| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1846/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/21 |
| Огноо | 2020-12-28 |
| Зүйл хэсэг | 116.1., 21.2.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/21
2020 12 28 2021/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Дэмбэрэлжүний,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Гэрч Д.Г,
Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ /ҮД:0456/,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр /ҮД:1960/,
Шүүгдэгч Ш.Г,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин /ҮД:0641/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Гийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1965 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-й захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, улсаас авсан шагналгүй, Х овогт Бийн Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Төв аймагт 1967 оны 08 дугаар сарын 28-нд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д харуулын дарга ажилттай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Л овогт Шын Г, /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-й байранд маргалдах явцдаа Б.Бийг цохиж, бие махбодод нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ш.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “Энэ хэргийг анхнаасаа төлөвлөөгөөтэй, зорилготой, зориуд бэлдсэн учраас ямар шалтгааны улмаас болсон бэ гэдгийг бодсон. Энэ хэрэг удаа дараа явагдаж байна. Ганцхан 2018 он биш үүнээс гадна олон удаа явагдаж байна... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олон хүнтэй ковш янзлах нэрийдлээр ажил дээр архи ууж байна гэсэн. Би явахаар нь ажил дээр очъё гэж бодож байгаад 18 цагийн үед очсон. Зохион байгуулалттай албаар гэж яриад байгаа нь 2018 оны хэрэг бол намайг байхад архи зардаггүй өдөр бүхэл өдөржин архи уусан. Архи зардаггүй өдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдөр манай дэлгүүрийн худалдагчийг Б ерөнхий захирал өөртөө Г-г гүйцэтгэх захирал гээд бүх түрээслэгч нарыг дарамтлаад бид нарын үгэнд орохгүй бол та нарыг ажлаас хална, түрээснээс хөөнө гэх байдлаар танхай байдал гаргаад Монгол Улсын хуулийг зөрчиж байсан. Би ажилтай байсан учраас 18 цагт компани дээрээ очсон. Тэр үед Г нь над дээр согтуу орж ирээд чи дүүгийнхээ өмч хөрөнгийг өг би нар барилга барих гээд байна гэж хэлсэн. Учир нь өөрөө гүйцэтгэх захирлаар томилогдоод хуурамч тамгатай цаас үзүүлсэн. Би энэ талаар нь үг бүрийг нь бичиж авсан. Би маргааш эхлээд чамайг цагдаад өргөдөл гаргаж өгч байгаад намайг цагдаад ямар хүн болохыг хараарай. Тэгээд чи энэ газраа өгөхгүй хайчих юм гээд Г нь согтуу агсан тавьсан.Харуулын албаны дарга Г манайд 7 8 жил ажиллаж байгаа хүн. Сүүлийн үед харвалт өгөөд ийм байдалтай болсон. Би Гээ дуудаад миний дэргэд бай гэж хэлсэн. Тэр үед өөр нэг манаач өвгөн байсан. Тэр өвгөн бүх зүйлийг мэднэ. Тэр хүнээс нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Би Гийг миний дэргэд бай ноцтой байдал үүслээ харанхуй болсон байна. Согтуу хүмүүс яаж ч мэднэ. Чи холдож болохгүй шүү гэхэд Г намайг явтал холдоогүй. Г нь дахиж орж ирээд заналхийлсэн. Ингээд би 102 дуудсан. Урьд маш олон ийм байдал гаргаж байсан учраас 102 дуудсан юм. 102 ирэхэд тэр хүмүүс гарч яваад архи ууцгааж байсан. 102 ирэхэд Би Гтэй байсан. Би Гийг чи байж бай гээд би гараад ковш дээр очтол архи ууж байсан. Ороход Б байхгүй байсан. Коридор дотор өөрийнхөө цусаа гоожуулчихсан, нүд амь нь сонин болсон байсан. Би дуудлагын цагдаад бүх зүйлийг хэлсэн. Дуудлагын цагдаа дутуу юм ярьсан. Энэ нөхөр өөрөө согтуу энийг бариад яв гэхэд жүжиг тавиад зураг хөргөө авхуулаад байсан. Дуудлагын цагдаад бүх юмыг ярьсан. Энэ нөхрүүд согтуу дээр нь намайг зодсон бол гэж яриад байгаа юм. Би энэ хүмүүсийг эрүүлжүүл гэхэд Г дуудлагын уулзаадахъя гэж авч гараад буцаад орж ирэхдээ дуудлагын цагдаа өөр байдалтай ороод ирсэн. Гадаа байгаа ковшийн засварчин архи уусан гээд байгаа хүн нь цоо эрүүл болчихсон энэ хүн бүгдийг нь хүргээд өгчих юм байна. Тэгэхээр энэ хүмүүс танд дахиж төвөг учруулахгүй гэр гэртээ хариад амарчих юм байна гэж хэлээд дуудлагын цагдаа явлаа гэсэн. Би Гэд цагдаа явахаас өмнө би түрүүлж орно гээд коридороор хальт яваад машин дотор ороод суутал Шсүрэн татаж ирээд үг солино гээд явуулахгүй байхаар нь түлхээд болиулсан. Аж ахуйн дарга С миний кабин дотор байсан. Би хөдлөөд явсан. Миний араас дуудлагын цагдаа явж байсан. Би гэртээ орсноос хойш эдгээр хүмүүс дарамталсан. Нөгөө хүмүүс агсан тавиад онцгой нөхцөл байдал үүсгэхээр нь би явах гээд байж байтал Г нь явуулахгүй гээд би Г-г нь тавиулаад түрүүлээд гарсан. Би хаалга цоожлох гээд зогсож байхад Б араас гүйж ирээд чи яахаараа цагдаа дууддаг юм гээд хана мөргүүлсэн. Б өөрөө барилддаг. 10 удаагийн аймгийн аварга хүн. Би энэтэй яаж ч үзэлцсэн дийлэхгүй. Гэтэл намайг сэгсрээд хаалга түлхэж оруулаад намайг боогоод Г араас салгасан. Тэр үед гаднаас Шсүрэн, С, Г нар нь орж ирсэн. Маш үнэтэй чулуун ширээ байхгүй болсон. Ингээд асуудал үүссэн. Би зодсон болсон. Шинжээчийн дүгнэлтээр мохоо зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ гэж байхад эдгээр хүмүүсийн мэдүүлэг дандаа 2, 3 удаа цохисон гэж байгаа юм... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болдог хэрэг нь анхнаасаа зохион байгуулалтай миний компанийг булааж авах зорилготой байсан. Тухайн өдөр гаргасан үйлдлийг хараад үзэхэд хоёрхон эрүүл гэрч байдаг. С болон Г нар тухайн үед эрүүл байсан гэрч нар нь байтал согтуу байсан гэрч нар болох Шсүрэн, Г нарын мэдүүлгийг үндэслэл болгоод байгаа нь намайг албаар яллах гэж байна. Үйлчлэгч цэвэрлэгч хүүхнээс мэдүүлэг авах ёстой байсан. Г ярина гэж бодож байна. Та нар мэдэхгүй бол мэдэхгүй чигээрээ дуус гэж мөрдөгч гэрчид дарамт учруулж болохгүй. Ах дүү нарын хооронд битгий яваад бай гэж хэлэхэд нь ах дүү нарын хооронд яршиг гэж бодоод больсон. Манаач цэвэрлэгч нар эхлээд мэдүүлэг өгнө гэж байгаад мэдүүлэг өгөхөө больсон. Архи зардаггүй өдөр компанийн ерөнхий захирал гэж далайлгаж байгаад архи авч уусан байсан. Энэ талаар мөрдөгчид хэлж байсан. Халуун цэг дээр байсан манаачаас мэдүүлэг аваагүйг нь ойлгохгүй байна. Ав гэж хэлж байж С, Г нараас мэдүүлэг авсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Гийн өгсөн: “Би энэ байгууллагад 7 жил ажилласан хүн. Эхлээд Б байгаагүй Б ах намайг дуудсан. Тэр үед Шсүрэн, Г гэх хүмүүс согтуу чи энэ компанийг өг гээд агсраад байж байсан. Бгийн өгөх гээд байгаа бичлэг дээр нь бүх юм тодорхой харагдана. Г өөрийгөө аваад явж чадахгүй согтуу байсан хүн. Би үнэн зүйл хэлнэ. Би тухайн үед компанийн хамгаалалтын дарга байсан. Миний бие сайн байсан. Тухайн үед Г тэр 2 байсан. Тэр хоёр агсан тавиад Гээ чи орохгүй шүү гэж байсан. Би орж ирээд зогсож байтал компанийг өг бид ажлаа хиймээр байна гэдэг байдлаар агсан тавьсан. Тэр үед Б дарга цагдаа дуудчихсан байгаа ирэхгүй байна. Чи наанаа байж байгаараа гэж надад хэлсэн. Би Б даргын дэргэдээс холдоогүй. Шсүрэн, Г нар нь Б даргыг хэл амаар дарамталж байж байгаад гаръя гээд гарцгаасан. Би хамгийн сүүлд нь гэрэл унтрааж гардаг. Гэрэл унтраагаад гарах гээд байж байтал Б дарга орж ирээд араас нь Б орж ирээд аймар юм болоогүй заамдалцаад боогоод ширээ нь унасан. Тэгээд би салгасан. Миний хараа муу учраас хүн амьтанд гай болчих вий гэж бодсон. Цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд нь согтуу хүмүүс алчих гээд байна. Эдгээр хүмүүсийг аваад яв гээд заа зүү гээд тэр цагдааг Б дарга ковшийн тэнд хүмүүс байгаа байх гэж хэлээд дагуулаад гарсан. Тэр цагдаа нар уулзчихаад бид нар явлаа энэ хүмүүс чинь гайгүй юм шиг байна гэхэд Б байж бай эд нарыг яагаад авч явдаггүй юм гэхэд. Г, Б нар хоорондоо чи согтуу байна, чи миний найз гэдэг байдлаар хоорондоо ярьж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бийн өгсөн: “... Миний найзыг цохичихлоо гэж бодоод асуудал энэ тэрээ гээд хэлсэн. Хэрүүл уруул болоод босож ирээд шууд миний нүүр лүү цохиод савж унаад ширээ дээр дээшээ хараад унасан. Хоёроос гурван удаа цохисон. Би өөдөөс нь нэг цохих гэснээ юу билээ гэж бодсон. ДаХд нэг хүн ирээд салгаж аваагүй бол юу болох байсныг мэдэхгүй. Гэхдээ юу ч болоогүй. Би зодолдохгүй гэсэн байр суурьтай байсан. Ямар нэгэн байдлаар би хүч хэрэглээгүй. Энэ үед Б, Шсүрэн бид 3 намайг цохиж байх агшинд Г түлхүүрээ тавих гэж орж ирсэн байдаг. Миний нурууны ард байсан. Үүнээс өмнө цагдаа ирсэн юм шиг байсан. Цагдаа ирээд гэмт этгээдүүд хүнийг гүтгээр байгаа хүмүүс жишээлбэл би гэж бодоход яагаад тэр хүмүүсийг эрүүлжүүлээгүй юм. Агсан тавиад хүн заамдаад дэлхийн 10 удаагийн бөх хүн авч шидэж байхад тэр хүмүүс аюулгүй байдлыг хангаад авч яваагүй юм. Тийм зүйл болоогүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Тэр цагдаа нарыг Б дуудаад ирж уулзсан байх би нар гадаа байсан байх бид нартай ирж уулзаад бид нар эрүүл байсан байх. Тэр агшинд би коридорт Бд зодуулчхаад пижигнээн шуугиан болоход цагдаа нар орж ирсэн байх. Хавтаст хэрэгт зургууд өгөгдсөн. Цохиж хавдаад маргааш нөгөөдөр нь хөхрөөд ногоорсон. Б ширээний араас босоод явсан, цагдаа нар байсан, бүх нотлох баримтууд зураг дээр тодорхой байдаг... Согтуу байсан гэж ярьсан. Согтуу байсан бол бид нар яагаад эрүүлжүүлэгдээгүй юм. Би өмнөх шүүх хурлуудад байгаагүй. Өмгөөлөгчтэйгөө яриад юу ярьж байгааг нь сонсож байсан. Би энэ хүний хажууд байхаас эвгүйцээд оролцдоггүй байсан. Энэ хэрэг дээр үйлчлэгч, манаач хоёрыг гэрчээр татъя гэж хэлсэн. Эдгээр шалтгаанаар шүүх хурлууд хойшилж давах шатны шүүхээс буцсан байх. Тэр цаг үе агшинд байсан тэр мөчийг харсан хүн мэдүүлгээ өгөх болохоос биш биш 50 метрээс 60 метрийн цаана байсан манаач, өдөр нь ажиллаад орой нь явдаг үйлчлэгч нар гэрчийн мэдүүлэг өгч чадахгүй. Тэр шалтгаанаар буцаах гэж байгаа бол хэрэггүй. Энэ 2 хүний ярьж байгаа зүйл газар тэнгэр шиг зөрж байна. Нэг нь дөрвүүлээ байсан, нэг нь зургуулаа байсан гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт материалууд олон зургууд дээр тодорхой харагдана. Г гэх хүн байна уу? С гэж ярьж байгаа хүн байна уу? 2017 оны шүүх хурал дээр өөрийгөө тамлан зовоож шүүхэд өгч би буруудсан гэж ярьж байна. Одоо бас л тэр байдлаа ярьж байна. Хүн дайны байдалд тэгж ярьж байж магадгүй. Эсхүл маш рецидив хүн байж магадгүй. Би тэрний нэг нь биш. Би хүнээр зохион байгуулалттай зохиулчхаад энэ хүнийг цохисон гэж байгаа мэтээр ярьж байна. Хүнд ярих хувилбар байж болно. Гэхдээ бодит байдалд нийцэхгүй холуур өнгөрч байна. Түрүүчийн ярьсан худал хуурмаг болгон дээр энэ хүнд ямар нэгэн баримт нотолгоо байхгүй мөртөө амны хайрцаг, бодлоороо намайг харлуулсан зүйл ярьж байна. Тийм зүйлд битгий итгээрэй. Тийм зүйл байхгүй. Гийн хэлснээр Би Бг барьж аваад хана мөргүүлээд бид хоёр ноцолдож байгаад бяртай болохоороо савсан байна. Ийм айхтар худал мэдүүлэг байж болохгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Г-ын өгсөн: “Тухайн үед ковш янзалж байсан. Б намайг танихгүй учраас чи гар гэсэн. Үүдэнд багажаа тавиад гарах гэж байгаад босгонд тээглээд унасан. Тэр үед Б зөрж ороод хоорондоо маргасан. Намайг ороход цохисон байсан. Шсүрэн гээд манай найз байсан. Тэр найз маань салгасан. Би цохисон гэдгийг нь хараагүй араас нь орсон. 2 хүн маргалдаад хэрэлдэхээр нь араас нь орсон. Намайг ороход ширээ нь голоороо хугарсан, Бгийн нүд улайсан, Шсүрэн Бг салгаад барьж байсан. Б зүүн талын нүдээ цохиулсан, зовхи нь хавдаад доторх нь улайсан байсан. Намайг ороход Шсүрэн байсан. Шүүгдэгч хохирогч хоёр бие биеэ цохиж байгаа үйлдлийг хараагүй. Араас нь орсон. Намайг ороход ширээ нь хугархай, хоёулаа боссон байсан. Тэр үед Шсүрэн, би Б, Б байсан. Г үйл явдал болсны дараа орж ирсэн. Б намайг танихгүй, тэр үедээ Б намайг цохисон гэж бодсон байх. Тэрний өмнө хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Бгийн машины ард байсан тал шил архийг хүйтэн байсан учраас Шсүрэн, Б бид 3 хувааж уусан. Би буцаж багаж оруулчхаад гарах гэж явж байгаад унасан. Б намайг цохисон зодсон зүйл болоогүй... Миний эхний ярьж байсан үнэн. Би сая орж ирээд сандарч тэвдсэн...” гэх мэдүүлэг,
Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар хохирогч Б.Бийн гаргасан өргөдөл /хх.1.5/,
“***” ХХК-й албан бичиг /хх.1.14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бийн: “... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би “***” ХХК-й аж ахуйн хашаанд өглөө 10 цагаас оройны 18 цаг хүртэл ковш янзалсан юм. Орой машинаа асаагаад шалгаж байхад манай найз н.Г конторын үүдэнд дээш хараад газар уначихсан, хажууд нь манай ах Б зогсож байгаад цаашаа контор луу яваад орохоор нь би хойноос нь очоод өрөөнд нь ороод “чи яаж байгаа юм, хүйтэнд машин тэрэгтэй ноцолдоод ядарч яваа хүнийг ингээд, ямар танхай юм гээд ... хэлсэн чинь Б ширээгээ тойрч ирээд намайг зүүн гараараа заамдаж аваад хойш түлхэхэд нь би хөлийн тахимаараа намхан ширээн дээр дээш хараад унахад миний дээр сандайлж сууж байгаад “чамайг ална” гэж хэлээд нүүрэн тус газар баруун гараараа хоёр удаа цохихоор нь би “чи намайг албал ал” гэж хэлсэн... би Бгийн хойноос өрөө лүү нь ороод “яагаад хүн зодож байгаа, танхай этгээд вэ” гэж хэлснээс болж намайг заамдаж аваад зодсон юм. “Г-г зодож цохисон хүн байхгүй, өөрөө явж байгаад унасан” гэж байсан... зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, толгой хөндүүрлэн өвдөж байна, мөн цээж хөндүүр болсон байна... Б ноднин буюу 2017 оны 10 дугаар сард миний нүд рүү төмрөөр цохин гэмтээж байсан. ...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эм худалдан авсан, толгойны зураг авхуулсан эмнэлэг рүү явахад машиндаа бензин хийсэн зэрэг мөнгөний баримтууд байгаа. Эмчилгээгээ гүйцэд хийлгэж дуусаагүй байгаа болохоор дахин эм худалдан авч эмчлүүлэх шаардлагатай байгаа. Цаашид гарах зардлыг Бгаас нэхэмжлэх болно... Би гомдолтой байна. Намайг зодож миний эрүүл миний эрүүл мэндэд удаа дараа хохирол учруулсанд маш их гомдолтой байна...” /хх.1.16-17, 19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.1.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.1.23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Шсүрэнгийн өгсөн: “...тэгсэн нэг мэдсэн засвар хийж байсан Г гэдэг хүн конторын үүдэнд ойчсон хажууд нь Б зогсож байгаад цааш эргээд контор лугаа орсон чинь Б хойноос нь очоод өрөөнд нь ороод “чи яаж байгаа юм” гэж хэлсэн чинь Б ширээгээ тойроод Бг заамдаж аваад хажуу талын намхан ширээн дээр нь дээш нь харуулан унагаагаад дээрээс нь гараа зангидаж хоёр гурван удаа нүүрэн тус газарт нь цохихоор нь би “ингэж болохгүй, ах дүү нар байж” гэж хэлээд Бг салгаж авсан. Б Бд ерөөсөө гар хүрээгүй Бийн зүүн талын нүд хавдсан байсан. Өөр гэмтэл бэртэл учраагүй байсан... Контор дотор Б нь Бийг цохих үед Б, Б, Г бид 4 байсан. Өөр хүн байгаагүй, тухайн үед архи уусан хүн байгаагүй. Тухайн үед тэр хашаанд ажилладаг харуул манаач зэрэг хүмүүс байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.24-25, 54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гын өгсөн: “... Б намайг “чи юу яриад байгаа юм, тийм юм байхгүй, чи гар зайл” гэж хэлээд намайг түлхээд байхаар нь би хойшоогоо ухраад явж байгаад хаалганы хажууд иртэл намайг түлхэхэд нь би хаалганы босгонд тээгэлдэж тэр байшингийн гадна талд газарт унасан. Тэгтэл Б, Шсүрэнтэй хамт ирээд дотогшоо байшиндаа орсон. Тэгэхээр нь би босоод Б, Шсүрэн хоёрын араас дотор ороход жижиг явган ширээ голоороо хугарчихсан, уг ширээн дээр Бийг Б дарчихсан, өөрөө дээрээс нь гараараа нүүр лүү цохиж байхаар нь Шсүрэн Бг салгахаар нь би Бийг аваад тэндээс гарч явсан. Тэндээс гарахад Б “миний зүүн нүд эвгүй болчихлоо, нүд юм харахгүй байна, би шүүх эмнэлэгт явж үзүүлнэ” гэж хэлж байсан. Зодоон болоход Б, Б, Шсүрэн, бид 4 байсан, өөр хүн байгаагүй. Б Бийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон... Г, С нар конторт орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.27-28, хх.2.64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О-ын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “***” ХХК-й байранд агсам тавиад байна гэсэн дуудлагад очиж шалган дуудлага өгсөн Б гэгчтэй уулзахад агсам тавиад байсан хүн гараад явсан гадуур байж магадгүй гэж хэлэхээр нь би дуудлага өгсөн Бг та гараад надад заагаад өгөөч гэж хэлээд дагуулж гарахад тэр хашаан дотор ковшийн хажууд хоёр эрэгтэй хүн зогсож байсан хоёр залуугийн нэгийг нь Б энэ агсам тавьсан гэж хэлээд заасан...би агсам тавьсан гэх нэрээ хэлэхгүй байсан залууг найзад нь хүлээлгэж өгөөд зогсож байхад Бгийн өрөөнд нүд нь хавдчихсан өөрийгөө Бгийн дүү гэж хэлж байсан залуу “энэ Б намайг зодчихлоо” гэж хэлж байсан. Би Бг тэр залууг зодож байгааг хараагүй. Дуудлагын дагуу очиж шалгахад агсам тавьсан гэх залуу нь Бг таньдаг гэхдээ төрөл садны холбоогүй хүн байсан. Дуудлага өгсөн Бд би таны өгсөн дуудлагын дагуу ирж шалгаж агсам тавьсан гэх хүнийг найзад нь хүлээлгэн өгч явууллаа би одоо дараагийнхаа дуудлагад явлаа гэж хэлээд явсан. Тэгээд хэлтсийнхээ жижүүр рүү утсаар залгаж холбогдон дуудлага мэдээлэл буцаагдсан гэж хаалгасан...” гэх мэдүүлэг /хх.1.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Гийн өгсөн: “... тэгээд Б дарга конторынхоо хаалгыг түгжих гээд зогсож байхад Б ирээд Б даргыг заамдаад үүдний амбаарын ханыг нуруугаар нь 2-3 удаа мөргүүлээд чирээд контор луу оруулсан. Тэгэхээр нь би дагаад ортол Б Б даргыг өргөж байгаад чулуун тавцантай ширээн дээр нуруу хэсгээр нь унагаасан. Тэр үед би очиж салгаад байж байхад цагдаа ирсэн...Шсүрэн тэр 2 цагдааг контороос авч гарсан...Б дарга тэр 2 цагдаад та нар танхайрсан хүмүүсийг барьж авч явж чадахгүй бол би цуг гаръя гэж хэлээд гарсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ах дүү хоёрын маргаанд оролцоод яах вэ дээ л гэж бодсон юм. Тэгээд л мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх.1.201-202/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сын өгсөн: “... Би зодолдож байгааг нь хараагүй. Намайг конторт ороход Б захирал Бтой зууралдчихсан байхад нь Г салгаж байсан... Би Б захирлаас өөр хүн Бтой зууралдаж байгааг хараагүй...Тухайн үед би, харуулын албаны дарга Г, Б захирал, Б, Бийн хоёр найз болох Шсүрэн, Г нар байсан. Өөр хүн байгаагүй... Өдөр нь Б нь архи уугаад тэр хавиар явж байхдаа нүүр нь зүгээр байсан... Дуудлагаар ирсэн цагдаад Б “миний нүд рүү Б цохчихсон” гэж нүүрээ харуулаад байхаар нь хартал Бийн нэг нүд нь жаахан хавдсан байсан. Би одоо аль талын нүд нь хавдсан байсныг санахгүй байна... Би тухайн үед конторт Гтэй хамт орсон. Г бид хоёрыг конторт ороход Шсүрэн, Г, Б, Б 4 байсан. Шсүрэн, Г, Б гурав Бтай маргалдаж хэрэлдсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би контороос гарч яваад хэсэг хугацааны дараа буцаад конторт ороход Б, Б 2 зууралдсан байдалтай Г тэр 2-г салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.206-207/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай:
“1. Б.Бийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.1.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... хэвтэн эмчлүүлээгүй ч гэсэн гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдож болно. Нүүрэнд учирсан гэмтэл нь заавал биеийн гадаргуугийн 1% байх шаардлагагүй байдаг. Үзүүлэгч Бийн зүүн дээд доод зовхинд тархмал цус хуралттай, хавдаж овойсон, зовхины завсар тагларсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Даваасүрэн нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1408 дугаартай:
“1. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай шинжээч эмч О.Болороогийн гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.
2. Хохирогчийн биед мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Мохоо зүйл гэдэгт хүний гар, эсвэл мод, төмөр бусад зүйлээр цохигдох зэрэг нь хамаарна.” гэх дахин дүгнэлт /хх.1.194-195/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Гийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн: “...надад мэдэх зүйл байхгүй. Би санахгүй байна. Дотогшоо контор луу ороод байдаггүй...” гэх мэдүүлэг /хх.1.144/,
2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “...Б дарга намайг цуг байж бай гэж хэлэхээр нь тэнд байж байсан... Б дарга конторынхоо хаалгыг түгжих гээд зогсож байхад Б ирээд Б даргыг заамдаад үүдний амбаарын ханыг нуруугаар нь 2-3 удаа мөргүүлээд чирээд контор луу оруулсан. Тэгэхээр нь би дагаад ортол Б Б даргыг өргөж байгаад чулуун тавцантай ширээн дээр нуруу хэсгээр нь унагаасан. Тэр үед би очиж салгаад байж байхад цагдаа ирсэн... Шсүрэн тэр 2 цагдааг контороос авч гарсан... Б дарга тэр 2 цагдаад “та нар танхайрсан хүмүүсийг барьж авч явж чадахгүй бол би цуг гаръя” гэж хэлээд гарсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ах дүү хоёрын маргаанд оролцоод яах вэ дээ л гэж бодсон юм. Тэгээд л мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед С, Г, Шсүрэн, Б бид нар байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.201-202/,
2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Цагдаа явсны дараа Б захирал бид 2 контортоо ороход хойноос Б ганцаараа орж ирээд Б захиралд “чи миний найзуудад цагдаа дууддаг хэн бэ” гэж хэлээд Б захирлыг заамдаж тэр хоёр ноцолдож байгаад чулуун ширээн дээр хамт унасан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Б захирлыг машинд суулгаж явуулсан... Б, Б 2 хоорондоо заамдалцан ноцолдох үед Б захирал, Б, С, Шсүрэн, Г бид зургуулаа байсан...” гэх мэдүүлэг /хх.2.60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Г,Б.С нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх.2.67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-й байранд маргалдах явцдаа Б.Бийг цохиж, бие махбодод нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бийн: “... Б ширээгээ тойрч ирээд намайг зүүн гараараа заамдаж аваад хойш түлхэхэд нь би хөлийн тахимаараа намхан ширээн дээр дээш хараад унахад миний дээр сандайлж сууж байгаад “чамайг ална” гэж хэлээд нүүрэн тус газар баруун гараараа хоёр удаа цохихоор нь би “чи намайг албал ал” гэж хэлсэн... би Бгийн хойноос өрөө лүү нь ороод “яагаад хүн зодож байгаа, танхай этгээд вэ” гэж хэлснээс болж намайг заамдаж аваад зодсон юм... зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, толгой хөндүүрлэн өвдөж байна, мөн цээж хөндүүр болсон байна...” /хх.1.16-17, 19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Шсүрэнгийн өгсөн: “... Б ширээгээ тойроод Бг заамдаж аваад хажуу талын намхан ширээн дээр нь дээш нь харуулан унагаагаад дээрээс нь гараа зангидаж хоёр гурван удаа нүүрэн тус газарт нь цохихоор нь би ингэж болохгүй ах дүү нар байж гэж хэлээд Бг салгаж авсан... Бийн зүүн талын нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.24-25, 54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гын өгсөн: “... Б, Шсүрэн хоёрын араас дотор ороход жижиг явган ширээ голоороо хугарчихсан, уг ширээн дээр Бийг Б дарчихсан өөрөө дээрээс нь гараараа нүүр лүү нь цохиж байхаар нь Шсүрэн Бг салгахаар нь би Бийг аваад тэндээс гарч явсан. Тэндээс гарахад Б “миний зүүн нүд эвгүй болчихлоо, нүд юм харахгүй байна, би шүүх эмнэлэгт явж үзүүлнэ” гэж хэлж байсан... Б Бийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.1.27-28, хх.2.64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.О-ын өгсөн: “... Бгийн өрөөнд нүд нь хавдчихсан өөрийгөө Бгийн дүү гэж хэлж байсан залуу “энэ Б намайг зодчихлоо” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сын өгсөн: “... Дуудлагаар ирсэн цагдаад Б “миний нүд рүү Б цохичихсон” гэж нүүрээ харуулаад байхаар нь хартал Бийн нэг нүд нь жаахан хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.206-207/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай:
“1. Б.Бийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.1.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “... гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдож болно. Нүүрэнд учирсан гэмтэл нь заавал биеийн гадаргуугийн 1% байх шаардлагагүй байдаг. Үзүүлэгч Бийн зүүн дээд доод зовхинд тархмал цус хуралттай, хавдаж овойсон, зовхины завсар тагларсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.37/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ж.Ганцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ, Б.Даваасүрэн нарын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1408 дугаартай:
“1. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14276 дугаартай шинжээч эмч О.Болороогийн гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна.
2. Хохирогчийн биед мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Мохоо зүйл гэдэгт хүний гар, эсвэл мод, төмөр бусад зүйлээр цохигдох зэрэг нь хамаарна” гэх дахин дүгнэлт /хх.1.194-195/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бийн өгсөн: “Миний найзыг цохичихлоо гэж бодоод асуудал энэ тэрээ гээд хэлсэн. Хэрүүл уруул болоод босож ирээд шууд миний нүүр лүү цохиод савж унаад ширээ дээр дээшээ хараад унасан. Хоёроос гурван удаа цохисон... Энэ үед Б, Шсүрэн бид 3 намайг цохиж байх агшинд Г түлхүүрээ тавих гэж орж ирсэн байдаг... Цохиж хавдаад маргааш нөгөөдөр нь хөхрөөд ногоорсон....” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гын өгсөн: “... Б зүүн талын нүдээ цохиулсан, зовхи нь хавдаад доторх нь улайсан байсан... Миний эхний ярьж байсан үнэн. Би сая орж ирээд сандарч тэвдсэн...” гэх мэдүүлэг зэрэг,
Ш.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Шсүрэнгийн өгсөн: “... Контор дотор Б нь Бийг цохих үед Б, Б, Г бид 4 байсан. Өөр хүн байгаагүй... Тухайн үед тэр хашаанд ажилладаг харуул манаач зэрэг хүмүүс байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.24-25, 54/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гын өгсөн: “... Зодоон болоход Б, Б, Шсүрэн, бид 4 байсан, өөр хүн байгаагүй. Б Бийн нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон... Г, С нар конторт орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх.1.27-28, хх.2.64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Гийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн: “... надад мэдэх зүйл байхгүй. Би санахгүй байна. Дотогшоо контор луу ороод байдаггүй...” гэх мэдүүлэг /хх.1.144/,
2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “... Б дарга намайг цуг байж бай гэж хэлэхээр нь тэнд байж байсан... Б дарга конторынхоо хаалгыг түгжих гээд зогсож байхад Б ирээд Б даргыг заамдаад үүдний амбаарын ханыг нуруугаар нь 2-3 удаа мөргүүлээд чирээд контор луу оруулсан. Тэгэхээр нь би дагаад ортол Б Б даргыг өргөж байгаад чулуун тавцантай ширээн дээр нуруу хэсгээр нь унагаасан. Тэр үед би очиж салгаад байж байхад цагдаа ирсэн... Шсүрэн тэр 2 цагдааг контороос авч гарсан... Б дарга тэр 2 цагдаад та нар танхайрсан хүмүүсийг барьж авч явж чадахгүй бол би цуг гаръя гэж хэлээд гарсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ах дүү хоёрын маргаанд оролцоод яах вэ дээ л гэж бодсон юм. Тэгээд л мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн юм. Тухайн үед С, Г, Шсүрэн, Б бид нар байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.201-202/,
2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Цагдаа явсны дараа Б захирал бид 2 контортоо ороход хойноос Б ганцаараа орж ирээд Б захиралд “чи миний найзуудад цагдаа дууддаг хэн бэ” гэж хэлээд Б захирлыг заамдаж тэр хоёр ноцолдож байгаад чулуун ширээн дээр хамт унасан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Б захирлыг машинд суулгаж явуулсан... Б, Б 2 хоорондоо заамдалцан ноцолдох үед Б захирал, Б, С, Шсүрэн, Г бид зургуулаа байсан...” гэх мэдүүлэг /хх.2.60/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гын өгсөн: “... Тэр үед Шсүрэн, би Б, Б байсан. Г үйл явдал болсны дараа орж ирсэн...” гэх мэдүүлэг зэрэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б, Ш.Г нарын гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлгүүд, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, эргэлзээтэй гэсэн тэдгээрийн өмгөөлөгч нарын дүгнэлт нь дээрх нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэн няцаагдана.
Хохирогч Б.Бийн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Шсүрэн, Д.Г нарын тус тус өгсөн мэдүүлэгтэй харилцан зөрүүгүй, тухайн үед хохирогчийн нүд юуны учир хөхөрсөн байсан үйл баримтын талаар хөндлөнгийн гэрч Д.Олонбаяр, Б.С нар нь давхар нотолж байхад хэргийн газар байсан гэх Ш.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн 3 удаагийн мэдүүлэг тус бүр нь хоорондоо илт зөрүүтэй байх бөгөөд ерөөс тэдгээр мэдүүлэг нь хохирогчийн нүд хөхөрсөн талаарх үйл, баримтад бараг нөлөөлөхөөргүй юм.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг болохоос өмнөх болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, мөн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гын өгсөн мэдүүлэг харилцан зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүсэж байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Гын өгсөн мэдүүлгийн эхний хэсгийг шүүх үнэлээгүй бөгөөд мөрдөн байцаалтад хэргийн талаар шалгавал зохих ажиллагааг хангалттай гүйцэтгэжээ.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Гийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Б.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ш.Гийг “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгөх” гэмт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Б.Б, Ш.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Бийн 1.695.134 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон дүрс оношилгооны төлбөр 120.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулан хохирогчид олгож, эмчилгээний хөлс, эм тарианы үнэ, шатахууны зардал зэрэг бусад нэхэмжлэлийг нотлох баримтууд нь чухам ямар эмчилгээний зориулалтаар тэдгээр зардлыг төлсөн болох нь тодорхойгүй, зарим баримт нь балархай буюу нэхэмжлэлийн бүрдэл хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй, шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгаас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Ш.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б, Ш.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн гомдол санал, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Б, Ш.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн зохих заалтыг буцаан хэрэглэхийг өмгөөлөгч нар нь хүссэн болно.
Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд эдгээр хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй учир тус хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр үйлчилж байна.
Эдгээр хуулиудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт урьд нь заасан байсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилж, уг хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолох, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, хөөн хэлэлцэх хугацааны хувьд хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар тогтоожээ.
Дээр дурдсан хуулиуд хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б.Бг яллагдагчаар татсан байх тул түүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй юм.
Б.Б, Ш.Г нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Б.Б, Ш.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Бийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Л овогт Шын Гийг “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд, Ш.Гэд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б, Ш.Г нарт сануулсугай.
5. Б.Б, Ш.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 120.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бид олгосугай.
7. Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Бгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Б, Ш.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР