гарган мэтгэлцэх боловч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй ба энэ нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хэлбэрт нөлөөлөх шалтгаан болохгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд “ Шүүгдэгч Ш.Ц нь хохирогчийн уруул дээр нь самардсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, бусад үйлдлийн тухайд биеэ хамгаалах гарцаагүй байдлын улмаас үйлдсэн байна гэж тайлбарладаг.Иймд өөрт тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан байдаг. Миний үйлчлүүлэгч яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч өөрийн эрх ашиг, амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалахаар хийсэн үйлдэл гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал дүгнэлт гаргасан.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т.Т-н хашаанд очиж, автомашины 50.500 төгрөгийн торгууль төлөөгүй байна гэх үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж дээд уруул, баруун чих, бугалга, шуу, сарвуу, зүүн бугуй дахь цус зулгаралт, баруун мөр, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Харин хохирогч Т.Т-н зүгээс шүүгдэгч Ш.Ц-н бие эрх чөлөөнд халдаж  аюултай байдалд оруулсан гэх үйл ажиллагаа хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Ш.Ц мөрдөн байцаалтын шатанд “...Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /хх-10-11/ гэж мэдүүлэн, шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан байх тул хохирогч Т.Т-н буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Ш.Ц, өмгөөлөгч Э.Наранцацрал нарын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөн үү гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ш.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал  шүүгдэгч Ш.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Ш.Ц-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.Ц 500  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хохирогч Т.Т нь шүүгдэгч Ш.Ц-гаас гэмт хэргийн улмаас учирсан  хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хохирогчийн мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүх хуралдааныг хаалТ-тай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Ш-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ш.Ц 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

7. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Т шүүгдэгч Ш.Ц-гаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ш.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ