Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

 

 

 

 

 

   2020        12         30                                       2021/ШЦТ/29

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гт холбогдох *** дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1989 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт амьдардаг, **** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Аийн Г /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Г  нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М-тэй маргалдан улмаар нүүр хөл хэсэгт нь аяга болон сандлаар цохих үйлдлээр баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, шагай, тавхай зүүн өвдөгний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-ийн өгсөн: “Би тэр үеийг сайн санахгүй байна. Манай хүү тэр үед надтай хамт очсон. Хүүхэд маань ээж энэ 2 маргалдаж байгаад шилэн дээр халтирч  унасан гэж хэлсэн. Хүүхэд маань 13 настай учрыг ойлгох чадвартай. Миний хүүхдийн мэдүүлгийг авахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М-н өгсөн: “... Г ирэхдээ халамцуу ирсэн ба байрны доод талын дэлгүүрээс 2.5 литр Сэнгүр пиво 4 ширхгийг авсан. Тухайн пиво уугаад юм яриад сууж байхад Г бид 2 маргалдаж эхэлсэн. Яг юунаас болж маргаан эхэлснийг санахгүй байна. Г бид хоёр ширээний хоёр талд өөд өөдөөсөө хараад байж байхад Г пиво ууж байсан аягаа над руу шидэхэд духан дээр оносон. Тэгээд би босож очоод Гийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиод буцан суух гээд алхаж байхад Г төмөр сандал аваад миний баруун хөл рүү шидсэн. Тэгэхэд миний баруун хөл хугарч босож чадахгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Х-ийн өсгөн: “... Г дэлгүүр ороод Сэнгүр нэртэй том пиво авч ирээд бид нар уугаад сууж байгаад би бие засах өрөө рүү орчихсон байж байтал удалгүй М уйлаад орилохоор нь би гараад иртэл М хөл нь сонин болчихсон, Гийн дух нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.С-н өсгөн: “...Г ирэхдээ согтуу ирсэн. Тэгээд Х бид хоёр бие засах өрөөнд үс толгойгоо угаагаар тамхи татаад, бие засаад байт байтал М, Г хоёр орилолдоод байхаар нь бид хоёр гараад очтол М уйлчихсан газар хэвтчихсэн, Г нь буйдан дээр суучихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7659 дугаартай:

“1. Н.М-н биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, шагай, тавхай, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Г-ийн яллагдагчаар өгсөн: “... Юунаас болж муудалцсан талаар санахгүй байна. Нэг л мэдэхэд бид 2 муудалцчихаад өөд өөдөөсөө аяга шидэлцсэнээ санаж байна. Тэгээд удалгүй М ирээд намайг хэд хэдэн удаа нүүр лүү цохиод, бид 2 үсдэлцээд намайг газарт унагаагаад нүүр лүү нь 1 өшиглөсөн. Би эмнэлгийн байгууллагад хандаж үзээгүй. Би хохирлыг барагдуулаагүй байгаа. Би хохирлын мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.13, 36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Г  нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М-тэй маргалдан улмаар нүүр хөл хэсэгт нь аяга болон сандлаар цохих үйлдлээр баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, шагай, тавхай зүүн өвдөгний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.М-н өгсөн: “... Г төмөр сандал аваад миний баруун хөл рүү шидсэн. Тэгэхэд миний баруун хөл хугарч босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Х-ийн өсгөн: “... М уйлаад орилохоор нь би гараад иртэл М хөл нь сонин болчихсон, Гийн дух нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.С-н өсгөн: “... М, Г хоёр орилолдоод байхаар нь бид хоёр гараад очтол М уйлчихсан газар хэвтчихсэн, Г нь буйдан дээр суучихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7659 дугаартай:

“1. Н.М-н биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, шагай, тавхай, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.23-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Гийн яллагдагчаар өгсөн: “... Нэг л мэдэхэд бид 2 муудалцчихаад өөд өөдөөсөө аяга шидэлцсэнээ санаж байна. Тэгээд удалгүй М ирээд намайг хэд хэдэн удаа нүүр лүү цохиод, бид 2 үсдэлцээд намайг газарт унагаагаад нүүр лүү нь 1 өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.13, 36/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

А.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Н.М-н баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардлын 274.041 төгрөгийг шүүгдэгч А.Гээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Мөн хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Гээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Г нь торгох ял оногдуулахыг хүсэж байх боловч тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, түүнийг жирэмсэн гэх баримтгүй учир дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Аийн Гийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Гт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Гт сануулсугай.

4. А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Гээс 274.041 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М-д олгосугай.

          6. Хохирогч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Гээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР