| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2021/0012/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Володя, шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Т.Лянхуацэцэг,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа,
Шүүгдэгч С.А,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б, Н.Б,
Иргэний хариуцагч “Бахо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-н А-д холбогдох 2028000000146 дугаартай хоёр хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ........................-нд Сэлэнгэ аймгийн ................. суманд төрсөн, ................................. настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бахо ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............................................. оршин суух, урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн, Б овгийн С-н А, регистрийн дугаар .............................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч С.А нь 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ..................... сумын .................... багийн нутаг дэвсгэрт Шивээхүрэн хилийн боомтын орчимд 36-16 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Б.Улам- Өрнөхийн цээжин тус газар нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдэж байгаа зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач миний төрсөн ах байсан. Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 02 цаг өнгөрч байхад хамгийн том ахаасаа сонссон. Машинд хутгалуулсан байна гэж хэлсэн. Хүнд алуулсан байдалтай байна гэж хэлсэн. Мэдээг бид нарт бүх зүйл болоод өнгөрсөн дараа айжуу бид нарт мэдэгдсэн. Үүнд маш их гомдолтой байна. Малаар юм бол эд бад хийгээд өөрийнх нь машинаар тээвэрлээд хөлдөөсний дараа нь бид нарт мэдэгдсэн. Яагаад сүүлд суусан эхнэр нь бид нарт утсаар хэлж болоогүй юм бэ?, хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой. Миний ах баруун хилд 9,10 жил ажиллаж байгаа. Миний талийгаачийг танихгүй хүн байхгүй. Чинхуа Мак ХХК-нд 2011 оноос хойш ажиллаж амьдарч өдийг хүрсэн. Компани нь миний ахын санаатай амь насыг хохироосон гэж бид нар бодож байгаа. Өвчтэй аав минь хөдөлмөрийн чадваргүй болсон. Эмчийн магадалгаатай эмчийн хяналтад байгаа. Аавдаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоно. Мөн өнчирч үлдсэн талийгаачийнхаа насанд хүрээгүй хоёр хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох санал хүсэлтэй байна. Сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа зүйл өвчтэй аав, талийгаачийн хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Талийгаач ахынхаа амь насыг нэхэмжилж байна. Сэтгэл санааны маш их хохиролтой байна. Ганц цалин хөлс ажилтай орлоготой ах маань байсан. Бид нарыг тэжээн тэтгэдэг хүн байсан. Талийгаач ахынхаа амь насыг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Монгол хүний амь нас ямар үнэ цэнтэй үнэлэмжтэй байдаг юм тэр үнэлэмжийн дагуу бүх сэтгэл санааны гомдлоо барагдуулмаар байна. Хүний амь нас эрсдүүлчхээд өнөөдөр санахгүй байна гэж хэлээд зогсож байгаад бүр их гомдолтой байна. Ажиллуулж байсан компани түр хугацаагаар байсан ч гэсэн миний ах ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа хүний гарт алдсан гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүгээ хүний гарт амь үрэгдсэн гэж дуулсан. Би зүрхний шигдээстэй хөдөлмөрийн чадвар эрхлэх боломжгүй гэж нарийн шинжилгээгээр тогтоогдсон. Ажил эрхэлдэггүй хүүгийнхээ цалин мөнгө, тэтгэлгээр амьдарч байсан. Миний хүү үр хүүхдээ тэжээн тэтгэх, аав, ээжийгээ асрах ид хийж бүтээх насанд нь хүүгийн минь амь насыг хохироосон хариуцлага алдсан компани болон хэрэг үйлдсэн хүнд маш их гомдолтой байна. Хүний амийг босгож ирэхгүй боловч нөхөн төлбөр ар гэрийн амьдралыг хойшид харгалзаж тэтгэвэр тэтгэмж ямар нэгэн байдлаар хуулийн дагуу харж үзэх байх гэж бодож байна. Хуучин 2011 оноос эхэлж нас бартлаа ажиллаж байсан компани нийгмийн даатгалыг нь хагас дутуу төлсөн. Зарим үед огт төлөөгүй байсан энэ ямар учиртайг тодруулмаар байна. Тухайн компани зориуд ам гэрээ хийж миний хүүг олон жил машиныг нь хувьд өгнө гэж олон жил цалингүй ажиллуулсны дараа нь гэрээ байгуулаагүй гэж машиныг нь өгөөгүй. Их хэмжээний бэлэн мөнгө миний хүүд өгч явуулаагүй бол миний хүү амьд байх ч байсан юм билүү гэж би бодож байна гэжээ.
Иргэний хариуцагч “Бахо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд “Бахо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хариуцагчаар оролцож байна. Талийгаачийн ар гэрт С.А-н ар гэрээс 11,000,000 төгрөгийг төлсөн. Манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хохирогчийн ар гэрт 5,000,000 төгрөгийг бэлнээр талийгаачийн ар гэрт хүлээлгэж өгсөн гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Т.Лянхуацэцэг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.А Б.У-н амь насыг хохироосон болох нь олон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч талийгаач миний машинд нас барсан байсан болохоор би хороосон байх гэсэн мэдүүлэг өгч байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн үед намайг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Буурын хяр гэдэг газарт байдаг өөрийн гэртээ байж байхад манай ах Бат-Өрнөх утсаар залгаад талийгаачийг Шивээхүрэн боомт
дээр машиндаа хүнд хутгалуулсан байдалтай нас барчихсан байна гэж хэлсэн.
Тэгээд би тэр шөнөдөө Өмнөговь аймаг дээр ирээд Гурвантэс сум руу ах дүү
нарын хамт явсан. Бид нарыг Гурвантэс сум руу очиход кемпийн ХАБ-ийн ажилтан
гэж нэг эрэгтэй хүн тосож уулзаад талийгаачийг сумын морогт хийчихсэн байгаа
гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 15-нд талийгаачийн шарилыг аваад
Өмнөговь аймаг дээр авчирсан юм...” гэжээ. /1-р хх -47-48/,
Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Садан төрлийн холбоо байхгүй. А бид хоёр өмнө нь нүүрс тээврийн компанид ажиллаж байсан юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цагаас 20 цагийн үед байх би Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын хойд талд байдаг 26-25 дахь км-т нүүрс тээврийн зам дээр 58-30 ӨМӨ улсын дугаартай хүрэн өнгийн Норд бенз маркийн автомашинаар нүүрсээ ачуулаад урагшаа орох оочирт явж байгаад А-тай таарсан юм. Тэгэхэд хоёр талын автомашины хөдөлгөөн зогсож оочиртоо хонохоор болсон юм. Тэгэхэд миний ард талд талийгаач машинтайгаа ирж зогссон машины дугаарыг санахгүй байна гаалийн АД-08 гэсэн. дугаартай цагаан өнгийн толгойтой Норд бенз маркийн автомашин байсан. Би тэгээд машинаас буугаад хажуу талд зогсож байгаа А дээр хүрч очоод мэнд ус мэдээд байж байхад А машиндаа түлш хийгээд байж байсан. Тэгэхэд А намайг пиво уух уу гэхэд би пиво уухгүй гэж хэлээд машиндаа ороод утсаа оролдоод байж байхад А намайг дуудаад миний утсан дээр вичат суулгаад өг гэхээр нь би машинаасаа буугаад очиход талийгаачийн машинд А, талийгаач У хоёр машиндаа хоол идээд байж байхаар нь би талийгаачийн машины зөв талын суудал дээр нь суугаад утсан дээр вичат татаж өгөөд байж байхад А машинаас буугаад нэг шил Хятад архи авчраад тэр архийг талийгаач задлаад бид гурав тэр архийг хувааж уугаад бид гурав хоорондоо ойр зуурын юм яриад сууцгаасан. Би тэр архинаас 1, 2 л татсан байх. Тэгээд би тэнд байж байгаад 22 цагийн үед талийгаачийн машинаас буусан. Тэгэхэд гадаа харанхуй болчихсон байсан. А машины буруу талын сандал дээр сууж байсан харин талийгаач машины хойд талын орон дээрээ сууж байсан. Тэгээд би машиндаа ороод машиныхаа хойд талын ороо засаад эхнэртэйгээ утсаар ярьчихаад амарсан.Тэгээд машины хаалга хүн нүдэхээр би сэртэл өглөө болчихсон байхаар машинаас буугаад ирсэн чинь А машиныхаа гадаа нь зогсож байсан. Талийгаач У А-н машины зөв талын жолоочийн талын руль дээр цээж нүцгэн байдалтай нас барчихсан боомтын эмч нь өнгөрчихсөн байна гэсэн...” гэжээ. /1-р хх 59-61/,
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 08 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө 04 цагийн үед зүс таних хүн хаалга татаад ороод ирэхээр нь юу хүн бэ гэхэд би хүн алчихлаа цагдаа дуудаарай гэхээр нь юу яриад байгаа юм цагдаагийн дугаар мэдэхгүй гэхэд цагдаа дуудаад өгөөч гай болж хүн хатгачихсан чинь үхчихлээ гээд надад хэлээд байсан.Тэгж байгаад яваад өгсөн...” гэжээ. /1-р хх 67/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 08 дугаар сарын 12-13-ны шилжих шөнө 03 цаг 40 минутын үед хаалга тогшчихоод дараа нь хаалга нээгээд нэг хүн ороод ирсэн. Би хүн хутгалчихлаа эмнэлэг цагдаа дууд гээд хэлээд удалгүй нөгөө залуу ирээд удаад байна дахиад залгаад өгөөч гэхээр нь залгаад эмч нартай өөрийг нь яриулсан. Тэр залуу их сандарсан тэр хавиар эргэлдээд байсан....” гэжээ. /1-р хх 68/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед байх Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын хойд талд байдаг 26-27 дахь км-т нүүрс тээврийн зам дээр хойшоо явах гэж оочирт ороод зогссон. Тэгэхэд замын хоёр талын хөдөлгөөн зогсож жолооч нар машиндаа амарч эхэлсэн. Би тэгээд машиндаа оройны хоол цайгаа хийж идчихээд гарч бие засчихаад амарсан. Тэгээд шөнө унтаж байхад л нэг хүн машины хаалга цохихоор нь би сэртэл нэг залуу миний машины зөв талын хаалгыг татаж онгойлгохоор /миний машины зөв алын хаалга дотроосоо цоожлогддоггүй/ би юу болсон бэ яасан бэ гэхэд тэр залуу их сандарсан байдалтай “эмч цагдаа дуудаарай, би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Би тэгээд орноосоо босоод гар утсаа аваад Шивээхүрэн боомтын эмч руу залгаад “дуудлага өгье, энд нэг залуу хүн хутгалчихлаа гээд цагдаа эмч дууд гээд байна гэж хэлээд байж байхад нөгөө залуу дахиж ирээд намайг “та эмч цагдаа дуудсан уу, удаад байна” гэхээр нь би тэр залууд эмч дуудсан гэж хэлээд би хувцсаа өмсөөд машинаас буугаад очиход тэр залуу архи уусан байдалтай согтуу байсан. Тэгээд би дахиад эмч руу залгаад нөгөө залууг эмчтэй яриулахад тэр залуу “би хүн хутгалчихлаа, бараг өнгөрсөн байх, та нар яаралтай ир” гэж хэлээд надад утсыг өгсөн би тэгээд эмчид “та нар хурдан ирээрэй" гэж хэлчхээд би арын машин дээр хүрч очоод жолоочийг нь дуудаад “энэ урд талд нэг хүн, хүн хутгалчихсан юм шиг байна, чи босоод надтай хамт байгаад өгөөч” гэхэд тэр жолооч “за тэгье би хувцсаа өмсөөд гараад очъё гэж хэлсэн. Би тэгээд машиныхаа хойд талд тэр жолоочийг хүлээгээд зогсож байхад нөгөө дуудлага өгсөн залуу хүрээд ирэхээр нь би жаахан дотроо айсан тэгээд тэр залууг жаахан тайвшруулах зорилгоор тамхи татах уу гэж хэлээд тамхи өгөөд тамхийг нь асааж өгөхөд асаагуурын гэрэлд тэр залуугийн нүүр дух нь хавдаж халцарсан байдалтай байсан. Тэгээд тэр залуутай гадаа зогсож байхад боомтын эмч, хилийн цэргийн хүмүүс машинтай ирцгээсэн. Би тэгээд эмчид болсон зүйлийг дахиж хэлээд тэр залууг эмчтэй уулзаад цаашаа явахаар нь машиндаа орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь босоод харахад цагдаагийн машин ирчихсэн байсан...Дунд зэргийн нуруутай, дундын биетэй залуу байсан. Дээгүүрээ шалдан хувцасгүй байсан. Харанхуй байсан учраас царайг сайн анзаарч хараагүй...Надад тэр залуу тодорхой юм хэлээгүй, ямар ч байсан би хүн хутгалчихлаа эмч цагдаа дуудаарай гэж хэлсэн...” гэжээ. /1-р хх 69-70/,
Гэрч К.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би энэ хүнд 2020 оны 08 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед байх би Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын хойд талд байдаг 26-25 дахь км-т нүүрс тээврийн зам дээр хойшоо явах гэж оочирт зогсож байхад миний ар талд зогсож байсан машины жолооч эрэгтэй хүн хүрч ирээд надаас зарах түлш байна уу гэхээр нь би тэр А гэдэг хүнд 50 л түлш зарсан юм. Тэгээд А машиндаа суучихаад намайг дансаа хэлээ гэхээр нь би очоод дансаа хэлтэл миний данс руу мөнгөө хийчхээд машиныхаа кабин руугаа ороод надад 1 ширхэг шилтэй пийжүү задлаад өгөхөөр нь би уухгүй гээд буцаагаад өгсөн чинь авахгүй байхаар нь би тэр шилтэй пийжүүг цааш нь шидчихээд явсан. Тэгэхэд тэнд А-ы хажууд 2 залуу ирчихсэн хамт байж байсан. Тэр хоёр залууд А шилтэй пийжүүг задлаад өгч байсан. Би тэгээд машин руугаа очсон. Тэгээд машиндаа байж байгаад 23 цаг гээд амарсан. Тэгээд шөнө нэг хүн машины хаалга нүдэхээр би сэрээд хэн бэ гэхэд тэр залуу А байсан “цагдаа дуудаарай, би хүн хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би унтаж байна, тэгээд ч миний гар утас цэнэггүй болоод унтарчихсан гэж хэлсэн чинь А миний хажуу талын машин дээр очоод хаалгыг нүдээд цагдаа дуудаарай гэж хэлсэн чинь машины жолооч нь би цагдаагийн дугаар мэдэхгүй шүү дээ гэхэд А цаашаа яваад машинуудын хаалгыг цохиод байгаа чимээтэй байсан. Би тэгээд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 08 цагийн үед байх цагдаагийн машин ирчихсэн байж байсан....” гэжээ. /1-р хх 71-72/,
Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Намайг 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цаг 40 минутанд Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомт дээр гэртээ амарч байхад 95864004 тоот дугаараас нэг эрэгтэй ах залгаад “Шивээхүрэн боомтоос хойд зүгт байдаг 26-27 дахь км-т нүүрс тээврийн зам оочирт зогсож байхад нэг эрэгтэй хүн машины хаалга нүдээд “эмч цагдаа дуудаарай, би хүн хутгалчихлаа” гэж хэлээд энүүгээр орилоод яваад байна та нарт дуудлага өгчий гэж хэлсэн. Тэгээд би сувилагч Мягмарсүрэнг аваад тэр дуудлага өгсөн газарт дээр очиход нүүрс тээврийн ачаагүй талын засмал замын зүүн талд гаалийн АД-010 дугаартай цагаан өнгийн кабинтай Норд бенз маркийн автомашин хойшоо хараад оочирт зогсож байсан. Уг машины зөв талын \жолоочийн тал\ хаалгыг нээж үзэхэд машины суудал дээр арагшаа налчихсан, зүүн гараа унжуулсан, толгойгоо хажуу тийш болгосон дээгүүрээ хувцасгүй нүцгэн, зүрхэн тус газраас цус гарсан байдалтай, 5 см хэмжээтэй цус цээжээр нь урссан байдалтай эрэгтэй хүн байхаар нь би тэр хүний амин үзүүлэлтийг үзэхэд захын мэдрэл хөрчихсөн, артерийн судас байхгүй, амин үзүүлэлт орж ирэхгүй нас барчихсан нас бараад 1-2 цаг болж байсан байх. Тэгээд би тэнд байсан хүмүүст энэ хүн нас барсан байна. Зүүн цээжин зүрх хэсэгтэй юмаар зүсэгдсэн шарх байна гэж хэлээд цагдаа яаралтай дууд гэж хэлээд сумын цагдаад иртэл нь сувилагч бид хоёр хамт тэр хэрэг болсон газарт хамтдаа байсан...” гэжээ. /1-р хх 73-74/,
Гэрч Ч.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Талийгаач “АД” ХХК-ийн нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан байх. Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад “АД” ХХК-ийн Хятад талыг хариуцдаг ажилтан болох Барсбаатартай утсаар холбогдож 2020 оны 07 дугаар сарын зарцуулсан түлшний төлбөр мөнгө буюу 9240 л түлшний 46.200 юань авах байснаас Барсбаатар надад эхлээд 41.200 юанийг бэлнээр авахаар болсон юм. Тэгээд Барсбаатар 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед байх над руу утсаар залгаад “АД” ХХК-ийн жолооч болох талийгаач У гэдэг жолоочоор явууллаа. Машины дугаар нь 36-46 ӨМЭ улсын дугаартай гаалийн дугаар нь АД-008 дугаартай машинаар явуулсан шүү тосож аваад юаниа аваарай гэж хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан болохоор юань авдаг Алтансаа гэдэг эмэгтэй рүү залгаж “АД” ХХК-нд зарсан түлшний үнэ болох 41.200 юанийг аваад над руу Монгол төгрөг болгон шилжүүлж өгөхийг гуйхад Алтансаа надад зөвшөөрсөн юм. Тэгээд би Алтансаад юань явуулсан жолоочийг Барсбаатар мэдэж байгаа тэгээд Барсбаатартай холбогдоорой гэж хэлсэн...энэ мөнгө талийгаач Утэй ямар ч хамааралгүй юм. Миний зарсан түлшний мөнгө байгаа юм...”АД” болон “MS” ХХК-ийн нүүрс зөөдөг 16 норд бенз автомашинд нийт 9240 л шатахуун олгосон юм. Үүнд ноогдох 46.200 юань авах байснаас 41.200 юанийг авахаар болсон юм...гэжээ. /1-р хх-52-53/
2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.У-н цогцост үзлэг шинжилгээгээр цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтэрч үнхэлцэг зүрхийг гэмтээсэн хутгалагдсан шарх, доод уруулын цус хуралт, 2 талын өвдөг, шилбэний жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хутгалагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Доод уруулын цус хуралт, 2 талын өвдөг, шилбэний жижиг зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.У-н цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Б.У нь зүрх чихэлдэлтийн улмаас зүрхний хурц дутагдлаар нас баржээ...” гэжээ. /1-р хх 108-11/,
2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4617 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.У 37 н/эр 13А/111 Гурвантэс” гэсэн хаягтай цуснаас 3,2 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэжээ. /1-р хх 121-122/,
2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3571 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...Хятад бичигтэй 0,5 литрийн хэмжээтэй шилэн дээрээс 2 ширхэг гарын мөр илэрснийг наалтуузад бэхжүүлэн 1-2 хүртэл дугаарлав. Бусад объектууд дээрээс шинжилгээнд тэнцэх гарын мөр илрээгүй. Хятад бичигтэй 0,5 литрийн архины шилнээс илрүүлж бэхжүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2 гэж дугаарласан гарын мөрийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр талийгаач Б.У, С.А нарын гарын хээний дардсууд, Гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Талийгаач Б.У-н гарын хээний дардас МN004410002720 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн байна. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй. С.А-н гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн сан дахь хүмүүсийн гарын хээний дардсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэжээ. /1-р хх 125-127/,
2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “...Шинжлүүлэгч С А нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч С А нь хэргийн талаар үнэн зөв, мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч С А нь хэрэг хариуцах чадвартай...” гэжээ. /1-р хх 140-142/,
2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 4615 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: “...С.А зүүн гараас авсан арчдас, ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы дотор талаас авсан арчдас, 36-16 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талд замын асфальт дээрээс авсан арчдас, хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн жинсэн шорт, хүрэн , өнгийн тэлээ, цайвар цэнхэр өнгийн дотоож, ногоон өнгийн футболк, алимны дүрстэй хөх өнгийн өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд цусны урвал өгcөн тул цус илэрсэн. С.А баруун гараас авсан арчдас, ерөөл архины шил 1 ширхэг, ногоон өнгийн архины шил 2 ширхэг, шар өнгийн шошготой ханз бичигтэй тунгалаг өнгийн архины шил 1 ширхэг, “бамбар” гэсэн зайрмагны 2 ширхэг цаас, 2 ширхэг модон иш, гэх ногоон эрээн өнгийн дугуй малгайн дээр цус илрээгүй. С.А зүүн гараас авсан арчдас, ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы дотор талаас авсан арчдас, 36-16 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талд замын асфальт дээрээс авсан арчдас, хар өнгийн бариултай хутга, цэнхэр өнгийн жинсэн шорт, хүрэн өнгийн тэлээ, цайвар цэнхэр өнгийн дотоож, алимны дүрстэй хөх өнгийн өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна. Уг илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Б.У-н гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ногоон өнгийн футболк дээр илэрсэн цусанд локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Б.У, С.А нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов...” гэжээ. /1-р хх 147-150/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 5-7/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 8-18/,
Гар утсанд үзлэг хийж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 21/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 22-24/,
Гар утсанд үзлэг хийж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 25/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 26-27/,
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1-р хх 30/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 31-32/,
Эд зүйлд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 33-36/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 37-43/,
Цогцосны хувцас болон биеийн гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 96/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 97-106/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх 177/,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх 187/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 200/,
Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 202-207/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 210/,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /1-р хх 212/,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх 213/,
Шинэ бадрах ХХК-ийн тодорхойлолт /1-р хх 214/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 215/,
Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх 218-219/,
Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх 220-221/,
Бахо ХХК-ийн хохирол төлсөн албан бичиг /1-р хх 233/,
Чинхуа транс ХХК-ийн тодорхойлолт /1-р хх 234/,
Хөдөлмөрийн гэрээ /1-р хх 235-228/,
Хохирлын баримт /1-р хх 245-250, 2-р хх-1-12/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүү дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч С.А-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн, шүүгдэгч С.А-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч С.А нь 2020 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ............................. сумын ....................... багийн нутаг дэвсгэрт Шивээхүрэн хилийн боомтын орчимд 36-16 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Б.У-н цээжин тус газар нь хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б /1-р хх-47-48/, гэрч Т.Т /1-р хх 59-61/, гэрч Б.Э /1-р хх-67/, гэрч Д.Э /1-р хх-68/, гэрч Д.Э /1-р хх 69-70/, гэрч К.А /1-р хх 71-72/, гэрч Б.Ц /1-р хх 73-74/ нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн “...Өмнөговь аймаг Гурвантэс сумын Нарийн сухайтын уурхайгаас Шивээхүрэн хилийн боомт орох засмал замын 25.7 дахь километрт 36-16 ӨМЭ улсын дугаартай Норд бенз машинд хүн нас барсан гэх...36-16 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хаалганы дотор талын шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийн нойтон бент марлаар арчиж авав. Үзлэгийн явцыг гэрэл зургаар баталгаажууллаа...” гэх тэмдэглэл /хх-5-7/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-18/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-19/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга, цогцосны хувцас болон биеийн гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-96-106/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.А, Б.У нар нь Бахо ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор ажиллаж цалин хөлс авдаг байсан болох нь БАХО ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /хх-233/, Чинхуа транс ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-234/, хөдөлмөрийн гэрээ /хх235-235/, “ Чинхуа мак нарийн сухайт” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон захирлын тушаал, хавсралт /хх-2-32-37/,БАХО ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20/71 дугаартай тодорхойлолт /хх-43-44/, БАХО ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-137-138/, “EAN” ХХК-ийн “С.А нь 36-16 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан болохыг тодорхойлов. Тээврийн хэрэгслүүдийн жолоочийн хамт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гадаадын хөрөнгө оруулалттай БАХО ХХК-нд шилжүүлэн өгсөн болно.” гэх тодорхойлолт /хх143-144/, гэрч С.Тамирын “...С.А нь 2017, 2018 онд манай компанид нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан. С.А, Б.У нарыг нэг компанид олон жил ажиллаж байсан гэдгийг жолооч нараас сонсож байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-125-126/, гэрч Д.Мөнгөнбатын ”...БАХО ХХК нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг нүүрс тээврийн 14 машинтай...” гэх мэдүүлэг /2-р хх-127-128/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах үндсэн эрх, эрх чөлөөтэй гэж заасан ба хүний хамгийн үнэ цэнэтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм.
Монгол Улсын Үндсэн хуульд амьд явах эрхийг баталгаажуулж, энэ эрхийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан. Өөрөөр хэлбэл хүний амьд явах эрхэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх замаар амьд явах эрхийг хамгаалах хууль зүйн арга хэмжээ авсан.
Шүүгдэгч С.А нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Шүүгдэгч С.А нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл Б.У-н цээжин тус газарт хутгалсан үйлдлээ хууль бус шинжтэй байсныг ухамсарлах боломжтой байсан хэдий ч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.А нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай болох нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвийн сэтгэцийн: Шинжлүүлэгч С.А нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч С.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч С.А нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлтээр /1-р хх-141-142/ тогтоогдоно.
Шүүгдэгч С.А-н санаатай үйлдлийн улмаас талийгаач Б.У зүрх чихэлдэлтийн улмаас зүрхний хурц дутагдалд орж нас барсан болох нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн: “...Б.У-н цогцост үзлэг шинжилгээгээр цээжний өмнө зүүн хэсэг дэх хөндий рүү нэвтэрч үнхэлцэг зүрхийг гэмтээсэн хутгалагдсан шарх, доод уруулын цус хуралт, 2 талын өвдөг, шилбэний жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хутгалагдсан шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Доод уруулын цус хуралт, 2 талын өвдөг, шилбэний жижиг зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Б.У-н цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Б.У нь зүрх чихэлдэлтийн улмаас зүрхний хурц дутагдлаар нас баржээ...” гэх дүгнэлтээр /1-р хх 108-111/ тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж архидан согтуурснаас шалтгаалсан гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь гэрч Т.Тийн “...А намайг пиво уух уу гэхэд би пиво уухгүй гэж хэлээд машиндаа ороод утсаа оролдоод байж байхад А намайг дуудаад миний утсан дээр вичат суулгаад өг гэхээр нь би машинаасаа буугаад очиход талийгаачийн машинд А, талийгаач У хоёр машиндаа хоол идээд байж байхаар нь би талийгаачийн машины зөв талын суудал дээр нь суугаад утсан дээр вичат татаж өгөөд байж байхад А машинаас буугаад нэг шил Хятад архи авчраад тэр архийг талийгаач задлаад бид гурав тэр архийг хувааж уугаад бид гурав хоорондоо ойр зуурын юм яриад сууцгаасан. Би тэр архинаас 1, 2 л татсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх 60-61/, гэрч Д.Эын “...Тэр залуу архи уусан бололтой архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 68/, гэрч К.Аийн “...тэнд А-ы хажууд 2 залуу ирчихсэн хамт байж байсан. Тэр хоёр залууд А шилтэй пийжүүг задлаад өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 71-72/, шүүгдэгч С.А-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй, мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Хэргийн нөхцөл хүрээнд талийгаач Б.У нь хүнд зэргийн согтолттой байсан болох нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4617 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.У 37 н/эр 13А/111 Гурвантэс” гэсэн хаягтай цуснаас 3,2 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3,2 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдсон. /1-р хх 121-122/
Талийгаач Б:У-н хүнд зэргийн согтолттой байсан нь биеэ хамгаалах чадвартай байсан эсэхийг тогтоох боломжгүй ба хүнд зэргийн согтолттой үед хөдөлгөөн удааширсан, тархины саатлын үйл явц давамгайлсан байдаг талаар шинжээч эмч мэдүүлжээ. /2-р хх-129-130/
Иймд талийгаач Б.У-г бие хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй юм.
Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэж хуульд тайлбарласан.
Шүүгдэгч С.А-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар иштэй хутга нь шүүгдэгчийн ахуйн зориулалтаар ашигладаг хутга болох нь эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/, эд мөрийн баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хутга, шүүгдэгч С.А-ы “... энэ хутга миний машинд урд хайрцагт явдаг хутга, хоол хийхэд ашигладаг юм...” гэх тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь тус хутгаар бусдын амь насыг хохироосноор хүйтэн зэвсэгт хамаарна.
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч С.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйлдлийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд:
Шүүгдэгч С.А нь ............................... -нд ...................... аймгийн .......................суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бахо ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................................. тоотод оршин суух, урьд Сум дундын 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-210/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /1-р хх 212/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх 213/, Иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 215/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх 218-219/, Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх 220-221/, Хөдөлмөрийн гэрээ /1-р хх 235-228/, БАХО ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20/71 дугаартай тодорхойлолт /хх-43-44/, БАХО ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-137-138/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч С.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.А, өмгөөлөгч А.Мөнхтуяа нар шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаагүй болно.
Харин шүүгдэгч С.А нь “...надад мэдэх зүйл байхгүй , би л талийгаачийн амь насыг хохироосон байх...” гэсэн тайлбар гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх байдлаар тогтоогдсон ба болсон үйл явдлыг санахгүй, мэдэхгүй байна гэснээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар талийгаач Б.У-н амь насыг шүүгдэгч С.А-с өөр хэн нэгэн хохироосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд “...хүүгээ хүний гарт амь насыг нь алдсандаа маш их харамсаж байна. Мөн компани ам гэрээ хийж машиныг нь хувьд нь өгнө гэж цалин хөлсгүй олон жил ажиллуулсан, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байгаагүй. Миний хүүд их хэмжээний юань өгч явуулаагүй байсан бол амьд ч байх ч байсан юм билүү гэж бодож байна.” гэх мэдүүлэг, тайлбар гаргасан.
36-46 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кабинд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан үзлэг хийж, 100 юаний дэвсгэртээр 200 ширхэг, 100 юаний дэвсгэртээр 200 ширхэг, задгай байх мөнгө нь 10 юаний дэвсгэртээр 12 ширхэг байв. Уг эд зүйлийг гэрэл зургаар бэхжүүлж тэмдэглэл үйлдэж хураан авсан болох нь эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /1-хх 30-32/
Тус хураан авсан 100 юаний дэвсгэртээр 412 ширхэг юанийг Ч.Дд бүрэн бүтэн байдлаар нь хүлээлгэн өгсөн болох нь гэрч Ч.Дн “...Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байгаад “АД” ХХК-ийн Хятад талыг хариуцдаг ажилтан болох Барсбаатартай утсаар холбогдож 2020 оны 07 дугаар сарын зарцуулсан түлшний төлбөр мөнгө буюу 9240 л түлшний 46.200 юань авах байснаас Барсбаатар надад эхлээд 41.200 юанийг бэлнээр өгөхөөр болсон юм. Тэгээд Барсбаатар 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13-14 цагийн үед байх над руу утсаар залгаад талийгаач У гэдэг жолоочоор явууллаа. Машины дугаар нь 36-46 ӨМЭ улсын дугаартай гаалийн дугаар нь АД-008 дугаартай машинаар явуулсан шүү тосож аваад юаниа аваарай гэж хэлсэн. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан болохоор юань авдаг Алтансаа гэдэг эмэгтэй рүү залгаж “АД” ХХК-нд зарсан түлшний үнэ болох 41.200 юанийг аваад над руу Монгол төгрөг болгон шилжүүлж өгөхийг гуйхад Алтансаа надад зөвшөөрсөн юм. Тэгээд би Алтансаад юань явуулсан жолоочийг Барсбаатар мэдэж байгаа тэгээд Барсбаатартай холбогдоорой гэж хэлсэн...энэ мөнгө талийгаач Утэй ямар ч хамааралгүй юм. Миний зарсан түлшний мөнгө байгаа юм...”АД” болон “MS” ХХК-ийн нүүрс зөөдөг 16 норд бенз автомашинд нийт 9240 л шатахуун олгосон юм. Үүнд ноогдох 46.200 юань авах байснаас 41.200 юанийг авахаар болсон юм...гэх мэдүүлэг /1-р хх-52-53/, Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1-р хх-30/, Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-31-32/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-33-36/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус гэмт хэрэг нь талийгаач Б.У-н их хэмжээний юань байсан гэх тээврийн хэрэгсэлд үйлдэгдээгүй, харин шүүгдэгч С.А-н жолоодож явсан тээврийн хэрэгсэл дотор үйлдэгдсэн байх ба гэмт хэрэг гарахад их хэмжээний юанийн асуудал нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Бийн гаргасан санал, хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Харин талийгаач Б.У-н ажиллаж байсан компанитай холбоотой цалин, хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй асуудал нь тус хэрэгт хамааралтай, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх асуудал биш байх тул уг асуудлын талаарх өргөдөл, гомдлоо зохих байгууллагад нь гаргаж эрхээ хамгаалуулах боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.А-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч С.А-ы хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч С.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших“ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч С.А-н үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, ажил хөдөлмөр эрхэлж нийгэмд эзлэх байр сууриа олсон зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.А нь 152 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-160/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх 177/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх 187/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.А-н цагдан хоригдсон 152 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хасах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А-д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хятад бичигтэй 0,5 литрийн архины шил, ерөөл нэртэй 0,75 литрийн архины шил, Yanjin beer гэсэн бичигтэй пивоны шил 2 ширхэг, 1, 2 гэж дугаарласан арчдас, цэнхэр өнгийн жинсэн шорт, цайвар цэнхэр өнгийн дотоож, ногоон өнгийн фудволк, ногоон эрээн өнгийн дугуй малгай, ягаан өнгийн хээтэй хар хөх өнгийн ноосон дотуур өмд зэргийг буцаан авах талаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар санал хүсэлт гаргаагүй тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын, цогцосны үзлэгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди-йг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийн тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Тус гэмт хэргийн улмаас Б.У-н амь нас хохирсон хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон.
Харин гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр болон оршуулгын зардлаа гэмт буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь хуулиар олгогдсон тул шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.А болон талийгаач Б.У нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед ажил үүргээ гүйцэтгэн Бахо ХХК-ийн нүүрс тээврийн жолоочоор хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн тогтоолоор /2-р хх-123/ иргэний хариуцагчаар Бахо ХХК-ийн тогтоож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Өмнөговь аймаг дахь төлөөлөгч Л.Эыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 20/67 дугаартай албан бичгээр /2-р хх-132/ томилсон болно.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б, Н.Б нар нь талийгаачийн оршуулгын зардалд 16.173.131 төгрөгийг 1 дүгээр хавтаст хэргийн 245-250 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 1-10, 146 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар нэхэмжилсэн.
Шүүгдэгч С.А 11.000.000 төгрөг, Бахо ХХК-иас 5.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөгийн оршуулгын зан үйлтэй холбогдох хохирол болон бусад хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б, Н.Б нарт төлсөн болох нь Бахо ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20/71 дугаартай албан бичиг /2-р хх-43/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шүүгдэгчийн ар гэрээс 11.000.000 төгрөг, иргэний хариуцагчаас 5.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөг төлсөн”, иргэний хариуцагч Л.Эын “Миний хувьд Бахо ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэний хариуцагчаар оролцож байна. Талийгаачийн ар гэрт С.А-н ар гэрээс 11.000.000 төгрөгийг төлсөн. Манай байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хохирогчийн ар гэрт 5.000.000 төгрөгийг бэлнээр талийгаачийн ар гэрт хүлээлгэж өгсөн... Эхлээд 3.000.000 төгрөг талийгаачийн ар гэрт өгсөн. Өчигдөр 2.000.000 төгрөг өгсөн...” гэх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг тайлбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “Бахо ХХК-иас 3.000.000, 2.000.000 төгрөг, шүүгдэгч С.А-с 500.000, 500.000, 10.000.000 төгрөг тус тус авсан” гэх өргөдөл, Хаан банкны 5585505929 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардлын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 173.131 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: Хавтаст хэргийн хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нотлох баримтаар 7.101.131 төгрөгийн, нотлох баримтгүй 9.072.000 төгрөг нийт 16.173.131 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн хохирлын нотлох баримтад тамхи, бохь, оймс, зайрмаг, пиво, архи, асаагуур гэх мэт гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй эд зүйлүүд худалдан авсан байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу зөвшөөрч хохирол төлбөрийг төлсөн байх ба нотлох баримтад үндэслэн хохирлыг төлөөгүй тул шүүх 173.131 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг талийгаачийн хоёр насанд хүрээгүй хүүхдэд болон талийгаачийн төрсөн эцэгт нь тогтоолгохоор, ажил явдлын дараа 49 хоногийг зардалд 1.500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.
Шүүх тус нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч нарын сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 10.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг талийгаачийн хоёр насанд хүрээгүй хүүхдэд болон талийгаачийн төрсөн эцэгт нь тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Учир нь: “Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ. Үүнд:
1. хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;
2. хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
3. тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах,эгч, дүү;
4. эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
5. найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас,хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.
Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Дор дурдсан иргэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нэгэн адил тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
1. өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
2. дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил;
3. төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;
4. даатгуулагч сураггүй алга болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчинтэйд тооцогдсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд гэж тус тус хуульчилжээ.
Хавтаст хэргийн хүрээнд талийгаач Б.У-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нотлох баримт авагдаагүй, талийгаачийн төрсөн эцэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрийн хувьд 1963 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн 57 настай, 60 нас хүрээгүй болох нь иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-25/-аар тогтоогдож байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн хувьд 2019 оноос эхлэн зүрхний шигдээс, зүрхний өвчнөөр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж байсан болох нь /2-р хх-152-154/ талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гэвч уг гэмт хэрэг 2020 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гарсан бөгөөд гэмт хэрэг гарахаас өмнө эмнэлэгт хандаж оношлогдож байсан, талийгаачийг нас барснаас хойш энэ өвчин сэдэрсэн, хүндэрсэн гэсэн нотлох баримт, эмнэлгийн комиссын шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Харин талийгаачийн 49 хоногийг хураахад 1.500.000 төгрөгийн хохирол төлбөр гарсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өргөдөл, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар мэдүүлгийг үндэслэн 1.500.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж заасан тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны гэрээ, өмгөөлөгчид хөлс төлсөн тухай баримтуудыг нотлох баримтаар үнэлж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдааныг хаалттай хийх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус шүүх хуралдааныг нээлттэй хийсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-н цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч С.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б, Н.Б нарт оршуулгын зан үйлтэй холбоотой зардал болон бусад хохирол төлбөрт 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг, иргэний хариуцагч “Бахо” ХХК-иас 5.000.000 /таван сая/ төгрөг, нийт 16.000.000 / арван зургаан сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б, Н.Б нарын талийгаачийн насанд хүрээгүй 2 хүүхэд, төрсөн эцэг Н.Б нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох, 10.000.000 /арван сая/ төгрөгийн сэтгэл санааны хохирлын талаарх нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Б, Н.Б нарын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөг, талийгаачийн 49 хоног хураасны зардал 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, оршуулгатай холбогдох зардлаас илүү нэхэмжилсэн 173.100 /нэг зуун далан гурван мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч С.А нь 152 /нэг зуун тавин хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хятад бичигтэй 0,5 литрийн архины шил, ерөөл нэртэй 0,75 литрийн архины шил, Yanjin beer гэсэн бичигтэй пивоны шил 2 ширхэг, 1, 2 гэж дугаарласан арчдас, цэнхэр өнгийн жинсэн шорт, цайвар цэнхэр өнгийн дотоож, ногоон өнгийн фудволк, ногоон эрээн өнгийн дугуй малгай, ягаан өнгийн хээтэй хар хөх өнгийн ноосон дотуур өмд зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийн газрын үзлэг, цогцосны үзлэгийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Ди ви ди-ийг тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ВОЛОДЯ
Г.МӨНХБАТ