Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

 

 

 

 

     2021         01            27                                    2021/ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгдэгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг,

            улсын яллагч Г.Ганхөлөг,  

            иргэдийн төлөөлөгч Ч.Д,

            амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я,

            шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Л.Г /ҮД:2149/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д-гийн Х-т холбогдох эрүүгийн 20050000000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг Төмөрбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, Хөвсгөл аймаг Мөрөн сум 13 дугаар баг 42-07 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д-гийн Х /РД:РЛ0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рейнбөү” нэртэй зочид буудлын 2 тоот өрөөнд хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Бийн толгой руу удаа дараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь гавал тархины гэмтэл, дагз ясны шугаман хугарал, заадлын салалт, баруун тал бөмбөлгийн дух зулай, зүүн зулайн голомтлог, их тархины зүүн ховил дагуух аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, тархины хаван, дарагдал бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар                 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “ Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рейнбөү” нэртэй зочид буудлын 2 тоот өрөөнд хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Бийн толгой руу удаа дараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь гавал тархины гэмтэл, дагз ясны шугаман хугарал, заадлын салалт, баруун тал бөмбөлгийн дух зулай, зүүн зулайн голомтлог, их тархины зүүн ховил дагуух аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, тархины хаван, дарагдал бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж алсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт  хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х өгсөн:“…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ягийн өгсөн: “…нэгэнт нас барсан хүн босож ирэхгүй юм чинь гомдлоо гээд ч яах билээ. Гэхдээ өнөөдөр байж байх боломж байсан. Одоогийн байдлаар албан ёсоор нэхсэн зүйл байхгүй. Гэхдээ ажил явдалд нийт 4 сая орчим төгрөг гарсан. Тиймээс энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хийн өмгөөлөгч Л.Гийн эрүүгийн 2005032301693 дугаартай хэрэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан:

1/ гэрч Б.Мын мэдүүлэг /хх-65 тал/

2/ 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Гэмтэл, согог судлал үндэсний төвийн хэвлийн хэт авиан оношлогоо /хх-140 тал/

3/ 2020 оны 08 сарын 27-ны өдрийн Гэмтэл, согог судлал үндэсний төвийн компьютер томографын дүгнэлт /хх-146-150 тал/

4/ шүүгдэгч Д.Хийн ял шалгах хуудас /хх-203 тал/

5/ шүүгдэгч Д.Хийн иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-215 тал/

 

Эрүүгийн 2005032301693 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 тал/,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19 тал/,

 

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-34, 38 тал/,

 

Цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №2387 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-117 тал/,

 

Өвчний түүх /хх-ийн 155-157 тал/,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ягаас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай гэрээс явахдаа хувцсаа сольж өмсөх үед биед нь толгой хэсэгтээ хуучин мэс засалд орсон шарх, баруун гарын тохойд хуучин эмнэлэгт хэвтэж байхдаа авсан байсан шарх, баруун талын ташаанд хуучин шарх нь эдгээгүй. Тавалж харлаж тогтсон байсан. Нүүр нь ямар нэгэн шархгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/,

 

Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ахимаг насны эрэгтэй Ганбат гэх залуугийн нөгөө залуутай нь хамтар өрөөнөөс  гарч ирээд  идэх юманд яваад ирье гэж хэлсэн. Гарах үед 23 цаг болж байсан санагдаж байна. Ингээд нэлээн удсан бөгөөд 00 цаг болж байхад эргээд орж ирсэн. Ирэхдээ тортой юм бариад орж ирсэн. Ирэхдээ тортой юм бариад өрөөндөө орсон. Торонд нь юу  байгааг хальт харахад архи харагдахаар нь та 2 идэх юм авчирна гээд гарсан биз дээ хоол архины шилэнд байдаг болоо юу? Гэтэл тэр хоёр инээмсэглээд орсон. Ингээд би буудлын хаалгаа цоожлоод амарсан. Манай буудлын хаалга 2 тоот өрөөний эгч өөдөөс харсан хаалга бөгөөд хаалгаа хаагаад эргээд харахад Ганбат гээд байсан буудлын тооцоо хийсэн залуу орон дээр цаашаа хараад унтаж байсан. Наана нь нөгөө хоёр нь сууж байсан. Ингээд би цаашаа текний хажуу талын орон дээр унтсан юм. Шөнө хоорондоо маргалдаад юм яриад байгаа чимээ гарахаар нь хаалгыг нь онгойлгоод харахад ахимаг насны эрэгтэйг намхан залуу бариад авчихсан цохиод авч байсан. Би боль гэж хэлсэн чинь больсон. Тэр хоёр нэлээн согтуу байсан. Ингээд би цаашаа яваад амарсан... ...Би өглөө өрөө рүү нь ороход ахимаг насны эрэгтэй нь газар дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь намхан залуу нь зогсож байсан. Буудлын дэвтэрт Ганбат гэж нэрээ бичүүлсэн залуу 00-ын өрөөнөөс  орж ирсэн. Би гаднаас орж ирсэн 2 залууд хандан Ганбат гэх залууг заагаад энэ залуу өмнө нь эхнэртэйгээ орж ирж байсан учраас гайгүй байх гэж бодоод оруулчихсан чинь гай боллоо энэ нэг 2 юм нь архи уугаад хоорондоо маргалдаад гэж хэлсэн.Тэр үед Ганбат гэх залуу нөгөө залуутайгаа хамтраад ахимаг настай эрэгтэйн хувцсыг өмсүүлж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 тал/,

 

Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр... ...Тэр 3 залуугийн байгаа буудал руу Шагайтай хамт ороход 2 давхарт гарахад нэг ресейпшн эгч хаалгаа онгойлгосон ба сая утсаар ярьсан юм энэ буудалд 3 залуу байна гэсэн аль өрөөнд байгаа юм гэж асуухад. Ресейпшн эгч чиний хайж байгаа 3 залуутай би хэрүүл хийгээд байж байна гээд нөгөө залуугийн байгаа өрөөний үүдэнд хэрүүл хийгээд зогсож байсан. Энэ 3 залуу өчигдөр архи уухгүй гэж хэлээд ороод яагаад архи уусан юм бэ гээд хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд Шагай бид 2 нөгөө 3 залуугийн байгаа өрөөний хаалганы хажууд очиход хаалга нь онгорхой байсан ба нэг дэх залуу нь 00-н өрөөнд амаа угааж байсан ба харин буудлын өрөөний шалан дээр хоёр дахь залуу нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан хажуу талд нь гурав дахь залуу нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/,

 

Гэрч У.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр... ...Буудал руу орж харах гээд машинаас буугаад зам гараад очих үед арай хөгшин эрэгтэйгээ нөгөө нь хоёр нь өргөөд дамжилчихсан шатаар буугаад ирсэн. Тэгээд ажилдаа явъя гэхээр нь ямар даварчихсан новш вэ Хүний хамаг ажил алаад гэж хэлээд Ганбатын хөл рүү нь нэг өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,

 

Гэрч О.Хн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Даймка ах бид хоёр өдрийн турш 15 гэсэн буудлыг нь хайж явсаар байгаад олоод буудал руу нь ороход өөдөөс харсан хаалгатай өрөө хаалга нь онгорхой хаалганы дотор талд нөгөө гурван ахын намхан залуу нь зогсож байсан. Тэгэхээр нь за одоо явах уу ? очиж ажлаа хийх үү гээд өрөөнд нь ороход настай хөгшин ах өрөөний голд шалан дээр дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэр ахын нүүр нь хавдартай улаан хүрэн өнгөтэй болсон. Энэ яасан юм гэхэд тасарчихсан хэвтэж байгаа юм гэж хэлэхээр нь нөгөөх чинь байна гэхэд угаалгын өрөөнд нүүр гараа угааж байгаа гэсэн. Удалгүй угаалгын өрөөнөөс нөгөө залуу нь гарч ирсэн гарч ирэхдээ шүдээ угааж байсан. Баруун гараараа сойз бариад амандаа хийгээд угааж байхад баруун гарын үе хуруун завсар нь цус болсон байсан. Би тухайн үед тоогоогүй. Тасарчихсан газар хэвтэж байсан ахын зүүн талд газар шал нь улаан өнгийн ус болсон байхаар нь энэ юун цус юм бэ? Та нар хоорондоо зодолдож маргалдсан юм уу? гэхэд тэр хоёр үгүй ээ гэж байсан. Намхан залуу нь архины шил хагараад хоёр хуруугаа зүссэн байсан юм. Тэгээд цус болсон байх гэж байсан. Бид хэд буудлын өрөөнөөс гарах үед нөгөө хоёр залуу газар хэвтэж байгаа настай ахыг босгох гээд оролдож байхад цамц нь сөхөгдөж гэдэс нь гарсан улаан эрээн болсон байхаар нь энэ ямар аймар болчихсон юм бэ? гэхэд буудлын эгч хажуугаас орж ирээд цус алдаагүй нь яамай өчигдөр шөнөжингөө наад гурав чинь хоорондоо маргалдаж зодолдоод хүн унтуулж амраагаагүй. Шүдээ угааж байсан залууг заагаад урьд өмнө нь эхнэр хүүхэдтэйгээ орж ирж байсан болохоор нь гайгүй байх гэж бодоод авсан чинь лай боллоо наад хүнээ хурдан аваад аваад гар та хэдийн хажуу талд амарсан хүмүүс амарч чадсангүй та нарыг зодолдож маргалдаад байсан гэж хэлж байсан юм... ...Тэр настай ах нь мөнгө авч явсан орой баруун шанаа нь жижигхэн халцарсан тав нь ховхорсон шинэхэн сорвитой байсан. Өөр ямар нэгэн шарх сорви хаван хавдар огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 215 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 204 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рейнбөү” нэртэй зочид буудлын 2 тоот өрөөнд хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Бийн толгой руу удаа дараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь гавал тархины гэмтэл, дагз ясны шугаман хугарал, заадлын салалт, баруун тал бөмбөлгийн дух зулай, зүүн зулайн голомтлог, их тархины зүүн ховил дагуух аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, тархины хаван, дарагдал бүхий гавал тархины битүү гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19 тал/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-34, 38 тал/, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №2387 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109-117 тал/, гэрч Ч.Эгийн мэдүүлэг /хх-48-50 тал/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “…шүүгдэгч Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

 

Шүүгдэгч Д.Х “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж...”

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ягаас “...гомдол санал гэх зүйлгүй...” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Гээс “…шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай байна гэж үзэж байгаа. Өмнөх хуучин гэмтлийг дурдаагүй, шинэ гэмтлээс болж нас барсан эсэхийг бүрэн дурдаагүй гэж үзэж байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж, хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх саналтай…” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус оролцсон болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө хохирогч Б.Бтай маргалдаж улмаар Б.Бийн толгой руу удаа дараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь гавал тархины гэмтэл, дагз ясны шугаман хугарал, заадлын салалт, баруун тал бөмбөлгийн дух зулай, зүүн зулайн голомтлог, их тархины зүүн ховил дагуух аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, тархины хаван, дарагдал бүхий гавал тархины битүү гэмтэл буюу амь насанд аюултай гэмтлийг учруулж, энэ гэмтлийн улмаас хохирогч Б.Б нь эмнэлэгт хүргэгдэж улмаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цаг 05 минутад нас барсан байх тул шүүгдэгч Д.Хийн энэ үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, амь насанд халдсан, бусдын амь нас хохирсон хор уршигт хүргэсэн гэмт хэргийн шинжтэй, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Хийн өмгөөлөгч Л.Г нь “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй...” гэж мэтгэлцсэн ба хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Бийн амь нас 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд үүссэн гавал тархины битүү гэмтлийн улмаас хохирсон болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх санал үндэслэл муутай байна.

 

Иймд шүүх бүрэлдэхүүн хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я нь амь хохирогчийн оршуулгын зардалд 4.500.000 /дөрвөн сая таван зуу/ орчим төгрөг зарцуулсан энэ мөнгийг нэхэмжлэх саналтай байна гэсэн ба хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Я нь амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Мөн түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Г.Ганхөлөг нь амь хохирогч Б.Б нь ганц бие, эхнэр хүүхдээсээ салсан тэдэнтэйгээ холбоогүй, эхнэр хүүхэд нь хаана байгаа нь тодорхойгүй гэх нөхцөл байдлын улмаас түүний төрсөн эгч Б.Яг мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон гэсэн тул шүүхэд ирсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 3 сарын хугацаатай хорих ял эдлүүлэх саналтай байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна …” гэв.

 

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “…саналгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г “…ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү… “ гэв.

 

Шүүхээс, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргаагүй хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 хос углааш хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т овогт Д-гийн Хийг “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 8 жил 6 сарын жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Хийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СД хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 хос углааш хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

 

             ШҮҮГЧИД                                     А.АЛТАНХУЯГ

 

                                                                          Ц.ДАЙРИЙЖАВ