Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар  2021/ШЦТ/28

 

 

 

 

 

 

2020         12           30                                     2021/ШЦТ/28

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сод холбогдох 2006 00000 2661 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замын 72 дугаар байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ө овогт Дгийн С /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.С  нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 72 дугаар байрны гадна саданд иргэн Г.Цэнгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой, нүүрэн тус газар цохиж өшиглөн эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цэнгүүний өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 05-ны орой 17 цагийн орчим Сайханаа, Базараатай уулзаад хамт караоке орохоор Кино үйлдвэрийн Ибиза гээд нэртэй паб орсон. Тэндээ хоёр хоёр шил пиво авч уугаад байж байтал С гээд залуу нэг засварчин Ганаа гээд ахтай хамт орж ирсэн... тэр хоёр орж ирээд нэг шил Соёрхол нэртэй архи авч өгсөн бөгөөд тооцоон дээр миний гар утсыг тавиулах гээд байхаар нь зугтааж гараад явчихсан юм. Би саданд сууж байтал Базараа, Сайханаа, С гурав араас ирсэн. Над дээр ирээд миний утсанд хийсэн сим картаа авъя гээд байсан бөгөөд өмнө нь миний гар утсыг аваад явж байсан болохоор би өгөхгүй гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон бөгөөд доошоо хартал миний нүүр лүү өшиглөсөн, тэгээд хамраас гарсан цусаа тогтоох гээд дээшээ бостол зугтаагаад явчихсан байсан... намайг С зодсон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Базарсадын өгсөн: “... Тухайн өдөр 16 цагийн орчим намайг гэртээ байхад Цэнгүүн ганцаараа ирээд “хойшоо паб орж юм ярьж сууя” гэсэн. Тухайн үед Цэнгүүн жаахан уучихсан байсан бөгөөд тийм аймаар согтуу бол байгаагүй. Тэгээд бид хоёр хойно байх Ибиза гэх пабад орсон. Жаахан сууж байтал гаднаас С нэг хүнтэй хамт орж ирсэн бөгөөд нэг шил архи авч уусан. Цэнгүүн түрүүлээд гараад гэртээ харина гээд явсан бөгөөд бид хэд байж байгаад гэртээ харихаар гарсан. Гэртээ орох гэж Сын хамт явж байтал хотхоны орцны үүдэнд Цэнгүүнтэй таарсан. Тэгтэл С , Цэнгүүн хоёр юунаас болсон талаар мэдэхгүй байна маргалдсан, тэгтэл С нь Цэнгүүний толгой руу гараараа цохисон бөгөөд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэгээд би салгах гэж оролдтол салаагүй тэгээд Цэнгүүн зугтаагаад явсан. Тэрний дараагаар С над руу дайраад хоёр удаа толгойгоороо намайг мөргөсөн. Тэгээд би зугтаагаад явчихсан юм... дараагаар нь Цэнгүүний эхнэр нөхрөө дагуулж орж ирээд болсон зүйлийг асуугаад манай гэрт байж байхад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11517 дугаартай:

“1. Ш.Цэнгүүний биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сын яллагдагчаар өгсөн: “... Би уг хүнд хандаад “чиний утаснаас сим картаа авмаар байна” гэхэд “чи миний гар утсаар яах гээд байгаа юм” гээд маргалдаж эхэлсэн. Би чихнийх нь ар хэсэг рүү 2-3 удаа алгадчихаад салаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.С  нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 72 дугаар байрны гадна саданд иргэн Г.Цэнгүүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний толгой, нүүрэн тус газар цохиж өшиглөн “тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Цэнгүүний өгсөн: “... миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон бөгөөд доошоо хартал миний нүүр лүү өшиглөсөн, тэгээд хамраас гарсан... намайг С зодсон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Базарсадын өгсөн: “... С нь Цэнгүүний толгой руу гараараа цохисон бөгөөд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11517 дугаартай:

“1. Ш.Цэнгүүний биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Сын яллагдагчаар өгсөн: “... Би чихнийх нь ар хэсэг рүү 2-3 удаа алгадчихаад салаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.26/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Цэнгүүн нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Соос жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээр зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  ял оногдуулахаар шийдвэрлэв.

Д.Сод эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Сод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Ө овогт Дгийн Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Сод оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Сод сануулсугай.

          5. Д.С нь цагдах хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Г.Цэнгүүн нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Соос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР